Skip to content

Гарчиг руу орох

«Дахин эргэж, ах дүүсээ батжуул»

«Дахин эргэж, ах дүүсээ батжуул»

ПЕТР Есүсийг мэдэхгүй гэж мэлзчихээд дараа нь гашуудан уйлдаг. Элчийнхээ ийм том алдаа гаргахыг Есүс мэдэж байсан ч чухал даалгавар өгсөн. Тэрбээр элчдээ «Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул» гэжээ (Лук 22:32, 54–62). Хожим нь Петр нэгдүгээр зууны үеийн христиан хурлын нэг багана болсон билээ (Гал. 2:9). Үүнтэй адилаар, өмнө нь ахлагчаар үйлчилж байсан хүн дахин ахлагч болж итгэл нэгтнүүдээ урамшуулан зоригжуулж чадна.

Ахлагч байх эрхээ хасуулсан зарим хүнд хамаг хичээл зүтгэл нь талаар болсон юм шиг санагддаг. Өмнөд Америкт 20 гаруй жил ахлагчаар үйлчилсэн Хүлио *: «Илтгэл бэлдэх, ах дүүсээ эргэж тойрох, хурлын үйл ажиллагааг удирдах нь миний амьдралын нэг чухал хэсэг байлаа. Гэтэл энэ бүхэн байхгүй болмогц амьдрал хоосорчихсон юм шиг санагдсан. Хэцүү байсан шүү» гэж дурссан юм. Одоо Хүлио ахлагчаар дахин үйлчилж байна.

«ҮҮНИЙГ БҮРЭН БАЯР ХӨӨР ГЭЖ ҮЗ»

Шавь Иаков: «Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз» хэмээн бичжээ (Иак. 1:2). Бид хавчлага эсэргүүцлээс эсвэл төгс бусаасаа болж зовдог. Үүнийг Иаков сорилт гэжээ. Тэрбээр амин хувийн хүсэл, алагчлах үзэл гэх зэргийг дурдсан байна (Иак. 1:14; 2:1; 4:1, 2, 11). Аавдаа алгадуулсан хүүхдийн хонго хорсдог шиг, Еховад зэмлүүлсэн хүний сэтгэл шаналах нь ойлгомжтой (Евр. 12:11). Гэлээ гээд баяр хөөрөө алдаж болохгүй.

Хариуцлагатай үүрэг хүлээх эрхээ хасууллаа ч бат итгэлтэй, Еховад хайртай гэдгээ батлан харуулах боломжоо бүү алдаарай. Бас яагаад ахлагчаар үйлчилж байснаа бодоорой. «Надад ашигтай байсан учраас уу? Эсвэл Бурхныг хайрлаж, хоньдыг нь хариулъя гэсэн сэтгэлтэй байсан учраас тэр үү?» (Үйлс 20:28–30). Ахлагчаар үйлчлэхээ больсон ч урьдын адил баяр хөөртэй үйлчилж буй эрчүүд олон бий. Тэд Еховаг чин сэтгэлээсээ хайрладгаа бүгдэд, түүний дотор Сатанд батлан харуулдаг.

Давид хаан ноцтой нүгэл үйлдсэнээсээ болоод зэмлэл хүртжээ. Гэхдээ алдаагаа зассан учраас өршөөл хүртсэн. Тэрбээр: «Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ! ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!» хэмээн дуулжээ (Дуу. 32:1, 2). Давид сахилга батын арга хэмжээ авахуулаад өөрчлөгдөн, Бурхны ард түмнийг илүү сайн удирдах болжээ.

Ер нь дахин ахлагчаар үйлчилдэг болсон хүмүүс урьдынхаасаа сайн хоньчин болдог. «Алдаа гаргасан хүнд яаж санаа тавихыг би илүү сайн мэддэг болсон» гэж нэг ахлагч хэлжээ. Өөр нэг ахлагч: «Ах дүүстээ үйлчлэх завшаанаа би илүү их үнэлдэг болсон» гэсэн байна.

ТА АХЛАГЧААР ДАХИН ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

«ЭЗЭН Та сайн бөгөөд уучлахад бэлэн, Таныг дуудагч бүгдэд хайр энэрлээр элбэг баян» гэж дуулалч бичжээ (Дуу. 86:5). Тиймээс ноцтой нүгэл үйлдсэн хүнд Бурхан дахин хэзээ ч итгэл хүлээлгэхгүй гэж бүү бодоорой. Олон жил ахлагчаар үйлчилж байгаад энэ завшаанаа алдсан Рикардо: «Ахлагчийн үүргээ сайн биелүүлж чадаагүйдээ үнэхээр гутарсан. Өөрийгөө голоод дахин ахлагч бололгүй нэлээд хугацаа алдсан. Ахиад итгэл хүлээж чадахгүй байх гэж бодож байсан. Гэхдээ би хүмүүст туслах дуртай болохоороо Библийн хичээл зааж, итгэл нэгтнүүдтэйгээ хамт дэлгэрүүлж, цуглаан дээр тэднийгээ урамшуулдаг байсан. Ингэсний хүчинд өөртөө итгэлтэй болсон. Одоо би ахлагчаар үйлчилж байна» гэжээ.

Дахин ахлагчаар үйлчлэх хүсэл эрмэлзэл, баяр хөөртэй болоход нь Ехова эрчүүдэд тусалдаг

Дахин ахлагчаар үйлчилье гэвэл гомдож туниад байж болохгүй. Атаархуу Саул хаанаас зугтаж явсан Давидыг дууриагаарай! Давид Саулаас өшөө авахыг бодож байгаагүй. Тэр байтугай, боломж олдсон ч хариугаа аваагүй (1 Сам. 24:4–7; 26:8–12). Саулыг дайтаж яваад амиа алдахад Давид гашуудаж «Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан» гэж хэлсэн байдаг (2 Сам. 1:21–23). Тэрбээр огтхон ч өш санаагүй.

Таныг буруу ойлгосон юм уу шударга бус хандсан мэт санагдвал бүү гомдож туниарай. Британид 30 орчим жил ахлагчаар үйлчилж байгаад эрхээ хасуулсан Уиллиам зарим ахлагчид гомджээ. Үзэл бодлоо өөрчлөхөд нь түүнд юу тус болсон бол? Тэрбээр: «“Иов” номыг уншаад сэтгэл онгойсон. Ехова Иовд гурван найзыгаа уучлахад нь тусалсан юм чинь тэр ахлагчдад хар буруу санахгүй байхад надад бас туслах нь гарцаагүй» гэж ярьжээ (Иов 42:7–9).

ДАХИН АХЛАГЧ БОЛСОН ХҮНИЙГ БУРХАН ИВЭЭДЭГ

Та Бурхны хонин сүргийг хариулахаа сайн дураараа больсон бол ямар шалтгаанаар ийм шийдвэр гаргаснаа дахин нэг бодож үзээрэй. Өөрөөсөө болоод уу? Эсвэл өөр зүйлийг илүү чухалд үздэг болсон уу? Бусдын өө сэв, алдаа дутагдлаас болоод ийм шийдвэр гаргасан уу? Аль нь ч байлаа гэсэн, ахлагчаар үйлчилж байхдаа хүмүүст янз бүрээр тусалдаг байснаа санаарай. Урам зориг бадраасан илтгэл тавьж, үлгэр дууриал үзүүлж, хоньчныхоо хувьд Бурхны хоньдыг эргэж тойрч сорилт бэрхшээлийг давахад нь тусалж байсан биз ээ. Та ахлагчаар баяр хөөртэй үйлчилж байсан нь лавтай. Ехова ч танд баярладаг байсан нь эргэлзээгүй (Сур. 27:11).

Баяр хөөртэй үйлчилж Еховаг хайрладгаа батлаарай

Хуралд дахин хариуцлагатай үүрэг хүлээх хүсэл эрмэлзэл, баяр хөөртэй болоход нь Ехова эрчүүдэд тусалдаг. Та сайн дураараа ахлагч байхаа больсон ч бай, эрхээ хасуулсан ч бай дахин «харгалзагч болохын» тулд хичээж болохгүй нь юү билээ? (1 Тим. 3:1). Паул Колоссайн христиануудыг үнэн зөв мэдлэгээр бялхаасай, «Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай» гэсэндээ тэдний төлөө «зогсолтгүй залбирдаг» байв (Кол. 1:9, 10). Ахлагчаар дахин үйлчлэхээр боллоо гэхэд тууштай, тэвчээртэй, баяр баясгалантай байхад туслахыг Еховагаас гуйгаарай. Эцсийн энэ хэцүү цагт Бурхны ард түмэнд хайр халамжтай хоньчид үнэхээр хэрэгтэй байна. «Ах дүүсээ батжуулахын» тулд дахин ахлагч болох тухай бодож үзвэл ямар вэ?

^ Зарим нэрийг өөрчлөв.