Skip to content

Гарчиг руу орох

«Хүн болгонд яаж хариулах» вэ?

«Хүн болгонд яаж хариулах» вэ?

«Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй ... байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм» (КОЛ. 4:6).

1, 2. а) Оновчтой асуулт тавихын чухлыг харуулсан явдлыг ярина уу. (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Ярвигтай сэдвээр ярилцахаасаа халшрах хэрэггүйн учир юу вэ?

 НЭГ христиан эмэгтэй Гэрч биш нөхөртэйгөө Библийн сэдвээр ярилцжээ. Христийн сүмд явдаг байсан нөхөр нь Гурвалд итгэдгээ хэлсэн аж. Гэхдээ Гурвалын тухай сургаалыг сайн мэддэггүйг эхнэр нь анзаараад «Бурхан, Есүс, ариун сүнс гурав гурвуулаа Бурхан, гэхдээ гурван Бурхан биш, нэг Бурхан гэдэгт чи итгэдэг үү?» хэмээн эвтэйхэн асуужээ. Нөхөр нь ихэд гайхан «Үгүй ээ, яалаа гэж дээ!» гэж хариулав. Ингээд тэд Бурхан гэж чухам хэн болох талаар халуун яриа өрнүүлсэн байна.

2 Энэ явдлаас дүгнэхэд, оновчтой асуултыг эвтэйхэн асуух нь чухал аж. Бас Гурвал, галт там, Бурхан байдаг уу гэх зэргийн ярвигтай сэдвээр ярилцахаасаа халшрах хэрэггүй байх нь ээ. Еховад найдаж, заасан болгоныг нь ажил хэрэг болгосон цагт хүмүүсийн зүрх сэтгэлийг хөндөж чадна (Кол. 4:6). Үр өгөөжтэй дэлгэрүүлье гэвэл 1) хүний үзэл бодлыг мэдэх зорилгоор асуулт тавьж, 2) зөв дүгнэлтэд хүргэхийн тулд Библиэс эргэцүүлэн бодуулж, 3) гол санааг ойлгуулахын тулд жишээ татах хэрэгтэй. Энэ гурван аргыг нэг нэгээр нь ярилцъя.

АСУУЛТ ТАВЬЖ ХҮМҮҮСИЙН ҮЗЭЛ БОДЛЫГ МЭДЭХ НЬ

3, 4. Тухайн хүний үзэл бодлыг мэдэх зорилгоор асуулт асуух нь яагаад чухал бэ? Жишээ хэлнэ үү.

3 Асуулт асуувал тухайн хүний юунд итгэж үнэмшдэгийг мэдэж авна. Ингэх нь яагаад чухал бэ? Сургаалт үгс 18:13-т «Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» гэсэн байдаг. Тиймд ямар нэгэн сэдвээр Библид үндэслэн ярилцахаасаа өмнө тэр хүнийхээ үзэл бодлыг мэдэх хэрэгтэй. Тэгвэл итгэдэггүй юмных нь тухай ярьж цаг алдахгүй (1 Кор. 9:26).

4 Жишээ нь, тамын тухай ярилцаж байна гэж бодъё. Энэ сургаалд итгэдэг нэг хэсэг нь там бол муу хүмүүсийг галаар тарчилган зовоодог газар гэж боддог байхад зарим нь өөр үзэлтэй байдаг. Тийм учраас, «Хүмүүс тамыг янз янзаар төсөөлдөг. Таны бодлоор там гэж юу вэ?» хэмээн асууж болох юм. Хариулахыг нь сонсоод үзэл бодлыг нь мэдвэл Библид юу гэж байдгийг ойлгуулахад илүү дөхөм болно.

5. Тухайн хүний итгэл үнэмшлийн цаад шалтгааныг мэдэхэд асуулт ямар ач холбогдолтой вэ?

5 Түүнчлэн оновчтой асуулт асуух нь тухайн хүний итгэл үнэмшлийн цаад шалтгааныг мэдэхэд тустай байдаг. Тухайлбал, Бурханд итгэдэггүй гэж хэлсэн хүнтэй таарвал яах вэ? Эволюцийн онол гэх мэтийн сургаалд итгэдэг байх гэж дүгнэх амархан (Дуу. 10:4). Гэтэл зарим хүн зовлон үзээд эсвэл бусдын зовохыг хараад Бурханд итгэхээ больсон байдаг. Бурхан гэж байдаг бол яагаад ийм их зовлон байдаг юм бэ гэж тэд боддог. Тийм хүмүүсээс «Та угаасаа итгэдэггүй байсан уу?» гэж асууж болох юм. Үгүй гэж хариулбал юунаас болоод Бурхан байдагт эргэлзэх болсныг нь асууж болно. Яагаад тэгж боддог болсныг нь мэдвэл тэр хүнд зохих тусламжийг үзүүлж чадна (Сургаалт үгс 20:5-ыг уншина уу).

6. Асуулт тавьсныхаа дараа яах хэрэгтэй вэ?

6 Асуулт тавьсныхаа дараа ярилцаж буй хүнийхээ юу гэж хариулахыг анхааралтай сонсож, үзэл бодлыг нь хүндэтгэж байгаагаа харуулах хэрэгтэй. Гай зовлон тохиолдсоноос болоод Бурхан байдагт эргэлздэг болсон гэж хэлбэл яах вэ? Эхлээд тэр хүнийг ойлгож байгаагаа илэрхийлж, зовж зүдэрдгийнхээ учрыг бодох нь буруу биш гэдгийг тайлбарлаарай. Дараа нь Бурхан оршин байдгийн нотолгоог хэлж өгөөрэй (Хаб. 1:2, 3). Тэвчээртэй, аядуу зөөлөн байвал тэр хүн илүү ихийг мэдэх хүсэлтэй болох биз ээ.

БИБЛИЭС ЭРГЭЦҮҮЛЭН БОДУУЛЖ ЗӨВ ДҮГНЭЛТЭД ХҮРГЭХ НЬ

Дэлгэрүүлэх ажилдаа амжилт гаргая гэвэл яах хэрэгтэй вэ? (7-р догол мөрийг үзнэ үү)

7. Дэлгэрүүлэх ажлаа үр бүтээлтэй хийе гэвэл яах хэрэгтэй вэ?

7 Библийн тусламжтайгаар хүмүүсийг хэрхэн зөв дүгнэлтэд хүргэх вэ? Дэлгэрүүлэх ажилдаа хэрэглэдэг гол багаж хэрэгсэл маань Библи яах аргагүй мөн. Энэ номын ачаар бид «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг» (2 Тим. 3:16, 17). Дэлгэрүүлэх ажлаа үр бүтээлтэй хийе гэвэл Библиэс олон ишлэл уншуулах нь гол биш. Харин эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэхийн тулд уншуулсан зүйлээ сайн тайлбарлах нь чухал (Үйлс 17:2, 3-ыг уншина уу). Дараах гурван нөхцөлийг бодож үзье.

8, 9. а) Есүсийг Бурхан гэж үздэг хүнийг эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэе гэвэл яах хэрэгтэй вэ? б) Та энэ сэдвээр ярилцахдаа үр дүнтэй ямар арга хэрэглэдэг вэ?

8 Нөхцөл 1: Дэлгэрүүлж яваад Есүсийг Бурхан гэж үздэг хүнтэй тааралджээ. Ямар Библийн зүйл уншуулж эргэцүүлэн бодуулах вэ? Иохан 6:38-д байдаг Есүсийн үгийг уншуулж болох юм. Тэнд «Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн» гэж байдаг. Уншсаных нь дараа «Хэрэв Есүс Бурхан юм бол хэн түүнийг илгээсэн байж таарах вэ? Тэр Нэгэн нь Есүсээс агуу байж таарна биз дээ? Тэгээд ч илгээгч нь илгээсэн нэгнээсээ дээгүүр байх учиртай» гэж хэлнэ.

9 Бас Есүсийг үхээд амилсны дараа Бурхан юу хийсэн тухай элч Паулын хэлсэн үгийг Филиппой 2:9-өөс уншуулбал сайн. Тэнд «Бурхан Түүнийг [Есүсийг] үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов» гэсэн байдаг. Тэгээд зөв дүгнэлтэд хүргэхийн тулд «Хэрэв Есүс үхэхээсээ өмнө Бурхантай эн тэнцүү байгаад хожим нь Бурхан түүнийг илүү өндөрт өргөмжилсөн юм бол Есүсийн байр суурь Бурхныхаас дээгүүр болно биз дээ? Бурхнаас илүү эрх мэдэлтэй нэгэн байна гэж үү?» хэмээн асууж болох юм. Бурхны Үгийг эрхэмлэдэг чин сэтгэлтэй хүн энэ талаар дэлгэрэнгүй судлахыг хүсэх нь лавтай (Үйлс 17:11).

10. а) Галт тамын сургаалд итгэдэг хүнийг эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэхийн тулд яах вэ? б) Та тамын тухай сэдвээр ярилцахдаа эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэхийн тулд яадаг вэ?

10 Нөхцөл 2: Муу хүмүүс галт тамд мөнх зовно гэдэгт бат итгэдэг, сүсэг бишрэл ихтэй хүн тааралджээ. Тэр хүн тамын тухай сургаалд итгэдэг нь муу хүмүүсийг хийсэн үйлийнхээ горыг амсаасай гэж хүсдэгийнх байж мэднэ. Тийм хүнийг эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэхийн тулд яах вэ? Эхлээд муу хүмүүс заавал шийтгүүлнэ гэдгийг батлан хэлэх нь зүйтэй (2 Тес. 1:9). Тэгээд Эхлэл 2:16, 17-г уншуулаад нүглийн шийтгэл бол үхэл гэдгийг тайлбарлана. Бурхан хүнийг галт тамд зовоож шийтгэнэ гэж огт хэлээгүйг онцолно. «Адам Ева хоёрыг мөнхөд тарчлаах байсан юм бол Бурхан энэ талаар сануулна биз дээ?» гэж асуугаад Эхлэл 3:19-өөс уншуулна. Адам Ева хоёрыг нүгэл үйлдсэнийх нь дараа шийтгэхээр болсон тухай бичсэн байдаг ч галт тамын тухай огт дурдаагүй. Харин тоос шороондоо буцаж очно гэсэн. «Хэрэв Адамыг галт тамд тарчлаах байсан юм бол тоос шороондоо буцаж очно гэж хэлэх нь шударга бус биз дээ?» гэж асуугаарай. Юмны учрыг мэдэхийг хүсдэг хүн энэ асуултыг эргэцүүлж бодох нь дамжиггүй.

11. а) Үхсэний дараа сүнс үргэлжлэн амьдардаг гэж итгэдэг хүнийг яаж эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэх вэ? б) Та энэ сэдвээр ярилцахдаа үр дүнтэй ямар арга хэрэглэдэг вэ?

11 Нөхцөл 3: Хүнийг үхсэний дараа сүнс нь үргэлжлэн амьдардаг гэж итгэдэг хүнтэй тааралджээ. Тийм хүн Библид бичсэнийг өөрийнхөөрөө ойлгочихдог. Жишээ нь, Дуулал 146:4-ийг үзүүлээд ярилцсан гэж бодъё (Уншина уу). Үхэшгүй мөнхийн сүнс байдгийг энэ зүйл баталж байна гэж тэр хүн дүгнэж болох юм. Яаж эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүргэх вэ? Өөр ишлэл уншуулахын оронд энэ зүйлээ дэлгэрэнгүй тайлбарласан нь дээр. «Түүний бодлууд мөхдөг» гэснийг үзүүлээд, «Хүн үхэшгүй мөнхийн сүнстэй байсан бол бодлууд нь мөхөхгүй биз дээ?» гэж асууна. Тийм ээ гэж хариулах байх. Тэгэхлээр нь «Хүний бодлууд мөхдөг гэдэг нь үхсэний дараа сүнс үргэлжлэн амьдардаггүйг тодорхой харуулж байна. Сүнс гэдэг бол хүнийг амьд байлгадаг амийн хүч юм» гэж тайлбарлана (Эх. 2:7).

ГОЛ САНААГ ЖИШЭЭГЭЭР ТАЙЛБАРЛАХ НЬ

12. Есүс яагаад жишээ татдаг байсан бэ?

12 Есүс сургаалаа заахдаа асуулт тавихаас гадна жишээ татдаг байсан (Матай 13:34, 35-ыг уншина уу). Үүний дүнд хүмүүсийн жинхэнэ хандлага илэрдэг байв (Мат. 13:10–15). Бас хүмүүс сургаалыг нь шимтэн сонсож, ой тойндоо хоногшуулдаг байжээ. Ямар жишээ татвал үр дүнд хүрэх вэ?

13. Бурхныг Есүсээс агуу гэдгийг ямар жишээгээр тайлбарлах вэ?

13 Энгийн, ойлгомжтой жишээ татах нь үр дүнтэй байдаг. Тухайлбал, Бурхныг Есүсээс агуу гэдгийг дараах байдлаар ойлгуулж болох юм. Бурхантай ямар харьцаатайгаа Есүс тайлбарлахдаа өөрийгөө Хүү, Бурхныг Эцгээ гэсэн. Бурхан ч Есүсийг Хүүгээ гэдэг байсныг онцлоорой (Лук 3:21, 22; Иох. 14:28). Тэгээд «Хэрэв та ижил байр суурь эзэлдэг хоёр хүний талаар тайлбарлая гэвэл гэр бүлийн ямар гишүүнийг жишээ болгох вэ?» гэж асуугаарай. Ихрүүд гэж хариулбал оновчтой жишээ татсаныг нь магтаад «Ижил байр суурьтай хүмүүсийн талаар тайлбарлахад ихрүүдийн жишээ тохирохыг та бид хоёр төвөггүй бодож оллоо. Есүс Агуу багш байсан юм чинь илүү оновчтой жишээ татах байсан биз дээ? Гэхдээ Бурхныг Эцгээ гэсэн байдаг шүү дээ. Бурхныг өөрөөсөө илүү эрх мэдэлтэй, агуу гэдгийг ингэж тайлбарлажээ» гэж хэлээрэй.

14. Бурхан хүмүүсийг Сатанаар тамлуулдаг гэсэн сургаал утгагүй гэдгийг ямар жишээгээр тайлбарлах вэ?

14 Өөр нэг тохиолдлыг авч үзье. Бурхан тамын захирагчаар Сатаныг тавьсан гэж боддог хүн байдаг. Хүмүүсийг Сатанаар тамлуулах нь утгагүй гэдгийг хүүхэдтэй хүнд ойлгуулахдаа дараах жишээг татаж болох юм. «Таны хүүхэд үг авахаа больж, дандаа хэрэг тарьдаг болбол та яах вэ?» гэж асуугаарай. Алдааг нь ойлгуулж өгнө гэж хариулах байх. Муу юм хийхээ болиосой гэсэндээ ахин дахин зааж сургамжлах биз ээ (Сур. 22:15). «Тэгсэн ч гэсэн хүүхэд тань ердөө тоохгүй, муу юм хийгээд л байвал та яах вэ?» гэж асуугаарай. Ийм тохиолдолд шийтгэхээс өөр аргагүй гэж эцэг эхчүүд хэлэх байх. «Таны хүүхдийг муу хүн уруу татсаныг мэдвэл танд ямар санагдах вэ?» гэж асуухад тэр этгээдэд уурлана гэж хэлэх нь ойлгомжтой. Гол санааг ойлгуулахын тулд ингэж асуугаарай. «Хүүхдийг тань уруу татсаныг мэдсээр байж та тэр хүнээр хүүхдээ шийтгүүлнэ гэж үү?». Үгүй гэж хариулах нь мэдээж. Сатан хүмүүсийг уруу татаж муу юм хийлгэдэг. Тиймээс Бурхан хүмүүсийг Сатанаар шийтгүүлэхгүй нь ойлгомжтой.

ЗӨВ ҮЗЭЛТЭЙ БАЙЦГААЯ

15, 16. а) Хаанчлалын тухай мэдээг хүн бүр хүлээж авна гэж бодох ёсгүйн учир юу вэ? б) Сайн заая гэвэл онцгой авьяастай байх хэрэгтэй юү? Тайлбарлана уу. ( «Дэлгэрүүлэх ажилд тустай багаж» гэсэн хавсралт үзнэ үү).

15 Хаанчлалын сайн мэдээг бүх хүн хүлээж авна гэж бид боддоггүй (Мат. 10:11–14). Оновчтой асуулт тавьж, эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүргэхийн тулд чадах бүхнээ хийж, хэчнээн ойлгомжтой жишээ татсан ч бидний хүргэдэг мэдээг хүлээж авахгүй хүн бий. Тэгээд ч дэлхий дээр амьдарч байсан хамгийн Агуу Багш Есүсийн сургаалыг харьцангуй цөөхөн хүн дагасан шүү дээ! (Иох. 6:66; 7:45–48).

16 Өөрийгөө сайн багш биш гэж голдог бол яах вэ? Онцгой авьяас чадваргүй байлаа ч дэлгэрүүлэх ажлыг үр дүнтэй хийх боломжтой (Үйлс 4:13-ыг уншина уу). «Мөнхийн аминд зөв хандлагатай бүхэн» сайн мэдээг заавал хүлээж авна гэсэн баталгаа Бурхны Үгэнд бий (Үйлс 13:48, ШЕ). Тиймээс үргэлж зөв үзэлтэй байцгаая. Хүмүүс сайн мэдээг хүлээж авахгүй байна гэж сэтгэлээр унахын оронд заах чадвараа сайжруулцгаая. Еховад найдаж, зааж сургадаг бүхнийг нь ажил хэрэг болгодог бол бид өөрсдөө сайн багш болоод зогсохгүй бусдад ч ач тустай (1 Тим. 4:16). «Хүн болгонд яаж хариулахыг» маань Ехова зааж өгнө. Алтан дүрэм гэгддэг зарчмыг баримтлах нь дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийхийн нэг нууц гэдгийг дараагийн өгүүллээр үзнэ.