Skip to content

Гарчиг руу орох

Зоригтой байгаарай. Ехова танд тусална!

Зоригтой байгаарай. Ехова танд тусална!

«Бид зоригтойгоор „[Ехова] миний туслагч мөн“ гэдэг» (ЕВР. 13:6).

1, 2. Гадаадад ажиллаж байсан хүмүүс нутагтаа эргэж ирээд ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

 «ГАДААДАД байхдаа би үүрэг хариуцлага өндөртэй ажил хийдэг байсан л даа. Их ч мөнгө олдог байлаа. Гэхдээ Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийж эхлээд илүү чухал үүрэгтэйгээ ухаарсан юм. Гэр бүлээ тэжээхээс гадна сүнслэг хэрэгцээг нь хангахаар нутагтаа эргэж ирсэн» гэж Эдвардо * дурссан юм (Еф. 6:4).

2 Эхнэр хүүхэд рүүгээ буцаж очвол Ехова баярлахыг Эдвардо мэдэж байв. Тэдэнтэйгээ урьдын адил дотно болохын тулд, өмнөх өгүүлэлд гарсан Мэрилиний адилаар, нэг хэсэгтээ л чармайх шаардлагатай байлаа. Бас гэр бүлээ тэжээхийн тулд мөнгө олох хэрэгтэй. Өрхийн тэргүүний үүргээ хэрхэн биелүүлэх вэ? Хурлынхан нь яаж туслах бол?

СҮНСЛЭГЭЭР СЭРГЭЖ, ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ДОТНОСОХ НЬ

3. Эцэг эх дэргэд байхгүй байх нь хүүхдэд ямар сөрөг нөлөөтэй вэ?

3 Эдвардо: «Миний хайр халамж, үг зөвлөгөө хамгийн их хэрэгтэй үед би хүүхдүүдээ орхиод явчихсанаа ойлгосон. Библиэс уншиж өгч, цуг залбирч, энхрийлэн тэвэрч, хамт тоглож байсангүй» хэмээн гэмшингүй ярьсан юм (Д.хууль 6:7). Том охин Анна нь: «Аавыг бидэнтэй хамт байхгүй болохоор аав надад хайргүй юм байна гэж боддог байсан. Нүүр царай, дуу хоолойг нь л мэдэхээс биш, яг ямар хүн гэдгийг мэддэггүй байсан. Гадаадаас ирээд намайг тэврэхэд нь аавдаа тэврүүлж байгаа юм шиг санагдаагүй» гэжээ.

4. Эхнэр хүүхдээсээ хол байсан хүнд өрхийн тэргүүний үүргээ биелүүлэх нь яагаад хэцүү байдаг вэ?

4 Өрхийн тэргүүний үүргээ биелүүлэх нь гэрээсээ удаан хол байсан хүнд амаргүй байдаг. Эдвардогийн эхнэр Рүүби: «Би гадаа гарч эр, гэрт орж эм болдог байлаа. Ихэнх зүйлийг би шийддэг байсан. Харин Эдвардог ирэхэд христиан ёсоор захирагдаж сурах хэрэгтэй болсон. Одоо ч заримдаа нөхрөө дэргэд байгааг мартчих гээд байдаг» гэж ярив (Еф. 5:22, 23). Эдвардо: «Охид маань дандаа ээжээсээ зөвшөөрөл авдаг байсан болохоор аав ээж нь хамтарч шийдвэр гаргадгийг тэдэндээ ойлгуулах шаардлагатай болсон. Христиан эцэг ямар байх ёстой, би тийм л байж сурах хэрэгтэй байлаа» гэж ярьсан юм.

5. Эдвардо нутагтаа ирээд гэрийнхэнтэйгээ дахин дотносохын тулд юу хийсэн бэ? Ямар үр дүнд хүрсэн бэ?

5 Эдвардо эхнэр хүүхдүүдтэйгээ эргээд дотносохын зэрэгцээ тэднийгээ Еховатай дотно болгохын тулд чадах бүхнээ хийхээр шийдсэн аж. Үг хэлээрээ ч, үйл хэргээрээ ч хүүхдүүддээ үнэнийг заахыг хүсжээ. Еховад хайртай гэж хэлэх төдий биш, хайртайгаа харуулахыг зорьсон байна (1 Иох. 3:18). Ийнхүү хичээл зүтгэл гаргасан түүнийг Ехова ивээсэн болов уу? Анна: «Сайн аав байх гэж, бидэнтэй дахин дотносох гэж хичээж байгаа аавыгаа хараад бид уярсан. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болоход нь ааваараа бахархаж билээ. Ертөнц биднийг Еховагаас холдуулахыг оролдож байсан. Харин аав ээж хоёр маань сүнслэг зүйлд анхаарлаа хандуулж байгааг хараад тэднийг дууриамаар санагдсан. Аав биднийг дахиад орхиж явахгүй гэж амласан. Амласандаа ч хүрсэн. Хэрэв орхиж явсан бол би Еховагийн Гэрч болохгүй байх байсан» гэж ярьжээ.

ҮҮРГЭЭ УХАМСАРЛАХ НЬ

6. Балканы дайны үед зарим эцэг эх юу ойлгосон бэ?

6 Балканы дайны хүнд хэцүү жилүүдэд зарим Гэрчийн хүүхдүүд жаргалтай байжээ. Яагаад? Эцэг эх нь ажилдаа явах аргагүй тул гэртээ байж, хүүхдүүдтэйгээ ярилцаж, Библи судалж, хамт тоглодог байжээ. Үүнээс юу ойлгож болох вэ? Хүүхэд мөнгө төгрөг, бэлэг сэлт авахаас илүү, аав ээжтэйгээ хамт байхыг хүсдэг аж. Эцэг эх нь анхаарал халамж тавьж, сурган хүмүүжүүлэх нь хүүхдэд амин чухал байдгийг Бурхны Үгэнд бичсэн нь яах аргагүй үнэн (Сур. 22:6).

7, 8. а) Гэртээ эргэж ирсэн эцэг эхчүүд ямар алдаа гаргадаг вэ? б) Хүүхдүүдийнхээ хайр, хүндэтгэлийг хүлээхийн тулд яах хэрэгтэй вэ?

7 Гэртээ буцаж ирэхэд хүүхдүүд нь тоохгүй байх юм уу уурлахлаар эцэг эхчүүд гомддог. Тэгээд «Та нарын төлөө хуруу хумсаа хугалах шахан зүтгэж байхад ингэх ч гэж дээ» гэдэг. Гэхдээ эцэг эх нь орхиод явчихлаар хүүхдэд их хэцүү байдгийг ойлгох хэрэгтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд яах нь зүйтэй вэ?

8 Гэрийнхнийхээ сэтгэл санааг сайн ойлгож, тэр дагуу хандахад туслахыг Еховагаас гуйгаарай. Гэр бүлд тань тулгараад байгаа асуудалд таны ч буруу байгааг хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ уучлалт гуйгаарай. Таныг чадах бүхнээ хийгээд байвал өөрсдийнх нь төлөө үнэхээр зүтгэж байгааг эхнэр хүүхдүүд тань ойлгоно. Тууштай, шийдэмгий байвал яваандаа тэднийхээ хайр, хүндэтгэлийг хүлээх нь дамжиггүй.

ГЭР БҮЛЭЭ ТЭЖЭЭХ НЬ

9. Гэр бүлээ тэжээхийн тулд заавал баяжих шаардлагагүй гэхийн учир юу вэ?

9 Өндөр настай христианууд наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй бол үр хүүхэд, ач зээ нь тэдэнд туслах ёстойг элч Паул онцолжээ. Түүнчлэн идэх хоол, өмсөх хувцас, хонох газартайдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэйг бүх христианд уриалжээ. Бид амьдралаа дээшлүүлэх юм уу ирээдүйдээ санаа зовох юмгүй амьдрах гэж зүтгэх учиргүй (1 Тимот 5:4, 8; 6:6–10-ыг уншина уу). Гэр бүлээ тэжээе гэвэл христиан хүн заавал баян болох шаардлагагүй. Учир нь энэ ертөнц удахгүй «өнгөрнө» (1 Иох. 2:15–17). «Эд баялгийн хуурамч байдалд» хууртах юм уу «амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүй» байсан цагт л Бурхны байгуулах шинэ ертөнцөд мөнх амьдарна (Марк 4:19; Лук 21:34–36; 1 Тим. 6:19).

10. Өрөнд орохгүй байхыг хичээх нь яагаад ухаалаг вэ?

10 Хүний амьдралд мөнгө тодорхой хэмжээгээр хэрэгтэй бөгөөд хамгаалалт болдог. Гэхдээ Бурхны өгдөг мэргэн ухаантай эн зэрэгцэхгүй (Ном. 7:12; Лук 12:15). Ажил хийхээр гадаад руу явах нь ямар их эрсдэлтэйг хүмүүс тэр бүр тооцож үздэггүй. Бас мөнгө олно гэсэн баталгаа байдаггүй. Харин ч янз бүрийн аюул отож байдаг. Өмнөхөөсөө их өртэй болчихоод ирдэг хүн олон. Тэд Бурханд хүссэнээрээ үйлчлэхийн оронд «зээлдүүлэгчийнхээ зарц болдог» (Сургаалт үгс 22:7-г уншина уу). Тиймд анхнаасаа өрөнд орохгүй байх нь хамгийн ухаалаг юм.

11. Төсөв гаргах нь ямар ашигтай вэ?

11 Эдвардо гэрээсээ удаан хугацаагаар хол явахгүй гэсэн шийдвэрээсээ няцахгүйн тулд өрхийн төсвөө хянах хэрэгтэй байлаа. Тэгээд эхнэртэйгээ хамт сууж байгаад наад захын хэрэгцээтэй зүйлсээ тооцож өрхийн төсөв гаргажээ. Төсөвтөө багтаахын тулд өмнөх шигээ зарцуулах аргагүй болов. Онцын шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээ больсон байна. Эдвардо: «Би хүүхдүүдээ хувийн сургуулиас нь гаргаж, сургалт сайтай улсын сургуульд оруулсан» гэжээ. Бас Еховаг шүтэхэд саад болохооргүй ажил олоход туслахыг гуйн залбирчээ. Ехова тэднийхний залбиралд хариулсан болов уу?

12, 13. Эдвардо гэр бүлийнхээ төлөө юу хийсэн бэ? Энгийн амьдрахаар шийдсэн түүнийг Ехова хэрхэн ивээсэн бэ?

12 Эдвардо: «Намайг ирснээс хойших эхний хоёр жил бид арай ядан амь зууж байлаа. Цалин хаанаа ч хүрэхгүй болохоор хадгалсан мөнгөнөөсөө авдаг болов. Би ч их ядарч байлаа. Гэхдээ бид цуглаан болгонд сууж, дэлгэрүүлэх ажилд оролцдог байсан» гэж ярьсан байна. Гэрийнхнээс нь хол хэдэн сар жилээр ажиллуулах санал ирвэл шууд татгалзахаар хатуу шийджээ. «Би янз бүрийн ажил хийж сурсан. Ямар ч үед ажилтай байхын тулд тэр л дээ» гэж хэлсэн юм.

Гэр бүлээ тэжээхийн тулд янз бүрийн ажил хийж сурахад бэлэн үү?(12-р догол мөрийг үзнэ үү)

13 Зээлээ төлж барагдуулахад хугацаа хэрэгтэй байсан тул хүү нь нэмэгджээ. Гэхдээ эхнэр хүүхдүүдтэйгээ хамт Еховад үйлчлэхийн тулд Эдвардо өндөр хүү төлөхөд ч бэлэн байсан аж. «Одоо би гадаадад олдог байсан мөнгөнийхөө 10 хувьд ч хүрэхгүй цалин авдаг. Гэхдээ манай гэрийнхэн хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байна. Еховагийн мутар „богино биш ээ“. Бид бүр эхлэгчээр үйлчлэхээр шийдсэн» гэжээ. Улс орных нь эдийн засгийн байдал удалгүй сайжирч, наад захын хэрэгцээгээ хангахад илүү хялбар болсон байна (Ис. 59:1).

ОЙР ДОТНЫХНЫ ДАРАМТ ШАХАЛТ

14, 15. Еховаг шүтэхийг бус, мөнгө олохыг хамаатнууд ятгаад байвал яах хэрэгтэй вэ? Тууштай байвал ямар үр дүнд хүрч болох вэ?

14 Төрөл садан, найз нөхдөдөө мөнгө төгрөг, бэлэг сэлт өгдөг заншилтай улс олон. Эдвардо: «Энэ бол манай соёлын салшгүй хэсэг. Бид ч өгөх дуртай. Гэхдээ өгөхөд учир бий» гэж хэлээд цааш нь «Юуны түрүүнд гэр бүлийнхээ сүнслэг хэрэгцээг хангаад, дараа нь чадлынхаа хэрээр өгнө гэдгээ хамаатнууддаа эвтэйхэн тайлбарласан» гэжээ.

15 Ажлаа орхиод нутагтаа бүрмөсөн ирэхээр юм уу гэрийнхнээсээ хол явахгүй байхаар шийдвэл хамаатнуудын урам хугарч, уурлаж дургүйцэх нь бий. Ах дүүгээ боддоггүй, хувиа хичээсэн хүн гэлцдэг. Тэжээлгэнэ гэсэн найдвар нь талаар болдог учраас тэр юм (Сур. 19:6, 7). Эдвардогийн охин Анна: «Мөнгийг биш, сүнслэг зүйлийг нэгдүгээрт тавивал Еховаг шүтэх нь маш чухал юм байна гэдгийг хамаатнууд яваандаа ойлгох байх. Харин тэдний хүслээр яваад байвал яаж ойлгох вэ дээ» гэсэн юм (1 Петр 3:1, 2-той харьцуулна уу).

БУРХАНД ИТГЭДГЭЭ ҮЙЛСЭЭРЭЭ ХАРУУЛАХ НЬ

16. а) Хүн өөрийгөө яаж хуурч мэдэх вэ? (Иак. 1:22) б) Ямар шийдвэр гаргавал Ехова ивээх вэ?

16 Нөхөр хүүхдээ орхиод ажил хийхээр өндөр хөгжилтэй улсад ирсэн нэг Гэрч эмэгтэй: «Манайхан намайг энд ирүүлэхийн тулд маш их юмаа гарзадсан. Нөхөр маань бүр ахлагчаар үйлчлэхээ больсон. Тийм болохоор Ехова намайг ивээнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна» гэж ахлагчдад хэлжээ. Өөрт нь итгэж найдан, хүсэл тааллынх нь дагуу шийдвэр гаргавал Ехова үргэлж ивээдэг. Харин хүсэл таалалтай нь зөрчилдсөн шийдвэр гаргавал хэрхэн ивээх билээ? Ямар ч шаардлагагүй үед онцгой завшаанаасаа татгалзан байж буруу шийдвэр гаргавал ивээнэ гэж үү? (Еврей 11:6; 1 Иохан 5:13–15-ыг уншина уу).

17. Еховагийн удирдлага зааврыг яагаад шийдвэр гаргахаасаа өмнө авах хэрэгтэй вэ? Яаж авах вэ?

17 Еховагийн удирдлага зааврыг шийдвэр гаргасныхаа дараа бус, өмнө нь аваарай. Ариун сүнс, мэргэн ухаан өгч, удирдан чиглүүлэхийг гуйн залбираарай (2 Тим. 1:7). «Би ямар үед Еховаг дуулгавартай дагадаг вэ? Ядуу тарчиг амьдрахаар байлаа ч, гэрийнхэнтэйгээ хамт байгаарай гэсэн зааврыг нь дагахад бэлэн байдаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай (Лук 14:33). Ахлагчдаас тусламж гуйгаарай. Библид үндэслэсэн зөвлөгөөг нь дагаарай. Ингэвэл Еховагийн амлалтад итгэдгийн илрэл болно. Ахлагчид юу хийхийг тань хэлж өгөхгүй ч зөв шийдвэр гаргаж жаргалтай амьдрахад тань тусална (2 Кор. 1:24).

18. Гэр бүлээ тэжээх нь хэний үүрэг вэ? Бид тийм хүмүүст хэрхэн тусалж болох вэ?

18 Гэр бүлээ тэжээх үүргийг Ехова өрхийн тэргүүнүүдэд даалгасан (Гал. 6:5). Дарамт шахалт, хорхой хүргэм зүйлтэй тулгарсан ч эхнэр хүүхдээ орхиж явалгүйгээр энэ үүргээ биелүүлж байгаа эрчүүдийг магтаж, тэдний төлөө залбирах хэрэгтэй. Бас тэдгээр ах дүү маань байгалийн гамшиг, осол аваар зэрэг гэнэтийн аюулд өртвөл христиан хайраа илэрхийлж тусалж дэмжих хэрэгтэй (Гал. 6:2; 1 Петр 3:8). Мөнгө төгрөг, хоол хүнс гээд зайлшгүй хэрэгтэй зүйлээр нь хангах юм уу ажил олж өгч болохгүй нь юу билээ? Энэ мэтээр тусалбал тэд мөнгө олохоор гэрийнхнээ орхиж явахгүй нь лавтай (Сур. 3:27, 28; 1 Иох. 3:17).

ЕХОВА ТАНД ТУСАЛНА ГЭДГИЙГ САНААРАЙ

19, 20. Ехова тусална гэдэгт христианууд яагаад итгэлтэй байдаг вэ?

19 «Амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь [Бурхан] „Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй“ гэж айлдсан. Тиймд бид зоригтойгоор „[Ехова] миний туслагч мөн. Би айхгүй. Хүн намайг яах юм бэ?“ гэдэг» (Евр. 13:5, 6). Библид байдаг энэ үг амьдрал дээр хэрхэн биелдэг вэ?

20 Буурай хөгжилтэй оронд амьдардаг нэг ахлагч: «Хүмүүс Еховагийн Гэрчүүдийг ямар жаргалтай хүмүүс вэ гэж магтдаг юм. Ядуу Гэрчүүд хүртэл аятайхан хувцаслаж, бусдаас илүү сайхан амьдардгийг тэд анзаардаг» гэжээ. Есүсийн амлалт яах аргагүй биелж байна (Мат. 6:28–30, 33). Халамжтай Эцэг Ехова маань биднийг хайрлаж, хамгийн сайн сайхан бүхнийг өгдөг. Библид «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» гэж бичсэн байдаг (Ш.дэд 16:9). Гэр бүл, эд баялгийн талаарх хууль тушаалууд нь бидний сайн сайхны төлөө байдаг. Тэдгээрийг сахивал Ехова Бурхнаа хайрладгаа, түүнд итгэж найддагаа харуулна. «Бурханы[г] хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» (1 Иох. 5:3).

21, 22. Та яагаад Еховад найдахаар эргэлт буцалтгүй шийдсэн бэ?

21 Эдвардо: «Эхнэр хүүхдээсээ хол амьдарсан цаг хугацааг ухраах аргагүй. Гэхдээ би өнгөрснөө бодоод байдаггүй. Надтай хамт ажилладаг байсан хүмүүс баяжицгаасан. Гэсэн ч жаргалтай амьдардаггүй. Гэрт нь бөөн асуудал гардаг. Харин манайх баяр жаргалаар дүүрэн байдаг. Энд амьдардаг ах дүүс маань ядуу мөртлөө сүнслэг зүйлийг нэгдүгээрт тавьж байгааг хараад би их биширдэг. Есүсийн хэлсэн үг үнэхээр үнэн гэдгийг бид биеэрээ амсаж байна» гэжээ (Матай 6:33-ыг уншина уу).

22 Зоригтой байгаарай! Еховад дуулгавартай байж, түүнд итгэж найдаарай. Бурхнаа, ханиа, хүүхдүүдээ хайрладаг бол та өрхийн тэргүүний үүргээ сайн биелүүлж чадна. Тэгээд Ехова танд тусалдгийг биеэрээ амсана.

^ Нэрсийг өөрчлөв.