Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Амилсан хүмүүс «эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй» гэж Есүс садукайчуудад хэлсэн байдаг (Лук 20:34–36). Тэрбээр дэлхий дээр амилах хүмүүсийн тухай хэлсэн үү?

Энэ бол маш чухал асуулт. Ялангуяа хань ижлээ алдсан хүмүүс үүнийг их сонирхдог. Тэд шинэ ертөнцөд ханьтайгаа дахин хамт амьдрахыг тэсэн ядан хүлээдэг. Нэг Гэрч эрэгтэй: «Эхнэр бид хоёр хэзээ ч салж хагацна гэж бодож байгаагүй. Үүрд мөнх нөхөр эхнэр байж, Еховагаа шүтэхийг чин сэтгэлээсээ хүсдэг байсан. Би одоо ч ингэж хүсдэг» гэсэн юм. Дэлхий дээр амилсан хүмүүс гэрлэх болов уу? Шуудхан хэлэхэд, бид мэдэхгүй.

Амилалт болон гэрлэлтийн талаар Есүсийн хэлсэн үг дэлхий дээр амилах хүмүүстэй холбоотой бөгөөд тэд гэрлэхгүй гэж манай ном хэвлэлд олон жил тайлбарлаж ирсэн * (Мат. 22:29, 30; Марк 12:24, 25; Лук 20:34–36). Гэхдээ Есүсийн хэлсэн үг тэнгэрт амилах хүмүүстэй холбоотой юм биш биз? Энэ талаар тодорхой мэдэхгүй ч Есүсийн хэлсэн үгийг авч үзье.

Есүс амилалтын талаар хэнтэй ярьж байсныг бодъё (Лук 20:27–33-ыг уншина уу). Тэрбээр садукайчууд хэмээх шашны бүлэглэлийн хүмүүстэй ярьж байсан. Амилалтад итгэдэггүй энэ хүмүүс ээдрээтэй асуултаар Есүсийг унагахыг оролдон, нас барсан нөхрийнхөө ах дүүтэй гэрлэсэн эмэгтэй болон амилалтын тухай асуужээ. * Тэгэхэд нь Есүс: «Энэ үеийн хөвгүүд нь гэрлэж, охидоо хадамд гаргадаг. Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс нь эхнэр ч авахгүй, нөхөрт ч гарахгүй. Тэд тэнгэр элч нартай адил тул цаашид үхэж чадахгүй бөгөөд амилалтын хөвгүүд тул Бурхны хөвгүүд юм» гэж хариулжээ (Лук 20:34–36).

Есүс дэлхий дээр амилах хүмүүсийн тухай ярьсан байх гэж манай ном хэвлэлд тайлбарлаж ирсэн. Энэ нь хоёр гол шалтгаантай. Нэгд, садукайчууд дэлхий дээрх амилалтын тухай асууж, Есүс тэр дагуу нь хариулсан байх. Хоёрт, дэлхий дээр амилах найдвартай Абрахам Исаак Иаков нарын үнэнч хүмүүсийг Есүс үгийнхээ төгсгөлд дурдсан (Лук 20:37, 38).

Гэтэл тэнгэр дэх амилалтын тухай ярьж байсан бол яах вэ? Яагаад ингэж асуухад хүрч байна вэ? Садукайчуудад хэлсэн үгийг нь задалж үзье.

«Үхэгсдээс амилалтад хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс». Тослогдсон үнэнч христианууд «Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогддог» (2 Тес. 1:5, 11). Христ амиа золиосолсны ачаар тослогдсон христианууд нүглийн ялаас чөлөөлөгдсөн. Ийнхүү Бурхан тэднийг цагаатгаж «ямар ч ял байхгүй» хэмээн үздэг (Ром 5:1, 18; 8:1). Тиймээс тослогдогсдыг «ерөөлтэй агаад ариун» гэдэг бөгөөд тэнгэрт амилах зохистойд тооцдог (Илч. 20:5, 6). Харин дэлхий дээр амилах хүмүүсийн тоонд «хилэнцэт» хүмүүс ч ордог (Үйлс 24:15). Тэднийг тэнгэрт амилах «зохистойд» тооцож болно гэж үү?.

«Тэд ... цаашид үхэж чадахгүй». Есүс: «Тэд цаашид үхэхгүй» гэж хэлээгүй, харин «үхэж чадахгүй» гэж хэлсэн. Бусад орчуулгад үүнийг «тэд үхэлд дахин хэзээ ч захирагдахгүй», «үхэл тэднийг дийлэх хүчгүй болно» гэж орчуулсан байдаг. Үнэнч тослогдсон христианууд үхэшгүй мөнхийн амьтай болж тэнгэрт амилна. Өөрөөр хэлбэл тэд мөхөж усташгүй амьтай болно (1 Кор. 15:53, 54). Тэнгэрт амилсан хүмүүс хэзээ ч үхэлд дийлдэхгүй. *

Дээр ярьснаас юу гэж дүгнэж болох вэ? Есүс гэрлэлт болон амилалтын тухай ярихдаа тэнгэрт амилах хүмүүсийн тухай бодож байсан байж болох юм. Тийм бол тэнгэрт амилсан хүмүүсийн талаар гурван зүйл тодорхой болж байна. Тэд 1) гэрлэхгүй, 2) үхэхгүй, 3) тэнгэр элчүүдтэй зарим нэг талаараа төстэй. Гэхдээ энэ дүгнэлтээс үүдээд дараах асуултууд гарч байна.

Нэгдүгээрт, садукайчууд дэлхий дээрх амилалтын тухай бодож байсан юм бол Есүс яагаад тэнгэр дэх амилалтын тухай ярьсан бэ? Есүс эсэргүүцэгчдийнхээ асуултад хариулахдаа заримдаа тэдний огт бодож байгаагүй зүйлийг хэлдэг байсан. Жишээ нь, иудейчүүд түүнээс гайхамшиг үйлдэхийг шаардахад «Энэ сүмийг устга. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно» гэж хэлсэн. Иудейчүүд сүмийн барилгын тухай бодож байгааг Есүс мэдэж байсан ч «Өөрийн биеийн сүмийн тухай айлдсан ажээ» (Иох. 2:18–21). Садукайчууд үнэхээр мэдье гэж асуугаагүй учраас Есүс тэдний асуултад хариулах шаардлагагүй гэж бодсон байх. Тэгээд ч нас барагсад амилна, тэнгэр элчүүд байдаг гэх зэрэгт тэд итгэдэггүй байсан (Сур. 23:9; Мат. 7:6; Үйлс 23:8). Харин шавь нар нь үнэнийг мэдэх гэсэн чин хүсэлтэй, бас тэнгэрт амилах найдвартай учраас тэдэндээ тэнгэр дэх амилалтын тухай нарийн ширийн зүйлийг мэдүүлэхийг хүссэн биз ээ.

Хоёрдугаарт, Есүс яриагаа дуусгахдаа дэлхий дээр амилах найдвартай Абрахам Исаак Иаков нарыг яагаад дурдсан бэ? (Матай 22:31, 32-ыг уншина уу). Есүс тэнгэр дэх амилалтын тухай ярьж байснаа «Харин үхэгсдийн амилалтын тухайд» гэж хэлснийг анхаараарай. Энэ нь ярианыхаа сэдвийг өөрчилсөн хэрэг байлаа. Тэгээд шатаж буй бутны дэргэд Ехова Мосед юу хэлснийг иш татахдаа тэдгээр үнэнч хүмүүсийн нэрийг дурдсан. Мосегийн номоос яривал садукайчууд хүлээн зөвшөөрөхийг мэдэж байв. Нас барагсдыг дэлхий дээр амилуулах нь Бурхны санаа зорилго гэдгийг ийнхүү баталжээ (Ег. 3:1–6).

Гуравдугаарт, Есүсийн ярьсан нь тэнгэрт амилах хүмүүст хамаатай юм бол дэлхий дээр амилах хүмүүс гэрлэнэ гэсэн үг үү? Энэ асуултын тодорхой хариу Бурхны Үгэнд байдаггүй. Хэрэв Есүс зөвхөн тэнгэрт амилах хүмүүсийн талаар ярьсан гэж үзвэл дэлхий дээр амилах хүмүүс гэрлэх эсэхийг тайлбарлаагүй гэсэн үг.

Дашрамд дурдахад, нөхөр эхнэрийн харьцаа үхлээр дуусгавар болдгийг Бурхны Үгэнд ил тод хэлсэн байдаг. Тиймд ханиа алдсан хүн дахин гэрлэхээр болсон бол буруу юм байхгүй. Дахин гэрлэх эсэхээ хүн өөрөө шийдэх бөгөөд хэн ч түүнийг шүүмжлэх эрхгүй (Ром 7:2, 3; 1 Кор. 7:39).

Шинэ ертөнцөд амьдрал ямар байх талаар янз бүрийн асуулт гардаг нь ойлгомжтой. Тэдгээр асуултад хариулах гэж таамаг дэвшүүлэхийн оронд хүлээгээд харах хэрэгтэй. Ямар ч байсан, Бурханд дуулгавартай хүмүүс тэр үед жаргалтай амьдрах нь тодорхой. Учир нь Ехова тэдний бүх хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлагыг дээд зэргээр хангана (Дуу. 145:16).

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1987 оны 6-р сарын 1-ний дугаарын 30, 31-р хуудсыг үзнэ үү (англи).

^ Нас барсан нөхрийнхөө ах дүүтэй гэрлэдэг ёс Библи бичигдэж байх үед байжээ. Хэрэв хүн эхнэр авсан ч үр хүүхэдгүй нас барвал ах юм уу дүү нь эхнэртэй нь гэрлэж үр удмыг нь залгуулдаг байв (Эх. 38:8; Д.хууль 25:5, 6).

^ Дэлхий дээр амилах хүмүүс мөнх амьдрах ирээдүйтэй ч үхэшгүй мөнхийн амьтай болохгүй. Үхэшгүй мөнхийн амь, мөнхийн амь хоёр ямар ялгаатайг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2009 оны 2-р сарын 15-ны дугаарын 25-р хуудасны 6-р догол мөрөөс үзнэ үү.