Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн санаа зорилго биелэхэд эмэгтэйчүүд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Еховагийн санаа зорилго биелэхэд эмэгтэйчүүд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

«Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна» (ДУУ. 68:11).

1, 2. а) Ехова Адамд ямар бэлэг өгсөн бэ? б) Адамд яагаад эхнэр өгсөн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

 ЕХОВА дэлхийг бүтээсэн нь тодорхой зорилготой байв. Тэрбээр «хүмүүсийг оршин суулгахын тулд» манай гаригийг бүтээжээ (Ис. 45:18). Дараа нь Адам гэдэг төгс хүнийг бүтээгээд үзэсгэлэнт Еден цэцэрлэгийг гэр орон болгон өгчээ. Өндөр саглагар модод, хоржигнон урсах гол горхи, тоглон наадах ан амьтдыг харах Адамд хэчнээн сайхан санагддаг байсныг төсөөлөхөд төвөггүй! Гэвч нэг юм дутуу байлаа. Тэр нь юу байсныг Еховагийн хэлсэн үгнээс мэдэж болно. Бурхан: «Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе» гэжээ. Дараа нь Адамыг бөх гэгч нь унтуулаад нэг хавиргыг нь авч «тэр хавиргаараа эмэгтэй хүн бүтээжээ». Адам сэрээд ямар их баярласан бол оо! Тиймдээ ч «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах бөгөөд түүнийг Эрэгтэй хүнээс гаргаж авсан тул Эмэгтэй гэж нэрлэе хэмээн хэлжээ» (Эх. 2:18–23).

2 Еховагийн бүтээсэн эмэгтэй хосгүй бэлэг байлаа. Адамын төгс туслагч болсон тэр эмэгтэй бас хүүхэд төрүүлэх онцгой чадвартай байв. Тийм болохоор Адам «эхнэрээ Ева гэж нэрлэжээ. Учир нь тэр амьд бүхний эх болсон» (Эх. 3:20). Бурхан анхны хосод ямар гайхалтай бэлэг өгөө вэ! Тэд төгс үр хүүхэд төрүүлж, дэлхийг бүхэлд нь диваажин болгож «бүх амьтдыг захирах» учиртай байв (Эх. 1:27, 28).

3. а) Адам Ева хоёр Бурхны ивээлийг хүртэхийн тулд яах ёстой байсан бэ? б) Ямар асуултыг авч үзэх вэ?

3 Адам Ева хоёр ивээл хүртэхийн тулд Бурханд захирагдах ёстойгоо хүлээн зөвшөөрч, удирдамж зааврыг нь дуулгавартай дагах учиртай байлаа (Эх. 2:15–17). Ингэсэн цагт Бурхны хүсэл таалалд нийцэх байв. Харамсалтай нь тэд «эртний могой» гэгддэг Сатаны үгэнд орж Бурхны эсрэг нүгэл үйлдсэн (Илч. 12:9; Эх. 3:1–6). Энэ нь эмэгтэйчүүдэд ямар балаг тарьсан бэ? Эрт үед Бурханд үйлчилж байсан эмэгтэйчүүд үнэнчээ хэрхэн баталсан бэ? Орчин үед Еховад үйлчилдэг эмэгтэйчүүд олон байдаг гэхийн учир юу вэ? (Дуу. 68:11).

ДУУЛГАВАРГҮЙН ГАЙ

4. Адам Ева хоёрын үйлдсэн нүглийн хариуцлагыг хэн хүлээх ёстой байсан бэ?

4 Адам яагаад дуулгаваргүй загнаснаа Еховад тайлбарлах болоход «Надтай хамт байлгахаар Таны надад өгсөн тэр эмэгтэй надад тэр модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн» хэмээн өөрийгөө зөвтгөхийг оролджээ (Эх. 3:12). Адам хийсэн хэргийнхээ хариуцлагыг үүрэхийн оронд буруугаа Евад тохсон. Тэр байтугай, эхнэрийг бэлэг болгон өгсөн Еховаг буруутгажээ! Адам Ева хоёр хоёулаа нүгэл үйлдсэн боловч хариуцлага хүлээх ёстой гол хүн нь Адам байлаа. Тийм учраас элч Паул: «Нэг хүнээр [Адамаар] ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн» гэж бичжээ (Ром 5:12).

5. Хүмүүс өөрөө өөрсдийгөө захирдаг болсноор юу батлагдсан бэ?

5 Адам Ева хоёр Сатаны нөлөөнд автаж, Еховад захирагдах албагүй гэсэн бодолтой болжээ. Үүнээс улбаалан «Хүн төрөлхтнийг хэн захирах эрхтэй вэ?» гэсэн асуулт гарсан. Ехова энэ асуултад хариулахын тулд хүмүүст өөрөө өөрсдийгөө захирах хугацаа олгожээ. Бурхнаар удирдуулахгүйгээр хүн жаргалтай амьдарч чадахгүйг түүх баталдаг. Хүн хүнээ захирдаг болсноор зовлон бэрхшээл тасраагүй. Өнгөрсөн зуунд л гэхэд 100 сая хүн, түүний дотор гэмгүй номхон ард иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд дайны уршгаар амь насаа алджээ. «Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» нь энэ мэт олон баримтаас харагддаг (Иер. 10:23, ШЕ). Иймээс хүн төрөлхтнийг Ехова захирах эрхтэйг жинхэнэ христианууд хүлээн зөвшөөрдөг (Сургаалт үгс 3:5, 6-г уншина уу).

6. Хүмүүс эмэгтэйчүүдэд яаж ханддаг вэ?

6 Сатаны эрхшээлд байдаг энэ ертөнцөд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль аль нь зовлон амсдаг (Ном. 8:9; 1 Иох. 5:19). Эмэгтэйчүүд харгис балмад явдлын золиос болсоор байна. Жишээлбэл, дэлхий даяар нийт эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь нөхөр юм уу найз залуудаа зодуулах зэргээр хүчирхийлэлд өртдөг. Эрэгтэй хүүхдийг удам залгах, эцэг эх эмээ өвөөгөө асран халамжлах хүн хэмээн эмэгтэй хүүхдээс илүүд үздэг улс орон байдаг. Зарим нутгийн хүмүүс охинтой болохыг хүсдэггүй. Тиймээс эмэгтэй хүүхэд байвал үр хөндүүлэх нь их байдаг ажээ.

7. Бурхан эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг вэ? Энэ нь Еваг бүтээснээс хэрхэн харагддаг вэ?

7 Эмэгтэйчүүдтэй хүний ёсноос гадуур харьцахыг Ехова үздэггүй. Тэрбээр эмэгтэйчүүдэд эрх тэгш, хүндэтгэлтэй ханддаг. Энэ нь Еваг Адамтай адилхан төгс хүн болгон бүтээж, олон сайхан зан чанар, авьяас чадвар хайрласнаас нь харагддаг. Тийм учраас Ева Адамын зарц бус, хосгүй дэмжигч нь болжээ. Ехова дэлхий дээрх бүх зүйлийг бүтээж дуусгаад «Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» гэж Библид бичсэний нэг учир нь энэ юм (Эх. 1:31). Үнэхээр ч Ехова «бүгдийг» «нэн сайхан» бүтээсэн бөгөөд анхны хосод жаргалтай амьдрах үндэс суурийг тавьж өгсөн.

ЕХОВАГИЙН САЙШААЛЫГ ХҮРТСЭН ЭМЭГТЭЙЧҮҮД

8. а) Ихэнх хүн ямар болсон бэ? б) Бурхан ямар хүмүүсийг сайшаадаг вэ?

8 Еденд болсон явдлаас хойш хүн төрөлхтөн Еховад үл захирагдах болжээ. Сүүлийн үед хүмүүс бие биедээ зүй бусаар хандах нь улам ихэссэн. Муу муухай явдал газар авч байгаа нь «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ» гэсэн Библийн зөгнөл биелж буй хэрэг юм (2 Тим. 3:1–5). Гэхдээ Бурхны хууль тушаалыг сахин биелүүлдэг, Бурханд дуулгавартай захирагддаг хүмүүс хэзээ ямагт байсаар ирсэн. Өөрт нь итгэж найддаг тийм хүмүүсийг Ехова сайшаан, тусалж дэмждэг (Дуулал 71:5-ыг уншина уу).

9. Усан галаваар хэдэн хүн амьд үлдсэн бэ? Яагаад?

9 Ноагийн үед Бурхан муу хүмүүсийг усан галаваар устгахдаа цөөхөн хүнийг амьд үлдээсэн. Тэр үед Ноагийн ах дүү нар байсан бол тэд ч усан галаваар амиа алдсан гэсэн үг (Эх. 5:30). Эсэн мэнд үлдсэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тоо адилхан байв. Тэд бол Ноа, түүний эхнэр, гурван хүү, гурван бэр нь байлаа. Ноагийн гэр бүлийнхэн Бурхнаас эмээдэг, хүсэл таалалд нь нийцүүлж амьдардаг байсан учраас аврагдсан. Одоо дэлхий дээр амьдарч буй хэдэн тэрбум хүн энэ найман хүний үр удам юм (Эх. 7:7; 1 Петр 3:20).

10. Эртний үнэнч үйлчлэгчдийн эхнэрүүд Бурхны сайшаалыг яагаад хүртсэн бэ?

10 Усан галаваас хойш олон жилийн дараа амьдарч байсан эртний үнэнч үйлчлэгчдийн эхнэрүүд Бурхны сайшаалыг хүртэж байв. Тэд ахуй амьдралаасаа болж дургүйцэн гомдоллодоггүй байсан учир Ехова тэднийг ивээж хамгаалдаг байсан (Иуда 16). Сараг жишээ болгон авъя. Ур хотод тав тухтай амьдарч байсан тэрбээр харийн нутагт майханд амьдрахаар болоход дургүйцээгүй. Харин ч «Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагажээ» (1 Петр 3:6). Исаакийн эхнэр Ребекаг бодож үзье. Тэрбээр Исаакийн хувьд Еховагийн өгсөн гайхалтай бэлэг байлаа. «Исаак Ребекаг ... хайрлан дурлажээ. Эхийгээ нас барснаас хойших Исаакийн уй гашуу нь ингэж тайлагдав» хэмээн Библид бичсэн байдаг (Эх. 24:67). Өнөөдөр Еховагийн ард түмний дунд Сара Ребека хоёр шиг үнэнч эмэгтэйчүүд олон байдаг нь бахархууштай.

11. Еврей эх баригчид зоригтой байсан нь юунаас харагддаг вэ?

11 Египетийн дарлалд байсан израильчууд өсөн нэмэгдэж үй олон болоход фараон зарлиг гаргаж, израиль эмэгтэйчүүдээс эрэгтэй хүүхэд төрмөгц нь ал гэсэн тушаал буулгажээ. Тэгэхэд Шифра, Пуа гэдэг еврей эмэгтэйчүүд эх баригчдыг ахалдаг байсан бололтой. Тэр хоёр Еховагаас эмээдэг байсан учир зүрх зориг гарган фараоны тушаалыг зөрчсөн. Тиймээс Ехова тэднийг ивээж гэр бүлтэй болгожээ (Ег. 1:15–21).

12. Дебора Иаел хоёрын хийсэн ямар үйл хэрэг онцгой байсан бэ?

12 Шүүгчдийн үед амьдарч байсан Дебора гэдэг зөнч эмэгтэй Еховагийн сайшаалыг хүлээжээ. Тэрбээр шүүгч Баракийг зоригжуулж, израильчуудыг дайснаа дарахад нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Канаанчуудыг ялж, алдраа дуурьсгах хүн нь Барак биш, нэгэн эмэгтэй байх болно гэдгийг Дебора зөгнөсөн. Иаел гэдэг харь үндэстэн эмэгтэй канаанчуудын цэргийн жанжин Сисераг хөнөөснөөр уг зөгнөл биелжээ (Шүү. 4:4–9, 17–22).

13. Абигаилын тухай Библид юу гэж байдаг вэ?

13 МЭӨ XI зуунд амьдарч байсан Абигаил гэдэг үнэнч эмэгтэйн тухай ярилцъя. Ухаан саруул энэ эмэгтэйн нөхөр Набал хахир хатуу, өөдгүй зантай, мунхаг хүн байв (1 Сам. 25:2, 3, 25). Давид нөхдийнхөө хамт Набалын мал сүргийг хамгаалж байсан болохоор хоол хүнс, эд материалын тусламж хүсжээ. Гэтэл Набал «тэднийг харааж зүхэн» юу ч өгсөнгүй. Давид ихэд уурлан, Набалыг эрчүүдтэй нь хамт хүйс тэмтрэхээр хөдлөв. Абигаил хэрэг явдлыг дуулаад Давид болон түүний нөхдөд идэж уух юм авч явжээ. Ийнхүү Давидыг хүний амь хөнөөхөөс хамгаалсан юм (1 Сам. 25:8–18). Давид Абигаилд «Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай» хэмээн хэлжээ (1 Сам. 25:32). Набалыг үхсэний дараа Давид Абигаилыг эхнэрээ болгосон (1 Сам. 25:37–42).

14. Шаллумын охид ямар ажилд оролцсон бэ? Орчин үеийн эмэгтэйчүүд үүнтэй төстэй ямар ажил хийдэг вэ?

14 Вавилончууд МЭӨ 607 онд Иерусалимыг сүмтэй нь устгахад эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд багачууд олноороо амиа алджээ. МЭӨ 455 онд Нехемиагийн удирдлагаар Иерусалимын хэрмийг сэргээн босгох ажилд оролцсон хүмүүсийн дунд «Иерусалимын хагас дүүргийн захирагч» Шаллумын охид байлаа (Нех. 3:12). Тэд хар бор ажлыг дуртайяа хийжээ. Дэлхий дахинд өрнөж буй барилгын ажилд баяр хөөртэй оролцдог эмэгтэйчүүд орчин үед ч олон бий. Бид тэднээрээ бахархдаг.

I ЗУУНЫ ҮЕИЙН ҮНЭНЧ ЭМЭГТЭЙЧҮҮД

15. Ехова Мариа гэдэг эмэгтэйд ямар завшаан олгосон бэ?

15 МЭ I зууны үеийн эмэгтэйчүүдэд Ехова хосгүй завшаан олгож байжээ. Тэдний нэг бол Мариа гэдэг онгон эмэгтэй юм. Тэрбээр Иосефтой сүй тавьсан ч дэр нэгтгэхээсээ өмнө ариун сүнсний хүчээр хүүхэдтэй болжээ. Ехова яагаад Мариаг Есүсийн ээж болгохоор сонгосон бэ? Мариа төгс хүүгээ өсгөж хүмүүжүүлэхэд шаардлагатай сайхан зан чанартай байсан нь лавтай. Энэ дэлхий дээрх хамгийн агуу хүний эх болно гэдэг үнэхээрийн хосгүй завшаан байлаа! (Мат. 1:18–25).

16. Есүс эмэгтэйчүүдэд хэрхэн ханддаг байсан бэ?

16 Есүс эмэгтэйчүүдэд санаа тавьж, сайхан сэтгэлээр ханддаг байжээ. Жишээлбэл, арван хоёр жил цус алдах өвчнөөр шаналсан нэг эмэгтэйтэй хэрхэн харьцсаныг нь аваад үзье. Тэр эмэгтэй олны дундуур зүтгэсээр араас нь очиж, хувцсанд нь хүрэхэд Есүс загнаагүй. Харин ч «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун» хэмээн хэлсэн (Марк 5:25–34).

17. МЭ 33 оны Пентекостын өдөр ямар гайхамшигт үйл явдал болсон бэ?

17 Есүсийг элч нарынхаа хамт дэлгэрүүлэх аялал хийж явахад нь зарим эмэгтэй өмч хөрөнгөөрөө тус нэмэр болж байжээ (Лук 8:1–3). МЭ 33 оны Пентекостын өдөр Бурхны ариун сүнсийг авсан 120 орчим хүний дунд эмэгтэйчүүд ч байв (Үйлс 2:1–4-ийг уншина уу). Энэ тухай олон жилийн өмнө Ехова: «Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүл[нэ] ... Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана» хэмээн хэлсэн байдаг (Иоел 2:28, 29). Пентекостын өдөр болсон энэ гайхамшигт үйл явдал юу харуулдаг вэ? Ехова тэрслүү израиль үндэстнийг сайшаахаа больж, «Бурханы Израилийг» бүрдүүлдэг эдгээр эрэгтэй эмэгтэй хүнийг сайшаах болсныг батлан харуулдаг (Гал. 3:28; 6:15, 16). Нэгдүгээр зуунд дэлгэрүүлэх ажилд оролцдог эмэгтэйчүүд олон байсан бөгөөд тэдний дунд «сайн мэдээг тунхаглагч Филипийн» дөрвөн охин байжээ (Үйлс 21:8, 9).

ОРЧИН ҮЕИЙН ҮНЭНЧ ЭМЭГТЭЙЧҮҮД

18, 19. а) Бурхан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд ямар завшаан олгосон бэ? б) Сайн мэдээ тунхаглагч эмэгтэйчүүдийн талаар дуулалчийн хэлсэн зөгнөл хэрхэн биелж байна вэ?

18 1800-аад оны сүүлээр эрэгтэй эмэгтэй цөөн хэдэн хүн Библийн үнэнийг ихэд сонирхон судалж эхэлжээ. Тэд Есүсийн зөгнөл биелэхэд хувь нэмрээ оруулж буй хүмүүсийн анхдагчид болсон юм. Есүс: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн зөгнөсөн байдаг (Мат. 24:14).

19 Библи Судлаачид гэгддэг байсан тэр хүмүүсийн тоо улам бүр өсөн нэмэгдсэн. Эдүгээ Еховагийн 8 сая орчим Гэрч байна. Тэднээс гадна 11 сая гаруй хүн Есүсийн нас барсныг Дурсах цуглаанд ирсэн нь Библийг болон Еховагийн байгууллагын үйл ажиллагааг сонирхож буйн илрэл юм. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд байв. Түүнчлэн дэлхий даяар Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажилд бүрэн цагаар оролцдог нэг сая гаруй хүний дийлэнх нь эмэгтэйчүүд ажээ. Ехова үнэнч эмэгтэй үйлчлэгчдэдээ хосгүй завшаан өгдөг. «ЭЗЭН тушаал буулгадаг. Мэдээ тунхаглагч эмэгтэйчүүд олон байна» хэмээсэн дуулалчийн зөгнөл ийнхүү биелж байна (Дуу. 68:11).

Сайн мэдээ дэлгэрүүлдэг эмэгтэйчүүд олон (18, 19-р догол мөрийг үзнэ үү)

ҮНЭНЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮРТЭХ АГУУ ШАГНАЛ

20. Гэр бүлийн хичээл болон бие даасан судлалаараа юу судалж болох вэ?

20 Библид гардаг бүх үнэнч эмэгтэйчүүдийн талаар бичье гэвэл бэх цаас хүрэхгүй биз ээ. Харин Бурхны Үг болон байгууллагынхаа ном хэвлэлийг уншиж тэднээс үлгэр дууриал авцгаая. Жишээ нь, үнэнч Рутийн тухай эргэцүүлэн бодоорой (Рут 1:16, 17). Библид байдаг «Естер» ном болон Естер хатны тухай бичсэн өгүүллийг уншиж итгэлээ бэхжүүлээрэй. Гэр бүлийн Библийн хичээлээрээ эдгээр болон бусад үнэнч эмэгтэйчүүдийн тухай судлаарай. Ганц бие хүмүүс үнэнч эмэгтэйчүүдийн талаар бие даан судалж болохгүй нь юу билээ?

21. Эмэгтэйчүүд хүнд хэцүү үед Еховад үнэнчээ хэрхэн баталсан бэ?

21 Дэлгэрүүлэх ажлыг үнэнчээр хийдэг эмэгтэйчүүдийг Ехова ивээж, сорилт бэрхшээл тулгарахад нь тусалж дэмждэг. Жишээлбэл, нацист болон коммунист дэглэмийн үед Ехова эмэгтэй үйлчлэгчдэдээ үнэнч байхад нь тусалсан. Тэр үед олон эмэгтэй зовлон зүдгүүр амсаж, түүгээр ч үл барам, Бурханд дуулгавартай байсныхаа төлөө амиа алдсан (Үйлс 5:29). Тэдний нэгэн адилаар Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг хүмүүс, түүний дотор эмэгтэйчүүд өнөөдөр олон бий. Ехова тэдний баруун гараас барьж «Бүү ай. Би чамд тусална» хэмээн хэлдэг (Ис. 41:10–13).

22. Бид ирээдүйд ямар завшаан эдлэх вэ?

22 Ойрын ирээдүйд, Бурханд үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүс дэлхийг диваажин болгох ажилд оролцоно. Тэгээд олон сая хүнийг амилахад Еховагийн санаа зорилгыг тэдэнд мэдүүлнэ. Тэр болтол Бурхандаа «мөр зэрэгцэн» үйлчлэх завшаанаа эрхэмлэж явцгаая (Зеф. 3:9).