Хаана ч явсан Еховаг сонс
«Ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно» (ИС. 30:21).
1, 2. Ехова үйлчлэгчдээ яаж удирддаг вэ?
БИБЛИЭС үзвэл Ехова хүмүүст янз бүрийн аргаар удирдлага заавар өгдөг байжээ. Зарим хүнд зүүд зүүдлүүлэх, ирээдүйн үйл явдлыг ер бусаар үзүүлэх юм уу тэнгэр элчүүдээрээ үг хэлүүлдэг байсан. Бас үүрэг даалгавар өгдөг байв (Тоол. 7:89; Езе. 1:1; Дан. 2:19). Заримдаа төлөөлөгчөөр томилсон хүмүүсээрээ удирдлага заавар өгүүлдэг байсан. Ямар ч атугай, заавар зөвлөгөөг нь дагасан хүн ивээл хүртдэг байжээ.
2 Өнөө үед Ехова үйлчлэгчдээ Библиэр, үйлдэх хүчээрээ, хурлаар дамжуулан удирддаг (Үйлс 9:31; 15:28; 2 Тим. 3:16, 17). Бурхны өгдөг заавар зөвлөгөө тодорхой, ойлгомжтой учраас «Ард чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэсэн үгийг та нарын чих сонсоно» гэж Библид бичжээ (Ис. 30:21). Есүс бас Еховагийн үгийг бидэнд дамжуулдаг. Ингэхдээ «итгэмжит, ухаалаг боолоор» уламжлан хурлыг удирддаг (Мат. 24:45). Бид Еховагийн өгдөг удирдлага зааврыг онцгой анхаарч дуулгавартай дагасан цагт мөнх амьдарна (Евр. 5:9).
3. Еховаг анхааралтай сонсоход юу саад болдог вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).
3 Еховагийн өгдөг удирдлага заавар бидний амь насыг аврах хүчтэйг Сатан Диавол мэддэг. Тийм болохоор Еховаг сонсоход бидэнд саад хийхийг оролддог. Бас хуурамч «зүрх» маань саад болох нь бий (Иер. 17:9). Эдгээр саадыг хэрхэн давахыг энэ өгүүллээр ярилцъя. Еховаг сонсож, тогтмол ярилцах буюу залбирдаг бол ямар ч үед дотно байж болдгийг бас авч үзье.
САТАНЫ ЗАЛЬ МЭХЭНД УНАХГҮЙН ТУЛД
4. Сатан хүмүүсийн бодол санааг завхруулахын тулд яадаг вэ?
4 Сатан хуурамч мэдээлэл, худал суртал ухуулга тарааж хүмүүсийн бодол санааг завхруулахыг оролддог (1 Иохан 5:19-ийг уншина уу). Ном, сонин, сэтгүүлээс гадна радио, телевиз, интернетээр дөрвөн зүг найман зовхист мэдээлэл тардаг. Ашигтай мэдээ, мэдээлэл цацах нь бий. Гэхдээ их төлөв, Еховагийн тогтоосон хэм хэмжээнд үл нийцэх мэдээлэл цацагддаг (Иер. 2:13). Жишээлбэл, ижил хүйстэнтэйгээ явалдахыг Библид буруушаадаг байхад, ийм хүмүүс гэрлэх нь буруу биш гэж сурталчлан таниулдаг. Үүнээс болоод Библийг хэтэрхий хатуу гэж үздэг хүн олон болжээ (1 Кор. 6:9, 10).
5. Сатаны суртал ухуулгын үерт автахгүйн тулд яах хэрэгтэй вэ?
5 Бурхны тогтоосон хэм хэмжээг үнэлж эрхэмлэдэг бид Сатаны тараадаг суртал ухуулгын үерт автахгүйн тулд яах вэ? Сайн мууг хэрхэн ялгах вэ? Бурхны үгийг дуулгавартай дагах хэрэгтэй (Дуу. 119:9). Үнэн зөв мэдээллийг худал суртал ухуулгаас ялгах чадвартай болгодог амин чухал удирдамж заавар Библид бий (Сур. 23:23). Есүс Судраас иш татан: «Хүн ... Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна» гэжээ (Мат. 4:4). Бид Библийн зарчмыг баримталж сурах хэрэгтэй. Үүнийг ойлгохын тулд жишээ авъя. Иосефыг Потифарын эхнэр өдөж буруу юм хийлгэхийг оролддог байв. Завхайрч болохгүй гэсэн хууль тэр үед гараагүй байсан. Гэхдээ Иосеф Потифарын эхнэртэй завхайрвал Бурхны эсрэг нүгэл үйлдэнэ гэдгийг ойлгодог байжээ. Еховад дуулгавартай байх нь Иосефын хувьд хамгийн чухал байв (Эхлэл 39:7–9-ийг уншина уу). Тэр эмэгтэй байнга өдөж, ятгаж байсан ч Иосеф түүнийг бус, Еховаг сонсохыг илүүд үзсэн. Бид бас Еховаг сонсож, чихэнд чийр болсон Сатаны суртал ухуулгыг сонсохгүй байх хэрэгтэй.
6, 7. Хорон санаат Сатаны өгдөг зөвлөгөөг сонсохгүйн тулд яах хэрэгтэй вэ?
6 Шашны хуурамч сургаал номлол газар авсан өнөө үед жинхэнэ шашныг хайгаад ч нэмэргүй гэж олон хүн боддог. Гэхдээ заавар зөвлөгөөг нь сонсъё гэсэн сэтгэлтэй хүнд Ехова туслахад бэлэн байдаг. Хүн хоёр юмыг зэрэг сонсож чадахгүй учраас алийг нь сонсохоо шийдэх нь чухал. Бид Есүсийн «дууг таньж», хэлэх үгийг нь сонсдог байх хэрэгтэй. Ехова түүнд хоньдоо хариуцуулсан билээ (Иохан 10:3–5-ыг уншина уу).
7 «Та нар сонсож байгаа зүйлээ анхаарагтун» гэж Есүс хэлжээ (Марк 4:24). Еховагийн зөвлөгөө ойлгомжтой, ач тустай. Гэхдээ бид анхааралтай сонсож, дуулгавартай дагахын тулд зөв хандлагатай байх хэрэгтэй. Болгоомжтой байхгүй бол хайр халамжтай Бурхныхаа бус, хорон санаат Сатаны зөвлөгөөг сонсох аюултай. Еховад таалагддаггүй дуу хөгжим, кино нэвтрүүлэг, ном сэтгүүлийг бүү сонирхоорой. Бас Библийн зарчмыг үл тоомсорлодог хүмүүс, багш мэргэжилтнүүдийн үгийг битгий дагаарай (Кол. 2:8).
8. а) Бид юунаас болоод Сатаны урхинд орж мэдэх вэ? б) Аюулыг үл тоомсорловол юу болох вэ?
8 Сатан биднийг төрөлхийн нүгэлтэй гэж мэддэг учраас нүгэлт хандлагаар маань далимдуулан уруу татахыг оролддог. Тийм үед Еховад үнэнч байх нь үнэхээр хэцүү байдаг (Иох. 8:44–47). Жишээ нь, хүн хүсэлдээ дийлдэхлээрээ хэзээ ч хийхгүй гэж бодож байсан буруу юмаа хийчихдэг (Ром 7:15). Юунаас болоод ийм байдалд хүрдэг вэ? Еховаг сонсохоо аажим аажмаар больсноос болдог. Тийм хүн залбирахаа болих, алдаг оног дэлгэрүүлэх, цуглаан тасалдаг болох зэргээр Еховагаас холдож байгаагаа анзаардаггүй эсвэл тоодоггүй. Эцэст нь хүсэлдээ дийлдээд буруу гэж мэддэг юмаа хийчихдэг. Бид ийм ноцтой алдаа гаргахгүйн тулд яах вэ? Еховатай тогтоосон харьцаанд маань аюул учирч байгааг анзаарсан даруйдаа засах хэрэгтэй. Еховагийн хэлэхийг анхааралтай сонсвол тэрс үзэл санааг сонсохгүй (Сур. 11:9).
9. Буруу юм хийх хүсэлтэй болсон эсэхээ эрт магадлах нь яагаад чухал бэ?
9 Өвчнөө эрт оношлуулбал амиа аврах боломжтой. Үүнтэй адилаар, буруу юм хийх хүсэлтэй болсон эсэхээ аль болох эрт магадлаарай. Хэрэв тийм хүсэлтэй болсноо мэдсэн бол нэн даруй арга хэмжээ аваарай. Тэгвэл Сатаны хүслээр явахгүй (2 Тим. 2:26). Еховагийн шаардлагад нийцэхгүй хүсэл сонирхол, үзэл бодолтой болсноо анзаарвал цаг алдалгүй залбирч, удирдлага заавар гуйгаарай. Тэгээд зөвлөгөөг нь дагаарай (Ис. 44:22). Буруу шийдвэр гаргавал үнэхээр зовно гэдгийг битгий мартаарай. Ехова руу буцаж ирсэн ч хийсэн хэргийнхээ үр дагавраас бүрэн ангижрахгүй байж магадгүй шүү. Анхнаасаа ноцтой нүгэл үйлдэхгүй байх нь илүү дээр биз дээ?
БАРДАМ ЗАН, ШУНАХАЙ СЭТГЭЛДЭЭ ДИЙЛДЭХГҮЙН ТУЛД
10, 11. а) Бардам хүн ямар байдаг вэ? б) Кора Датан Абирам нарын явдал ямар сургамжтай вэ?
10 Бэлгэдлийн зүрхэндээ хууртвал Еховагаас холдох аюултайг мартаж болохгүй. Буруу юм хийх хүсэл үнэхээр хүчтэй! Жишээ нь, Еховаг сонсоход саад болж сүйрэлд хүргэдэг бардам зан, шунахай сэтгэлийн талаар авч үзье. Бардам хүн өөрийгөө их юманд бодож, хүссэн бүхнээ хийх эрхтэй гэж үздэг. «Юу хийхийг минь хэн ч надад заах ёсгүй» гэж боддог. Итгэл нэгтнүүд, ахлагч, тэр байтугай байгууллагын зөвлөгөөг ч үл тоомсорлодог. Тийм хүнд Еховагийн дуу хоолой маш бүдэг сонсогддог.
11 Израильчуудыг цөлөөр явахад нь Ехова, Мосе Аарон хоёрыг тэдний удирдагчаар томилсон билээ. Гэвч Кора Датан Абирам нар бардам зангаасаа болоод Мосе Аарон хоёрын эсрэг тэрсэлж, Еховаг өөрийнхөөрөө шүтэхийг хүсжээ. Ехова яасан бэ? Тэрслэгчдийг устгасан (Тоол. 26:8–10). Энэ түүх бидэнд том сургамж болдог! Еховагийн эсрэг тэрслэх нь сүйрэлд хүргэдэг ажээ. Бас «сүйрлийн өмнө бардам зан явдгийг» мартахгүй байя (Сур. 16:18; Ис. 13:11).
12, 13. а) Шунахайрснаас болж сүйрэлд хүрдгийг харуулах жишээ хэлнэ үү. б) Хүслээ дарахгүй бол шунахай болдгийг жишээгээр тайлбарлана уу.
12 Одоо шунахай сэтгэлийн талаар ярилцъя. Шунахай хүн дураараа авирладаг бөгөөд хүний юмыг өөрийн болгож болно гэж боддог. Бурхны зөнч Елиша Арамын цэргийн ахмад Нааманы уяман өвчнийг эдгээжээ. Нааман ихэд талархан бэлэг сэлт өгөх гэсэн боловч Елиша аваагүй. Харин түүний зарц Гехази тэр бэлгийг нь авахыг хүсжээ. Шунахай сэтгэлдээ хөтлөгдсөн тэрбээр Елишад хэлэлгүй Нааманы араас явж, худал хэлэн «нэг талант мөнгө болон хоёр ээлжийн хувцас» гуйдаг. Үүнээсээ болоод Гехази яасан бэ? Уяман өвчтэй болжээ (Х.дэд 5:20–27).
13 Хүн ямар нэгэн юмыг өөрийн болгохсон гэж хэсэгхэн зуур ч болов хүсвэл тэр хүслээ таягдан хаях хэрэгтэй. Тэгэхгүй бол яваандаа шунахай болж, эцэст нь амьдрал нь тэр чигээрээ сүйрч мэдэх юм. Библид гардаг Аханы түүх үүний тод жишээ болдог. Тэрбээр: «Олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан» гэжээ. Ахан хүслээ дарахын оронд тэдгээр зүйлийг авч, майхандаа нуужээ. Харин Ехова хэргийг нь илчилж Аханыг гэр бүлийнхэнтэй нь хамт устгахыг тушаадаг. Тэр өдөртөө хүмүүс тэдэн рүү чулуу шидэж алсан (Иош. 7:11, 21, 24, 25). Хүслээ хазаарлаж байхгүй бол шунахай болох амархан. Тиймээс «шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаалж» явцгаая (Лук 12:15). Шуналын нэг хэлбэр нь завхайрал юм. Зохисгүй, ёс журамгүй юм бодвол тэр дор нь бодлоо үргээх хэрэгтэй. Тэгвэл хүсэл тачаалдаа автахгүй, нүгэл үйлдэхгүй (Иаков 1:14, 15-ыг уншина уу).
14. Бардам юм уу шунахай зангаасаа болоод буруу юм хийх хүсэл төрвөл яах хэрэгтэй вэ?
14 Бардам зан, шунахай сэтгэлийн аль аль нь сүйрэлд хүргэдэг. Ийм зангаасаа болоод буруу юм хийвэл ямар үр дагавар амсахыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол Еховаг сонсохоо больж мэднэ (Д.хууль 32:29). Жинхэнэ Бурхан Библиэрээ дамжуулан зөв замыг заадаг төдийгүй энэ замаар явбал ямар ач тустай, явахгүй бол ямар хор уршигтайг хэлж өгдөг. Бардам, шунахай зангаасаа болоод буруу юм хийх хүсэл төрвөл танд, хайртай хүмүүст тань, ялангуяа Еховатай тогтоосон харьцаанд тань яаж нөлөөлөхийг бодоорой.
ЕХОВАТАЙ БАЙНГА ЯРИЛЦАЖ БАЙГААРАЙ
15. Есүсээс юу сурах вэ?
15 Ехова бидэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсдэг (Дуу. 1:1–3). Тохирсон зөвлөгөөг яг хэрэгтэй үед өгдөг (Еврей 4:16-г уншина уу). Есүс төгс хэр нь Эцэгтээ бүрэн найдаж, тогтмол залбирдаг байв. Ехова Хүүдээ янз бүрийн аргаар тусалдаг байсан. Тэнгэр элчүүдээ илгээж, үйлдэх хүчээ өгч, 12 элчээ сонгоход нь удирдан чиглүүлсэн. Бас Есүсийг дэмжиж сайшаадгаа тэнгэрээс хэлж байжээ (Мат. 3:17; 17:5; Марк 1:12, 13; Лук 6:12, 13; Иох. 12:28). Бид Есүсийг дууриан Бурханд сэтгэлээ уудлан залбирч байх хэрэгтэй (Дуу. 62:7, 8; Евр. 5:7). Байнга залбирдаг бол Еховатай дотно байж, үнэний замаар тууштай явна.
16. Еховаг сонсъё гэвэл яах хэрэгтэй вэ?
16 Ехова заавар зөвлөгөө өгдөг ч дага гэж хэнийг ч албаддаггүй. Бид Бурхнаар удирдуулъя гэвэл үйлдэх хүчийг нь гуйх хэрэгтэй. Тэгвэл Ехова дуртайяа өгнө (Лук 11:10–13-ыг уншина уу). Харин бид «яаж сонсож байгаагаа анхаарах» нь туйлын чухал (Лук 8:18). Жишээлбэл, нүгэл үйлдэхгүй байхад туслаач гэж залбирдаг мөртлөө садар самуун явдлыг өөгшүүлсэн кино юм уу порно үздэг бол хоёр нүүр гаргаж буй хэрэг болно. Еховагийн үйлдэх хүч хаана байна, бид тэнд байх ёстой. Ийм газар бол цуглаан юм. Цуглаан дээр Еховагийн үгийг сонссоныхоо ачаар аюулаас зугтаж чадсан үйлчлэгч олон байдаг. Тэд буруу юм хүсэж байгаагаа ойлгоод алдаагаа засжээ (Дуу. 73:12–17; 143:10).
ЕХОВАГ АНХААРАЛТАЙ СОНСОЖ БАЙГААРАЙ
17. Өөртөө найдах нь яагаад аюултай вэ?
17 Эртний Израилийн хаан Давидад тохиолдсон явдал бидэнд сургамжтай. Тэрбээр Еховад найддаг байхдаа олон сайн үйлс бүтээсэн билээ. Залуудаа Филистийн аварга биет Голиаттай тулалдаад ялсан. Яваандаа цэрэг, тэгээд хаан болжээ. Ийнхүү Израилийн төлөө шийдвэр гаргадаг, ард түмнээ хамгаалдаг хүн болсон. Гэвч өөртөө найддаг болмогцоо зүрхэндээ хууртаж Батшебатай завхайраад зогсохгүй нөхөр Уриаг нь хөнөөлгөсөн. Ехова түүнийг зэмлэж алдааг нь хэлж өгдөг. Давид даруу байж буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас Еховатай дахин дотносжээ (Дуу. 51:4, 6, 10, 11).
18. Үргэлж Еховаг сонсохын тулд яах хэрэгтэй вэ?
18 1 Коринт 10:12-т өөртөө найдахгүй байхыг зөвлөсөн байдаг. Энэ зөвлөгөөг дагаж явцгаая. Хүн «алхмаа чиглүүлэх» чадваргүй учраас нэг бол Еховаг сонсоно, нэг бол Сатаныг сонсоно (Иер. 10:23). Тиймээс байнга залбирч, Бурхны үйлдэх хүчээр удирдуулан, хэлэх үгийг нь анхааралтай сонсож явцгаая.