Skip to content

Гарчиг руу орох

Ханиасаа салсан нэгэндээ тусалъя​—Яаж?

Ханиасаа салсан нэгэндээ тусалъя​—Яаж?

Таны таньдаг хүмүүсийн дунд ханиасаа салсан хүн цөөнгүй байдаг биз ээ. Гэр бүл салалт өнөө үед түгээмэл болжээ. Гэрлээд гурваас зургаан жил болсон 30 настай хүмүүсийн дунд салалт хамгийн их байдгийг Польшид явуулсан судалгаа харуулжээ. Гэхдээ зөвхөн энэ насныхан салдаг юм биш ээ.

«[Европт] буй хосуудын тэн хагас нь салах төлөвтэй байгааг судалгаа харуулж байна» гэж Испани дахь гэр бүл судалдаг байгууллагаас мэдээлжээ. Хөгжингүй орнуудад иймэрхүү дүр зураг ажиглагдаж байна.

СЭТГЭЛ ЗҮЙН ОГЦОМ ӨӨРЧЛӨЛТ

Салалт ямар хор уршигтай вэ? Зүүн Европт амьдардаг гэр бүл судлаач: «Гэр бүлээ албан ёсоор цуцлуулахаас өмнө нөхөр эхнэр хоёр аль хэдийн салчихсан байдаг. Ийнхүү хөндийрч, харьцаагаа таслах нь хүний сэтгэлд гүн шарх үлдээдэг» гээд цааш нь «Уурлаж хорсох, гэмшиж харуусах, гуньж гутрах, урам хугарах, ичиж зовох зэргээр сэтгэл зүйд огцом өөрчлөлт гардаг» гэжээ. Тэр байтугай амиа хорлох тухай бодох нь ихэсдэг байна. «Гэр бүл цуцлах асуудлыг шүүх хурлаар эцэслэн шийдвэрлэсний дараа сэтгэлийн зовлон даамжирдаг. Туйлын их ганцаардаж, зожгорсноос болоод “Салчихсан юм чинь одоо би хэн юм бэ? Би ер нь юуны төлөө амьдрах болж байна аа?” гэж боддог».

Эва * гэдэг эмэгтэй: «Гэр бүлээ цуцлуулсны дараа хөршүүд, хамт ажилладаг хүмүүс намайг “нөхрөөсөө салсан эмэгтэй” гэж хэлэхэд аймаар ичдэг байж билээ. Уур маш их хүрдэг байсан. Хоёр хүүхдийнхээ ээж нь ч, аав нь ч болдог байлаа» хэмээн хэдэн жилийн өмнөхөө дурссан юм. Ахлагч болоод 12 жил болсон Адам: «Эхнэрээсээ салснаас хойш би өөрийгөө хүндэтгэхээ больсон. Үүнээсээ болоод заримдаа уурлаж бухимдан, бүх хүнээс холдож ганцаараа баймаар санагддаг болсон» гэжээ.

ГУТРАНГИ ҮЗЭЛТЭЙГЭЭ ТЭМЦЭХ НЬ

Ханиасаа салаад олон жил өнгөрсөн ч зарим хүн ирээдүйдээ санаа зовж, дотроо тэмцэлдсээр байдаг. Намайг гэх хүн алга гэж бодох нь ч бий. Нэг сэтгүүлчийн хэлснээр, тэд «дадал зуршлаа өөрчилж, асуудлыг дангаараа шийдэж сурах» шаардлагатай болдог аж.

Станисваф: «Салсны дараа хоёр жаахан охинтойгоо уулзах гэхлээр ээж нь уулзуулахгүйг хичээдэг байв. Намайг хэн ч тоохоо больчихож, Ехова хүртэл намайг хаячихаж гэж бодон, амьд явах ямар ч хүсэлгүй болсон. Гэхдээ буруу бодож байснаа яваандаа ойлгосон» гэсэн юм. Ванда гэдэг эмэгтэй бас салсныхаа дараа ирээдүйдээ их санаа зовж байжээ. Тэрбээр: «Хэсэг хугацаа өнгөрөхөд хүмүүс, тэр дундаа итгэл нэгтнүүд маань бид хэдэд санаа тавихаа болино доо гэж бодож байлаа. Гэхдээ тэд манайхаар байнга орж гарч байсан. Дөрвөн хүүхдээ Еховад үйлчилдэг хүн болгож өсгөхөд минь хэчнээн их тус болсныг би одоо л сайн ойлгож байна» гэжээ.

Хань ижлээсээ салсны дараа зарим хүн гутранги үзэлд автдагийг дээрх хүмүүсийн ярианаас та ойлгосон биз ээ. Тийм хүмүүс өөрсдийгөө дорд үзэж, хэнд ч хэрэггүй гэж боддог. Үүний зэрэгцээ бусдыг шүүмжилдэг болж мэдэх юм. Ингэсний уршгаар хурлынхныгаа хүйтэн хөндий, хүний зовлон ойлгодоггүй гэж боддог болж магадгүй. Гэхдээ ханиасаа салсан хүмүүс итгэл нэгтнүүдийнхээ хайр халамжийг яваандаа ойлгодгийг Станисваф Ванда хоёрт тохиолдсон явдал харуулдаг. Эхэндээ л анзаарагддаггүй болохоос, итгэл нэгтнүүдийнх нь тус дэм үнэхээр их ээ!

ГАНЦААРДАЖ ГУНЬХРАХЫН ЦАГТ

Ханиасаа салсан итгэл нэгтнүүддээ туслах гэж чадах бүхнээ хийсэн ч тэд маань үе үе ганцаарддагийг мартаж болохгүй. Ялангуяа, эмэгтэйчүүд гуньж гутрах нь их байдаг. Алициа: «Нөхрөөсөө салаад найман жил өнгөрсөн ч хааяа гутардаг л юм. Тийм үед би ганцаархнаа байхыг хүсдэг. Тэгээд өөрийгөө өрөвдөөд уйлдаг» гэжээ.

Салсан хүмүүс ганцаардаж гуньхрах нь их байдаг ч зожгорохгүй байхыг Библи зөвлөдөг. Энэ зөвлөгөөг дагахгүй бол «хамаг саруул ухааны эсрэг тэрсэлж» болзошгүй (Сур. 18:1). Гэхдээ зожгорохгүй байхыг хичээж байна гээд эсрэг хүйсийн хүнд байн байн хандаж зөвлөгөө хүсэх юм уу тайвшрах гэж оролдох нь мунхаг явдал юм. Ингэвэл гэрлэх боломжгүй хэрнээ хайр сэтгэлтэй болох аюултай.

Ханиасаа салсан итгэл нэгтэн маань ирээдүйдээ санаа зовох, ганцаардах, өөрийгөө хэнд ч хэрэггүй боллоо гэж бодох зэргээр сэтгэл санаанд нь огцом өөрчлөлт гарч болох юм. Ийм хүнд үед нь тэднийгээ ойлгохыг хичээцгээе. Еховаг дууриан чин сэтгэлээсээ санаа тавьж, тусалж дэмжицгээе (Дуу. 55:22; 1 Петр 5:6, 7). Жинхэнэ анд нөхрийн ёсоор тусалсанд маань тэд талархах нь лавтай (Сур. 17:17; 18:24).

^ Зарим нэрийг өөрчлөв.