Та «цагт нь хоол ундыг» авч байгаа юу?
БИД хүн төрөлхтний түүхийн хамгийн хэцүү цаг үед амьдарч байна (2 Тим. 3:1–5). Еховад хайртай эсэх маань, тогтоосон хэм хэмжээг нь дагадаг эсэх маань өдөр бүр соригддог. Ийм хэцүү цаг болохыг Есүс мэдэж байсан бөгөөд эцэс хүртэл тэвчихэд нь дагалдагчдадаа туслахаа амлажээ (Мат. 24:3, 13; 28:20). Тэднийгээ зоригжуулахын тулд сүнслэг хоолыг цагт нь өгөх итгэмжит боолыг томилсон (Мат. 24:45, 46).
Итгэмжит боол 1919 онд томилогдсон цагаасаа эхлэн Бурхны байгууллагад нэгдсэн янз бүрийн хэлний олон сая «зарцыг» сүнслэгээр хооллох болсон (Мат. 24:14; Илч. 22:17). Гэвч сүнслэг хоолыг бүх хэлээр гаргадаггүй. Бас цахим хэлбэрээр гарсан ном хэвлэлийг хүн бүр уншиж чаддаггүй. Жишээ нь, зарим өгүүлэл, видеог зөвхөн jw.org сайтад тавьдаг. Тэгвэл тэд сүнслэгээр эрүүл байхад ач тустай хоол ундыг хүртэх боломжгүй гэсэн үг үү? Энэ асуултад зөв хариулахын тулд дараах дөрвөн чухал асуултыг бодож үзье.
1. Еховагийн өгдөг хоолны гол орц нь юу вэ?
Сатан Есүсийг сорьж чулууг талх болгохыг шаардахад Есүс: «Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна» гэж хариулсан (Мат. 4:3, 4). Ехова Бурхны үг Библид байдаг (2 Петр 1:20, 21). Тийм учраас, Библи бол сүнслэг хоолны маань гол орц юм (2 Тим. 3:16, 17).
Еховагийн байгууллага «Ариун Судрын шинэ ертөнцийн орчуулга»-ыг бүтнээр нь болон хэсэгчлэн 120 гаруй хэлээр гаргасан бөгөөд энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Уг орчуулгаас гадна бүтнээр нь болон хэсэгчлэн олон мянган хэлээр орчуулж, хэдэн тэрбумаар хэвлэсэн Библийн бусад орчуулгыг унших боломжтой. Библи ийнхүү олны хүртээл болж байгаа нь Ехова Бурхны хүсэлтэй нийцдэг. Тэрбээр «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тим. 2:3, 4). Еховагийн «хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй» учраас «сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг» (ШЕ) хүмүүсийг Ехова байгууллагадаа нэгтгэж, сүнслэг хоол унд өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй (Евр. 4:13; Мат. 5:3, 6; Иох. 6:44; 10:14).
2. «Зарц нарт» сүнслэг хоол унд өгөхөд манай хэвлэл ямар үүрэгтэй вэ?
Итгэлээ батжуулъя гэвэл Библи уншаад болчихдог юм биш ээ. Уншсанаа ойлгож, сурснаа ажил хэрэг болгох ёстой (Иак. 1:22–25). Нэгдүгээр зуунд амьдарч байсан Етиопын тайган амбаныг жишээ болгон авъя. Бурхны Үгийг уншаад явж байхад нь сайн мэдээ тунхаглагч Филип: «Та уншиж байгаагаа ойлгож байна уу?» гэж асуудаг. Хариуд нь тайган амбан: «Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ?» гэжээ (Үйлс 8:26–31). Бурхны Үгийн тухай үнэн зөв мэдлэгтэй болоход нь Филип түүнд тусалсан. Амбан ч сурсан зүйлдээ сэтгэл нь хөдөлж баптисм хүртжээ (Үйлс 8:32–38). Үүнтэй адилаар, бид Библид үндэслэсэн ном хэвлэлээс үнэний тухай зөв мэдлэг олж авдаг. Тэгээд мэдсэн зүйлдээ баярлаж, сурснаа хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй болдог (Кол. 1:9, 10).
Еховагийн үйлчлэгчид Библид үндэслэсэн ном хэвлэл уншиж сүнслэг хоол ундыг элбэг дэлбэг хүртдэг (Ис. 65:13). Жишээлбэл, 210 гаруй хэлээр хэвлэгддэг «Харуулын цамхаг» сэтгүүл Библийн зөгнөлийг тайлбарлаж, гүнзгий утгатай сургаалыг илүү сайн ойлгуулдаг. Үүний ачаар бид Библийн зарчмын дагуу амьдрах хүсэлтэй болдог. 100 шахам хэлээр гардаг «Сэрцгээ!» сэтгүүл Еховагийн бүтээлийн тухай мэдлэгийг тэлж, Библийн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэхийг зааж өгдөг (Сур. 3:21–23; Ром 1:20). Итгэмжит боол сүнслэг хоолыг 680 гаруй хэлээр өгч байна! Та Библиэ өдөр бүр уншдаг уу? Сэтгүүл, ном хэвлэлийг шинээр гарсан даруйд нь уншдаг уу?
Еховагийн байгууллага ном хэвлэлээс гадна Библид үндэслэсэн илтгэлийн тойм бэлтгэдэг. Та цуглаан, чуулган дээр илтгэл, ярилцлага сонсож үзүүлбэр, жүжиг үзэх дуртай юу? Ийм их сүнслэг хоолыг Ехова бидэнд өгдөг (Ис. 25:6).
3. Эх хэлээрээ байхгүй хэвлэлүүдийг уншиж чаддаггүй бол сүнслэг хоолоор гачигддаг гэсэн үг үү?
Үгүй. Еховагийн зарим үйлчлэгч сүнслэг хоолыг бусдаасаа илүү ихээр хүртдэг нь үнэн. Үүнд гайхах хэрэггүй. Яагаад? Элч нарын тухай бодоод үзье. Тэд нэгдүгээр зуунд амьдарч байсан бусад шавийг бодвол илүү олон заавар авч байсан (Марк 4:10; 9:35–37). Гэсэн хэдий ч бусад нь сүнслэг хоолоор дутаагүй. Зайлшгүй шаардлагатай заавар зөвлөгөөг авдаг байсан учраас тэр юм (Еф. 4:20–24; 1 Петр 1:8).
Түүнчлэн Есүсийн хэлсэн, хийсэн олон зүйлийг Евангелид бичээгүйг санах хэрэгтэй. Элч Иохан: «Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог» хэмээн бичжээ (Иох. 21:25). Нэгдүгээр зууны христианууд төгс хүн Есүсийн талаар биднээс илүү мэддэг байсан. Гэхдээ бид юу ч мэддэггүй гэсэн үг биш. Ехова биднийг Есүсийн мөрөөр дагаасай гэсэндээ хангалттай их зүйлийг заадаг (1 Петр 2:21).
Нэгдүгээр зууны хурлуудад элч нарын илгээсэн захидлын талаар бас бодоод үз дээ. Паулын бичсэн захидлуудаас ядаж нэг нь Библид ороогүй (Кол. 4:16). Тэр захидлыг уншиж чадаагүй гээд бид сүнслэг хоолоор гачигддаг уу? Үгүй. Ехова бидэнд юу хэрэгтэйг мэддэг бөгөөд сүнслэгээр хүчтэй байлгах бүхнийг элбэг дэлбэг өгдөг (Мат. 6:8).
Ехова бидэнд юу хэрэгтэйг мэддэг бөгөөд сүнслэгээр хүчтэй байлгах бүхнийг элбэг дэлбэг өгдөг
Еховагийн үйлчлэгчдийн нэг хэсэг нь сүнслэг хоолыг бусдаасаа илүү ихээр хүртэх боломжтой байдаг. Гэтэл таны эх хэлээр цөөхөн ном хэвлэл гарсан байж болох юм. Тэглээ ч гэсэн Ехова танд санаа тавьдгийг бүү мартаарай. Байгаа материалаа судлаарай. Хамгийн сайн мэддэг хэлээр тань болдог цуглаанд сууж байгаарай. Ингэсэн цагт Еховатай тогтоосон харьцаа тань бат байна (Дуу. 1:2; Евр. 10:24, 25).
4. jw.org сайтад тавьсан материалыг унших боломжгүй бол сүнслэгээр сулрах уу?
Манай Вэб сайтад Библид үндэслэсэн ном хэвлэл бий. Тэнд нөхөр эхнэр, өсвөр насныхан, бага насны хүүхдэд тустай материал нийтэлдэг. Тэндээс мэдээлэл авч Гэр бүлийн хичээлээрээ ярилцдаг айлууд олон бий. Түүнээс гадна, jw.org сайтад Гилеад сургуулийн төгсөлт, жил тутмын уулзалт гэх зэрэг тусгай хөтөлбөрийн тухай сурвалжлага тавьдаг. Мөн хууль зүйтэй холбоотой ололт амжилтыг мэдээлдэг. Байгалийн гамшигт өртсөн болон тусламж үзүүлсэн итгэл нэгтнүүдийнхээ талаарх мэдээг цаг тухайд нь хүргэдэг (1 Петр 5:8, 9). Манай үйл ажиллагааг хязгаарласан эсвэл хориглосон улсуудад ч сайн мэдээг хүргэх боломж олгодог дэлгэрүүлэх ажлын ашигтай багаж бол jw.org сайт юм.
Гэхдээ та энэ багажийг хэрэглэх боломжтой ч бай, үгүй ч бай сүнслэгээр хүчтэй байж чадна. Итгэмжит боол бүх христианд сүнслэг хоол өгөхийн тулд хангалттай хэмжээний материалыг хэвлэж гаргадаг. Тиймээс та зөвхөн jw.org сайтыг ашиглахын төлөө цахим хэрэгсэл авах гэж өөрийгөө бүү зовоогоорой. Зарим хүн энэ сайтаас тодорхой хэмжээний материалыг хувиараа хэвлэж аваад интернет хэрэглэх боломжгүй хүмүүст өгдөг. Харин хурлаас ийм ажил зохион байгуулдаггүй.
Сүнслэг хэрэгцээг маань хангана гэж амласнаа биелүүлдэгт нь Есүст талархаад баршгүй. Өнөөгийн хэцүү цаг дуусах тун дөхөж байна. Тэр болтол Ехова бидэнд сүнслэг хоолыг цагт нь өгсөөр байна гэдэгт итгэж болно.