Skip to content

Гарчиг руу орох

Та үүнийг мэдэх үү?

Та үүнийг мэдэх үү?

Эрт цагт хүмүүс хувцсаа урдаг байсан нь ямар учиртай вэ?

ХУВЦСАА урж тастсан олон тохиолдлыг Библид бичсэн байдаг. Зарим хүн үүнийг уншаад хачирхан гайхдаг. Эртний иудейчүүд гуньж гутарсан, ичгэвтэр санагдсан, зовж шаналсан, уй гашуу болсон зэргээ илэрхийлэхдээ хувцсаа урдаг байжээ.

Жишээ татъя. Реубен Иосеф дүүгээ аваръя гэж бодож байлаа. Гэтэл ах дүү нар нь Иосефыг боол болгон худалдчихжээ. Төлөвлөгөө нь нурсныг мэдээд Реубен «хувцас хунараа тасар татсан». Эцэг Иаков нь Иосефыг зэрлэг амьтанд бариулчихаж гэж бодоод «хувцас хунараа урж тастсан» (Эх. 37:18–35). Хүүхдүүд нь бүгд амиа алдсаныг Иов сонсоод «нөмрөгөө уржээ» (Иов 1:18–20). «Хувцсаа урсан» нэг элч байлдааны шугамаас ирээд тэргүүн тахилч Елид «Израиль филистчүүдээс зугтааж, олны дунд аймшигтай том аллага болж, таны хоёр хүү Хофни Финехас нар үхэж, Бурханы авдар булаагдав» хэмээн хэлжээ (1 Сам. 4:12–17). Иосиа хаан Мосегийн хуулийг сонсож байхдаа ард түмнийхээ гэм буруутайг ойлгоод «хувцсаа урсан» (Х.дэд 22:8–13).

Тэргүүн тахилч Каиаф шүүх хурал дээр Есүсийн хэлсэн үгийг сонсоод Бурхныг доромжиллоо хэмээн буруу дүгнэж «дээлээ хүү татжээ» (Мат. 26:59–66). Иудейн шашны хуулиар бол, Бурхны нэрийг доромжлохыг сонссон хэн боловч хувцсаа урдаг ёстой байжээ. Харин Иерусалимын сүм устгагдсаны дараа иудейн шашны нэг багш: «Бурхны Нэрийг доромжлохыг сонссон хүн одоо хувцсаа урах шаардлагагүй. Эс тэгвэл бүтэн хувцас үлдэхгүй» гэсэн байна.

Хэрэв хүн үнэн голоосоо шаналж гашуудаагүй бол хувцсаа хэчнээн урсан ч Бурхны таалалд нийцэхгүй нь мэдээж. Тиймээс Ехова: «Та нар хувцсаа биш, харин зүрх сэтгэлээ тастан урагтун. Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу эргэгтүн» гэж ард түмэндээ айлдсан билээ (Иоел 2:13).