Skip to content

Гарчиг руу орох

Хурганы хурим боллоо! Баясан цэнгэцгээе

Хурганы хурим боллоо! Баясан цэнгэцгээе

«Баярлан хөөрч, баясан цэнгэцгээе. ... Учир нь Хурганы хурим болов» (ИЛЧ. 19:7).

1, 2. а) Тэнгэрт хэний хурим болох вэ? б) Ямар асуултуудыг авч үзэх вэ?

 ХУРИМД бэлдэхэд нэлээд их цаг хэрэгтэй байдаг. Хоёр мянган жилийн тэртээгээс бэлдэж эхэлсэн нэгэн онцгой хуримын талаар одоо үзье. Энэ бол тэнгэрийн хааны хурим юм. Сүйт залуу хайртай бүсгүйтэйгээ тун удахгүй хуримлах гэж байна. Хааны ордонд баярын хөгжим эгшиглэж, тэнгэрт үй түмээрээ: «Халлелуяа! Төгс хүчит Эзэн бидний Бурхан хаанчилдаг. Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв» хэмээн дуулна (Илч. 19:6, 7).

2 Тэнгэрт болох энэ баярт үйл явдлын эзэн «Хурга» нь Есүс Христ юм (Иох. 1:29). Хуримдаа ямар хувцас өмсөх бол? Сүйт бүсгүй нь хэн байх бол? Сүйт бүсгүй хуримын бэлтгэлээ хэрхэн базааж байгаа вэ? Хэзээ хуримлах вэ? Тэр үед тэнгэрт асар их баяр хөөр болно. Харин дэлхий дээр мөнх амьдрах ирээдүйтэй хүмүүс яах вэ? Тэд бас баярлах болов уу? Эдгээр асуултын хариуг мэдэж авахын тулд 45-р дууллыг үргэлжлүүлэн судалъя.

ХУВЦАСНААС НЬ ТАНСАГ ҮНЭР АНХИЛНА

3, 4. а) Сүйт залуугийн хуримын хувцасны талаар дуулалч юу гэж хэлсэн бэ? Сүйт залуу яагаад бүр ч их баярлах вэ? б) Сүйт залуугийн баяр хөөрийг хуваалцах «хаадын охид», «хатан» гэж хэн бэ?

3 Дуулал 45:8, 9-ийг уншина уу. Сүйт залуу, Хаан Есүс Христ хуримын гоёмсог хувцас өмсжээ. Эртний Израильд хэрэглэдэг байсан «ариун тослох тосны» найрлагад ордог гүгэл, кассиа зэргийн «хамгийн сайн амтлагчийн» тансаг үнэр хувцаснаас нь анхилах ажээ (Ег. 30:23–25).

4 Хуримын өдөр нь ойртож буй энэ үед ордонд нь эгшиглэх тэнгэрлэг аялгуу Сүйт залуугийн баяр дээр баяр нэмнэ. Бурхны байгууллагын тэнгэр дэх хэсэг буюу «хатан», ариун тэнгэр элчүүд буюу «хаадын охид» бас баяр баясгалангаар цалгина. «Баярлан хөөрч, баясан цэнгэцгээе. ... Учир нь Хурганы хурим болов» хэмээн тэнгэрт тунхаглана.

СҮЙТ БҮСГҮЙ ХУРИМДАА БЭЛДЭЖ БАЙНА

5. Сүйт бүсгүй хэн бэ?

5 Дуулал 45:10, 11-ийг уншина уу. Сүйт залуу хэн болохыг мэдэж авлаа. Тэгвэл сүйт бүсгүй нь хэн бэ? Энэ нь бэлгэдлийн утгатай. Тослогдсон 144 000 христианыг нийтэд нь сүйт бүсгүй гэдэг. Тэдгээр христианаас бүрддэг хурлыг Есүс Христ тэргүүлдэг (Ефес 5:23, 24-ийг уншина уу). Тэд Христтэй хамт тэнгэрт хаанчилна (Лук 12:32). Сүнсээр тослогдсон эдгээр христиан «Хургыг хаашаа ч явсан ... дагадаг хүмүүс» юм (Илч. 14:1–4). Сүйт бүсгүй «Хурганы эхнэр» болж тэнгэрт амьдарна (Илч. 21:9; Иох. 14:2, 3).

6. Тослогдогсдыг яагаад «хааны охин» гэдэг вэ? Тэд ямар учраас «өөрийн ард түмнийг» мартах ёстой вэ?

6 Сүйт бүсгүйг «охин» гэж дуудахаас гадна «хааны охин» гэдэг (Дуу. 45:13). Хэнийг «хаан» гэсэн бэ? Еховаг хэлжээ. Тэрбээр тослогдсон христиануудыг «хүүхдүүдээ» болгон үрчилж авсан (Ром 8:15–17). Тослогдогсод Хурганы сүйт бүсгүй болж тэнгэрт амьдрах учир «өөрийн ард түмэн хийгээд [төрсөн] эцгийнхээ гэрийг мартаж», «оюун ухаанаа газар дээрх зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүлэх» учиртай (Кол. 3:1–4).

7. а) Христ сүйт бүсгүйгээ хэрхэн бэлдэж байна вэ? б) Сүйт бүсгүй ирээдүйн нөхрөө юу гэж үздэг вэ?

7 Христ сүйт бүсгүйгээ тэнгэрт болох хуримд олон зуун жил бэлдэж байна. Элч Паул: «Христ чуулганыг хайрлаад ... үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад түүнийг ямар ч толбогүй, ямар ч үрчлээсгүй бөгөөд тиймэрхүү ямар ч зүйлгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Өөрийнхөө өмнө алдарт чуулган болгох гэсэн ажээ» хэмээн тайлбарласан (Еф. 5:25–27). Тэрбээр эртний Коринтын тослогдсон христиануудад «Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан» гэжээ (2 Кор. 11:2). Бурхныг таалалд нь нийцүүлэн шүтдэг сүйт бүсгүйгээ Хаан Есүс Христ «гоо үзэсгэлэнтэй» гэж үздэг. Сүйт бүсгүй ч Есүсийг «Эзэн» гэж хүлээн зөвшөөрөн түүнд «бөхийн мөргөдөг».

СҮЙТ БҮСГҮЙ «ХААНД ХҮРГЭГДЭН ИРЭВ»

8. Сүйт бүсгүйг «цог жавхлантай» гэсэн нь яагаад оновчтой вэ?

8 Дуулал 45:13, 14а-г уншина уу. Сүйт бүсгүй Хаантай хуримлахаар «бүх цог жавхлантайгаар» ирнэ. «Нөхөртөө очихоор гоёсон» сүйт бүсгүйг Илчлэлт 21:2-т шинэ Иерусалимтай зүйрлэсэн. «Бурханы алдраар» гэрэлтэх тэнгэрийн энэ хот «үнэт чулуу мэт бөгөөд талст шиг тунгалаг хас чулуу мэт» ажээ (Илч. 21:10, 11). Шинэ Иерусалим ямар үзэсгэлэнтэй хот болохыг «Илчлэлт» номд уран яруу дүрсэлсэн байдаг (Илч. 21:18–21). Тэгэхлээр сүйт бүсгүйг «цог жавхлантай» гэсэн нь тун оножээ! Тэнгэрт болох Хааны хурим ийм л байх учиртай.

9. Сүйт бүсгүйг хэн дээр авчрах вэ? Ямар хувцас өмсөх вэ?

9 Сүйт бүсгүйг Мессиа Хаан дээр авчирна. Есүс түүнийг «үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн» бэлдэж байна. Сүйт бүсгүй «ариун, гэм зэмгүй» аж (Еф. 5:26, 27). Тийм ч учраас, хуримдаа хээнцэр тансаг хувцас өмсөнө. «Хувцас нь алтаар хээлэгджээ. Хээтэй хувцас өмссөн тэрээр хаанд хүргэгдэн» ирнэ. Хурганы хуримд «тэрээр гялалзсан, цэвэрхэн нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь тэрхүү нарийн маалинга бол ариун хүмүүсийн зөвт үйлс юм» (Илч. 19:8).

«ХУРГАНЫ ХУРИМ БОЛОВ»

10. Хурганы хурим хэзээ болох вэ?

10 Илчлэлт 19:7-г уншина уу. Хурганы хурим хэзээ болох вэ? Энэ зүйлд «Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв» гэж бичсэн хэр нь дараагийн зүйлүүдэд хуримын талаар огт дурдаагүй. Харин агуу их гай гамшгийн эцсийн шатыг тод томруун дүрсэлсэн байдаг (Илч. 19:11–21). Тэгвэл сүйт залуу дайснаа дарахаасаа өмнө хуримаа хийнэ гэсэн үг үү? Үгүй. «Илчлэлт» номд гардаг үйл явдлыг дэс дараагаар нь бичээгүй. Харин 45-р дуулалд дүрсэлснээр, Хаан Есүс Христ илдээ зүүж, дайснаа дарсныхаа дараа сүйт бүсгүйтэйгээ гэрлэнэ (Дуу. 45:3, 4).

11. Христ дайснаа хэрхэн дарах вэ?

11 Энэ бүхнээс дүгнэж үзвэл үйл явдал дараах байдлаар өрнөх ажээ. Эхлээд Агуу их Вавилон гэгддэг «агуу янхан» буюу хуурамч шашны ертөнц устгагдана (Илч. 17:1, 5, 16, 17; 19:1, 2). Дараа нь «Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайн» Хармагедон болно. Есүс Христ тэр үед Сатаны ёс бус тогтолцооны үлдсэн хэсгийг устгана (Илч. 16:14–16; 19:19–21). Эцэст нь Сатан болон чөтгөрүүдийг ёроолгүй гүнд хаяж юу ч хийх чадваргүй болгоно. Дайснаа ийнхүү бүрмөсөн ялна (Илч. 20:1–3).

12, 13. а) Хурганы хурим хэзээ болох вэ? б) Хурганы хурим болоход тэнгэрт хэн баярлан хөөрөх вэ?

12 Еховад үнэнч үйлчилж байгаад Христийн залран байх хугацаанд нас барсан тослогдсон христианууд одоо тэнгэрт байгаа. Агуу Вавилон устгагдсанаас хойш хэсэг хугацааны дараа Есүс сүйт бүсгүйн ангийн бусад гишүүнийг цуглуулна (1 Тес. 4:16, 17). Тэгэхлээр «сүйт бүсгүйг» бүрдүүлдэг бүх гишүүн Хармагедон болохын өмнө тэнгэрт цугларах ажээ. Энэ дайны дараа Хурганы хурим болно. Ямар их сэтгэл хөдөлгөм, баяр хөөртэй үйл явдал болох бол оо! «Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!» гэж Илчлэлт 19:9-т бичсэн байдаг. Сүйт бүсгүйн ангийн 144 000 гишүүн үнэхээр их баярлана. Хамтран захирах нөхдийгөө цугларч гүйцсэнд Сүйт залуу болох Хаан ч баярлан баясаж бэлгэдлийн утгаар «[өөрийнхөө] хаанчлалд [өөрийнхөө] ширээнээ идэж ууна» (Лук 22:18, 28–30). Гэхдээ энэ үеэр зөвхөн Хурга, сүйт бүсгүй хоёр л баясаж цэнгэх юм биш ээ.

13 Тэнгэр элчүүд: «Баярлан хөөрч, баясан цэнгэж, Түүнд [Еховад] алдрыг нь өргөцгөөе. Учир нь Хурганы хурим болж, Түүний сүйт бүсгүй өөрийгөө бэлдэв» хэмээн үй түмээрээ хоршин дуулахыг өгүүллийн эхэнд тэмдэглэсэн (Илч. 19:6, 7). Тэгвэл тэр үед дэлхий дээр байх Еховагийн үйлчлэгчдийн тухайд юу хэлж болох вэ? Тэд бас баясан цэнгэх үү?

«ТЭД БАЯР БАЯСГАЛАНТАЙГААР ХҮРГЭГДЭНЭ»

14. 45-р дуулалд гардаг «найз бүсгүйчүүд» гэж хэн бэ?

14 Дуулал 45:12, 14б, 15-ыг уншина уу. Эцсийн өдрүүдэд үндэстэн бүрийн хүмүүс тослогдсон христиануудтай хамт Еховад баяр хөөртэй үйлчлэхийг Зехариа зөгнөсөн байдаг. Тэрбээр: «Тэдгээр өдрүүдэд өөр хэлтэн үндэстнүүдээс арван хүн нэг иудей хүний хувцаснаас зууран „Биднийг өөрсөдтэйгөө хамт явуулаач. Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо“ гэх болно» хэмээн бичжээ (Зех. 8:23). «Арван хүн» гэдгийг Дуулал 45:12-т «Тирийн охин», «баячууд» гэсэн байдаг. Тэд тослогдогсдоос сайшаал хүртэж, сүнслэг тусламж авахаар бэлэгтэй ирдэг. Тослогдсон христианууд 1935 оноос хойш олон сая хүнд «зөв шударга байдлыг» авчрах буюу Еховагийн тухай үнэнийг зааж байна (Дан. 12:3). Энэ «арван хүнийг» тослогдогсдын үнэнч «найз бүсгүйчүүд» гэдэг. Тэд хуурамч шашнаас чөлөөлөгдөн цэвэр болж, Еховад өөрсдийгөө зориулан, Христ Хааны үнэнч албат болсон.

15. «Найз бүсгүйчүүд» сүйт бүсгүйн ангийн дэлхий дэх гишүүдтэй хэрхэн хамтран ажилладаг вэ?

15 «Хаанчлалын энэхүү сайн мэдээг» дэлхий даяар дэлгэрүүлэхэд нь идэвхтэй тусалдаг үнэнч «найз бүсгүйчүүддээ» сүйт бүсгүйн ангийн дэлхий дэх гишүүд маш их талархдаг (Мат. 24:14). «Сүнс болон сүйт бүсгүй „Ирээрэй“» гэж хэлэхээс гадна сонссон хүмүүс нь «Ирээрэй» гэж хэлэхийг Илчлэлт 22:17-д зөгнөсөн байдаг. Үнэхээр ч «өөр хонинууд» сүйт бүсгүйн ангийн гишүүдийн «Ирээрэй» гэж хэлэхийг сонсоод тэдэнтэй дуу хоолойгоо нийлүүлэн «Ирээрэй» гэж дэлхийн оршин суугчдад хэлдэг (Иох. 10:16, ШГ).

16. Ехова «өөр хонинуудад» ямар завшаан олгосон бэ?

16 Дэлхий дээр байгаа тослогдсон христианууд хамтран зүтгэгчдэдээ хайртай. Тэнгэрт Хурганы хурим болоход хамт баясан цэнгэх завшааныг Ехова өөр хонинуудад өгсөнд тэд баяртай байдаг. Үнэнч «найз бүсгүйчүүдийг» нь «баяр баясгалантайгаар хүргэгдэн» ирнэ гэж Библид зөгнөжээ. Тийм ээ, Хурганы хуримын үеэр орчлонт ертөнц даяараа баясан цэнгэхэд дэлхий дээр мөнх амьдрах найдвартай өөр хонинууд ч баяр баяслаар цалгина. «Илчлэлт» номд «үй олон хүн» «сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсоно» гэж байдаг. Тэд сүнслэг сүмийн дэлхий дэх хашаанд Еховад үйлчилдэг (Илч. 7:9, 15).

Хурганы хурим болоход сүйт бүсгүйн «найз бүсгүйчүүд» баясан цэнгэнэ (16-р догол мөрийг үзнэ үү)

«ТА НАРЫН ЭЦЭГ ӨВГӨДИЙН БАЙРАНД ХӨВГҮҮД ТАНЬ БАЙНА»

17, 18. Хурганы хурим шинэ ертөнцийн оршин суугчдад ямар ач тустай вэ? Мянган жилийн засаглалынхаа үед Христ хэний эцэг болох вэ?

17 Дуулал 45:16-г уншина уу. Баярлах өөр шалтгаан сүйт бүсгүйн «найз бүсгүйчүүдэд» бий. Тэд Хурганы хуримын ачаар шинэ ертөнцөд ивээл хүртэнэ. Дэлхий дээр амьдарч байх үед нь «эцэг өвгөд» байсан хүмүүсээ Хаан Есүс Христ амилуулж «хөвгүүдээ» болгоно (Иох. 5:25–29; Евр. 11:35). Тэгээд заримыг нь сонгож «бүх дэлхийд хаад болгоно». Бас өнөөгийн ахлагчдын заримыг шинэ ертөнцөд «хаад» буюу удирдагчаар томилох нь эргэлзээгүй (Ис. 32:1).

18 Христ Мянган жилийн засаглалынхаа үед бусад хүний ч эцэг нь болно. Үүнийг юу гэж ойлгох вэ? Есүсийн золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулдаг бүх хүн дэлхий дээр мөнх амьдарна (Иох. 3:16). Ийнхүү Христ тэдний «Мөнхийн Эцэг» болно (Ис. 9:6, 7).

ХААНЫ «НЭРИЙГ ... САНУУЛНА»

19, 20. 45-р дуулалд гардаг сэтгэл хөдөлгөм үйл явдал өнөөгийн бүх христианд хамаатай гэхийн учир юу вэ?

19 Дуулал 45:1, 17-г уншина уу. 45-р дуулалд гардаг үйл явдал бүх христианд хамаатай. Дэлхий дээр байгаа тослогдсон христианууд тэнгэрт буй ах дүүс болон Сүйт залуутайгаа удахгүй уулзах учир баяр хөөртэй байдаг. Өөр хонинууд сүр жавхлант Хаандаа улам дуулгавартай байх хүсэл тэмүүлэлтэй болдог. Бас сүйт бүсгүйн ангийн гишүүдтэй нөхөрлөж байгаадаа баяртай явдаг. Хурга, сүйт бүсгүй хоёр хуримаа хийснийхээ дараа дэлхийн оршин суугчдыг төсөөлж байснаас нь ч илүүгээр ивээнэ (Илч. 7:17; 21:1–4).

20 Бид Мессиа Хааны тухай зөгнөл биелэхийг тэсэн ядан хүлээдэг. Тийм ч учраас, хүмүүст Хааныхаа «нэрийг ... сануулах» урам зоригтой явдаг. Хаандаа «мөнхийн мөнхөд магтаалуудыг өргөцгөөе».