Skip to content

Гарчиг руу орох

Ехова бидэнтэй хэрхэн дотносдог вэ?

Ехова бидэнтэй хэрхэн дотносдог вэ?

«Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (ИАК. 4:8).

1. Хүн ямар хэрэгцээтэй вэ? Хэн хэнтэй дотно байвал энэ хэрэгцээгээ хангах вэ?

 ХҮМҮҮС бие биетэйгээ дотносох төрөлхийн хэрэгцээтэй. Гэр бүл, найз нөхөд маань биднийг хайрладаг, хүндэлдэг, ойлгодог бол бид жаргалтай байдаг. Гэхдээ хэнээс ч илүү дотносох ёстой Нэгэн бол бүхнийг Бүтээгч Ехова Бурхан юм (Ном. 12:1).

2. Ехова юу гэж амласан бэ? Энэ амлалт зарим хүнд ойлгомжгүй санагддагийн учир юу вэ?

2 Ехова бидэнтэй дотносон нөхөрлөхийг хүсдэг. Хэрэв бид Бурхантай дотносох гэж хичээвэл Бурхан бидэнтэй дотносно. Үүнийг Ехова амласан (Иак. 4:8). Гэхдээ энэ амлалт олон хүнд ойлгомжгүй санагддаг. Тэд өөрсдийгөө Бурхантай дотно байх зохисгүй гэж үзэх юм уу Бурхныг хэн ч хүрэхийн аргагүй хол байдаг гэж боддог. Еховатай дотны анд болох үнэхээр боломжтой юу?

3. Бурхантай дотно болох боломжтой юу? Тайлбарлана уу.

3 Бурхныг эрж хайдаг хэн боловч түүнтэй дотно болох боломжтой. Яагаад гэвэл Ехова «бид бүхний хэнээс нь ч холгүй» байдаг (Үйлс 17:26, 27; Дуулал 145:18-ыг уншина уу). Бид хэдий төгс бус ч Ехова бидэнтэй анд найз болохыг хүсдэг (Ис. 41:8; 55:6). Үүнийг нэгэн дуулалч биеэрээ үзжээ. Тэрбээр Еховагийн тухай «Залбирлыг сонсдог Нэгэн, Тан уруу бүх хүн ирдэг. ... Таны сонгож, ойртуулан авчирдаг хүн юутай ерөөлтэй вэ!» хэмээн дуулсан байдаг (Дуу. 65:2, 4). Библид Еховатай дотноссон хүний жишээ олон бий. Иудагийн хаан Аса Еховатай хэрхэн дотноссон, мөн Ехова түүнтэй хэрхэн дотноссоныг энэ өгүүллээр ярилцъя. *

ЭРТНИЙ ТҮҮХЭЭС СУРГАМЖ АВЪЯ

4. Иудагийн хаан Аса ард түмэндээ ямар сайхан жишээ үзүүлсэн бэ?

4 Аса хаан цэвэр шүтлэгийн төлөө хичээл зүтгэлтэй байж, «шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг нурааж хаясан» (Х.дээд 15:9–13). Тийм учраас «эцэг өвгөдийнхөө Бурхан ЭЗЭНийг хайн, хууль тушаалуудыг сахихыг» ард түмэндээ зоригтой уриалсан юм. Ехова ч Асагийн засаглалын эхний арван жилд ард түмнийг ивээж тайван амгалан амьдруулсан. Аса харьяат албатууддаа «Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНийг эрэн хайсан тул энэ газар биднийх хэвээрээ. Бид Түүнийг хайсан бөгөөд Тэрээр бидний эргэн тойронд бидэнд амралтыг өглөө» хэмээн хэлжээ. Улс орон нь тайван амгалан байгаа нь Еховагийн ач гэдгийг тэрбээр ойлгодог байв (Ш.дэд 14:1–7). Дараа нь юу болсныг авч үзье.

5. Аса Еховад найддагаа хэрхэн баталсан бэ? Ехова яаж тусалсан бэ?

5 Та өөрийгөө Аса хаан гээд бод доо. «Етиоп хүн Зера» Иуда руу довтлохоор нэг сая цэрэг, гурван зуун тэрэгтэй ирэв (Ш.дэд 14:8–10). Харин танай тал ердөө 580 мянган цэрэгтэй! Дайсны талаас бараг хоёр дахин бага цэрэгтэй гэсэн үг. Танай хаант улс руу ийм олон цэрэг давшиж байгааг харвал та яах вэ? Бурхан яагаад саад хийхгүй байгаа юм бол гэж бодох уу? Эсвэл өөрийнхөө ухаанд найдаад яах эсэхээ шийдэх үү? Асагийн яасныг үзвэл Еховад итгэж найддаг, дотно харьцаатай байсан нь харагддаг. Тэрбээр: «Бидний Бурхан ЭЗЭН, бидэнд туслаач. Учир нь бид Танд итгэж, Таны нэрээр энэ үй олон дайсны эсрэг ирсэн билээ. Өө, ЭЗЭН, Та бол бидний Бурхан. Нэг ч хүн Таныг бүү дийлэг» хэмээн шаргуу залбирсан. Асагийн чин сэтгэлийн залбиралд Ехова хариулан етиопчуудыг бут цохижээ. Дайсны талаас нэг ч хүн амьд үлдээгүй (Ш.дэд 14:11–13).

6. Аса хаан бидэнд ямар үлгэр дууриал үлдээсэн бэ?

6 Бурхан удирдаж, хамгаална гэдэгт Аса яагаад итгэж байсан бэ? Библид «Аса ... ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэж байв», «Асагийн зүрх сэтгэл ... ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв» гэж бичжээ (Х.дээд 15:11, 14). Бид бас Бурхандаа чин зүрхнээсээ үйлчлэх нь туйлын чухал. Ингэдэг бол одоо ч, ирээдүйд ч Бурхантай дотно байна. Ехова бидэнтэй дотносохын тулд санаачилга гаргаад зогсохгүй, үргэлж үнэнч байхад маань тусалдагт талархаад баршгүй. Хэрхэн санаачилга гаргасныг ярилцъя.

БИДЭНТЭЙ ДОТНОСОХЫН ТУЛД ХҮҮГЭЭ ЗОЛИОСОЛСОН

7. а) Ехова бидэнтэй дотносохын тулд юу хийсэн бэ? б) Бурхан бидэнтэй дотносохын тулд хийсэн хамгийн агуу зүйл нь юу вэ?

7 Ехова үзэсгэлэнтэй сайхан дэлхийг бүтээж хүмүүст орон гэр болгон өгсөн нь хайрынх нь илрэл байлаа. Биднийг өдөр бүр амьд байлгадаг нь одоо ч хайраа илэрхийлж байгаа хэрэг юм (Үйлс 17:28; Илч. 4:11). Бас Бурхныг таньж мэдэх гэсэн хэрэгцээг маань хангадаг (Лук 12:42). Түүнээс гадна, биднийг залбирахад чих тавин сонсдог (1 Иох. 5:14). Еховагийн хайрын хамгийн агуу илрэл нь бидэнтэй дотносохын тулд хайртай Хүүгийнхээ амийг золиосолсон явдал юм (1 Иохан 4:9, 10, 19-ийг уншина уу). Хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд «цорын ганц Хүүгээ» дэлхий рүү илгээжээ (Иох. 3:16).

8, 9. Есүс ямар чухал үүрэг гүйцэтгэсэн бэ?

8 Еховагийн үзүүлсэн энэ агуу хайрыг бүх хүн, тэр байтугай, Есүсээс өмнө амьдарч байсан хүмүүс ч хүртэх боломжтой. Яагаад ингэж хэлж болох вэ? Санаа зорилгоо биелүүлэхэд нь юу ч саад болж чадахгүй учраас Ехова хүн төрөлхтөнд Аврагч илгээнэ гэж зөгнөсөн тэр мөчөөсөө эхлэн Хүүгээ аль хэдийн золиосолсонд тооцсон (Эх. 3:15). Үүнээс хойш олон зууны дараа элч Паул Еховад баярлаж, хүн төрөлхтнийг нүглээс чөлөөлөхийн тулд Христ Есүсийн амийг золиосолсонд нь талархлаа илэрхийлэн бичсэн. Тэрбээр: «Бурхан урьд нь үйлдэгдсэн нүглүүдийг тэвчин өнгөрүүлсэн» гэжээ (Ром 3:21–26). Биднийг Бурхантай дотносоход Есүс үнэхээр чухал үүрэг гүйцэтгэсэн юм!

9 Даруу хүмүүс зөвхөн Есүсийн ачаар Еховатай танилцаж дотносон нөхөрлөх боломжтой. Библид «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн» гэж байдаг (Ром 5:6–8). Ехова хүн төрөлхтний төлөө хайртай Хүүгээ золиосолж, Есүс ч амиа дуртайяа зориулсан нь бидний сайных бус, харин тэд бидэнд асар их хайртайнх юм. Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэжээ. Бас «Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» хэмээн хэлсэн байдаг (Иох. 6:44; 14:6). Ехова хүмүүсийг Есүсээр дамжуулан өөр лүүгээ татаж, үргэлж дотно байн, мөнх амьдруулахын тулд үйлдэх хүчээрээ тусалдаг (Иуда 20, 21-ийг уншина уу). Бидэнтэй дотносохын тулд өөр яасныг авч үзье.

БИДЭНТЭЙ ДОТНОСОХЫН ТУЛД БИБЛИ ӨГСӨН

10. Бурхантай дотносоход Библи ямар ач тустай вэ?

10 Энэ өгүүлэлд л гэхэд Библиэс 14 зүйлийг ашигласан. Библи байгаагүй бол хүн Бүтээгчтэйгээ дотносох боломжтой гэдгийг хэрхэн мэдэх билээ? Бас Есүс хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд амиа өгснийг мэдэх байсан гэж үү? Еховатай дотносоход Есүс ямар үүрэгтэйг ойлгох байсан уу? Ехова агуу хүчээ ашиглан Библийг бичүүлж, сэтгэл татам сайхан зан чанар, гайхамшигтай санаа зорилгоо мэдүүлсэн. Жишээлбэл, Египетээс гарсан нь 34:6, 7-д Ехова өөрийгөө «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» хэмээн тодорхойлоод «Энэрэл хайрыг мянган үеийн турш хадгалж, гэмт хэрэг, гэм буруу, нүглийг уучилдаг» хэмээжээ. Ийм Бурханд сэтгэл татагдахгүй байхын аргагүй биз дээ? Еховагийн талаар Библиэс илүү ихийг судалж мэдэх тусам бодитойгоор оршдог Нэгэн гэдгийг ойлгож, түүнтэй улам дотносдог.

11. Еховаг сайн таньж мэдэх нь яагаад чухал бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

11 Бурхантай дотносохын тулд яах ёстойг «Еховад ойртогтун» (англи) номын өмнөх үгэнд «Хүнийг сайн таньж, зан чанарыг нь бишрэхийн хэрээр улам дотносож, нөхөрлөл зузаардаг» хэмээн бичсэн байдаг. Тиймээс Бурхантай анд найз болохын тулд зан чанар, аливаад хандах хандлагыг нь Библиэс судалж мэдэх нь амин чухал юм. Библийг бидэнд ойлгомжтой бичүүлсэн Еховадаа талархаад баршгүй.

12. Ехова Библийг яагаад хүнээр бичүүлсэн бэ?

12 Ехова тэнгэр элчүүдээр Библийг бичүүлж болох л байсан. Тэд биднийг сонирхож, юу хийдгийг маань ажиглаж байдаг (1 Петр 1:12). Хүн төрөлхтөнд өгч буй Бурхны мэдээг тэнгэр элчүүд бичиж чадах байсан нь эргэлзээгүй. Гэхдээ тэнгэр элчүүд хүн шиг сэтгэж мэдэрч чадах уу? Хүнд юу хэрэгтэйг, ямар дутагдалтайг ойлгох уу? Үгүй. Тэд хүнээс эрс ялгаатай. Ехова үүнийг мэддэг учраас Библийг тэнгэр элчүүдээр бус, хүнээр бичүүлсэн. Библийг бичигчид болон Библид нэр нь гардаг хүмүүсийн гуньж гутарсан, эргэлзэж тээнэгэлзсэн, айж эмээсэн, алдаж эндсэнийг нь уншихлаар тэдэнд ямар хэцүү байсныг бид ойлгодог. Аз жаргалтай, баяр хөөртэй байсныг нь уншихлаараа бид бас баярладаг. Библийг бичсэн бүх хүн «бидэнтэй адилхан жирийн хүн байсан» (Иак. 5:17).

Ехова, Иона Петр хоёрт хэрхэн хандсаныг бодохлоор танд ямар санагддаг вэ? Еховад сэтгэл татагддаг уу?

(13, 15-р догол мөрийг үзнэ үү)

13. Ионагийн залбирал бидний сэтгэлд хүрдгийн учир юу вэ?

13 Ионаг жишээ болгон авъя. Бурхан түүнд нэг даалгавар өгчээ. Гэтэл Иона даалгавраа биелүүлэхийн оронд өөр тийшээ зугтдаг. Тэр үед сэтгэл санаа нь ямар байсан бол оо? Түүнд юу тохиолдсоныг Ехова өөрөөр нь бичүүлэхийг илүүд үзсэн. Иона тэнгисийн ёроолоос шаргуу залбирч байхдаа «Би ухаан балартах үедээ ЭЗЭНийг санав» хэмээн хэлжээ. Ийм юмыг биеэрээ амсаж үзээгүй тэнгэр элч, Ионагийн сэтгэлийг бүрэн илэрхийлж чадах байсан болов уу? (Иона 1:3, 10; 2:1–9).

14. Бид яагаад Исаиагийн сэтгэлийг ойлгодог вэ?

14 Ехова Исаиагаар өөрийнх нь тухай юу гэж бичүүлснийг бас авч үзье. Исаиа ер бусын аргаар Еховаг харж, цог жавхланг нь бишрээд нүгэлтэй хүн гэдгээ өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч «Би сүйрсэн тул надад зовлон ирэг! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь миний нүд түмэн цэргийн ЭЗЭН болох Хааныг харлаа» гэжээ (Ис. 6:5). Бид Исаиагийн сэтгэлийг сайн ойлгоно. Харин тэнгэр элч ийн хэлэх байсан гэж үү?

15, 16. а) Хүн хүнээ яагаад ойлгодог вэ? Жишээ хэлнэ үү. б) Яавал Еховатай улам дотносох вэ?

15 Тэнгэр элчүүд өөрсдийгөө Иаков шиг «зохисгүй», Петр шиг «нүгэлт» гэж хэлэх үү? (Эх. 32:10; Лук 5:8). Есүсийн шавь нар шиг айж балмагдах уу? Сайн мэдээ дэлгэрүүлж яваад эсэргүүцэлтэй тулгарвал Паул нар шиг эр зориг гаргах шаардлагатай юу? (Иох. 6:19; 1 Тес. 2:2). Үгүй. Тэнгэр элчүүд төгс бөгөөд хүнээс хавьгүй илүү хүчтэй. Ехова Библийг бидэнтэй адилхан төгс бус хүмүүсээр бичүүлсэн учраас бид тэдний сэтгэлийг ойлгодог. Тэр хүмүүсийн бичсэн зүйлийг уншихлаар «баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярлаж», «уйлж буй хүмүүстэй хамт уйлдаг» (Ром 12:15).

16 Эрт үед Ехова төгс бус хүмүүстэй дотно болохын тулд тэднийг хайрлаж, тэвчээртэй ханддаг байсан. Үүнийг эргэцүүлэн бодвол Ехова Бурхныхаа талаар олон сайхан зүйлийг мэдэж авна. Энэ мэдлэг нэмэгдэхийн хэрээр Еховаг чин зүрхнээсээ хайрладаг болж улам дотносно (Сургаалт үгс 3:32-ыг уншина уу).

БУРХАНТАЙ УЛАМ ДОТНО БОЛООРОЙ

17. а) Азариа Асад ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Аса Азариагийн зөвлөгөөг үл тоомсорлосон нь юунаас харагддаг вэ? Үр дагавар нь юу байсан бэ?

17 Аса хаанаас бас нэг сургамж авч болно. Түүнийг етиопчуудтай тулалдаад ялсны дараа зөнч Азариа: «Та нар ЭЗЭНтэй хамт байх үед Тэрээр та нартай хамт байна. Хэрэв та нар Түүнийг хайвал, Тэрээр та нарт олдоно. Харин та нар Түүнийг умартах аваас Тэр та нарыг умартах болно» гэжээ (Ш.дэд 15:1, 2). Гэвч, хожим нь Аса энэ чухал зөвлөгөөг үл тоомсорлосон. Израилийн хойд хаант улс Иудатай тулалдахаар ирэхэд тэрбээр Еховад найдахын оронд хуурамч бурхад шүтдэг Сириэс тусламж хүсжээ. Ехова түүнд «Чи энэ удаа мунхаг үйл хийлээ. Үнэнээр одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно» гэжээ. Үнэхээр ч Еховагийн хэлсэн ёсоор болжээ (Ш.дэд 16:1–9). Энэ явдал ямар сургамжтай вэ?

18, 19. а) Еховатай урьдынх шигээ дотно байхаа больсон бол яах ёстой вэ? б) Яавал Еховатай үргэлж дотно байх вэ?

18 Еховагаас хэзээ ч битгий холдоорой. Урьдынх шигээ дотно байхаа больсон бол Хосеа 12:6-д бичсэн зөвлөгөөг нэн даруй дагаарай. Тэнд «Өөрийн Бурхан уруу буц, энэрэл ба шударга ёсыг сахиж, үргэлж Бурханаа хүлээ» гэж байдаг. Есүс бидний төлөө амиа өгснийг эргэцүүлэн бодож, Библийг нямбай судлан Еховатай улам дотно болцгооё (Дэд хууль 13:4-ийг уншина уу).

19 «Бурханд ойр байх нь надад сайн» хэмээн дуулалч бичжээ (Дуу. 73:28). Еховагийн тухай үргэлж шинэ зүйл мэдэж авахыг зорилгоо болгоцгооё. Тэгээд улам бүр хайрладаг болцгооё. Ехова тантай одоо төдийгүй үүрд мөнх дотно байх болтугай!

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 8-р сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн «Та нарын ажил шагналтай» гэсэн өгүүллээс Аса хааны талаар уншаарай.