Skip to content

Гарчиг руу орох

МАНАЙ АРХИВААС

«Ургац хураах ажил маш их байна»

«Ургац хураах ажил маш их байна»

Жорж Яанг 1923 оны 3-р сард Рио де Жанейрод очжээ

1923 он. Сан Паулу хотын Хөгжмийн дээд сургуулийн концертын танхим пиг дүүрчээ! Жорж Яанг гал цогтой ярина. Илтгэлийг нь португалаар орчуулахад хүрэлцэн ирсэн 585 хүн чих тавин сонсож байлаа. Португалаар бичсэн Библийн зүйлийг дэлгэцэн дээр үзүүлэх аж. Илтгэл дуусаж хүмүүс нижигнэтэл алга ташив. Португал, англи, герман, итали хэлээр гарсан «Одоо амьд байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй!» гэдэг товхимлыг хэдэн зуугаар нь тараав. Лекц амжилттай болж өндөрлөлөө! Хүмүүс сонссон зүйлээ ам дамжин ярилцаж байв. Хоёр өдрийн дараа танхим дахиад дүүрлээ. Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ?

Сара Беллона Фергсон гэдэг америк эмэгтэй гэр бүлийнхээ хамт 1867 оноос Бразилд амьдрах болжээ. 1899 онд дүү нь АНУ-аас ирэхдээ Библид үндэслэсэн ном хэвлэл авчирсан аж. Тэдгээрийг уншиж үзээд Сара үнэнийг олсноо ойлгосон байна. Байгууллагын ном хэвлэл уншихын хүслэн болж «Харуулын цамхаг» сэтгүүлийг англи хэлээр захиалжээ. Сайн мэдээнд сэтгэл нь хөдөлсөн тэрбээр Чарлз Расселл ахад захиа бичихдээ «Библийн мэдээ хүрч чадахааргүй хол газар гэж нэг ч байхгүй» гэжээ.

«Нас барсан хүнтэй ярих боломжтой юу?» (португал хэлээр)

Сара Фергсон Библийн үнэнийг хүмүүст мэдүүлэх гэж хамаг чадлаараа хичээжээ. Гэхдээ өөрт нь болон гэр бүлийнхэнд нь, цаашлаад Бразилд байгаа сайн хүмүүст хэн туслах бол хэмээн санаа зовж байлаа. Тэгтэл 1912 онд Брүүклиний Бетелээс нэг мэдээ ирэв. Португал хэлээр гарсан «Нас барагсад хаана байдаг вэ?» гэсэн нэртэй танилцуулга хэдэн мянгыг авч яваа хүн Сан Паулуд очиж байгаа гэсэн аж. Сара 1915 онд бичсэн захидалдаа, Библи Судлаачдаас олон хүн удахгүй тэнгэрт гарна гэж бодож байсныг мэдээд их гайхсан тухайгаа дурджээ. Тэрбээр: «Тэгвэл Бразил, Өмнөд Америк яах болж байна аа? ... Өмнөд Америк ямар том газар нутагтайг бодож үзвэл энд ургац хураах ажил маш их байна» гэж бичжээ. Нээрээ ч ургац хураах ажлыг илүү өргөн далайцтай хийх хэрэгтэй байлаа!

1920-оод онд Бразилийн найман далайчин усан онгоцоо засварт байх зуур Нью-Йорк хотын нэг хурлын цуглаанд хэдэн удаа очжээ. Тэд Рио де Жанейрод буцаж ирээд Библиэс сурч мэдсэн зүйлээ бусдад ярьсан байна. 1923 оны 3 дугаар сард Жорж Яанг гэдэг пилгрим буюу явуулын харгалзагч Рио де Жанейрод ирж үнэнийг мэдэх хүсэлтэй хүмүүстэй уулзжээ. Бас хэд хэдэн хэвлэлийг португал хэлээр орчуулах ажлыг зохион байгуулсан байна. Дараа нь 600 000 оршин суугчтай Сан Паулу хотод очжээ. Тэнд илтгэл тавьж, товхимол тараасныг өгүүллийн эхэнд дурдсан билээ. Жорж: «Ганцаараа байсан болохоор сонины сурталчилгаанд л найдаж байлаа» гэж тайландаа тэмдэглэжээ. БСОУН-ээс зохион байгуулж Бразилд анх удаа илтгэл тавиулсан нь энэ байлаа. *

Илтгэлийн үеэр Библийн зүйлийг дэлгэцэн дээр үзүүлж байсан прожектор

«Дэлгэрүүлэх ажил 6 дугаар сарын 1-нд эхлэхэд Бразилд ямар ч ном хэвлэл байгаагүй гээд бодохлоор Эзэн ажлыг маань үнэхээр их ивээж байгаа нь тодорхой» гэж 1923 оны 12 дугаар сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтлэгдсэн дэлгэрүүлэх ажлын тайланд бичжээ. Тэнд цааш нь бичихдээ Жорж Яанг 6 дугаар сарын 1-нээс 9 дүгээр сарын 30-ны хооронд 21 илтгэл тавьсан бөгөөд нийт 3 600 хүн сонссоныг дурджээ. Хоёр илтгэлийг Сан Паулуд тавьсан байна. Рио де Жанейро хотод Хаанчлалын тухай мэдээ аажмаар тарж байлаа. Хэдхэн сарын дотор португал хэлээр 7 000 гаруй ном хэвлэл тараажээ! Бас 1923 оны 11–12 дугаар сарын «Харуулын цамхаг» сэтгүүл португал хэлээр анх удаа гарсан юм.

Сара Беллона Фергсон. «Харуулын цамхаг» сэтгүүлийг Бразилаас захиалсан анхны хүн

Жорж Яанг Сара Фергсонтой уулзсан тухай «Харуулын цамхаг» сэтгүүлд ийн бичжээ. «Сара хаалга тайлмагцаа хэлгүй юм шиг хэсэг зогслоо. Яангтай гар бариад нүд рүү нь эгцлэн харж байснаа „Ингээд пилгримтэй уулздаг юм байжээ“ гэж хэлсэн». Удалгүй Сара хүүхдүүдтэйгээ хамт баптисм хүртсэн байна. Тэрбээр энэ мөчийг 25 жил хүлээсэн юм! 1924 оны 8 дугаар сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлд бичсэнээр Бразилд баптисм хүртсэн 50 хүний ихэнх нь Рио де Жанейрод хүртжээ.

Тэр цагаас хойш 90 жил өнгөрчээ. «Бразил, Өмнөд Америк яах болж байна аа?» гэж асуухын хэрэг одоо нэгэнт байхгүй болжээ. Бразилд л гэхэд Еховагийн 760 000 гаруй Гэрч сайн мэдээ тунхаглаж байна. Хаанчлалын тухай сайн мэдээ португал, испани болон нутгийн олон хэлээр Өмнөд Америк даяар түгж байна. «Энд ургац хураах ажил маш их байна» гэж 1915 онд Сара Фергсоны хэлсэн үг үнэн байжээ (Бразил дахь манай архиваас).

^ БСОУН гэдэг нь Библи Судлаачдын Олон Улсын Нийгэмлэгийн товчилсон нэр юм.