Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

Бүрэн цагаар үйлчлээд гайхалтай үр дүнд хүрлээ

Бүрэн цагаар үйлчлээд гайхалтай үр дүнд хүрлээ

Бүрэн цагаар үйлчилсэн 65 жил минь аз жаргалаар дүүрэн өнгөрчээ. Гуньж гутарсан, сэтгэл санаагаар унасан өдрүүд байсан л даа (Дуу. 34:12; 94:19). Гэхдээ эргээд бодохлоор би утга учиртай амьдарсан гэж баттай хэлнэ. Их ч ивээл хүртсэн.

1950 оны 9 дүгээр сарын 7-нд би Брүүклин дэх Бетелийн гэр бүлийн гишүүн болов. Тэр үед 19–80 насны, янз бүрийн үндэстний 355 хүн Бетелд үйлчилж байлаа. Тэдний дунд тослогдсон христиан олон байсан.

ЕХОВАД ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭН МИНЬ

10 настайдаа, баптисм хүртэх үедээ

Жаргалтай Бурханд үйлчлэхийг ээж минь надад заасан юм. Намайг бүр жаахан байхад ээж Еховад үйлчилж эхэлсэн. Би 1939 оны 7 дугаар сарын 1-нд 10 настайдаа АНУ-ын Небраска мужийн Коламбус хотноо явагдсан бүсийн чуулганаар (одоогийн мужийн чуулган) баптисм хүртэж билээ. Жижиг танхим хөлслөөд 100 орчим хүн Жозеф Рутерфорд ахын тавьсан «Фашизм уу, эрх чөлөө юү» гэсэн илтгэлийн бичлэгийг сонсож байлаа. Илтгэл талдаа орж байтал бөөн хүн гадаа цугларав. Тэгээд танхим руу дайран ороод чуулганыг хүчээр тарааж биднийг хотоос хөөлөө. Бид тэндээс холгүй байдаг нэг ахын ферм дээр цуглаж хөтөлбөрийн үлдсэн хэсгийг сонссон. Баптисм хүртсэн өдрөө мартдаггүй маань ийм учиртай!

Ээж намайг Библийн зарчмаар хүмүүжүүлэх гэж чадах бүхнээ хийсэн. Аав маань сайн хүн, халамжтай эцэг байсан хэдий ч шашин энэ тэрийг сонирхдоггүй, сүнслэгээр хэр явааг минь ч нэг их анхаардаггүй байв. Ээж болон Омаха хурлынхан надад маш их урам хайрладаг байсан.

ЯАЖ АМЬДРАХАА ШИЙДСЭН МИНЬ

Сургуулиа төгсөх дөхөхөд цаашдаа юу хийж амьдрахаа шийдэх боллоо. Би зуны амралтаараа үеийнхээ хүүхдүүдтэй хамт амралтын эхлэгчээр (одоогийн туслах эхлэгч) үйлчилдэг байв.

Жон Чимиклис, Тед Яарач гэдэг хоёр ах Гилеад сургуулийн 7 дахь ангийг төгсөнгүүтээ явуулын харгалзагчаар томилогдон манай нутагт ирэв. Дөнгөж 20 гарч явааг нь сонсоод гайхаж билээ. Би тэр үед 18 настай, ахлах ангиа төгсөх гэж байв. Сургуулиа төгсөөд яая гэж бодож байгааг минь Чимиклис ах асуусныг одоо ч санаж байна. Бүрэн цагаар үйлчлэх хүсэлтэйгээ хэлэхэд «Яг зөв, шууд бүрэн цагаар үйлчилж эхлээрэй. Ямар гайхалтай үр дүнд хүрэхээ чи мэдэхгүй шүү дээ» гэв. Энэ зөвлөгөө, бас тэдний үлгэр дууриал надад их юм бодогдуулсан. Тэгээд би сургуулиа төгсөөд 1948 онд эхлэгчээр үйлчилж эхэлсэн юм.

БЕТЕЛЧИН БОЛСОН НЬ

1950 оны 7 дугаар сард Нью-Йорк хотын Янки цэнгэлдэх хүрээлэнд болсон олон улсын чуулганд аав ээж бид гурав очсон. Тэр үеэр Бетелд үйлчлэх хүсэлтэй хүмүүст зориулсан уулзалтад суулаа. Би Бетелд үйлчилмээр байгаагаа хэлээд, анкет бөглөж өгөв.

Аав минь намайг гэртээ байгаад эхлэгчээр үйлчлэхэд дургүйцээгүй ч байр хоолны мөнгө нэмэрлээсэй гэж бодож байв. Тиймээс 8 дугаар сарын эхээр би нэг өдөр ажил хайхаар гарлаа. Эхлээд шуудангийн хайрцгаа шалгав. Брүүклинээс захиа ирчихэж. Нейтан Норр ахын гарын үсэгтэй тэр захианд «Анкетыг чинь хүлээж авлаа. Насан туршдаа Бетелд үйлчлэхийг зөвшөөрч байна гэж ойлголоо. 1950 оны 9 дүгээр сарын 7-нд Нью-Йорк хотын Брүүклин дүүргийн Коламбиа Хайтс 124-т ирээрэй» гэж бичсэн байв.

Тэр өдөр аавыг ажлаа тараад ирэхэд нь би ажил олсноо хэлэв. Аав: «Овоо доо. Хаана ажиллах юм бэ?» гэж асуухад нь «Брүүклиний Бетелд. Сард 10 доллар авна» гэж хариуллаа. Аав их гайхсан ч, нэгэнт өөрөө шийдсэн юм чинь зүтгээд байж дээ гэсэн юм. 1953 онд Янки цэнгэлдэх хүрээлэнд болсон чуулганаар аав минь баптисм хүртсэн юм.

Альфред Нэсралатай эхлэгчээр үйлчилж байлаа

Надтай хамт эхлэгчээр үйлчилдэг Альфред Нэсрала бас Бетелд уригдсанд би их баярласан. Бид хоёр хамтдаа тийшээ явлаа. Хожим нь Альфред гэрлээд эхнэр Жоантайгаа Гилеадад суралцсан. Тэд Ливанд миссионерээр үйлчилж байгаад сүүлд АНУ-д буцаж ирээд явуулын үйлчлэлд томилогдсон юм.

БЕТЕЛИЙН АЖИЛ

Бетелд очоод авсан анхны даалгавар маань Хавтаслах тасагт ном дэвтэрлэж үдэх ажил байлаа. «Хүн төрөлхтний төлөө шашин юу хийсэн бэ?» гэдэг ном миний анхны ажил байсан юм. Хавтаслах тасагт найман сар ажилласныхаа дараа Үйлчлэлийн хэлтэст томилогдож Томас Салливан ахын удирдлага дор ажиллахаар боллоо. Байгууллагад олон жил ажиллаж сүнслэгээр төлөвшсөн ийм ахтай хамт үйлчлэх сайхан байсан, их ч юм сурсан.

Үйлчлэлийн хэлтэст бараг гурван жил ажиллаж байтал хэвлэх үйлдвэрийн харгалзагч Макс Ларсон ах: «Чамайг Норр ах дуудаж байна» гэж хэлдэг юм байна. Би ямар хэрэг тарьчихсан юм бол гэж дотроо бодлоо. Норр ах надаас ойрын хугацаанд Бетелээс гарах бодолтой байгаа эсэхийг асуухад сая нэг санаа амрав. Түр хугацаагаар өөрт нь туслах хүн хэрэг болж, намайг чадах болов уу гэж бодож л дээ. Би Бетелээс гарах бодолгүй байгаагаа хэлсэн юм. Ингээд би Норр ахын туслах болж 20 жил ажилласан.

Салливан ах Норр ах хоёртой болон Милтон Хеншел, Клаус Женсен, Макс Ларсон, Хюго Риймер нарын бетелчидтэй хамт ажиллаад маш их юм сурсан. Хэзээ ч төлж чадахааргүй тийм үнэтэй боловсрол эзэмшсэн гэж би дандаа хэлдэг юм. *

Надтай хамт ажилладаг байсан ах нар байгууллагын төлөө сэтгэл зүтгэл гаргаж, ажлаа нягт нямбай хийдэг байв. Норр ах Хаанчлалын үйл хэргийг урагш ахиулахын төлөө бүх боломжоо дайчилдаг хөдөлмөрч хүн байсан юм. Түүнтэй хэл амаа ололцоход их амар байсныг хамт ажилладаг байсан хүмүүс нь бүгд мэднэ. Ямар нэг асуудлаар өөр өөр саналтай байлаа гэхэд Норр ах бидний хэлэхийг анхааралтай сонсдог байсан. Бид ч итгэлийг нь алдах вий гэж айлгүй саналаа чөлөөтэй хэлдэг байлаа.

Нэг удаа Норр ах ялихгүй юмыг ч сэтгэлээсээ хийх тухай надад ярив. Үүнийгээ тайлбарлахын тулд өөрийнхөө туршлагаас хуваалцлаа. Үйлдвэрийн харгалзагч байхад нь Рутерфорд ах утасдаж «Норр оо, өдрийн хоолонд очих замдаа баллуур авчраад миний ширээн дээр тавьчихгүй юү. Хэрэг болоод байна» гэж л дээ. Норр ах шууд бараа хадгалах өрөөнд очоод хэдэн баллуур авч халаасандаа хийсэн гэнэ. Тэгээд үдийн алдад Рутерфорд ахын ажлын өрөөнд аваачиж өгчээ. Энэ нь ялихгүй зүйл боловч Рутерфорд ахад их хэрэгтэй байсан гэсэн. Тэгснээ Норр ах: «Өглөө бүр хэдэн харандаа үзүүрлээд миний ширээн дээр тавьж байхгүй юү» гэж надаас гуйв. Би энэ хүсэлтийг нь олон жил биелүүлсэн.

Хэн нэгнээс ажил дааж авахдаа юу гэж тайлбарлахыг нь анхааралтай сонсох хэрэгтэйг Норр ах надад захидаг байсан. Тэгтэл нэг удаа Норр ах надад даалгавар өгөөд, яаж хийх талаар тодорхой тайлбарлахад нь би сайн сонсоогүй юм. Үүнээсээ болоод Норр ахыг маш эвгүй байдалд оруулав. Би алдаандаа гэмшиж байсан болохоор зурвас бичиж, хийсэн зүйлдээ ихэд харамсаж байгаагаа илэрхийлэн, өөр тасагт шилжүүлж өгөхийг гуйлаа. Маргааш өглөө нь Норр ах ирээд «Роберт оо, би зурвасыг чинь уншсан. Хоёулаа алдааны чинь тухай ярилцсан шүү дээ. Чамайг хойшдоо илүү анхааралтай байна гэдэгт итгэж байна. Одоо ажилдаа орох уу даа» гэж билээ. Ийм сайхан сэтгэл гаргасанд нь би маш их талархсан.

ГЭРЛЭХЭЭР ШИЙДСЭН НЬ

Бетелд үйлчлээд найман жил боллоо. Эндээс гаръя гэсэн бодол надад байсангүй. Гэтэл бодлоо өөрчлөх цаг ирдэг юм байна. 1958 онд Янки цэнгэлдэх хүрээлэн болон Поло Граундст болсон олон улсын чуулганы үеэр Лорейн Брүүкстэй тааралдав. 1955 онд Канадын Монтрийл хотод эхлэгчээр үйлчилж байхад нь би тэр бүсгүйтэй танилцсан юм. Бүрэн цагаар үйлчлэх дуртай, Еховагийн байгууллагаас ямар ч томилолт авахад бэлэн байдгийг нь хараад их биширч билээ. Тэр үед Лорейн Гилеад сургуульд сурах зорилготой гэж ярьж байсан юм. Тэгээд 1956 онд 22-тойдоо Гилеад сургуулийн 27 дахь ангийг дүүргээд Бразилд миссионерээр томилогдсон гэсэн. Би Лорейнтой 1958 онд үерхэж эхлээд удалгүй гэрлэх санал тавихад тэр зөвшөөрлөө. Бид дараа жил нь гэрлэхээр төлөвлөж, хамтдаа миссионерээр үйлчилнэ гэж бодож байлаа.

Норр ахад энэ тухайгаа хэлтэл гурван жил хүлээчих, дараа нь гэрлээд, хамтдаа Брүүклиний Бетелд үйлчилж болно шүү дээ гэж зөвлөв. Гэрлэх гэж байгаа хүмүүс Бетелд үлдье гэвэл нэг нь арван жил, нөгөө нь ядаж гурван жил Бетелд үйлчилсэн байх шаардлагатай байлаа. Лорейн маань гэрлэхээсээ өмнө хоёр жил Бразилын Бетелд, нэг жил Брүүклиний Бетелд үйлчлэхийг зөвшөөрсөн юм.

Бид сүй тавьснаасаа хойших эхний хоёр жил захидлаар л харилцдаг байлаа. Утсаар ярихлаар үнэ нь дийлдэхгүй, одоогийнх шиг мейл бичнэ гэж байх биш! 1961 оны 9 дүгээр сарын 16-нд бид хуримаа хийсэн юм. Норр ах илтгэл тавьсан нь бидний хувьд их завшаан байсан. Хүлээж байсан тэр хэдхэн жил их л удаан өнгөрөх шиг санагдаж билээ. Гэвч бид хоёр жаргалтай, сэтгэл хангалуун амьдарсан 50 гаруй жилээ эргээд харахлаар хүлээсэн нь сайн байжээ гэж боддог юм!

Хуримын өдөр. Зүүнээс: Нейтан Норр, Патриша Брүүкс (Лорейны дүү), Лорейн, би, Күртис Жонсон, Фей Уолэн, Рой Уолэн (миний аав ээж хоёр)

БҮСИЙН ХАРГАЛЗАГЧААР ҮЙЛЧИЛСЭН НЬ

Би 1964 онд бүсийн харгалзагчаар томилогдож олон оронд очих завшаан эдэлсэн. Тэр үед явуулын харгалзагчдын эхнэрүүд хамт явдаггүй байлаа. Харин 1977 онд энэ журам өөрчлөгдөж эхнэр нь нөхрөө дагаж явдаг болсон. Тэр жил Грант Сютер, Эдит Сютер нарыг Герман, Австри, Грек, Кипр, Түрк, Израиль дахь салбаруудаар айлчлах үед Лорейн бид хоёр тэднийг дагалдан явсан юм. Би нийтдээ 70 гаруй улсад очжээ.

1980 онд Бразилд очих замдаа экваторын бүсэд байдаг Белен гэдэг хотод очлоо. Лорейн миссионер байхдаа тэнд үйлчилдэг байсан юм. Бас Манаус хотод байдаг ах дүү нараа эргэж очив. Цэнгэлдэх хүрээлэнд илтгэл тавьж байтал тусдаа суусан хэсэг хүн нүдэнд туслаа. Бразил эмэгтэйчүүд нэг нэгнийхээ хацар дээр үнсэж, эрэгтэйчүүд нь гар барьдаг заншилтай боловч тэд тэгэхгүй байлаа. Ямар учиртай юм бол?

Тэд Амазоны ширэнгэн ойн гүнд, уяман өвчтэй хүмүүсийг байлгадаг газраас ирсэн итгэл нэгтнүүд маань байсан юм. Бусдадаа өвчин халдаахгүй гэсэндээ тусдаа суусан юм билээ. Тэд хол сууж байсан ч сэтгэл зүрхээрээ бидэнтэй хамт байлаа. Ямар их баяр хөөртэй байсныг нь ерөөсөө мартдаггүй юм. «Миний зарц нар сэтгэлдээ баярлан дуулна» гэж Еховагийн хэлсэн үг хэчнээн үнэн бэ! (Ис. 65:14).

ИВЭЭЛЭЭР БЯЛХСАН, УТГА УЧИРТАЙ АМЬДРАЛ

Лорейн бид хоёр Еховад үйлчилсэн 60 гаруй жилээ байнга дурсаж байдаг юм. Ехова байгууллагаараа дамжуулан биднийг удирдан чиглүүлж, ивээж ирсэнд нь маш их талархдаг. Би өмнөх шигээ дэлхийг тойрон аялж чадахаа больсон. Гэхдээ Зохицуулагчдын болон Үйлчлэлийн хороотой хамтран Удирдах Зөвлөлд туслах ажлаа өдөр бүр хийж байна. Дэлхий дахинд буй ах дүүсээ ийм маягаар дэмжиж, дуслын төдий ч болов хувь нэмэр оруулж байгаагаа завшаанд тооцдог. «Би энд байна. Намайг явуулаач» гэж хэлсэн Исаиагийнх шиг сэтгэлтэй олон залуус бүрэн цагаар үйлчилж байгааг харах үнэхээр сайхан (Ис. 6:8). «Яг зөв, шууд бүрэн цагаар үйлчилж эхлээрэй. Ямар гайхалтай үр дүнд хүрэхээ чи мэдэхгүй шүү дээ» гэж олон жилийн өмнө хэлсэн дүүргийн харгалзагчийн үг үнэн болохыг тэд биеэрээ үзэж байна.

^ Дурдсан хүмүүсийн намтар «Харуулын цамхаг» сэтгүүлийн (англи) дараах дугааруудад нийтлэгдсэн: Томас Салливан (1965 оны 8 сарын 15), Клаус Женсен (1969 оны 10 сарын 15) Макс Ларсон (1989 оны 9 сарын 1), Хюго Риймер (1964 оны 9 сарын 15), Грант Сютер (1983 оны 9 сарын 1).