НАМТАР
Аавыгаа алдаад Аавыгаа олсон нь
ААВ минь Австрийн Грац хотод 1899 онд төржээ. Тийм болохоор дэлхийн I дайны үед хүүхэд байсан гэсэн үг. 1939 онд дэлхийн II дайн дэгдсэний дараахан Германы армид татагдаж, 1943 онд Оросод байлдаж яваад амь үрэгдсэн гэдэг. Ингээд би гэдэг хүн хоёрхон настайдаа аавгүй болсон юм. Тиймээс аавынхаа ямар хүн байсныг ерөөсөө мэддэггүй. Сургуулийнхаа ихэнх хөвгүүдийг аавтай гэдгийг мэдээд би өөрөө аавгүйдээ их гуньж гутардаг байлаа. Харин өсвөр настай байхдаа тэнгэрийн Эцэгтэйгээ танилцаж, хэзээ ч үхэхгүйг нь мэдээд их тайвширч билээ.
СКАУТ БОЛСОН МИНЬ
Долоон настайдаа Скаут Хөвгүүдийн хөдөлгөөнд элслээ. Их Британийн дэслэгч генерал Роберт Стивенсон Смит Бейдн-Поуэл гэдэг хүн Дэлхийн Скаут Хөвгүүдийн байгууллагыг 1908 онд үүсгэн байгуулсан. Бас 1916 онд Кабыг буюу бага насны эрэгтэй хүүхдүүдийг скаут болоход бэлтгэх бүлгийг үндэслэжээ.
Амралтын өдрүүдэд хөдөө аяллаар явах их зугаатай санагддаг байв. Бид майханд хонож, дүрэмт хувцсаар жигдэрч, бөмбөрийн хэмнэлээр алхана. Скаут найзуудтайгаа түүдэг галын дэргэд дуу дуулж, ойд тоглож наадах нь бүр ч сайхан байсан. Байгаль дэлхийн тухай ихийг сурсны ачаар Бүтээгчийнхээ хийсэн бүхнийг хайрлах сэтгэлтэй болсон.
Өдөр бүр сайн үйлс бүтээж, бие биетэйгээ «Хэзээд бэлхэн» гэж мэндчилэхийг скаут хөвгүүдэд заадаг. Энэ нь надад их таалагддаг байлаа. Зуу гаруй хөвгүүнээс бүрдсэн манай бүлгийн бараг тал нь католик, тал нь протестант шашинтай, нэг хүүхэд будда шүтдэг байв.
1920 оноос эхлэн хэдэн жилд нэг удаа жембори буюу олон улсын скаутын уулзалт зохиогддог болжээ. Би Австрийн Бад Ишл хотод 1951 оны 8 дугаар сард болсон Дэлхийн скаутын долоо дахь жемборид оролцсон. Бас Английн Бирмингхамын ойролцоох Сатн Паркт 1957 оны 8 дугаар сард болсон Дэлхийн скаутын ес дэх жемборид очсон. Ес дэх уулзалтад 85 орны 33 000 орчим скаут оролцсон юм. Түүнээс гадна, 750 000 орчим хүн тэр уулзалтыг үзэхээр ирсний дотор Английн хатан хаан Елизабет байлаа. Миний хувьд дэлхий даяар ах дүүстэй юм шиг л санагдаж билээ. Гэхдээ Бурхныг хайрладаг хүмүүсээс бүрдсэн илүү сайн ах дүүстэй болох гэж байгаагаа би тэр үед яахин мэдэх билээ!
ЕХОВАГИЙН ГЭРЧТЭЙ АНХ УУЛЗСАН НЬ
Австрийн Грац хотод байдаг Гранд Вислер зочид буудалд зөөгч хийх дадлагын маань
хугацаа 1958 оны хавар дуусах гэж байлаа. Хамт ажиллаж байсан Рудольф Чигерл (бид Руди гэж дууддаг байсан) гэдэг нарийн боовчин залуу надад албан бусаар дэлгэрүүлсэн юм. Тэгэхэд би анх удаагаа үнэний тухай сонссон. Гурвалыг Библид үндэслээгүй сургаал гэж хэлэхэд нь би маргаж, зөв сургаал гэж батлахыг оролдлоо. Би Рудиг сайн залуу гэж боддог байсан болохоор католик сүмдээ эргэж очихыг ятгаж билээ.Руди надад Библи өгөхөөр болов. Зөвхөн католикийн Библи уншина гэдгээ би түүнд хэлсэн. Тэгээд өгөхлөөр нь уншиж эхэлсэн чинь завсраас нь Харуулын Цамхаг Нийгэмлэгийн танилцуулга гараад ирдэг байгаа. Руди тэрийг хавчуулсан байж л дээ. Иймэрхүү хэвлэлийг өнгөц харахад зөв юм шиг боловч үнэн хэрэгтээ худлаа байдаг гэж боддог байсан болохоор уншмааргүй байгаагаа хэллээ. Гэхдээ би Библийн сургаалын тухай ярилцахдаа дуртай байсан. Руди их хэрсүү байж надад дахиад ном хэвлэл өгөөгүй юм. Бид бараг гурван сарын турш Библийн сэдвээр ярилцсан. Заримдаа шөнө дүл болтол сууна.
Зөөгчийн сургалтаа дуусаад байтал ээж маань намайг зочид буудлын менежментийн сургуульд оруулахаар болов. Тэр сургууль Альпын нурууны хөндий дэх Бад Хофгаштаин гэдэг хотод байдаг болохоор би тийшээ нүүж очлоо. Манай сургууль тэндхийн Гранд зочид буудалтай хамтран ажилладаг байсан тул би тэнд очиж дадлага хийдэг байлаа.
ХОЁР МИССИОНЕР ЭМЭГТЭЙ НАД ДЭЭР ИРСЭН НЬ
Руди шинэ хаягийг маань Венад байдаг салбар луу илгээсэн юм байжээ. Салбар Илзе Үнтердөрфер Элфрийде Лөөр гэдэг хоёр миссионер эгчид миний хаягийг өгч л дээ. * Нэг өдөр буудлын хүлээн авахаас намайг дуудаж, хоёр эмэгтэй уулзах гээд машинд хүлээж байна гэлээ. Юун хүмүүс юм бол гэж бодсон ч уулзахаар гарлаа. Нацист Германд Гэрчүүдийн үйл ажиллагаа хориотой байх үед хэвлэл зөөх ажилд оролцож байсан хүмүүс болохыг нь би хожим мэдсэн юм. Дэлхийн II дайны өмнө Германы нууц цагдаагийн газар (Гестапо) тэр хоёрыг баривчлан Лихтенбургийн бөөнөөр хорих лагерьт хорьж дайны үед Берлиний ойролцоох Равенсбрюкийн хориход шилжүүлсэн гэдэг.
Ээжийнхээ насны тэр хоёр эгчийг хүндэлж байсан болохоор сонирхохгүй мөртлөө ярилцаж цагийг нь дэмий үрэхийг хүсээгүй юм. Тиймээс би пап нарын залгамжлалтай холбоотой Библийн зүйлийг жагсааж бичээд авчирж өгөхийг тэднээс гуйлаа. Католик шашны сургаалаар бол элч Петр анхны пап бөгөөд бусад бүх пап түүний залгамж халааг авсан гэж үздэг. Би тэр жагсаалтыг нь тэндхийн сүмийн хамбад үзүүлээд ярилцана гэж тэдэнд хэллээ. Тэгвэл аль нь үнэн болохыг мэдэж авна гэж дотроо бодож байлаа.
ТЭНГЭРТ БАЙДАГ ЖИНХЭНЭ АРИУН ЭЦГЭЭ ОЛСОН НЬ
Католик шашныхан пап нарын залгамжлал гэдэг сургаалаа Матай 16:18, 19-т байдаг Есүсийн үгээр баталдаг. Түүнчлэн гэгээн эцэг гэгддэг пап Библийн сургаалыг алдаа мадаггүй тайлбарладаг гэж үздэг. Би энэ сургаалд итгэдэг байсан. «Хэрвээ алдаа мадаггүй заадаг пап Гурвалыг үнэн гэсэн бол үнэн л байж таарна. Харин пап ч гэсэн алдаа гаргадаг бол энэ сургаал бас худлаа байж магадгүй» гэж бодлоо. Католик шашны сургаал пап нарын залгамжлал гэсэн сургаал дээр тулгуурладаг. Тийм болохоор энэ сургаалыг хамгийн чухал нь гэж үздэг хүн католик шашинтнуудын дунд олон байдаг.
Хамба дээр очтол миний асуултад хариулж чадсангүй. Харин номын тавиураасаа пап нарын залгамжлалын тухай ном авч өгөв. Би түүнийг нь гэртээ авчраад уншив. Тэгээд бүр олон асуулттай буцаж ирлээ. Хамба хариулж чадахгүй байсан болохоороо «Би чамайг итгүүлж чадахгүй юм байна. Чи ч намайг итгүүлэхгүй. ... Чамд амжилт хүсье!» гэлээ. Тэр надтай дахиж ярилцахыг хүссэнгүй.
Ингээд би Илзе Элфрийде хоёроор Библи заалгахаар болсон юм. Тэд надад тэнгэрт байдаг жинхэнэ Ариун Эцэг Еховагийн тухай ихийг заасан (Иох. 17:11). Хурал арай байгуулагдаагүй байсан учраас сонирхогч айлын гэрт цуглаанаа явуулдаг байлаа. Цөөхөн хүн ирдэг байсан. Цуглааныг хөтлөх баптисм хүртсэн эрэгтэй байхгүй болохоор хоёр эгч маань өгөгдсөн материалыг хоорондоо хэлэлцэх маягаар хөтөлдөг байлаа. Хааяа өөр газраас Гэрч эрэгтэй ирэхлээрээ түрээсийн байранд нийтийн илтгэл тавьдаг байж билээ.
ДЭЛГЭРҮҮЛЖ ЭХЭЛСЭН НЬ
Би 1958 оны 10 дугаар сард Илзе Элфрийде хоёроор Библийн хичээл заалгаж эхлээд гурван сарын дараа 1959 оны 1 дүгээр сард баптисм хүртсэн. Үүнээс өмнөхөн айлаар яаж дэлгэрүүлдгийг үзмээр санагдаад хамт авч яваач гэж гуйлаа (Үйлс 20:20). Анх удаа хамт явсныхаа дараа өөрийн гэсэн хэсэгтэй болохыг хүсэв. Тэд надад нэг тосгон хариуцуулсан юм. Би тийшээ ганцаараа очиж айлаар дэлгэрүүлэн, сонирхсон хүмүүстэй давтан уулздаг байлаа. Надтай хамт дэлгэрүүлсэн анхны эрэгтэй бол хожим биднийг эргэхээр ирсэн дүүргийн харгалзагч юм.
1960 онд зочид буудлын менежментийн сургуулиа дүүргээд нутагтаа очсон. Библийн үнэнийг гэрийнхэндээ мэдүүлэхийг хичээсэн ч өнөөг хүртэл нэг нь ч Гэрч болоогүй. Гэхдээ зарим нь сонирхдог болсон.
БҮРЭН ЦАГААР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛСЭН НЬ
1961 онд салбараас ирсэн захидлыг хурлуудад уншиж сонсгосон юм. Эхлэгчээр үйлчлэхийг уриалсан байлаа. Эрүүл чийрэг ганц бие надад хойш суух шалтаг байсангүй. Гэхдээ юуны түрүүнд машин авах хэрэгтэй гэж бодоод Күрт Күүн гэдэг дүүргийн харгалзагчтай ярилцаж дахиад хэдэн сар ажил хийвэл ямар вэ гэж асуулаа. Тэр ах юу гэж хариулсан гэж санана? «Есүс болон элч нарт бүрэн цагаар үйлчлэхэд машин хэрэгтэй байсан уу?» гэлээ. Би шууд л яах ёстойгоо ойлгосон. Аль болох хурдан, эхлэгч болох төлөвлөгөө гаргав. Зочид буудлын ресторанд долоо хоногт 72 цаг ажилладаг байсан болохоор эхлээд зарим нэг юмаа өөрчлөх хэрэгтэй болсон юм.
Ажлын цагийг 60 болгож өгөхийг даргаасаа гуйлаа. Зөвшөөрөхөөр барахгүй цалин хассангүй. Удалгүй би долоо хоногт 48 цаг ажиллаж болох эсэхийг асуув. Бас л зөвшөөрлөө. Цалин ч хэвээрээ. Дараа нь би 36 цаг буюу 6 өдөр 6 цагаар ажиллуулахыг хүсэхэд татгалзсангүй. Гайхалтай нь, надад өмнөх цалинг маань өгнө гэлээ! Дарга намайг ажлаас гаргахыг хүсээгүй бололтой. Шинэ хуваарьтай болмогцоо байнгын эхлэгчээр үйлчилж эхэллээ. Тэр үед сард 100 цаг дэлгэрүүлэх нормтой байсан юм.
Дөрвөн сарын дараа би тусгай эхлэгч, хурлын үйлчлэгчээр (одоогийн ахлагчдын зөвлөлийн зохицуулагч) томилогдон Каринтиа мужийн Шпитал ан дер Драу гэдэг хотын жижиг хуралд үйлчилж эхэллээ. Тэр үед тусгай эхлэгч сард 150 цаг дэлгэрүүлэх нормтой байсан. Надтай хамт үйлчилдэг эхлэгч эрэгтэй байгаагүй ч хурлын үйлчлэгчийн туслагч (одоогийн нарийн бичгийн дарга) Гертрүдэ Лобнэр эгч их тус болсон доо!
ЯНЗ БҮРИЙН ДААЛГАВАР АВСАН НЬ
1963 онд дүүргийн харгалзагчаар томилогдов. Хүнд чемоданаа бариад, галт тэргэнд суугаад нэг хурлаас нөгөө хурал руу эргэлт хийхээр явах нь олонтаа. Ихэнх Гэрч өөрийн гэсэн машингүй байсан болохоор галт тэрэгний буудлаас унаагаар тосож авах хүн байхгүй. Такси баривал ах дүүстээ эвгүй сэтгэгдэл төрүүлж магадгүй гэж бодоод хонох газар луугаа явган явдаг байсан.
1965 онд Гилеад сургуулийн 41 дэх ангид суралцах урилга авлаа. Манай ангид над шиг ганц бие хүн олон байсан. Төгсөлтийн баяр болоход намайг Австрид дүүргийн харгалзагчаар дахин томилоход их гайхаж билээ. АНУ-аас явахынхаа өмнө Энтони Конти гэдэг дүүргийн харгалзагчтай хамт дөрвөн долоо хоногийн турш Нью-Йорк хотоос хойд зүгт оршдог Корнволд үйлчиллээ. Сайхан сэтгэлтэй, дэлгэрүүлэх дуртай, үр өгөөжтэй дэлгэрүүлдэг энэ ахтай хамт үйлчилсэндээ маш их баярласан.
Австрид буцаж ирээд нэг дүүрэгт томилогдлоо. Тэнд Тове Мерете гэдэг дур булаам бүсгүйтэй танилцав. Мерете таван настай байхаасаа христиан ёсоор хүмүүжсэн. Итгэл нэгтнүүд маань бид хоёрын яаж танилцсаныг асуухад «Салбараас зохион байгуулсан» гэж бид хошигнодог юм. Танилцаад жилийн дараа буюу 1967 оны 4 дүгээр сард гэрлэсэн. Тэгээд явуулын ажлаа хамтдаа үргэлжлүүллээ.
Хойтон жил нь би Еховагийн нигүүлслийг хүртэж сүнслэг хүү нь болж үрчлэгдсэнээ мэдсэн. Ингэж тэнгэрийн Эцэгтэйгээ онцгой харьцаа тогтоосон доо. Бас Ром 8:15-д бичсэний дагуу «Аав! Эцэг минь!» гэж дууддаг хүмүүстэй ах дүү болсон юм.
Мерете бид хоёр 1976 он хүртэл дүүргийн болон мужийн үйлчлэлд оролцсон. Өвөл нь халаалтгүй өрөөнд, хасах хэмийн хүйтэнд ч хонох үе байв. Нэг удаа сэрсэн чинь хөнжилний зах амьсгаанд цантаад хөлдчихсөн байсан! Яваандаа бид жижиг цахилгаан халаагуур авч явдаг болсон. Цастай өвлийн шөнө салхи нэвт үлээсэн модон жорлонд бие
засах ч үе байлаа. Бид хоёрт өөрийн гэсэн байр байхгүй. Тийм болохоор эргэлтийн долоо хоногт байрлаж буй айлдаа даваа гаригийг өнгөрүүлээд мягмар гаригийн өглөө нь дараагийн хурал руу явдаг байв.Энэ олон жилийн хугацаанд хайртай эхнэр минь надад өмөг түшиг болсоор ирсэн. Тэр маань дэлгэрүүлэх их дуртай. Би хэзээ ч эхнэрээ дэлгэрүүлэхийг ятгаж байсангүй. Найз нөхдөдөө хайртай, бусдад чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Энэ нь надад их дэм болдог.
Австрийн Венад байдаг салбарт үйлчлэх урилга 1976 онд ирж, намайг салбарын хорооны гишүүнээр томилсон. Тэр үед Австрийн салбар зүүн Европын хэд хэдэн улсын үйл ажиллагааг хариуцаж, тийшээ нууцаар хэвлэл явуулах ажлыг зохион байгуулдаг байв. Хэвлэл илгээхэд Юүргэн Рундел гэдэг ах идэвх санаачилга гаргаж, чухал үүрэг гүйцэтгэсэн. Юүргэнтэй хамтран ажиллах завшаан надад тохиосон юм. Тэрбээр эхнэр Гертрүдэтэйгээ Германд одоо ч тусгай эхлэгчээр үйлчилж байна. Хожим нь би Зүүн Европын арван хэлээр хэвлэл орчуулах ажлыг харгалздаг болов. Австрийн салбар 1978 оноос эхлэн фото хальсанд буулгах арга хэрэглэн бага оврын офсет хэвлэлийн машинаар 6 хэлээр сэтгүүл хэвлэж гаргадаг болсон. Бас захиалга өгсөн улс орнууд руу илгээдэг байв. Одоо Төв Европын салбарт эхнэр Ингридтэйгээ үйлчилж буй Отто Куглич энэ бүх ажлыг хариуцдаг байлаа.
Зүүн Европ дахь итгэл нэгтнүүд маань хальсанд буулгасан материалыг сэргээх юм уу мимеограф машинаар ном хэвлэлийг өөрсдөө хэвлэдэг байсан. Гэхдээ л бусад орны христиан ах дүүсийнх нь тус дэм хэрэгтэй байлаа. Зүүн Европ дахь итгэл нэгтнүүдтэй маань холбоотой бүх үйл ажиллагааг Ехова ивээж хамгаалсан юм. Хориотой, хүнд хэцүү нөхцөлд олон жил үнэнчээр үйлчилж буй итгэл нэгтнүүдээ салбарын бид их биширдэг байсан.
РУМЫНД ХИЙСЭН ТУСГАЙ УУЛЗАЛТ
1989 онд Удирдах Зөвлөлийн гишүүн Теодор Ярач ахтай хамт Румынд очих завшаан надад тохиосон юм. Тэндхийн ах дүүсийг байгууллагад нэгдэхэд нь туслах зорилготой байв. Тэд 1949 оноос эхлэн янз бүрийн
шалтгаанаас болоод байгууллагаас холбоогоо тасалж, өөрийн гэсэн хурлуудыг байгуулсан байсан. Тэгсэн ч гэсэн дэлгэрүүлж, шинэ хүмүүст баптисм хүртээсээр байжээ. Бас манай байгууллагын эрэгтэй гишүүдийн адилаар төвийг сахих байр сууриасаа болж шоронд хоригддог байв. Манай байгууллагын үйл ажиллагаа Румынд хориотой байсан болохоор бид орон нутгийн хорооны ах нар болон гол дөрвөн ахлагчтай Памфил Албу ахын гэрт нууцаар уулзав. Бидэнтэй хамт Австриас ирсэн Ролф Келлнер хэлмэрч хийсэн.Уулзалтын хоёр дахь орой нь Албу ах нөгөө дөрвөн ахлагчаа ятгаж «Хэрвээ бид одоо л нэгдэхгүй бол дахин хэзээ ч боломж олдохгүй байж магадгүй шүү!» гэлээ. Үүний дараа 5 000 орчим ахан дүүс байгууллагатай эргэн нэгдсэн. Энэ нь Еховагийн хувьд ялалт, Сатаны хувьд ялагдал байлаа!
1989 оны сүүлээр Зүүн Европт коммунист дэглэм нурахын өмнө Удирдах Зөвлөл эхнэр бид хоёрыг Нью-Йорк дахь байгууллагын төв рүү шилжүүлэхээр болов. Энэ бол ёстой гайхалтай явдал байлаа. Ингээд 1990 оны 7 дугаар сараас Брүүклин дэх Бетелд үйлчилж эхэлсэн. Би 1992 онд Удирдах Зөвлөлийн Үйлчлэлийн хорооны туслахаар томилогдож, 1994 оны 7 дугаар сараас эхлэн Удирдах Зөвлөлийн гишүүнээр үйлчлэх завшаан эдэлж байна.
ӨНГӨРСНӨӨ ДУРСАЖ ИРЭЭДҮЙГЭЭ ТӨСӨӨЛЖ БАЙНА
Зочид буудалд зөөгч хийж байсан үе маань улиран өнгөрчээ. Одоо дэлхий дахинд байгаа ах дүүстээ зориулж сүнслэг хоол хийх, тараах ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байна (Мат. 24:45–47). Тусгай бүрэн цагаар үйлчилсэн 50 гаруй жилээ эргэн дурсахлаар тэнгэрийн Эцэгтээ талархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Дэлхий дахинд буй ахан дүүсийг маань Ехова ивээж байгааг харахлаар сэтгэл зүрх баяр баяслаар цалгидаг. Би олон улсын чуулганд оролцох дуртай. Тэндээс тэнгэрийн Эцэг Еховагийнхаа тухай судалж, Библийн үнэнд суралцдаг.
Илүү олон сая хүн Библи судлаад үнэнийг хүлээж аван, дэлхий дахинд буй христиан ах дүүстэй маань эв нэгдэлтэйгээр Еховад үйлчлээсэй гэж би залбирдаг (1 Петр 2:17). Бас нас барсан хүмүүсийн амилахыг тэнгэрээс харах цагаа тэсэн ядан хүлээж байна. Тэр үед аавыгаа олж харна даа! Диваажинд аав, ээж, ах дүү нар маань бүгдээрээ Еховаг шүтнэ гэж боддог.
Нас барсан хүмүүсийн амилахыг тэнгэрээс харах цагаа тэсэн ядан хүлээж байна. Тэр үед аавыгаа олж харна даа!
^ Энэ хоёр эгчийн намтрыг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1979 оны 11-р сарын 1-ний дугаарт нийтэлсэн.