Skip to content

Гарчиг руу орох

Та үнэнийг олсон гэдэгтээ итгэдэг үү? Яагаад?

Та үнэнийг олсон гэдэгтээ итгэдэг үү? Яагаад?

«Бурханы ... сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун» (РОМ 12:2).

1. Христ шашны ертөнцийн санваартнууд дайны үед яасан бэ?

 ЖИНХЭНЭ христианууд дайнд явж хүн алж болох уу? Бурхан үүнийг хүсдэг үү? Өнгөрсөн 100 жилийн түүхийг үзвэл, өөрийгөө христиан гэдэг олон хүн дайнд явж хүний амь хөнөөсөн. Адилхан католик шашинтнууд хоорондоо дайтах болоход хоёр талын католикийн санваартнууд цэрэг, зэвсгээ адислан ерөөж байлаа. Протестантууд ч мөн ялгаагүй. Дэлхийн II дайн үүний тод жишээ юм.

2, 3. Еховагийн Гэрчүүд дэлхийн II дайны үед болон түүнээс хойш ч ямар байр суурьтай байсан бэ? Яагаад?

2 Дэлхийн II дайны үед Еховагийн Гэрчүүд яасан бэ? Түүхээс үзвэл, тэд төвийг сахих байр суурь баримтлан дайнд оролцоогүй. Яагаад тэр вэ? Гол нь Есүсийн сургаалыг дагаж, мөрөөр нь явахыг хүссэнийх юм. Тэрбээр: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэжээ (Иох. 13:35). Гэрчүүд бас Коринтын христиануудад бичсэн элч Паулын үгийг санаж, зарчмыг нь баримталсан (2 Коринт 10:3, 4-ийг уншина уу).

3 Жинхэнэ христианууд Библи судлаад сайн мууг ялгаж сурсан учраас тулалдах эрдэмд суралцдаггүй, дайнд оролцдоггүй. Олон мянган христиан үүнээсээ болоод хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй хавчигддаг. Шорон, хөдөлмөрийн лагерьт хоригдож байсан Гэрч өдий төдий бий. Тэр байтугай, нацистуудын гарт амиа алдсан хүмүүс байсан. Европ даяар харгис хавчлага өрнөж байсан ч Гэрчүүд Еховагийн Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах даалгавраа умартаагүй. Шорон, бөөнөөр хорих лагерь, цөллөгт байхдаа хүртэл даалгавраа үнэнчээр биелүүлж байсан. * 1994 онд Руандад болсон угсаатны цэвэрлэгээнд ч Гэрчүүд оролцоогүй. Югослав улс задран, Балканы хойгт мөргөлдөөн болж хоморголон устгах явдал гарахад тэд төвийг сахих байр сууриа хадгалан үлдсэн.

4. Еховагийн Гэрчүүд төвийг сахих байр суурь баримталдгийг хараад хүмүүс юуг хүлээн зөвшөөрсөн бэ?

4 Төвийг сахих байр сууриа ийнхүү чанд баримталж байсан Еховагийн Гэрчүүдийг жинхэнэ христиан гэдгийг дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган хүн ойлгосон. Өөрөөр хэлбэл, Гэрчүүд үнэхээр Бурхныг болон бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс юм. Еховагийн Гэрчүүдийг жинхэнэ христиан гэж батлах өөр олон баталгаа байдаг.

БОЛОВСРОЛ ОЛГОХ ХАМГИЙН АГУУ АЖИЛ

5. Христийн эртний дагалдагчдын хувьд юу шинэ байсан бэ?

5 Есүс даалгавраа биелүүлж эхлэхдээ л Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглахын чухлыг онцолж байв. Тэрбээр 12 шавиа сонгож дэлхий даяар дэлгэрүүлэх ажлын үндсийг тавьжээ. Дараа нь 70 хүнийг сургаж бэлтгэсэн (Лук 6:13; 10:1). Тэд эхлээд иудейчүүдэд, дараа нь өөр үндэстний хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх даалгавар авчээ. Харь үндэстнүүдэд дэлгэрүүл гэсэн шинэ даалгавар аваад шавь нар нь үнэхээр гайхсан (Үйлс 1:8).

6. Ехова нүүр тал хардаггүйг Петр хэрхэн ойлгосон бэ?

6 Элч Петр Еховагийн даалгавраар Корнел гэдэг хүний гэрт очдог. Тэр хүн хөвч хөндүүлээгүй харь үндэстэн ажээ. Бурхан ямар ч үндэстнийг ялгаварладаггүйг Петр ойлгожээ. Корнел гэр бүлийнхэнтэйгээ хамт баптисм хүртсэн. Ийнхүү Христийн дагалдагчид дэлгэрүүлэх ажлынхаа цар хүрээг тэлсний ачаар олон хүн үнэнийг сонсож, тэр дагуу амьдрах болсон (Үйлс 10:9–48). Тэр цагаас хойш сайн мэдээг дэлхий даяар, бүх үндэстний хүмүүст дэлгэрүүлэх болжээ.

7, 8. Еховагийн байгууллага хүмүүст сайн мэдээ хүргэхийн тулд юу хийдэг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

7 Еховагийн байгууллагад удирдах үүрэг хүлээдэг хүмүүс дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг идэвхтэй дэмжиж, зохион байгуулж ирсэн билээ. Эдүгээ 8 сая орчим Гэрч сайн мэдээг 600 гаруй хэлээр дэлгэрүүлж байна. Энэ тоо цаашдаа улам бүр өсөн нэмэгдэнэ! Еховагийн Гэрчүүд айлаар, гудамжаар дэлгэрүүлдэг. Заримдаа гудамжинд ширээ юм уу дугуйтай тавиур дээр ном хэвлэл тавиад дэлгэрүүлдэг. Хүмүүс тэднийг дэлгэрүүлэх ажлаар нь мэддэг болжээ.

8 Еховагийн байгууллага 2 900 гаруй орчуулагчийг тусгай сургалтад хамруулж, Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэл орчуулах арга барил эзэмшүүлдэг. Тэд түгээмэл хэрэглэгддэг хэлнээс гадна хүмүүсийн тэр бүр мэддэггүй олон зуун хэлээр орчуулдаг. Жишээ нь, Испани дахь Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэлийг каталан хэлээр орчуулж байна. Хэдэн жилийн өмнөөс энэ хэлийг сэргээснээр Андорра, Аликанте, Валенсиа, Балеарын арлуудад аж төрдөг хүмүүс эх хэлээрээ ярьдаг болжээ. Өнөөдөр олон сая хүн каталан хэлээр ярьж байна. Еховагийн Гэрчүүдийн хийдэг орчуулгын ажлын үрээр каталанчууд Библид үндэслэсэн ном хэвлэлийг эх хэлээрээ уншиж, цуглааны хөтөлбөрийг эх хэлээрээ сонсдог. Үүний ачаар Библийн үнэн тэдний зүрх сэтгэлд хоногшиж байна.

9, 10. Бурхны байгууллага бүх хүнд үнэнийг мэдүүлэхийг хүсдэгийг батлах жишээ хэлнэ үү.

9 Түгээмэл бус хэлээр орчуулах ажлыг дэлхий даяар хийж байна. Жишээ нь, Мексикт ихэнх хүн испаниар ярьдаг боловч нутгийн уугуул иргэд өөр өөр хэлээр ярьдаг. Тэдгээр хэлний нэг нь маяа хэл юм. Мексик дэх салбар маяа хэлний орчуулгын багийг уг хэлний өлгий нутагт суурьшуулжээ. Ингэснээр орчуулагчид өдөр бүр маяачуудтай ярьж, тэдний ярихыг сонсох боломжтой болсон. Бас нэг жишээ нь балба хэл юм. Балба улсад 120 орчим хэлээр ярьдаг. 29 сая гаруй хүн амтай энэ улсад 10 сая гаруй хүн балбаар ярьдаг. Бусад нь балбаас гадна омгийн хэлүүдээр ярьдаг байна. Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэлийг балба хэлээр гаргаж байна.

10 Дэлхий даяар орчуулгын багууд шамдан ажилладаг нь Еховагийн байгууллага Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах даалгавраа чухал гэж үздэгийн баталгаа юм. Еховагийн Гэрчүүд сая сая танилцуулга, товхимол, сэтгүүлийг дэлхийн өнцөг булан бүрд тараах аян зохиодог. Тэд энэ бүхнийг зарж борлуулдаггүй. Харин сайн дураараа хандив өргөж зардлыг нь нөхдөг. Ийнхүү «Үнэгүйгээр авснаа үнэгүйгээр өг» хэмээсэн Есүсийн зааврыг дагадаг (Мат. 10:8).

Доод герман хэлээр ном хэвлэл орчуулдаг баг (10-р догол мөрийг үзнэ үү)

Доод герман хэлээрх хэвлэлийг Парагвайд өргөн хэрэглэдэг (10-р догол мөрийг үзнэ үү)

11, 12. Еховагийн Гэрчүүд дэлхий даяар дэлгэрүүлдгийг хараад хүмүүс юу гэж боддог вэ?

11 Еховагийн Гэрчүүд үнэнийг олсон гэдэгтээ бат итгэдэг учраас бүх үндэстний хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхийн тулд олон юмаа золиосолдог. Амьдралаа энгийн болгож, гадаад хэл сурч, өөр нутаг оронд нүүж очдог христиан олон. Дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлддэг болохоор нь Еховагийн Гэрчүүдийг хүмүүс Есүс Христийн жинхэнэ дагалдагчид гэж хүлээн зөвшөөрдөг.

12 Гэрчүүд үнэнийг олсон гэдэгтээ итгэдэг учраас энэ бүхнийг хийдэг. Тэд үнэнийг олсон гэдэгтээ өөр юуны үндсэн дээр итгэдэг болсон бэ? Өөрсдөөс нь сонирхъё (Ром 14:17, 18-ыг уншина уу).

ЯАГААД ИТГЭДЭГ ВЭ?

13. Гэрчүүд байгууллагаа цэвэр ариун байлгахын тулд яадаг вэ?

13 Үнэнийг олсон гэдэгтээ яагаад итгэдгээ ах дүүс маань янз бүрээр тайлбарласан юм. Еховад олон жил үйлчилж буй нэг Гэрч: «Еховагийн байгууллага ёс суртахууны хувьд цэвэр ариун байхын тулд бүхнийг хийдэг. Шаардлагатай бол хэнд ч сахилга батын арга хэмжээ авдаг» гэж санал бодлоо хуваалцаж байна. Гэрчүүд ийм өндөр хэм хэмжээг байнга сахиж чаддагийн учир юу вэ? Хүн бүр Библийн зарчмыг баримталж, Есүс болон шавь нарыг нь дууриадаг. Харьцангуй цөөхөн хүн ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахилгүй хурлаас хасагддаг. Гэрчүүдийн дийлэнх нь цэвэр ариун, үлгэр жишээч амьдардаг. Өмнө нь Бурхны таалалд нийцэхгүй юм хийдэг байсан ч үнэнийг мэдээд өөрчлөгдсөн хүн тэдний дунд олон (1 Коринт 6:9–11-ийг уншина уу).

14. Зарим хүн хурлаас хасагдсан ч яадаг вэ? Хурлыг цэвэр ариун байлгадгийн үр дүн юу вэ?

14 Бурханд дуулгаваргүй христиануудыг Библийн зарчмын дагуу хурлаас хасдаг. Гэхдээ хийсэн хэрэгтээ хожим нь гэмшээд буцаж ирдэг олон мянган хүн бий (2 Коринт 2:6–8-ыг уншина уу). Гэрчүүд Библиэр зам мөрөө удирдуулдаг учраас хурал цэвэр ариун байдаг. Үүний дүнд үнэнийг олсон гэдэгтээ, Бурхнаар удирдуулдаг байгууллагын гишүүн гэдэгтээ итгэл төгс байдаг. Христийн сүмүүд ёс журамгүй явдалд хүлцэнгүй ханддаг бол, Гэрчүүд Еховагийн тогтоосон хэм хэмжээг сахидаг. Үүнийг хараад олон хүн Еховагийн Гэрчүүдийг үнэний дагуу амьдардаг хүмүүс гэж мэддэг.

15. Үнэнийг олсон гэдэгт итгэдгийнх нь учрыг асуухад нэг эрэгтэй юу гэж хариулсан бэ?

15 Үнэнийг олсон гэдэгтээ итгэдгийнх нь учрыг туршлагатай зарим Гэрчээс асууя. Арван хэдтэйгээсээ 50 гартлаа Еховад үйлчилж буй нэг Гэрч эрэгтэй: «Миний итгэл гурван гол багана буюу ойлголтод үндэслэдэг. 1) Бурхан байдаг; 2) Библийг Бурхан бичүүлсэн; 3) өнөөдөр Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг хүмүүс бол Еховагийн Гэрчүүд. Би энэ бүх хугацаанд Библи судлахдаа энэ гурван баганыг үнэхээр бат байна уу гэж байнга шалгадаг. Бат байгаа нь батлагдах тусам итгэл минь бэхжиж, үнэнийг мэдсэнээ бүр сайн ойлгодог» гэсэн юм.

16. Үнэнийг олсон гэдэгтээ итгэдгийнхээ учрыг нэг эмэгтэй юу гэж тайлбарласан бэ?

16 Нью-Йорк дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд ажилладаг, гэр бүлтэй нэг Гэрч эмэгтэй үнэнийг олсон гэдэгт итгэдгийнхээ учрыг хэлсэн юм. Библид 7 000 орчим удаа гардаг Бурхны нэрийг хүмүүст мэдүүлдэг цорын ганц байгууллага бол Еховагийн байгууллага гэдгийг тэрбээр онцолсон. Бас Шастирын дэд 16:9-ийг унших дуртай ажээ. Тэнд «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг» гэж байдаг. Тэрбээр: «Яавал “бүрэн зориулсан зүрх сэтгэлээр” Еховад үйлчлэхийг Библийн үнэн надад зааж өгсөн. Бүх л зүрх сэтгэлээсээ үйлчилдэг болохоор Ехова надад хүч тэнхээ өгдөг. Еховатай тогтоосон харьцаа миний хувьд хамгийн үнэ цэнэтэй. Бурхантай дотно болоход Есүсийн заасан сургаал надад үнэхээр тус болдог» гэж ярьсан.

17. Бурханд итгэдэггүй байсан хүн юунд итгэдэг болсон бэ? Яагаад?

17 Бурханд итгэдэггүй байсан эрэгтэй: «Би Бурхны бүтээлийг ажиглаад нэг зүйлийг ойлгосон. Юу гэвэл, Бурхан хүн төрөлхтнийг жаргалтай амьдруулахыг хүсдэг учраас зовлонг мөнхөд байлгаад байхгүй юм байна гэдэгт итгэдэг болсон. Ертөнц тэр чигээрээ уруудан доройтож байхад Еховагийн ард түмэн итгэл, зүтгэл, хайраар улам бүр бялхаж байна. Орчин үеийн энэ гайхамшгийг Еховагаас өөр хэн ч хийж чадахгүй» гэжээ (1 Петр 4:1–4-ийг уншина уу).

18. Хоёр Гэрчийн хэлсэн үгийг уншаад та юу ойлгосон бэ?

18 Гэрч болоод олон жил болсон нэг эрэгтэй үнэнийг олсон гэдэгтээ итгэдгийнхээ учрыг тайлбарласан юм. Тэрбээр: «Гэрчүүд І зууны христиануудын үлдээсэн жишээг дагахын тулд чадах бүхнээ хийдгийг би Библи судлах тусам ойлгосон. Дэлхийн олон оронд очихдоо Еховагийн Гэрчүүд эв нэгдэлтэй хүмүүс гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Библиэс үнэнийг мэдсэнээр сэтгэл хангалуун, жаргалтай амьдарч байна» гэв. Еховагийн Гэрчүүд Есүс Христэд чин сэтгэлээсээ итгэдгийг 60 гаруй настай нэг эрэгтэй онцлон тэмдэглэсэн юм. Тэрбээр: «Гэрчүүд бид Есүсийн амьдрал, үйл хэргийг нямбай судлаад, үлдээсэн жишээг нь дагах хэрэгтэйг улам сайн ойлгосон. Есүс Христээр зуучлуулан Бурхантай дотносохын тулд амьдралаа өөрчилцгөөсөн. Христ амиа золиосолсон нь авралын үндсийг тавьсан гэдгийг ойлгосон. Есүс амилсан гэдэгт бид итгэдэг. Үүнийг нүдээр үзсэн гэрчүүдийн баталгаа бидэнд байгаа» гэж ярьсан юм (1 Коринт 15:3–8-ыг уншина уу).

ҮНЭНИЙГ БУСДАД МЭДҮҮЛЬЕ

19, 20. а) Паул Ром дахь христиануудад бичсэн захидалдаа ямар үүргийн тухай дурдсан бэ? б) Еховагийн үйлчлэгч бид юу хийх хэрэгтэй вэ?

19 Хөршөө хайрладаг христиан бид үнэнийг мэдчихээд дотроо хадгалаад байж чаддаггүй. Үүний учрыг Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ тайлбарлан «Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно. Хүн зүрхэндээ итгэн, зөвт байдалд хүрч, амаараа хүлээн зөвшөөрөн, авралд хүрнэ» гэж хэлжээ (Ром 10:9, 10).

20 Еховагийн Гэрчүүд үнэнийг олсон гэдэгтээ итгэж, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг бусдад дэлгэрүүлэхийг завшаан гэж үздэг. Тиймээс Библийн тухай заагаад зогсохгүй үнэнийг олсон гэдэгт итгэдгээ хүмүүст мэдүүлж явцгаая.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 5-р сарын 15-ны дугаарын 31, 32-р хуудсыг үзнэ үү.