Skip to content

Гарчиг руу орох

Зорилгодоо хүрэхийн тулд «хөлийнхөө доорх замыг тэгшил»

Зорилгодоо хүрэхийн тулд «хөлийнхөө доорх замыг тэгшил»

БУРХНЫ ард түмэн МЭӨ 537 онд Вавилоноос Иерусалим орох холын замд гарчээ. Аян замдаа саадгүй явж хүрэхэд нь Ехова ард түмэндээ туслахын тулд «Хүмүүсийн замыг цэвэрлэ. Зам тавьцгаа, тавьцгаа. Чулууг нь зайлуулагтун» хэмээн айлджээ (Ис. 62:10). Израильчууд энэ зааврыг хэрхэн дагасан бол? Хэсэг хүн түрүүлж яваад гуу жалгыг битүүлж, овон товонг тэгшилж зам зассан бололтой. Нутаг буцаж яваа элэг нэгтнүүдийнхээ замыг ийнхүү саадгүй болгожээ.

Бид сүнслэг зорилгодоо хүрэхийн тулд израильчуудыг дууриах хэрэгтэй. Ехова биднийг онцын шаардлагагүй юмнаас болж битгий саатаасай гэж хүсдэг. Саадгүй урагшилъя гэвэл «Хөлийнхөө доорх замыг хар [«тэгшил», ШЕ]. Тэгвэл бүх зам чинь дайвшгүй байх болно» гэсэн Библийн зөвлөгөөг дагах хэрэгтэй (Сур. 4:26).

ЗӨВ ШИЙДВЭР ГАРГААРАЙ

Хүмүүс өсвөр насны хүүхдийн талаар «Энэ охин ч их юм дуулгах хүүхэд шүү», «Энэ хүү хол явна аа» гэж ярилцахыг та сонсож байв уу? Ер нь залуучууд эрүүл чийрэг, эрч хүчтэй, хурц сэргэлэн ухаантай, амжилтад хүрэх хүсэл эрмэлзэлтэй байдаг. «Залуусын алдар суу нь тэдний хүч тэнхээ» гэж Библид бичжээ (Сур. 20:29). Залуу хүн авьяас чадвар, хүч чадлаа Еховад үйлчлэхэд зориулбал сүнслэг зорилгодоо хүрч жинхэнэ ёсоор жаргалтай амьдарна.

Гэрч охид хөвгүүд авьяас чадвараараа ертөнцөд ч гайхагддагийг та анзаардаг байх. Сурлага сайтай хүүхдүүдэд багш нар болон ангийнхан нь дээд боловсрол эзэмшихийг ятгаж болох юм. Эсвэл спортын авьяастай залуучуудад мэргэжлийн тамирчин болохыг зөвлөдөг байж мэднэ. Танд бас иймэрхүү асуудал тулгарч байна уу? Зөв шийдвэр гаргахад нь христиан хүнд юу тус болох вэ?

Амьдралын хамгийн сайн замаар замнахад Библийн зарчмууд тус болдог. «Залуу насныхаа өдрүүдэд өөрийн Бүтээгчээ санагтун» гэж Номлогчийн үгс 12:1-д байдаг. Залуу насандаа Бүтээгчээ саная гэвэл яах вэ?

Хойд Африкт амьдардаг Эрик * гэдэг залуугийн тухай авч үзье. Багаасаа хөл бөмбөг өшиглөх хорхойтой байсан Эрик 15-тайдаа үндэсний шигшээ багт тоглох болжээ. Ингэснээр Европт очин шилдэг дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилалт хийж мэргэжлийн хөл бөмбөгчин болох үүд хаалга нээгдсэн байна. Яг тэр үедээ Еховагийн Гэрчүүдтэй Библи судалж эхэлжээ. «Бүтээгчээ санагтун» гэсэн зөвлөгөөг Эрик хэрхэн дагасан бол? Бид Эрикээс юу сурах вэ?

Хүн төрөлхтөнд тулгарч буй бүх асуудлыг Бурхан шийднэ гэдгийг Эрик Библи судлаад мэдэж авчээ. Үүний ачаар Бурхны хүсэл тааллыг биелүүлэх нь хөл бөмбөг тоглохоос хавьгүй чухал болохыг ухаарсан гэнэ. Ингээд мэргэжлийн хөл бөмбөгчин болохын оронд баптисм хүртэж цаг зав, хүч чадлаа Еховагийн төлөө зориулах болсон байна. Яваандаа туслах үйлчлэгч болж хожим нь Ганц бие эрчүүдэд зориулсан Библийн сургуульд уригджээ.

Мэргэжлийн тамирчин болсон бол Эрик нэр алдарт хүрч, баян тансаг амьдрах байсан биз ээ. Гэхдээ тэрбээр дараах Библийн үг үнэн болохыг ойлгожээ. «Баян хүний эд хөрөнгө нь түүнд бэхлэлт бүхий хот ба өөрийнх нь төсөөлдгөөр өндөр хана мэт ажээ» (Сур. 18:11). Эд баялагтай бол санаа зовох юмгүй амьдарна гэж бодоод өөрийгөө хуурдаг хүн олон. Эд хөрөнгөний хойноос улайран хөөцөлддөг хүмүүс «түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэдэг» (1 Тим. 6:9, 10).

Бүрэн цагаар үйлчлээд санаа зовох юмгүй, баяр хөөртэй амьдардаг залуучууд олон бий. Эрик: «Би Еховагийн бүрэн цагийн үйлчлэгчдийн том “багийн” гишүүн болсон. Энэ бол хамгийн шилдэг баг. Жинхэнэ ёсоор жаргалтай, утга учиртай амьдрах цорын ганц арга замыг зааж өгсөн Ехова Бурхандаа талархаж явдаг» гэж ярьжээ.

Харин та яадаг вэ? Сүнслэг бус зорилго тавихын оронд замаа «дайвшгүй» болгохын тулд эхлэгчээр үйлчилж болохгүй нь юу билээ? (« Их сургуулиас хэзээ ч олж авч чадахгүй» гэсэн гарчигтай хавсралт үзнэ үү).

СААДЫГ АРИЛГААРАЙ

Нэгэн хос АНУ дахь салбарыг үзэж байхдаа бетелчид ямар жаргалтай хүмүүс болохыг анзаарчээ. Эхнэр нь: «Бид чинээлэг амьдралдаа хэтэрхий дасчихсан байсан юм» гэж бичжээ. Тэд Еховад үйлчлэхийн тулд цаг зав, хүч чадлаа бүрэн зориулахаар шийдсэн байна.

Гэхдээ амьдралаа өөрчилнө гэхээр эхэндээ их хэцүү санагджээ. Харин нэг өдөр «Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь» товхимлоос тэр өдрийн зүйлийг уншаад нэгийг боджээ. Уг зүйл нь «Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна» хэмээн Есүсийн хэлсэн Иохан 8:31 байлаа. «Амьдралаа энгийн болгохын тулд юу ч хийсэн бид харамсахгүй юм байна» гэж бодоод том байшингаа зарж, хэрэгтэй хэрэггүй юмнаасаа салж, тусламж шаардлагатай хурал руу шилжжээ. Одоо тэд эхлэгчээр үйлчлэхийн зэрэгцээ Хаанчлалын танхим барих ажилд оролцож мужийн чуулганы үеэр сайн дураараа тусалдаг аж. Тэд ямар сэтгэгдэлтэй явдаг бол? «Еховагийн байгууллагын зөвлөгөөг дагаж илүү энгийн амьдраад ийм их баяр баясгалантай болно гэж төсөөлж ч байгаагүй» гэжээ.

ЗАМААСАА БҮҮ ГАРААРАЙ

Соломон: «Нүд чинь өмнө байгаагаа цэх хараг. Харц чинь урагшаа эгц тусаг» гэж бичжээ (Сур. 4:25). Бид сүнслэг зорилго тавин түүндээ хүрэхийн тулд анхаарал сарниулах бүхнээс зайлсхийж, жолооч шиг урдах замаа л харах ёстой.

Ямар зорилго тавих вэ? Бүрэн цагаар үйлчилж болно шүү дээ. Эсвэл том хэсэгтэй, дэлгэрүүлэгч цөөтэй хурал руу шилжвэл ямар вэ? Ахлагч, туслах үйлчлэгч хэрэгцээтэй хуралд үйлчлэх боломж эрэгтэйчүүдэд бий. Аль хуралд хүн хэрэгтэй байгааг дүүргийн харгалзагчаас асууж лавлаж болохгүй нь юу билээ? Гэрээсээ хол газар очиж үйлчилмээр байвал энэ тухайгаа ахлагчдад хэлээрэй.

Исаиа 62:10-т дүрсэлсэн үйл явдлыг эргэн саная. Элэг нэгт ахан дүүсээ эх нутагт нь саадгүй хүргэх гэсэндээ зарим иудейчүүд зам тэгшлэх ажилд хамаг чадлаараа оролцсон. Та бас зорилгодоо хүрэхийн тулд биеэ дайчлаарай. Хэзээ ч бүү шантраарай. Еховагийн дэмжлэгтэйгээр зорилгодоо заавал хүрнэ. Өмнөө байгаа саадыг авч хаях мэргэн ухаан гуйж залбираарай. Ингэвэл «хөлийнхөө доорх замыг тэгшлэхэд» тань Ехова хэрхэн туслахыг биеэрээ үзнэ (Сур. 4:26).

^ Нэрийг өөрчлөв.