МАНАЙ АРХИВААС
«Эврика драм» олон хүнд Библийн үнэнийг мэдүүлсэн
«ЭВРИКА!». Энэ нь «Би оллоо!» гэсэн утгатай грек үг юм. 19-р зуунд АНУ-ын Калифорнид болсон алтны хийрхлийн үед алт олборлогчид ингэж хашгирдаг байжээ. Гэхдээ үүнтэй харьцуулахын аргагүй үнэ цэнэтэй Библийн үнэнийг Чарлз Тейз Расселл Библи Судлаач нөхөдтэйгөө хамт олсон юм. Үүнийгээ хүмүүст мэдүүлэх хүсэл эрмэлзэл дүүрэн байжээ.
Библи Судлаачдын Олон Улсын Нийгэмлэг (БСОУН)-ийн хийсэн, найман цаг үргэлжилдэг «Бүтээлийн тухай фото драм» 1914 оны зун гэхэд том хотуудын олон сая үзэгчийн хүртээл болсон байв. Хөдөлгөөнт зураг, өнгөт слайд, өгүүлэгчийн үг, сонгодог хөгжим бүхий Библид үндэслэсэн энэхүү кинонд орчлонт ертөнц болон хүн төрөлхтний түүхээс эхлээд Есүс Христийн Мянган жилийн засаглалын үеийг харуулжээ (Илч. 20:4). *
БСОУН үнэнийг эрж хайдаг хөдөө тосгоны хүмүүсийг ч мартсангүй. 1914 оны 8 дугаар сард «Фото драм»-ын богиносгосон хувилбар «Эврика драм»-ыг гаргажээ. Энэ нь гурван янз бөгөөд авч явахад авсаархан, олон хэлээр гарсан бүтээл юм. Дуу бичлэг бүхий «Эврика Х» нь өгүүлэгчийн үг, хөгжимтэй. Харин дүрс бичлэг бүхий «Эврика Ү» нь өгүүлэгчийн үгнээс гадна слайд зурагтай ажээ. Гэртээ сонсох зориулалттай «Гэр бүлийн Эврика драм»-д өгүүлэгчийн зарим үгийг сонгож оруулснаас гадна магтаалын дуутай. Эдгээрийг хямдхан аппарат хэрэгслээр үзүүлэх юм уу сонсгох боломжтой байжээ.
Хаанчлалын мэдээ хүрч байгаагүй хөдөө тосгоны хүмүүст энэ бүтээлийг толилуулахдаа Библи Судлаачид нүсэр прожектор, зориулалтын дэлгэц авч явах шаардлагагүй байлаа. Дуу бичлэг бүхий «Эврика Х»-г өдөр шөнийн алинд ч сонсгож болдог байв. Слайд зурагтай «Эврика Ү»-г гэрэл цахилгаангүй газруудад хийн түлш ашиглан үзүүлдэг байжээ. «Бид зурагнуудаа бараг бүх газар үзүүлж чаддаг» гэж фин хэлээр гарсан «Харуулын цамхаг» сэтгүүлд бичжээ. Үнэхээр л тийм байлаа!
Библи Судлаачид том театр түрээслэлгүй, ихэнхдээ сургууль, шүүхийн танхим, төмөр замын буудал, тэр байтугай, айлын зочны
өрөө зэргийг ашигладаг байв. Бас гадаа, айлын амбаарын ханан дээр том цагаан даавуу өлгөн дэлгэц болгоод үзүүлдэг байжээ. Энтони Хаймбук: «Ногоочид жимсний цэцэрлэгээ бяцхан цэнгэлдэх хүрээлэн болгоод гуалингууд дээр сууж “Эврика драм”-ыг үздэг байсан» гэж бичжээ. Хаймбукийн багийнхан тоног төхөөрөмж, чемодан, аяны болон гал тогооны хэрэгслээ «Драмын тэргэндээ» авч явдаг байв.«Эврика драм»-ыг цөөн хэдхэн хүнээс өгсүүлээд хэдэн зуугаараа үзэж, сонсоно. 150 оршин суугчтай АНУ-ын нэг тосгонд л гэхэд 400 хүн ирж үзжээ. «Эврика драм»-ыг үзэх гэж нэг талдаа 8 километр замыг явган туулж ирдэг хүмүүс ч байлаа. Шведэд амьдардаг Шарлот Олбергийн жижигхэн байшинд бичлэг тавихад хөршүүд нь «сэтгэл хөдлөн» сонссон гэдэг. Австралийн хязгаар нутагт байдаг уурхайн хотод 1 500 орчим хүн ирж «Эврика»-г үзжээ. Дунд сургууль, коллежийн «багш, оюутнууд [«Эврика драм»-ыг] үзэж сонсоод алмайрч байлаа» хэмээн «Харуулын цамхаг» сэтгүүлд бичжээ. Энэ бүтээл кино театртай газруудад ч алдартай болсон юм.
ҮНЭНИЙ ҮР СОЁОЛСОН НЬ
Шинэ хурал үүсгэн байгуулах зорилгоор илтгэгчдийг газар сайгүй илгээдэг байв. «Эврика драм» тэдний хувьд ашигтай багаж болдог байжээ. Уг бүтээлийг хэдэн хүн үзэж, сонссоныг тогтоох аргагүй ч үүнийг дэлгэрүүлэх ажилд байнга хэрэглэдэг байв. 1915 онд «Эврика драм»-ын 86 багийн 14 нь л тайлангаа тогтмол явуулж байсан хэр нь жилийн эцэс гэхэд сая гаруй хүн үзсэн гэсэн тооцоо гарсан байна. Тэднээс 30 000 орчим хүн Библид үндэслэсэн ном хэвлэл захиалжээ.
Та «Эврика драм»-ын талаар сонсоогүй байж мэднэ. Гэхдээ энэ хосгүй бүтээл Австралиас Аргентин, Өмнөд Африкаас Британийн арлууд, Энэтхэг, Карибын бүсийн орнууд хүртэлх замыг туулж, сая сая хүнд хүрсэн билээ. Үүний дүнд олон хүн алтнаас ч үнэтэй Библийн үнэнийг олоод «Эврика!» гэж баярлан хашгирсан юм.
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 2-р сарын 15-ны дугаарын 30–32-р хуудсанд нийтлэгдсэн «Манай архиваас—Итгэл төрүүлэм бүтээл 100 нас хүрлээ» гэсэн өгүүллийг үзнэ үү.