Skip to content

Гарчиг руу орох

Итгэл нэгт буурлуудаа хүндэл

Итгэл нэгт буурлуудаа хүндэл

«Настанг дээдэл» (ЛЕВ. 19:32).

1. Хүн төрөлхтөн ямар байдалтай байгаа вэ?

 ЕХОВА хүмүүсийг өвдөж зовж, өтөлж хөгшрөхөөр бүтээгээгүй. Харин ч диваажинд эрүүл саруул, энх тунх амьдруулах зорилготой байлаа. Гэтэл өнөө үед «бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлон эдэлж» байна (Ром 8:22). Нүглийн хор уршгаас болоод зовж шаналж байгаа хүн төрөлхтнийг Бурхан хараад сэтгэл нь ямар их өвддөг бол оо! Хамгийн их тусламж хэрэгтэй үедээ анхаарлын гадна үлддэг настангууд олон байгаа нь бүр ч тоогүй (Дуу. 39:5; 2 Тим. 3:3).

2. Христианууд итгэл нэгт буурлуудтайгаа мөр зэрэгцэн үйлчилдэгтээ яагаад баярладаг вэ?

2 Итгэл нэгт буурлуудтайгаа мөр зэрэгцэн Еховад үйлчилдэгтээ христиан бид баяртай байдаг. Ухаант буурлуудаасаа үнэтэй зөвлөгөө авч, итгэлийнх нь жишээг дууриахыг хүсдэг. Тэдэнтэй ураг төрлийн холбоотой хүн бидний дунд олон бий. Гэхдээ хамаатан ч бай, үгүй ч бай тэдэндээ анхаарал халамж тавих нь хүн бүрийн хүсэл юм (Гал. 6:10; 1 Петр 1:22). Настай хүмүүсийг Бурхан хэрхэн үздэгийг мэдэх нь бид бүгдэд ач тустай. Түүнчлэн, тэднийгээ асран халамжлахад гэрийнхэн нь болон итгэл нэгтнүүд нь ямар үүрэгтэйг авч үзье.

«НАМАЙГ БҮҮ ОРХИОЧ»

3, 4. а) 71-р дууллыг бичигч чин сэтгэлээсээ юу гэж залбирсан бэ? б) Нас өндөр христианууд Бурханд юу гэж залбирч болох вэ?

3 Дуулал 71:9-т «Хөгшрөх үед намайг бүү орхиоч. Миний хүч чадал барагдах үед намайг бүү хаяач» гэсэн байдаг. Энэ үгийг Давид бичсэн бололтой. Тэрбээр бага залуугаасаа өтөл буурал болтлоо Бурханд үйлчилсэн. Ехова ч түүгээр их хэргийг бүтээлгэсэн билээ (1 Сам. 17:33–37, 50; Х.дээд 2:1–3, 10). Давид Еховагийн төлөө өчнөөн их юм хийсэн ч өөрийг нь орхихгүй байж, ивээж хамгаалахыг өтөл буурал болсон хойноо гуйн залбирдаг байжээ (Дуулал 71:17, 18-ыг уншина уу).

4 Давид шиг хүн өнөө үед олон бий. Тэд өтөлж хөгшрөн «хүнд өдрүүдийг» үзэж байгаа хэр нь Бурхныг алдаршуулахын төлөө чадах бүхнээ хийдэг (Ном. 12:1–7). Өндөр настай олон хүн өмнөх шигээ ихийг хийж чадахаа больсон байж магадгүй. Дэлгэрүүлэх ажилд ч урьдынх шигээ оролцох боломжгүй болсон байх. Гэлээ ч Давидыг дууриан Еховагаас хайр энэрэл, ивээл хишиг гуйж болно. Нас дээр гарсан үнэнч үйлчлэгчдийнхээ ийм залбиралд Ехова хариулах нь лавтай. Учир нь Давидын залбирлыг Библид бичүүлсэн төдийгүй түүнд хариулсан билээ.

5. Өндөр настай үнэнч үйлчлэгчдээ Ехова хэрхэн үздэг вэ?

5 Ехова өндөр настай үнэнч үйлчлэгчдээ эрхэмлэн үздэг бөгөөд тэднийг хүндлэхийг бусад үйлчлэгчээсээ хүсдэг (Дуу. 22:24–26; Сур. 16:31; 20:29). «Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэн, өөрийн Бурханыг хүндэл. Би бол ЭЗЭН» гэж Левит 19:32-т байдаг. Итгэл нэгт буурлуудаа хүндлэх нь Бурхны эртний үйлчлэгчдийн хувьд хариуцлагатай үүрэг байсан. Өнөөгийн христиануудад ч мөн ялгаагүй. Гэхдээ настай хүмүүст санаа тавих үүргийг гол нь хэн хүлээдэг вэ?

ЭЦЭГ ЭХДЭЭ САНАА ТАВИХ НЬ

6. Эцэг эхдээ санаа тавих талаар Есүс ямар үлгэр дууриал үзүүлсэн бэ?

6 Бурхан бидэнд «Эцэг эхээ хүндэл» гэж тушаадаг (Ег. 20:12; Еф. 6:2). Эцэг эхээ хайхардаггүй фарисайчууд болон хуулийн багш нарыг Есүс буруушааж, дээрх тушаал үнэхээр чухал болохыг онцолжээ (Марк 7:5, 10–13). Өөрөө ч үлгэр дууриал үзүүлдэг байв. Тухайлбал, шонд хадуулаад үхэх гэж байхдаа хүртэл эхдээ санаа тавьж, өөрийн хайртай шавь Иоханд эхийгээ даатгаж, асран халамжлуулахаар болсон. Тэр үед Есүсийн эх Мариа бэлэвсэн байсан бололтой (Иох. 19:26, 27).

7. а) Настай хүнийг халамжлах талаар элч Паул ямар зарчим хэлсэн бэ? б) Паул юуны талаар бичихдээ энэ зарчмыг дурдсан бэ?

7 Христиан хүн гэрийнхнийхээ хэрэгцээг хангах ёстойг элч Паул ариун сүнсээр удирдуулан бичсэн (1 Тимот 5:4, 8, 16-г уншина уу). Хурлаас санхүүгийн дэмжлэг авах шаардлагыг ямар хүн хангах талаар бичихдээ энэ зарчмыг дурджээ. Итгэл нэгт үр хүүхэд, ач зээ юм уу хамаатан садан нь өндөр настай бэлэвсэн эмэгтэйчүүдийг асран халамжлах үүрэг хүлээдгийг онцолсон. Энэ зарчмыг мөрдвөл хурлын гишүүдэд дарамт болохгүй ажээ. Бид ч бас дотныхоо хүмүүсийг хэрэгцээтэй бүхнээр нь хангадаг маань Бурханд хайртайн илрэл юм.

8. Настай эцэг эхээ асрах талаар нарийвчилсан заавар Библид байдаггүй нь ямар учиртай вэ?

8 Товчоор хэлбэл, эцэг эхээ юугаар ч дутаахгүй байх үүргийг хүүхдүүд нь хүлээдэг. Уг нь Паул «итгэгч» хүнд санаа тавих талаар бичсэн. Гэхдээ эцэг эх нь Гэрч биш байлаа ч хайхрахгүй орхиж болохгүй. Айл бүр ахуй амьдралаасаа шалтгаалаад настай эцэг эхээ хэрхэн халамжлахаа шийддэг. Хүмүүсийн хэрэгцээ шаардлага, зан чанар, эрүүл мэндийн байдал харилцан адилгүй. Зарим нь олон хүүхэдтэй байхад, зарим нь ганцхан хүүхэдтэй. Төрөөс тусламж дэмжлэг авч чаддаг нэг нь байхад, чаддаггүй нь ч бий. Бас хүсэл сонирхол нь ялгаатай. Тиймээс настангуудаа асрах гэж чадлаараа хичээж байгаа хүмүүсийг шүүмжлэх нь ухаалаг хэрэг биш юм. Ямар ч шийдвэр гаргасан Библийг үндэс болгож, түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээдэг хүнийг Ехова Мосегийн үеэс өнөөдрийг хүртэл ивээсээр ирсэн билээ (Тоол. 11:23).

9-11. а) Зарим хүн ямар асуудлыг шийдэх хэрэгтэй болдог вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Бүрэн цагаар үйлчлэхээ больё гэж яаран шийдэх ёсгүйн учир юу вэ? Жишээ хэлнэ үү.

9 Хүүхдүүд нь настай эцэг эхээсээ хол амьдардаг бол шаардлагатай тусламж үзүүлэх тэр бүр амаргүй байдаг. Эцэг эх нь унаж бэртэх, хөл гараа хугалах юм уу өөр ямар нэгэн шалтгаанаар гэнэт муудвал хүүхдүүд нь цаг алдалгүй очих хэрэгтэй болдог. Тэгээд нэг хэсэгтээ асрах шаардлага гарч магадгүй. Биеийнх нь байдлаас шалтгаалан хэр удаан асрахаа шийднэ. *

10 Гэрээсээ хол газар бүрэн цагаар үйлчилдэг хүмүүсийн хувьд эцэг эхээ хэрхэн асрахаа шийдэх нь бүр ч ярвигтай. Бетелчин, миссионер, явуулын харгалзагчаар үйлчилдэг хүмүүс үүрэг даалгавраа Еховагийн ивээл гэж үзэн, үнэлж эрхэмлэдэг. Тэглээ ч гэсэн эцэг эх нь өвдвөл «Бүрэн цагаар үйлчлэхээ болиод гэртээ харьж аав ээжийгээ асаръя» гэсэн бодол хамгийн түрүүнд толгойд орж ирдэг. Гэхдээ ингэх нь зайлшгүй хэрэгтэй юү, эцэг эхийн маань хүсэл мөн үү гэдгийг нухацтай бодоод, шаргуу залбираарай. Бүрэн цагаар үйлчлэхээ больё гэж яаран бүү шийдээрэй. Заавал ингэх шаардлагагүй байж болох юм. Эцэг эхийн тань бие удахгүй сайжрах ч юм бил үү. Хурлынх нь хүмүүс туслахыг хүсэж байж мэднэ шүү дээ (Сур. 21:5).

11 Эцэг эхээсээ алс хол үйлчилж байсан ах дүү хоёрт юу тохиолдсоныг авч үзье. Дүү нь гэр бүлтэйгээ Парагвайд миссионерээр үйлчилдэг, ах нь Нью-Йоркийн Брүүклинд байдаг Байгууллагын төвд эхнэрийнхээ хамт ажилладаг байжээ. Гэтэл Японд амьдардаг өндөр настай эцэг эхэд нь тусламж хэрэгтэй болов. Тэд эцэг эхдээ хэрхэн туслахаа шийдэхээр нутагтаа очжээ. Парагвайд байдаг хүү нь эцэг эхээ асрахын тулд миссионерээр үйлчлэхээ больё гэж бодож байв. Тэгтэл эцэг эхийнх нь хурлын ахлагч утсаар ярилаа. Ахлагчдын зөвлөл асуудлыг хэлэлцээд, тэднийг миссионерээр аль болох удаан үйлчлүүлэх хүсэлтэй байгаа тул эцэг эхэд нь чадах бүхнээрээ туслахаар шийдсэн байна. Тэднийхэн сайхан сэтгэлтэй ахлагчдад хэчнээн их талархсан бол оо!

12. Христианууд эцэг эхээ асран халамжлах талаар шийдвэр гаргахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

12 Христианууд настай эцэг эхээ хэрхэн асран халамжлахаа шийдэх хэрэгтэй болдог. Ямар ч шийдвэр гаргасан, Бурхны нэрийг алдаршуулах учиртай. Бид Есүсийн үеийн шашны удирдагчид шиг болохыг хэрхэвч хүсэхгүй (Мат. 15:3–6). Гаргасан шийдвэр маань Еховаг алдаршуулаасай, хуралд сайнаар нөлөөлөөсэй гэж хүсдэг (2 Кор. 6:3).

ИТГЭЛ НЭГТНҮҮДИЙН ҮҮРЭГ

13, 14. Итгэл нэгт буурлуудаа халамжлах үүрэг хуралд бас оногддогийг хаанаас мэдэж болох вэ?

13 Бүрэн цагаар үйлчилдэг хүмүүст дээрх аргаар тусалж чадах хүн тоотой. Гэсэн хэдий ч үлгэр дууриал болсон итгэл нэгт буурлууддаа туслахын тулд хурлын гишүүд чадах бүхнээ хийх ёстойг Библиэс мэдэж болно. I зууны Иерусалимын хуралд «гачигдаж дутагдсан хүн» нэг ч байгаагүй билээ. Тэд бүгдээрээ хөрөнгө чинээтэй байсан гэсэн үг үү? Үгүй. Зарим нь мөнгө төгрөгөөр хомс байсан. Гэхдээ хоол хүнсийг «хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа» (Үйлс 4:34, 35). Харин хожим нь тэр хуралд ноцтой асуудал үүсжээ. «Өдөр тутмын хүнсийг» хуваарилахдаа зарим бэлэвсэн эмэгтэйг үл хайхарсан аж. Элч нар энэ асуудлыг яаж шийдсэн бэ? Бэлэвсэн эмэгтэйчүүдэд хоол хүнсийг хангалттай хэмжээгээр, шударгаар өгүүлэхээр шаардлага хангасан эрчүүдийг томилсон (Үйлс 6:1–5). МЭ 33 оны Пентекостын өдөр баптисм хүртсэн олон хүн Иерусалимд түр байж итгэлээ бэхжүүлэхээр болсон ажээ. Үүнийг тохиолдуулж хоол хүнс тараах арга хэмжээ авсан юм. Хэдийгээр энэ арга хэмжээ түр зуурынх байсан ч гачигдалтай итгэл нэгтнүүддээ хурлууд тусалж болдгийг элч нарын гаргасан шийдвэр харуулдаг.

14 Хурлаас тусламж авахын тулд бэлэвсэн эмэгтэй ямар шаардлага хангах талаар Паул Тимотод бичсэнийг дээр дурдсан (1 Тим. 5:3–16). Өнчин хүмүүс, бэлэвсэн эмэгтэйчүүд болон гачигдаж дутагдсан хүмүүст санаа тавих нь христиан хүн бүрийн үүрэг гэдгийг Иаков ариун сүнсээр хөтлүүлэн бичжээ (Иак. 1:27; 2:15–17). Бас элч Иохан: «Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ, гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурханы хайр хэрхэн байх билээ?» хэмээн асуужээ (1 Иох. 3:17). Хувь хүн бусдад туслах үүрэгтэй юм бол хурлууд ийм үүрэг хүлээх нь бүр ч ойлгомжтой.

Гэмтэж бэртвэл хурлынхан нь хэрхэн туслах вэ?(15, 16-р догол мөрийг үзнэ үү)

15. Өндөр настай христиануудад хэр их тусламж үзүүлэх нь яагаад харилцан адилгүй байдаг вэ?

15 Төр засгаас тэтгэвэр, тэтгэмж олгодог, нийгмийн халамжийн янз бүрийн үйлчилгээ үзүүлдэг улс орнууд байдаг (Ром 13:6). Гэхдээ улс болгон адилхан биш ээ. Тиймд үр хүүхэд, хурлынхан нь настан буурлууддаа хэр их тусламж үзүүлэх нь харилцан адилгүй. Эцэг эхээсээ хол амьдардаг хүмүүс тэдэндээ хүссэнээрээ санаа тавьж чадахгүй байж магадгүй. Юу хэрэгтэй байгааг нь мэдэхийн тулд үйлчилдэг хурлынх нь ахлагчидтай холбоотой байж, илэн далангүй ярилцдаг байх хэрэгтэй. Төрөөс ямар тусламж дэмжлэг үзүүлдгийг, нийгмийн халамжийн ямар үйлчилгээнд хамрагдах боломжтойг ахлагчид судалж мэдээд эцэг эхэд нь хэлж өгч болох юм. Түүнчлэн нийгмийн халамжийн ямар үйлчилгээнд эцэг эх нь хамрагдахгүй байгааг хүүхдүүдэд нь мэдээлж болно. Ингэж бие биедээ анхаарал тавьж, мэдээлэл солилцдог бол аливаа асуудлыг хялбархан шийднэ. Хол амьдардаг хүүхдүүдэд нь хэл хүргэж, зааж зөвлөдөг хүн эцэг эхийнх нь ойр орчимд байдаг бол тэр гэрийнхэн тэгтлээ их санаа зовохгүй.

16. Зарим хүн хурлынхаа өндөр настнуудад туслахын тулд юу хийдэг вэ?

16 Настан буурлуудаа хайрлаж хүндэтгэн, хэрэгтэй бүхнээр нь хангахын тулд цаг зав, хүч чадлаа харамгүй зориулдаг хүмүүс хуралд олон бий. Зарим нь өндөр настай итгэл нэгтнээ нөмөр нөөлөгтөө авдаг байхад, зарим нь ээлжээр эргэж тойрч, асарч халамжилдаг. Тэд өөрсдөө бүрэн цагаар үйлчлэх боломжгүй ч үйлчилдэг нэгнээ дэмжиж, аль болохоор удаан үйлчлээсэй гэж хүсдэг учраас эцэг эхэд нь туслахдаа баяртай байдаг. Сайхан сэтгэлтэй ийм ах дүүсээ магтууштай! Гэхдээ хурлын гишүүд хэчнээн тусаллаа ч үр хүүхэд нь эцэг эхээ асран халамжлах үүргээс чөлөөлөгдөхгүй нь ойлгомжтой.

НАСТАНГУУДДАА УРАМ ХАЙРЛАХ НЬ

17, 18. Асарч, асруулж байгаа хүмүүс ямар байх хэрэгтэй вэ?

17 Асарч, асруулж байгаа хүмүүсийн хэн хэн нь өөдрөг байвал асуудлыг амархан шийднэ. Хүн хөгшрөхөөрөө сэтгэл санаа нь тавгүйтэж, тэр байтугай сэтгэл гутралд автах нь бий. Ийм үед өндөр настай ах эгч нартаа хүндэтгэлтэй хандаж, урмыг нь сэргээхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай болдог. Энэ зорилгодоо хэрхэн хүрэх вэ? Дандаа өөдрөг юм яриарай. Еховад тууштай үйлчилж байгаа тэднийгээ магтаарай. Хийсэн бүхнийг нь Ехова ч, итгэл нэгтнүүд нь ч мартахгүй (Малахи 3:16; Еврей 6:10-ыг уншина уу).

18 Хэн хэн нь юмыг инээд наргиан болгоод өнгөрөөчихдөг бол өдөр тутмын ярвигтай ажлыг хялбархан хийнэ (Ном. 3:1, 4). Бусдаас хэтэрхий их юм шаардахгүй байхыг хичээдэг настангууд олон бий. Эелдэг зөөлөн, сайхан ааштай байвал хүмүүс эргэж тойрч, анхаарч халамжлах нь их байдгийг тэд сайн мэддэг. «Уг нь би настай ах эгчээ урамшуулах гэж очсон юм. Тэгсэн чинь тэд намайг урамшуулдаг байгаа» гэж хэлдэг хүн цөөнгүй (Сур. 15:13; 17:22).

19. Настангууд болон залуучууд бэрхшээлийн өмнө өвдөг сөхрөхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

19 Өвдөж зовж, өтөлж хөгшрөхөө болих цагийг тэсэн ядан хүлээнгээ ирээдүйн энэ найдварынхаа талаар эргэцүүлэн бодоцгооё. Бурхны амлалтад бат итгэдгийнхээ ачаар бид бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрдөггүй, «зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна» (2 Кор. 4:16–18; Евр. 6:18, 19). Ахмадуудаа асран халамжлах үүргээ сайн биелүүлье гэвэл Бурхны амлалтад бат итгэх хэрэгтэй байх нь ээ. Өөр яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээр үр ашигтай зөвлөгөөнүүдийг авч үзнэ.

^ Өндөр настай эцэг эхээ хэрхэн асран халамжилж болохыг дараагийн өгүүллээр авч үзнэ.