Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн ард түмэн «бузар муу явдлаас хол байдаг»

Еховагийн ард түмэн «бузар муу явдлаас хол байдаг»

«Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун» (2 ТИМ. 2:19).

1. Бидний хувьд эрхэм чухал юм юу вэ?

 БАЙШИН барилга, музейн үзмэрт Ехова гэдэг нэр сийлээстэй байхыг та харж байсан уу? Тийм бол таны сэтгэл догдолсон нь лавтай. Еховагийн Гэрчүүд бидний хувьд Бурхны нэр юунаас ч илүү эрхэм билээ. Бурхны нэрээр нэршсэн бидэн шиг ард түмэн дэлхийн хаана ч байхгүй. Еховагийн Гэрч байна гэдэг бол үнэхээрийн завшаантай хэрэг. Гэхдээ энэ завшааныг хариуцлага дагалддаг.

2. Еховагийн нэрээр нэршсэн бид яах ёстой вэ?

2 Бурхны сайшаалыг олъё гэвэл нэрийг нь дуудаад зогсохгүй тогтоосон хэм хэмжээнийх нь дагуу амьдрах ёстой. Библид «Бузар муугаас сал» гэсэн тушаал байдаг (Дуу. 34:14). Энэ тушаалыг сахихын чухлыг элч Паул онцолж «Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун» хэмээн бичжээ (2 Тимот 2:19-ийг уншина уу). Еховагийн нэрээр нэршсэн бид бузар муу явдлаас хол байхын тулд яах хэрэгтэй вэ?

БУЗАР МУУ ЯВДЛААС «ХОЛДОН САЛ»

3, 4. Ямар бичиг Библи судлаачдын сонирхлыг татсаар ирсэн бэ? Яагаад?

3 2 Тимот 2:19-т элч Паул «Бурханы бат суурийн» тухай бичжээ. Энэ суурин дээр хоёр бичиг сийлээстэй байдаг. «Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг» гэсэн эхний бичгийг Тооллого 16:5-аас иш татжээ (Өмнөх өгүүллийг үзнэ үү). «Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун» гэсэн хоёр дахь бичиг Библи судлаачдын сонирхлыг татсаар ирсэн. Яагаад тэр вэ?

4 Хоёр дахь бичгийг бас Еврей Судраас иш татсан гэлтэй. Гэвч үүнтэй тохирох зүйл Еврей Сударт байдаггүй. Тэгвэл «Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун» гэсэн бичгийг Паул юуны тухай бодож байгаад бичсэн юм бол? Тэрбээр эхний бичгийг «Тооллого» номын 16-р бүлгээс иш татсан. Тэнд Кора тэрсэлсэн тухай гардаг. Хоёр дахь бичиг бас энэ үйл явдалтай холбоотой юм болов уу?

5-7. Паул 2 Тимот 2:19-ийг бичихдээ Мосегийн үед болсон ямар үйл явдлыг бодож байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

5 Реубений хөвгүүд болох Датан Абирам нар Коратай нийлж Мосе Аарон хоёрын эсрэг тэрслэн босжээ (Тоол. 16:1–5). Бурхнаас эрх мэдэл авсан Мосег олны өмнө үл хүндэтгэн эсэргүүцсэн тэд Бурхны ард түмний дунд амьдарсан хэвээрээ байсан тул үнэнч хүмүүст аюул учруулж байв. Гэвч нэг л өдөр хэн нь Бурхны жинхэнэ үйлчлэгч, хэн нь тэрслэгч болохыг ялгах цаг ирсэн юм. Тэр өдөр Ехова израильчуудад тодорхой тушаал өгсөн.

6 Энэ тухай Библид ингэж бичжээ. «Тэгтэл ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа “Чуулгантай ярин, тэдэнд «Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаа» хэмээн хэл” гэв. Дараа нь Мосе босон, өөрийг нь дагаж буй Израилийн ахмадуудын хамт Датан, Абирам нар уруу яван, чуулганд хандан хэлсэн нь “Эдгээр хорон муу хүмүүсийн майхнаас одоо холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно” гэв. Тиймээс тэд Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаав» (Тоол. 16:23–27). Дараа нь Ехова үймээн самуун дэгдээсэн бүх хүнийг устгажээ. Харин тэрслэгчдээс холдон зайлж «бузар муу явдлаас хол байсан» үнэнч хүмүүсээ аварсан.

7 Ехова зүрхийг хардаг учраас үнэнч үйлчлэгчдээ сайн мэддэг. Гэлээ ч гэсэн тэд шийдэмгий байж, ёс бусыг үйлдэгчдээс хол байх хэрэгтэй байсан. Паул: «Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун» гэж бичихдээ Тооллого 16:5, 23–27-д гардаг үйл явдлыг бодсон байж болох юм. Энэ дүгнэлт «Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг» гэж бичсэнтэй нь тохирдог (2 Тим. 2:19).

«МУНХАГ, ЭЕЛДЭГ БУС МАРГААНУУДААС» ТАТГАЛЗ

8. Бид Еховагийн нэрийг дуудаж, хурлын гишүүн байхаас гадна өөр яах ёстой вэ?

8 Еховатай тогтоосон нандин харьцаагаа сэвтүүлэхгүйн тулд шийдэмгий байх хэрэгтэйг Тимотод сануулах гэсэндээ Паул Мосегийн үед болсон үйл явдлаас санаа авч бичжээ. Мосегийн үед амьдарч байсан Бурхны үнэнч үйлчлэгчид Еховагийн нэрийг дуудаад л болчихоогүй шиг нэгдүгээр зууны христианууд хурлын гишүүн гэдэгтээ сэтгэл ханах учиргүй байлаа. Бурхны үнэнч үйлчлэгч бүр «бузар муу явдлаас хол байх» ёстой. Тимот яах хэрэгтэй байсан бэ? Бурхнаар удирдуулан бичсэн Паулын зөвлөгөөнөөс бид юу сурч авах вэ?

9. «Мунхаг, эелдэг бус маргаанууд» I зууны христиануудад хэрхэн нөлөөлсөн бэ?

9 Христианууд бузар муугаас хол байхын тулд яах ёстойг Библид тодорхой бичсэн байдаг. Жишээ нь, Паул Тимотод «Үгсээр бүү тэмцэлд», «Хоосон үг ярианаас зайлсхий» хэмээн зөвлөжээ (2 Тимот 2:14, 16, 23-ыг уншина уу). Хурлын зарим гишүүн тэрс сургаал заадаг байв. Түүнчлэн, Библитэй шууд зөрчилдөхгүй боловч хүмүүсийг хагалан бутаргах үзэл санаа нэвтрүүлдэг хүн ч байсан бололтой. Үүнээс болоод христианууд маргаж мэтгэлцэн хурлынхаа эв нэгдэлд аюул учруулж байв. Тиймд Паул «мунхаг, эелдэг бус маргаануудаас» татгалзах хэрэгтэйг онцолжээ.

10. Тэрслэгчдийн сургаалыг үзэж сонсох аюул тулгарвал яах ёстой вэ?

10 Орчин үеийн Еховагийн үйлчлэгчдийн дунд тэрслэгчид байх нь тун ховор. Гэхдээ л санаандгүй байтал Библид харш сургаалыг үзэж сонсох аюул бидэнд тулгардаг. Тийм сургаалыг хэн ч гаргасан бай, шууд нүүр буруулах учиртай. Тэрслэгчидтэй биечлэн уулзах юм уу Интернетээр цацсан мэдээллийг нь уншиж сэтгэгдлээ бичих зэргээр мэтгэлцэх нь туйлын мунхаг явдал юм. Тэр байтугай туслах гэсэн сэтгэлийн үүднээс ямар нэгэн байдлаар харьцвал Бурхны тушаалыг зөрчиж буй хэрэг болно. Тэрслэгчдээс хол бай гэж Ехова бидэнд тушаадаг.

Тэрслэгчидтэй битгий харьцаарай (10-р догол мөрийг үзнэ үү)

11. Юунаас болж «мунхаг, эелдэг бус маргаан» гарч болох вэ? Ахлагчид яах ёстой вэ?

11 Тэрслэгчдээс гадна хурлын эв нэгдлийг эвдэн бусниулах аюултай өөр зүйл бий. Тухайлбал, христианууд амралт чөлөө цагаараа юу үзэж харж, уншиж сонсож болох болохгүй талаар санал зөрөлдөж мэднэ. Үзэл бодлоо бусдад тулгадаг бол «мунхаг, эелдэг бус маргаан» гарч болох юм. Тэгвэл христиан хүн Библид илт буруушаадаг зүйлийг үзэж харж, уншиж сонсдог бол ахлагчид яах ёстой вэ? Эвийг эрхэмлэж байна гээд хүлцэн тэвчих ёсгүй нь мэдээж (Дуу. 11:5; Еф. 5:3–5). Гэхдээ хувийн үзэл бодлоор хандахаас болгоомжлох ёстой. Ахлагчид дараах зөвлөгөөг дуулгавартай дагадаг. «Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. ... Ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл болон хариул» (1 Петр 5:2, 3; 2 Коринт 1:24-ийг уншина уу).

12, 13. а) Еховагийн Гэрчүүд үзэж харж, уншиж сонсох юмаа хэрхэн сонгодог вэ? Библийн ямар зарчмыг баримталдаг вэ? б) 12-р догол мөрд дурдсан зарчмыг өөр ямар үед баримтлах нь зүйтэй вэ?

12 Ямар дуу хөгжим, видео тоглоом, ном сэтгүүл, кино сонгох талаар манай байгууллагаас нарийвчилсан заавар өгдөггүй. Яагаад? «Сайн мууг ялгахад суралцахыг» Библи хүн болгонд уриалдаг (Евр. 5:14). Үзэж харж, уншиж сонсох юмаа зөв сонгоход туслах Библийн зарчмууд бий. Бид ямар ч шийдвэр гаргасан «Эзэнд таалагдах юмыг» бодох ёстой (Еф. 5:10). Түүнээс гадна, өрхийн тэргүүнүүд тодорхой хэмжээний эрх мэдэлтэй учраас юу үзэж харж, уншиж сонсож болохгүйг гэрийнхэндээ хэлж болно (1 Кор. 11:3; Еф. 6:1–4).

13 Библийн эдгээр зарчим бусад асуудалд ч хамаатай. Яаж хувцаслах, үс зүсээ хэрхэн янзлах, ямар эмчилгээ хийлгэх, юу идэж уух зэргийн асуудлаарх хувийн үзлээ бусдад тулгах нь санал зөрөлдөөнд хүргэх аюултай. Библийн зарчимд харшлаагүй л бол иймэрхүү асуудлаар маргах хэрэггүй. Библид «Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд» гэж байдаг (2 Тим. 2:24).

МУУ НӨХДӨӨС ХОЛ БАЙГТУН!

14. Муу хүмүүсээс хол байх ёстойг Паул ямар жишээгээр тайлбарласан бэ?

14 Еховагийн үйлчлэгчид бид «бузар муу явдлаас хол байхын» тулд өөр яах хэрэгтэй вэ? Муу хүмүүсээс хол байх ёстой. «Бурханы бат суурийн» тухай бичсэнийхээ дараа Паул бас нэг сонирхолтой жишээ татсан. Тэрбээр: «Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг» гэжээ (2 Тим. 2:20, 21). Тэгээд «жирийн үед» буюу бохир юманд хэрэглэдэг «сав суулганаас» тусгаар байж өөрийгөө «цэвэрлэхийг» христиануудад зөвлөсөн.

15, 16. «Том байшингийн» тухай жишээнээс юу ойлгох хэрэгтэй вэ?

15 Паулын татсан жишээ ямар утгатай вэ? Христиан хурлыг «том байшинтай», хурлын гишүүдийг «сав суулгатай» зүйрлэжээ. Гэрт байгаа сав бохирдож, ариун цэврийн шаардлага хангахаа боливол цэвэрхэн сав суулганаас, тухайлбал хоол хийхдээ хэрэглэдэг тогоо шанаганаас тусад нь тавина.

16 Үүнтэй адилаар, цэвэр ариун амьдрахыг хичээдэг орчин үеийн христианууд Библийн зарчмыг удаа дараа үл тоомсорлосон итгэл нэгтнүүдтэйгээ дотносон нөхөрлөдөггүй (1 Коринт 15:33-ыг уншина уу). Хэрэв зарим итгэл нэгтэнтэйгээ нөхөрлөх ёсгүй юм бол тэгэх тусмаа итгэгч бус хүмүүстэй ойр дотно байж болохгүй нь бүр ч ойлгомжтой. Учир нь мөнгийг хайрладаг, эцэг эхдээ захирагддаггүй, ариун бус, үл хайрлагч, гүжирдэгч, хэрцгий, сайныг үзэн ядагч, тэрслэгч, Бурхныг хайрлагч байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагч хүмүүс тэдний дунд олон бий! (2 Тим. 3:1–5).

ШИЙДЭМГИЙ БАЙВАЛ ЕХОВА ИВЭЭНЭ

17. Үнэнч израильчууд «бузар муу явдлаас хол байх» талаар ямар жишээ үлдээсэн бэ?

17 «Кора, Датан ба Абирам нарын байгаа газрын эргэн тойрноос ухарцгаа» гэж Еховаг тушаахад үнэнч израильчууд «[тэр даруй, ШЕ] ухарцгаав» гэж Библид бичсэн байдаг (Тоол. 16:24, 27). Тэд эргэлзэж тээнэгэлзэж цаг алдалгүй тэрслэгчдээс холдсон билээ. Түүнчлэн «эргэн тойрноос ухарцгаав» гэж бичсэнээс харахад Бурхны тушаалыг маш сайн биелүүлсэн нь илт байна. Тэдгээр үнэнч израильчууд чин зүрхнээсээ дуулгавартай байхыг хүссэн учир Еховаг дэмжиж, бузар муу явдлыг эсэргүүцэж байгаагаа тодорхой харуулсан. Бид тэднээс юу сурах вэ?

18. «Идэр насныхаа дур хүслүүдээс зугт» гэж Тимотод захихдаа Паул чухам юу хэлэх гэсэн бэ?

18 Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа сэвтүүлэхгүйн тулд нэн даруй шийдэмгий алхам хийх ёстой. «Идэр насныхаа дур хүслүүдээс зугт» гэж Паул Тимотод захихдаа чухам үүнийг хэлж байжээ (2 Тим. 2:22). Тимот тэр үед 30 хүрсэн байсан бололтой. Том хүнд ч мунхаг «дур хүслүүд» төрж болох юм. Ийм хүсэл төрөхөд Тимот «зугтах» учиртай байлаа. Өөрөөр хэлбэл «бузар муу явдлаас хол байх» ёстой байв. Есүс: «Хэрэв нүд чинь чамайг бүдрүүлбэл, ухаж хая» гэж хэлэхдээ адилхан санаа илэрхийлжээ (Мат. 18:9). Христиан хүн энэ зөвлөгөөг байнга санадаг бол Бурхантай тогтоосон харьцаандаа сэв суулгахгүйн тулд цаг алдалгүй арга хэмжээ авна.

19. Еховатай тогтоосон харьцаагаа сэвтүүлэхгүйн тулд зарим хүн яадаг вэ?

19 Өмнө нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байсан ч Еховагийн Гэрч болсныхоо дараа огт амсахгүй байхаар шийдсэн хүмүүс байдаг. Нөгөө нэг хэсэг нь зохисгүй юм хүсэхгүйн тулд амралт чөлөөт цагаа өнгөрөөхдөө зарим зүйл хийхээс эрс татгалздаг (Дуу. 101:3). Тухайлбал, нэг эрэгтэй Гэрч болохоосоо өмнө садар самуун явдлыг өөгшүүлдэг бүжгэнд явдаг байжээ. Харин үнэнийг мэдсэнийхээ дараа хүсэл тачаалаа өдөөхөөс сэргийлэн итгэл нэгтнүүдтэйгээ хүртэл бүжиглэхгүй байхаар шийджээ. Мэдээжээр христианууд архи дарс, бүжиг наадам гэх зэргээс татгалзах ёстой гэсэн үг биш л дээ. Гэхдээ христиан бүр Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа сэвтүүлэхгүйн тулд нэн даруй шийдэмгий алхам хийх ёстой.

20. «Бузар муу явдлаас хол байх» тэр бүр амаргүй ч яавал урамшин зоригжих вэ?

20 Еховагийн Гэрч байна гэдэг бол үнэхээрийн завшаантай хэрэг. Гэхдээ энэ завшааныг хариуцлага дагалддаг. Бид «бузар муу явдлаас хол байх» ёстой (Дуу. 34:14). Ингэх нь тэр бүр амаргүй ч хууль тушаалыг нь дуулгавартай биелүүлдэг үйлчлэгчдээ Ехова үргэлж хайрладгийг санавал урамшин зоригжино (2 Тим. 2:19, Шастирын дэд 16:9а-г уншина уу).