Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Үг Амьд!

Бурхны Үг Амьд!

«Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй [«хүчтэй нөлөөлдөг», ШЕ]» (ЕВР. 4:12).

1, 2. Ехова Мосед ямар даалгавар өгсөн бэ? Юу гэж амласан бэ?

 ТА ДЭЛХИЙН хамгийн нөлөө бүхий удирдагчийн өмнө зогсоод Еховагийн ард түмнийг төлөөлж ярих болжээ. Тэгвэл яах вэ? Өөрийгөө голоод сандарч тэвдэн, айж зүрхшээх биз ээ. Хэлэх үгээ хэрхэн бэлдэх вэ? Төгс хүчит Бурхны төлөөлөгч байна гэж санагдтал ярихын тулд яах хэрэгтэй вэ?

2 Мосед яг ийм явдал тохиолджээ. Тэрбээр «дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу» хүн байлаа (Тоол. 12:3). Ехова ард түмнээ Египетийн дарлалаас чөлөөлүүлэхээр фараон руу илгээх гэж байгаагаа түүнд хэлжээ. Фараон бардам, дээрэнгүй хүн байв (Ег. 5:1, 2). Гэсэн ч Ехова түүнд гурван сая орчим израильчуудыг Египетээс гаргаж явуул хэмээсэн тушаалыг Мосегоор өгүүлэхээр болсон. Тийм болохоор Мосе: «Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ?» гэж Еховагаас асуусан нь гайхах зүйл биш юм. Мосе өөрийгөө голж чамлаж байсан нь лавтай. Харин Бурхан түүнийг зоригжуулж «Би чамтай заавал хамт байна» гэж амласан (Ег. 3:9–12).

3, 4. а) Мосе юунаас айсан бэ? б) Мосед төрсөнтэй төстэй ямар сэтгэгдэл танд төрж мэдэх вэ?

3 Мосе юунаас айж байсан бэ? Ехова Бурхны явуулсан төлөөлөгч байна гэж хэлсэн ч фараон итгэхгүй, хүлээж авахгүй байх гэж айсан бололтой. Бас Ехова израильчуудыг Египетээс удирдан гаргах хүнээр өөрийг нь сонгосон гэдэгт элэг нэгтнүүд нь эргэлзвэл яах вэ гэж боджээ. Тийм учраас, Мосе Еховад «Хэрэв тэд надад итгэхгүй, миний үгийг сонсохгүй бол яах вэ? Учир нь тэд “ЭЗЭН чамд үзэгдээгүй” гэж хэлж магадгүй» хэмээсэн байдаг (Ег. 3:15–18; 4:1).

4 Хариуд нь Ехова юу гэж хэлсэн, дараа нь юу болсон зэргийг бодож үзвэл бидэнд сургамжтай. Та төр засгийн удирдагчтай уулзахгүй ч байж мэднэ. Гэхдээ жирийн хүмүүстэй уулзаад Бурхны тухай, Хаанчлалын тухай ярихад хэцүү байдаг бол яах вэ? Мосегоос юу сурч болохыг бодоцгооё.

«ЧИНИЙ ГАРТ БАЙГАА ЧИНЬ ЮУ ВЭ?»

5. Айдсаа ялахад нь Ехова Мосед хэрхэн тусалсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

5 Мосег ард олны итгэлийг олохгүй байх вий гэж айж байгаагаа хэлэхэд Ехова яах ёстойг нь зааж өгчээ. Тэрбээр Мосегоос «Чиний гарт байгаа чинь юу вэ?» гэж асуув. «Таяг» гэж хариулахад «Түүнийгээ газар хая» гэлээ. Мосег «таягаа газар хаяхад, таяг нь могой болжээ». Мосе айн зугтав. Тэгэхэд нь Ехова: «Гараа сунган сүүлнээс нь барь» гэлээ. «Тэр гараа сунган түүнийг барихад, могой гарт нь таяг болов». Ехова: «Энэ нь ... [Би] чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм» гэв (Ег. 4:2–5). Мосегийн гар дахь таяг жирийн нэг таяг байсан ч Ехова түүнийг нь гайхамшгаар могой болгожээ! Мосе энэ гайхамшгийг үйлдээд Бурхнаас эрх мэдэл авсан элч гэдгээ батлах учиртай байлаа. Ехова түүнд «Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлд» гэжээ (Ег. 4:17). Ийнхүү Еховагаас эрх мэдэл авсны баталгаа гарт нь байсан учир Мосе элэг нэгтнүүд болон фараонтой жинхэнэ Бурхныг төлөөлөн итгэл төгс ярих эр зоригтой болжээ (Ег. 4:29–31; 7:8–13).

6. а) Бид дэлгэрүүлэхдээ гартаа юу барьж явах ёстой вэ? Яагаад? б) «Бурханы үг амьд» гэдэг нь юу гэсэн үг вэ? Яавал «хүчтэй нөлөөлөх» вэ?

6 Бид сайн мэдээ дэлгэрүүлэхдээ гартаа юу барьж явдаг вэ? Хүмүүст шууд үзүүлэхийн тулд Библиэ бариад явдаг. Библи бол зарим хүний боддог шиг жирийн нэг ном биш ээ. Ехова Бурхны мэдээг агуулсан хосгүй ном юм (2 Петр 1:21). Бурхан Хаанчлалаараа дамжуулан юу хийхээ амласнаа Библид бичүүлсэн. Тиймээс элч Паул: «Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй [«хүчтэй нөлөөлдөг», ШЕ]» хэмээн бичжээ (Еврей 4:12-ыг уншина уу). Бурхны үг амьд гэдэг нь юу гэсэн үг вэ? Ехова хий хоосон зүйл амладаггүй, харин амласан бүхнээ заавал биелүүлдэг гэсэн үг. Учир нь тэрбээр хэлсэндээ хүрэхийн тулд одоо ч зогсолтгүй ажиллаж байгаа (Ис. 46:10; 55:11). Хэрэв Бурхны үг амьд гэдгийг ойлговол Библиэс уншсан зүйл нь тухайн хүний амьдралд хүчтэй нөлөөлнө.

7. «Үнэний үгийг зөв заагч» байхын тулд яах хэрэгтэй вэ?

7 Ехова бидэнд Библи гэдэг амьд Үгээ өгсөн. Бид Бурхнаас ирсэн найдвартай мэдээ хүргэж байгаагаа Библиэр баталдаг. Тийм учраас, Паул «үнэний үгийг зөв заагч» байхын төлөө чадах бүхнээ хийхийг Тимотод захижээ (2 Тим. 2:15). Паулын зөвлөгөөг бид хэрхэн ажил хэрэг болгох вэ? Хүний сэтгэлийг хөдөлгөх зүйлийг Библиэс сонгож уншуулах нь тустай. Энэ зорилгодоо хүрэхэд маань 2013 онд гарсан танилцуулгууд тус болно.

БИБЛИЙН ЗҮЙЛИЙГ УНШУУЛААРАЙ!

8. Шинэ танилцуулгын талаар нэг үйлчлэлийн харгалзагч юу гэж хэлсэн бэ?

8 Шинэ танилцуулгууд бүгд адилхан загвартай. Тиймээс нэгийг нь л ашиглаад сурчихвал бүх танилцуулгыг ашиглаж чадна гэсэн үг. АНУ-ын Хавайд амьдардаг үйлчлэлийн харгалзагч: «Айлаар болон олон нийтийн газраар дэлгэрүүлэхэд энэ шинэ багажууд маань үнэхээр үр дүнтэй юм билээ» гэжээ. Яагаад ийм үр дүнтэй байдаг юм бол? Танилцуулгын нүүрний дээд хэсэгт асуулт, доор нь хариунууд бичсэн байдаг. Тийм болохоор хүмүүс буруу зөрүү хэлчих вий гэж санаа зоволгүй тэдгээр хариунаас сонгоод чөлөөтэй хариулдаг. Ийнхүү сонирхолтой яриа өрнүүлэхэд хялбар байдаг ажээ.

9, 10. а) Хүмүүст Библиэс уншуулахад шинэ танилцуулгууд ямар ач тустай вэ? б) Таны хувьд аль танилцуулгыг өгөхөд илүү үр дүнтэй байсан бэ? Яагаад?

9 Танилцуулга болгонд Библийн зүйлүүдийг оновчтой сонгож оруулсан. Тиймээс тэдгээр зүйлийг уншиж өгөөрэй. «Зовлон дуусах болов уу?» гэдэг танилцуулгыг жишээ болгон авч үзье. Танилцуулгаа өгөхдөө нүүрэн дэх асуултыг эхлээд асуугаарай. Хүмүүс «тийм», «үгүй», «магадгүй» гэсэн хариултын алийг нь ч сонгосон, хуудсыг нь эргүүлээд «Библид ингэж бичсэн байна» гэж хэлээрэй. Тэгээд Илчлэлт 21:3, 4-ийг уншиж өгөөрэй.

10 «Библи ямар ном бэ?» гэдэг танилцуулгыг бас дээрх аргаар өгч болно. Тухайн хүнийг танилцуулгын нүүрэн дэх асуултаас аль нэгийг сонгохлоор нь дотор талын хуудсыг эргүүлээд «Библид “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа” гэж бичсэн байдаг» гээрэй. Цааш нь «Энэ зүйлийг танд Библиэс дэлгэрэнгүй үзүүлье» гээд 2 Тимот 3:16, 17-г бүгдийг нь уншиж өгөөрэй.

11, 12. а) Танилцуулга тараахдаа ямар зорилго тавьж болох вэ? б) Давтан уулзахдаа шинэ танилцуулгаас хэрхэн ярилцаж болох вэ?

11 Тухайн хүнийг ажиглаж байгаад танилцуулгаас хэр их юм уншуулж, хэр удаан ярилцахаа шийдээрэй. Ямар ч байсан, танилцуулга өгөөд Библиэс нэг юм уу хоёр зүйл ч болов уншуулж чадсан бол зорилгодоо хүрсэн гэсэн үг. Давтан уулзахдаа яриагаа үргэлжлүүлж болно шүү дээ.

12 Танилцуулга бүрийн арын нүүрэнд буй «Бодож үзээрэй» гэсэн гарчгийн доорх Библийн зүйлийг давтан уулзахдаа ярилцаарай. «Ирээдүй ямар байх бол?» танилцуулгын ард «Бурхан өнөөгийн нийгмийг яаж өөрчлөх вэ?» гэсэн асуулт бий. Энэ асуултын доор Матай 6:9, 10; Даниел 2:44-ийг дурдсан. «Нас барсан хүн амилах уу?» танилцуулгын ар дахь «Хүн өтөлж хөгшрөөд, эцэстээ үхдэг нь ямар учиртай вэ?» гэсэн асуултын доор Эхлэл 3:17–19; Ром 5:12-ыг заасан.

13. Библийн хичээл эхлэхийн тулд танилцуулгыг хэрхэн ашиглах вэ?

13 Сонирхсон хүнтэй Библийн хичээл эхлэхэд туслах зорилгоор эдгээр танилцуулгыг гаргасан. Танилцуулгын арын нүүрэнд байгаа QR кодыг утсаараа уншуулбал манай байгууллагын Вэб сайт руу орно. Тэнд, Библийн хичээл заалгахыг уриалсан байгаа. Түүнээс гадна, танилцуулгын ард «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимлоос тухайн сэдэвтэй холбоотой хичээлийг уншихыг зөвлөсөн. Жишээлбэл, «Хэн ертөнцийг захирдаг вэ?» танилцуулгад тэр товхимлын 5-р хичээлийг заасан. «Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ?» танилцуулгад 9-р хичээлийг уншихыг зөвлөсөн. Хичээл эхлэх зорилгоор эдгээр танилцуулгыг ашиглавал хүнтэй анх удаа уулзсан ч, дахин уулзсан ч Библиэс уншиж өгдөг хэвшилтэй болно. Илүү олон хичээлтэй ч болно. Бурхны Үг хэмээх багажийг үр дүнтэй хэрэглэхээс гадна өөр яах хэрэгтэй вэ?

СОНИРХДОГ СЭДВЭЭР НЬ ЯРИЛЦААРАЙ

14, 15. Дэлгэрүүлэхдээ Паулыг хэрхэн дууриах вэ?

14 Паул аль болох олон хүнд дэлгэрүүлэхийг хүсдэг байжээ (1 Коринт 9:19–23-ыг уншина уу). «Иудейчүүдийг, ... Хуулийн дор байгсдыг, ... хуульгүй хүмүүсийг, ... мөхөс хүмүүсийг талдаа оруулахыг» зорьдог байсныг анхааръя. Тэрбээр ямар ч хүнийг «аврахын тулд бүх хүнтэй» уулзаж дэлгэрүүлэхийг хичээж байсан (Үйлс 20:21). Бид бас «бүх хүнд» үнэнийг мэдүүлье гэсэн хүсэлтэй байх ёстой. Дэлгэрүүлэх ажилдаа бэлдэхдээ Паулыг хэрхэн дууриах вэ? (1 Тим. 2:3, 4).

15 «Христиан үйлчлэл»-д сар бүр оршил үгийн жишээ нийтэлдэг. Тэдгээрийг туршиж байгаарай. Харин хэсгийн тань хүмүүс өөр сэдвээр сонирхдог бол тэдний сонирхлыг татах оршил үг зохиогоорой. Хэрхэн аж төрдөг, юу хүсэж сонирхдог, юунд санаа зовдгийг нь бодож байгаад бэлдээрэй. Дараа нь тэдэнд Библиэс аль зүйлийг уншуулбал тохирохыг бодоорой. Нэгэн дүүргийн харгалзагч эхнэртэйгээ дэлгэрүүлэхдээ айлын хүний анхаарлыг яаж Библид хандуулдгаа ингэж тайлбарласан байна. «Хэрэв гол санааг товч бөгөөд тодорхой яривал ихэнх хүн Библиэс ганц зүйл уншуулахад дургүйцдэггүй. Бид Библиэ нээгээд гартаа барьчихдаг юм. Тэгээд хүнтэй мэндэлснийхээ дараа шууд уншиж өгдөг» гэжээ. Одоо, дэлгэрүүлэх ажилд үр дүнтэй байсан оршил үгийн хэдэн жишээг авч үзье. Та бас дэлгэрүүлэхдээ тэдгээр асуултыг асууж, Библийн зүйлийг уншиж өгөхийг хичээгээрэй.

Та Библи болон танилцуулгыг үр өгөөжтэй ашигладаг уу? (8–13-р догол мөрийг үзнэ үү)

16. Дэлгэрүүлэх ажилд Исаиа 14:7-г хэрхэн ашиглаж болохыг тайлбарлана уу.

16 Танай нутагт гэмт хэрэг их гардаг уу? Тийм бол хүнтэй уулзахлаараа «Сонины нүүрэн дээр ингэж бичсэн байна гэж бодъё. “Одоо дэлхий даяар айж түгших, санаа зовох юмгүй, тайван амгалан байна. Хүмүүс баярлан хашгирч байна”. Ийм юм уншвал танд ямар санагдах вэ?» гэж асуугаарай. Дараа нь «Библийн Исаиа 14:7-д яг ийм утгатай үг бичсэн байдаг. Библийн өөр олон зүйлд тайван амгалан цаг ирэх тухай Бурхны амлалт байдаг» гэж хэлээд аль нэг амлалтыг Библиэс уншиж өгөөрэй.

17. Матай 5:3-ыг уншуулахын тулд хүнтэй хэрхэн яриа эхлэх вэ?

17 Таны оршин суудаг газар гэр бүлээ тэжээх нь өрхийн тэргүүнүүдэд амаргүй байдаг уу? Тийм бол «Эхнэр хүүхдээ жаргалтай амьдруулъя гэвэл хэдэн төгрөгний цалин авахад хангалттай хүрэх вэ?» гэж асуугаад яриа эхэлж болох юм. Хариулсных нь дараа «Зарим эрчүүд үүнээс ч илүү цалин авдаг. Тэгсэн ч гэсэн гэрийнхэн нь сэтгэл дундуур явдаг. Тэгвэл гэрийнхнээ жаргалтай болгоход юу хэрэгтэй юм бол оо?» гэж хэлээд Матай 5:3-ыг уншиж, Библи судлахыг санал болгоорой.

18. Хүмүүсийг тайвшруулъя гэвэл Иеремиа 29:11-ийг хэрхэн тайлбарлаж өгөх вэ?

18 Сүүлийн үед болсон эмгэнэлт явдлын үр дагаврыг амсаж буй хүмүүстэй хэрхэн ярих вэ? Яриагаа эхлэхдээ «Би танд сэтгэл тайвшруулам нэг зүйл уншиж өгөх гэсэн юм аа» гээд Иеремиа 29:11-ийг уншиж өгөөрэй. Дараа нь «Бурхан бидэнд гурван зүйл хүсдэгийг та анзаарсан уу? “Ирээдүй”, “найдвар”, “сайн сайхныг” хүсдэг гэсэн байна. Бурхан биднийг жаргалтай амьдруулахыг хүсдэг гэхлээр сайхан байгаа биз дээ? Харин яаж жаргалтай амьдрах вэ?» гэж хэлж болно. Тэгээд «Сайн мэдээ» товхимлоос тохирох хичээлд анхаарлыг нь хандуулаарай.

19. Шашны тухай ярих дуртай хүнд Илчлэлт 14:6, 7-г үзүүлэхдээ яриагаа хэрхэн эхлэх вэ?

19 Танай нутгийнхан шашны тухай ярих дуртай бол яриагаа хэрхэн эхэлж болох вэ? «Хэрэв тан дээр Бурхны элч ирээд яривал юу хэлэхийг нь та сонсох уу?» гэж асуугаад Илчлэлт 14:6, 7-г уншиж өгөөрэй. Тэгээд цааш нь «“Бурханаас эмээгтүн” гэж байна. Тэр элч ямар Бурхны тухай ярьсныг мэдэх нь чухал биз дээ?» гээд «“Тэнгэр ба газрыг ... бүтээсэн” Нэгэн гэсэн байна» гэж хэлнэ. Дараа нь «Бидний тусламж бол тэнгэр ба газрыг бүтээсэн ЭЗЭНий нэрд бий» хэмээсэн Дуулал 124:8-ыг уншиж өгөөд «ЭЗЭН» буюу Ехова Бурхны тухай дэлгэрэнгүй яриарай.

20. а) Бурхны талаар ярьж өгөхөд Сургаалт үгс 30:4 ямар ач тустай вэ? б) Таны хувьд Библийн аль зүйлийг уншиж өгөхөд үр дүнтэй байдаг вэ?

20 Залуу хүнтэй таарвал яриагаа яаж эхлэх вэ? «Маш чухал асуултыг Библиэс уншиж өгье» гэж хэлээд Сургаалт үгс 30:4-ийг уншиж өгөөрэй. Тэгээд «Энэ нь хүн биш гэдэг нь тодорхой. Тэгэхлээр бүхнийг бүтээсэн Бурхан байж таарна. Тэр Бүтээгчийн тухай яаж мэдэх вэ? Библиэс мэдэж болно» гэж яриарай.

БИБЛИЙГ АШИГЛАН ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ДЭЛГЭРҮҮЛЬЕ

21, 22. а) Зөв сонгосон Библийн зүйл хүний амьдралыг хэрхэн өөрчилдөг вэ? б) Та дэлгэрүүлэх ажлаа хийхдээ яахаар шийдсэн бэ?

21 Сайтар бодоод сонгосон Библийн зүйлийг уншиж өгөхөд хүмүүс яаж хүлээж авахыг бид мэдэхгүй. Австралид болсон явдлыг жишээ болгон авъя. Хоёр Гэрч айлын хаалга тогштол залуу бүсгүй гарч иржээ. Нэг Гэрч түүнээс «Бурхны нэрийг мэдэх үү?» гэж асуугаад Дуулал 83:18-ыг уншиж өгсөн ажээ. Тэр эмэгтэй: «Би үнэхээр гайхсан. Тэднийг явсны дараа номын дэлгүүр лүү явлаа. Манай гэрээс 56 километрт байдаг юм. Библийн өөр орчуулгуудаас, мөн толь бичгээс Бурхны нэрийг хайв. Тэгээд Бурхны нэр Ехова мөн юм байна гэдэгт итгэж, илүү ихийг мэдэх хүсэлтэй болсон» гэж дурссан юм. Удалгүй найз залуутайгаа хамт Библийн хичээл заалгах болж, дараа нь тэр хоёр баптисм хүртжээ.

22 Бурхны Үг хүмүүсийн амьдралыг өөрчлөх хүчтэй. Библийг унших тусам Еховагийн амлалтад улам их итгэдэг болж, сурснаа ажил хэрэг болгох хүсэл бадардаг (1 Тесалоник 2:13-ыг уншина уу). Библид бичсэн зүйл бидний хэлэх ямар ч гоё үгнээс илүү нөлөөтэй бөгөөд хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Тийм учраас, Бурхны Үгийг дэлгэрүүлэх ажилдаа дандаа ашиглахыг хичээгээрэй. Тийм ээ, Бурхны Үг бол амьд!