Skip to content

Гарчиг руу орох

Мосе шиг бат итгэлтэй болцгооё

Мосе шиг бат итгэлтэй болцгооё

«Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав» (ЕВР. 11:24).

1, 2. а) Мосе 40 насандаа яахаар шийдсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Мосе боолуудтай хамт ад үзэгдэхээр шийдсэний учир юу вэ?

 ЕГИПЕТЭД өөрийг нь ямар ирээдүй хүлээж байгааг Мосе мэдэж байв. Хааны гэр бүлд өссөн тэрбээр ихэс дээдсийн баян тансаг амьдралыг үзжээ. Одон орон судлал, математик гэх зэргийн шинжлэх ухааныг заалгаж «Египетийн бүх эрдэмд боловсорчээ» (Үйлс 7:22). Жирийн египет хүний хэзээ ч олж авч чадахгүй эд хөрөнгө, байр суурь, эрх дархтай болоход ядах юмгүй байлаа!

2 Гэвч 40 насандаа фараоны гэр бүлийнхнийг гайхашралд оруулсан шийдвэр гаргажээ. Тэрбээр баян тансаг амьдралаа орхихоор шийдсэн. Жирийн египет хүн шиг амьдрахыг хүссэн хэрэг үү? Үгүй. Бүр боолуудтай хамт ад үзэгдэхээр шийджээ. Яагаад тэр юм бол? Бат итгэлтэй хүн байсан учраас тэр (Еврей 11:24–26-г уншина уу). «Үзэгдэхгүй» Еховаг итгэлийн нүдээр харж, амласнаа биелүүлнэ гэдэгт нь итгэж байлаа (Евр. 11:27).

3. Энэ өгүүллээр ямар гурван асуултын хариуг мэдэж авах вэ?

3 Бид ертөнцөөс олж болох зүйлсийг анхаарах учиргүй. Харин Мосегийн адилаар, Еховаг харах итгэлийн нүдтэй байх хэрэгтэй (Евр. 10:38, 39). Итгэлээ бэхжүүлэхийн тулд Еврей 11:24–26-д Мосегийн тухай юу гэж бичсэнийг дэлгэрэнгүй үзье. Энэ өгүүллээр дараах асуултын хариуг олоорой. Махан биеийн хүслээ дагахгүй байхад нь Мосед итгэл хэрхэн тусалсан бэ? Эсэргүүцэл тулгарахад ч үйлчлэх завшаанаа өндөр үнэлэхэд нь итгэл яаж нөлөөлсөн бэ? Мосе ямар учраас «шагнал уруу харж байсан» бэ?

МАХАН БИЕИЙН ХҮСЛЭЭ ДАГААГҮЙ

4. Мосе «нүглийн ... жаргалд» яагаад хууртаагүй вэ?

4 «Нүглийн ... жаргал» цаг зуурынх гэдгийг Мосе итгэлийн нүдээр харсан. Харин зарим хүн: «Египет орон хиймэл шүтээн, ид шид, мэргэ төлгөөр дүүрэн мөртлөө дэлхийн эзэнт гүрэн болчихоод байхад, Еховагийн ард түмэн ингэж зовж байх ч гэж дээ!» хэмээн бодсон биз ээ. Гэхдээ Бурхан энэ байдлыг өөрчилнө гэдгийг Мосе мэдэж байлаа. Дур зоргоороо амьдардаг хүмүүс жаргалтай яваа мэт харагддаг ч эцэстээ устгагдана гэдэгт итгэлтэй байсан. Тиймээс «нүглийн цаг зуурын жаргалд» хууртаагүй.

5. «Нүглийн цаг зуурын жаргалд» хууртахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

5 «Нүглийн цаг зуурын жаргалд» хууртахгүйн тулд яах вэ? Биеийн жаргал зуурдынх гэдгийг хэзээ ч битгий мартаарай. «Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрч» байгааг итгэлийн нүдээр хараарай (1 Иох. 2:15–17). Нүглээ гэмшдэггүй хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байгааг эргэцүүлэн бодоорой. «Хальтиргаатай газар дээр» зогсож байгаа тэд «гэнэтийн аймшгаар бүрмөсөн» устгагдана (Дуу. 73:18, 19). Нүгэл үйлдэх гээд байвал өөрөөсөө «Би ирээдүйгээ баллахыг хүсээд байна гэж үү?» хэмээн асуугаарай.

6. а) Мосе «Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ» яагаад татгалзсан бэ? б) Мосегийн гаргасан шийдвэр зөв байсан уу? Яагаад?

6 Мосе яаж амьдрахаа шийдэхдээ итгэлдээ хөтлөгдсөн. «Итгэлээр, Мосе эрийн цээнд хүрээд Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалзав» (Евр. 11:24). Тэрбээр хааны ордонд өндөр байр суурьтай болсныхоо дараа Бурхандаа үйлчилж эд хөрөнгө, эрх дархаа ашиглан израиль ахан дүүстээ тусалъя гэж бодоогүй. Харин Еховад дэндүү хайртай байсан болохоор бүх зүрх, сэтгэл, хүч чадлаараа үйлчлэхээр шийдсэн (Д.хууль 6:5). Зөв шийдвэр гаргасан учраас олон зовлонг тойрч гарчээ. Түүний орхисон Египетийн эд баялаг эцэстээ израильчуудын гарт орсон! (Ег. 12:35, 36). Фараон гутамшигтайгаар үхжээ (Дуу. 136:15). Харин Мосе Еховагийн тушаалаар Израилийн ард түмнийг Амласан газар луу удирдсан. Тийм ээ, түүний амьдрал үнэхээр утга учиртай байсан юм.

7. а) Матай 6:19–21-д бичсэнээр ямар учраас мөнхийн ирээдүйгээ бодох хэрэгтэй вэ? б) Ойрын ирээдүйгээ бодох, мөнхийн ирээдүйгээ бодохын ялгааг харуулсан жишээ хэлнэ үү.

7 Ажил мэргэжлээ сонгоход охид хөвгүүд та нарт итгэл хэрхэн туслах вэ? Та нар ирээдүйгээ төлөвлөж байгаа нь магтууштай. Бурхны амлалтад бат итгэн ойрын ирээдүйгээ бус, мөнхийн ирээдүйгээ бодож «эд баялаг» хураагаарай (Матай 6:19–21-ийг уншина уу). Софи гэдэг авьяаслаг балетчин бүсгүйн тухай авч үзье. АНУ дахь балетын компаниуд түүнийг тэтгэлэгтэйгээр суралцуулж, хамтран ажиллах санал тавьжээ. Тэрбээр: «Шүтэн бишрэгчидтэй байх үнэхээр сайхан байсан. Үнэнийг хэлэхэд би бусад бүжигчдээсээ илүү юм шиг л санаж явлаа. Гэхдээ жаргалтай байгаагүй» гэж дурссан юм. Тэр үед «Залуучуудын асуулт. Би амьдралаа юунд зориулах вэ?» гэдэг кино үзжээ. Софи: «Ертөнц намайг нэр алдартай, шүтэн бишрэгчидтэй болгосон ч Еховад бүх зүрхээрээ үйлчлэхэд саад болсныг ойлгосон» гэж ярьсан юм. Еховад шаргуу залбирах болж, эцэст нь бүжигчний амьдралаа орхисон байна. Үүндээ харамсдаг болов уу? «Би өмнөх амьдралаа боддоггүй. Одоо 100 хувь жаргалтай байна. Нөхөртэйгөө эхлэгчээр үйлчилдэг. Бидэнд нэр алдар, эд баялаг байхгүй ч Ехова, Библи заалгадаг хүмүүс, сүнслэг зорилго байна. Ердөө ч харамсдаггүй» гэж Софи хэлжээ.

8. Зөв шийдвэр гаргахад Библийн ямар зарчим тус болох вэ?

8 Чамд юу хамгийн сайн болохыг Ехова мэддэг. Мосе: «Чиний Бурхан ЭЗЭН чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан, бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг болон чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу?» хэмээн асуужээ (Д.хууль 10:12, 13). Еховаг хайрлаж, түүнд «бүх зүрх, бүх сэтгэлээрээ» үйлчлэхэд саад болохооргүй ажил мэргэжлийг залуу байгаа дээрээ сонгоорой. Энэ нь «чиний сайн сайхны төлөө» юм шүү!

ҮЙЛЧЛЭХ ЗАВШААНАА ӨНДӨР ҮНЭЛСЭН НЬ

9. Еховагийн өгсөн даалгаврыг биелүүлэхэд Мосед хэцүү байсан уу? Тайлбарлана уу.

9 «Христ шиг хараалгах нь Египетийн эрдэнэсийг авахаас илүү сайн» гэж Мосе үзжээ (Евр. 11:26, ШГ). Ехова израильчуудыг Египетээс чөлөөлөхдөө Мосег тэдний удирдагчаар сонгож «Христ» буюу «Тослогдсон Нэгэн» болгосон. Энэ үүрэг хэцүү гэдгийг Мосе мэдэж байв. Тэр байтугай, «хараалгах» буюу эсэргүүцэлтэй тулгарахаа ч ойлгож байлаа. Өмнө нь нэг израиль хүн: «Хэн чамайг бидний дээр захирагч, эсвэл шүүгчээр тавьсан юм бэ?» гэж түүнийг доромжилжээ (Ег. 2:13, 14). Хожим нь Мосе өөрөө Еховад «Фараон намайг хэрхэн сонсох билээ» гэсэн (Ег. 6:12). Эсэргүүцлийг сөрөхийн тулд тэрбээр Еховад залбирчээ. Юунаас айж, юунд санаа зовж байгаагаа хэлсэн. Даалгавраа биелүүлэхэд нь Ехова түүнд хэрхэн тусалсан бол?

10. Мосег даалгавраа биелүүлэхэд нь Ехова хэрхэн тусалсан бэ?

10 Юуны өмнө, Ехова Мосед «Би чамтай заавал хамт байна» гэж амласан (Ег. 3:12). Хоёрт, нэрийнхээ нэг утгыг тайлбарлан түүнд итгэл найдвар, урам зориг өгсөн. «Би бол „Би байдаг“» гэж хэлсэн нь юу л болъё гэнэ, тийм болно гэсэн утгатай аж * (Ег. 3:14). Гуравт, гайхамшиг үйлдэх чадвар өгч Мосег илгээснээ баталсан (Ег. 4:2–5). Дөрөвт, даалгавраа биелүүлэхэд нь туслуулахаар Аароныг хамтрагч болгосон (Ег. 4:14–16). Авсан даалгавраа биелүүлэхэд нь Бурхан үйлчлэгчдэдээ хэзээ ямагт тусалдагт Мосе бүрэн итгэсэн юм. Тиймээс насныхаа эцэст Иошуад «Чиний өмнө тэргүүлэн явагч нь ЭЗЭН юм. Тэр чамтай хамт байж, чамайг орхихгүй, чамайг хаяхгүй. Бүү ай, бүү зүрхшээ!» хэмээн итгэл төгс хэлсэн юм (Д.хууль 31:8).

11. Мосе даалгавраа яагаад өндөр үнэлдэг байсан бэ?

11 Еховагийн ачаар Мосе амаргүй үүргээ «Египетийн эрдэнэсээс агуу» гэж үзэн өндөр үнэлжээ. Тэгээд ч Төгс хүчит Бурханд үйлчлэхийг фараонд зүтгэхтэй харьцуулахын аргагүй шүү дээ! Еховагийн тосолсон нэгэн буюу «Христ» байхыг Египетийн хан хүү байхтай харьцуулж болно гэж үү? Мосе зөв үзэлтэй байсан учир ивээл хүртсэн. Еховатай онцгой дотно байж, израильчуудыг Амласан газар луу удирдаж явахдаа «хүчит үйлс» бүтээж байсан (Д.хууль 34:10–12).

12. Ехова бидэнд ямар завшаан олгодог вэ?

12 Ехова бидэнд бас үүрэг оноодог. Элч Паул болон бусад хүнийг «үйлчлэлд» томилсон шигээ бидэнд ч сайн мэдээ тунхаглах даалгавар өгсөн (1 Тимот 1:12–14-ийг уншина уу). Энэ бол бид бүгдэд олдсон завшаан юм (Мат. 24:14; 28:19, 20). Зарим хүн Еховад бүрэн цагаар үйлчилдэг. Төлөвшсөн эрчүүд туслах үйлчлэгч болон ахлагчаар үйлчилж хурлынхаа гишүүдийн төлөө цаг зав, хүч чадлаа зориулдаг. Гэтэл Гэрч биш ойр дотныхон нь шүүмжлэх юм уу бүр эсэргүүцэж мэднэ (Мат. 10:34–37). Тэднээс болоод сэтгэлээр унавал золиосолсон бүхэн нь үнэ цэнэгүй юм шиг эсвэл үүрэг даалгавраа биелүүлж чадахгүй юм шиг санагдаж магадгүй. Энэ бүхнийг тэвчихэд итгэл хэрхэн туслах вэ?

13. Даалгавраа биелүүлэхэд маань Ехова хэрхэн тусалдаг вэ?

13 Еховагаас тусламж гуйн итгэлтэйгээр залбираарай. Айдас түгшүүр, санаа зовоосон зүйлээ хэлээрэй. Ехова таныг томилсон болохоор үүрэг даалгавраа биелүүлэхэд тань туслах нь дамжиггүй. Яаж? Мосед тусалсан тэр л аргаараа тусална. Нэгд, «Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална. Би заавал Өөрийн зөв баруун мутраар чамайг хамгаална» гэж амладаг (Ис. 41:10). Хоёрт, амлалтад нь итгэж болно гэдгийг батлан «Үнэхээр Би айлдсан. Үүнийгээ Би заавал гүйцэтгэнэ. Төлөвлөсөн зүйлсээ Би заавал хийнэ» хэмээдэг (Ис. 46:11). Гуравт, даалгавраа биелүүлэхэд тань туслан «хэрээс хэтэрсэн хүч» өгнө (2 Кор. 4:7, ШЕ). Дөрөвт, таныг урамшуулан зоригжуулж, тусалж дэмждэг ах дүүсийг өгсөн. Тэд дэлхийн өнцөг булан бүрд бий (1 Тес. 5:11). Үүрэг даалгавраа Еховагийн тусламжтайгаар биелүүлэх бүрд итгэл тань бэхжин, ямар ч эд баялагтай харьцуулшгүй завшаанаа өндөр үнэлдэг болно.

«ТЭР ШАГНАЛ УРУУ ХАРЖ БАЙЛАА»

14. Мосе шагнал хүртэнэ гэдэгтээ яагаад эргэлзээгүй вэ?

14 Мосе «шагнал уруу харж байлаа» (Евр. 11:26). Тэрбээр ирээдүйн талаар нэг бүрчлэн мэдэхгүй байсан ч, мэддэг зүйлдээ үндэслэн шийдвэр гаргасан. Ехова нас барагсдыг амилуулна гэдэгт өвөг эцэг Абрахам шигээ итгэлтэй байв (Лук 20:37, 38; Евр. 11:17–19). Бурхны амлалтад итгэдэг байсан учраас Мосе оргодол босуул мэт амьдарсан 40 жилээ, цөлд өнгөрүүлсэн 40 жилээ үр ашиггүй өнгөрөөлөө гэж үзээгүй. Бурхан амлалтаа хэрхэн биелүүлэхийг яг таг мэдээгүй ч ирээдүйд хүртэх шагналаа итгэлийн нүдээр харж байсан.

15, 16. а) Шагналаа бодож явах хэрэгтэйн учир юу вэ? б) Хаанчлал захирах үед та ямар ивээл хүртэхээ тэсэн ядан хүлээдэг вэ?

15 Та шагналаа бодож амьдардаг уу? Бурхан амлалтаа яг хэрхэн биелүүлэхийг Мосе мэдээгүй шиг бид бас мэдэхгүй. Тухайлбал, агуу их гай гамшгийн «товлосон цаг» тодорхой биш (Марк 13:32, 33). Гэхдээ ирээдүйн Диваажингийн талаар Мосегийн мэдэж байснаас хавьгүй ихийг бид мэддэг. Бурхны Хаанчлал дэлхийг захирах үед амьдрал ямар болохыг нарийн мэдэхгүй ч Бурхны өгсөн амлалтын ачаар шагналаа бодож амьдрах бүрэн боломжтой. Шинэ ертөнцийг тодорхой төсөөлдөг бол Бурхны Хаанчлалыг эн тэргүүнд тавина. Ингэж хэлж болохын учир юу вэ? Жишээ нь, та мэдэхгүй шахуу байшингаа худалдаж авах уу? Мэдээж үгүй. Үүнтэй адилаар, бодитой биш юмны төлөө амьдралаа зориулахгүй нь ойлгомжтой. Бат итгэлтэй бол Диваажинд хэрхэн амьдрахаа тодорхой төсөөлж чадна.

Мосе нарын үнэнч үйлчлэгчидтэй ярилцах ямар сонирхолтой байх бол оо!(16-р догол мөрийг үзнэ үү)

16 Бурхны Хаанчлалын талаар тодорхой төсөөлөхийн тулд Диваажинд та юу хийхээ бодоорой. Жишээ нь, Есүсээс өмнө амьдарч байсан хүмүүсийн тухай судалж байхдаа тэднээс юу асуухаа бодоорой. Тэд танаас эцсийн өдрүүдийн талаар юу гэж асуухыг төсөөлөөрэй. Олон зууны өмнө нас барсан өвөг дээдэстэйгээ уулзаад Бурхны тухай заана гээд бод доо! Тэр үед сэтгэл ямар их хөдлөх бол оо! Тайван амгалан орчинд зэрлэг амьтдыг ажиглан судалж, их зүйлийг мэдэж аваад баярлаж байгаагаар төсөөлөөрэй. Төгс болохын хэрээр Еховатай хэр дотносохоо эргэцүүлэн бодоорой.

17. Ирээдүйд хүртэх шагналынхаа талаар тодорхой төсөөлөх нь ямар ач холбогдолтой вэ?

17 Хүртэх шагналынхаа талаар тодорхой төсөөлдөг бол тууштай, баяр баясгалантай байж үүрдийн ирээдүйгээ бодсон шийдвэр гаргана. Паул: «Бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг» гэж тослогдсон христиануудад бичжээ (Ром 8:25). Гэхдээ энэ нь зарчмын хувьд бүх христианд хамаатай. Бид шагналаа хараахан аваагүй ч итгэл маань бат учир тэвчээртэй хүлээдэг. Мосегийн адилаар, бид Еховад үйлчилсэн он жилүүдээ үр ашиггүй өнгөрөөлөө гэж боддоггүй. Харин ч, «үзэгдэх юмс бол түр зуурынх, харин үл үзэгдэх юмс бол мөнх» гэдэгт итгэлтэй байдаг (2 Коринт 4:16–18-ыг уншина уу).

18, 19. а) Үргэлж бат итгэлтэй байхын тулд яагаад тэмцэх ёстой вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Бид «харагдахгүй зүйлсийн баталгааг» итгэлийнхээ ачаар олж хардаг (Евр. 11:1). Харин «төрөлх хүн» яадаг вэ? Еховад үйлчлэх завшааныг ойлгодоггүй. Тийм хүний хувьд Еховад үйлчлэх нь «мунхаг явдал» юм (1 Кор. 2:14). Бид ирээдүйд мөнх амьдарч, нас барагсадтай уулзах цагаа тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ хүмүүс үүнд огтхон ч итгэдэггүй. Паулыг «хоосон чалчигч» гэдэг байсан гүн ухаантнуудын адилаар өнөөдөр ихэнх хүн бидний тунхагладаг ирээдүйн найдварыг утгагүй хоосон гэж боддог (Үйлс 17:18).

19 Эргэн тойронд маань ийм хүмүүс амьдардаг учир итгэлгүй болчихгүйн тулд тэмцэх хэрэгтэй. Үргэлж бат итгэлтэй байхад туслахыг Еховагаас шаргуу гуйгаарай (Лук 22:32). Нүглийн үр дагаврыг ухамсарлаж, Еховад үйлчлэх завшаанаа өндөр үнэлж, мөнх амьдрах найдвараа тод санаж яваарай. Мосегийн амьдралаас өөр юу сурах вэ? «Үзэгдэхгүй Түүнийг харахад» итгэл нь хэрхэн тусалсныг дараагийн өгүүллээр үзнэ (Евр. 11:27).

^ Египетээс гарсан нь 3:14-т байдаг Бурхны хэлсэн үгийг Библи судлаач нэгэн эрдэмтэн тайлбарлахдаа «Хүсэл тааллаа биелүүлэхэд нь юу ч саад болж чадахгүй. ... [Ехова гэдэг] энэ нэр израильчуудын хувьд хэзээд бат цайз нь болж итгэл найдвар, урам зориг өгөх учиртай байсан» гэжээ.