Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Дуулал 37:25-д бичсэн Давидын үг, Матай 6:33-т бичсэн Есүсийн үгнээс харвал Еховагийн үйлчлэгч хоол хүнсээр хэзээ ч дутагдахгүй гэсэн үг үү?

«Зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» гэж Давид бичсэн байдаг. Үүнийг биеэрээ амсаад ийн бичжээ. Бурхан үйлчлэгчдээ санаа тавьж анхааран халамжилдгийг тэрбээр сайн мэддэг байв (Дуу. 37:25). Гэхдээ Давидын бичсэн үгийг уншаад Бурхны үйлчлэгчид хэзээ ч юугаар ч дутагдаж байгаагүй, цаашдаа ч дутагдахгүй гэж ойлгож болохгүй.

Давидын амьдралд хүнд бэрх үе олон байсан. Жишээлбэл, нөхдийнхөө хамт Саулаас зугтаж явахдаа хоол хүнс нь хомсдсон тул талх гуйхад хүрчээ (1 Сам. 21:1–6). Гэхдээ энэ хэцүү үед нь ч Ехова өөрийг нь орхиогүй гэдэгт итгэл төгс байлаа. Үнэхээр ч Давид голоо зогоох гэж гуйлга гуйсан тухай Библийн хаана ч байдаггүй.

Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг үнэнч үйлчлэгчдийнхээ хэрэгцээг Бурхан хангана хэмээн Есүсийн хэлснийг Матай 6:33-т бичсэн байдаг. Тэнд «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг [түүний дотор хоол унд, хувцас хунарыг] та нарт нэмж өгөх болно» гэжээ. Гэхдээ «ах дүүс» нь хавчлагад өртөж, өлсөж цангана гэдгийг ч Есүс хэлсэн (Мат. 25:35, 37, 40). Элч Паулд яг ийм явдал тохиолджээ. Түүнд өлсөж цангах үе бишгүй байсан (2 Кор. 11:27).

Үйлчлэгчид нь янз бүрээр хавчигдахыг Ехова сануулдаг. Сатаны дэгдээсэн маргаантай асуудалд хариу өгөхийн тулд Ехова биднийг өлсөж цангахын зовлонгоос нэг хэсэгтээ ангижруулахгүй байж магадгүй (Иов 2:3–5). Жишээ нь, нацист дэглэмийн үед бөөнөөр хорих лагерьт хоригдож байсан итгэл нэгтнүүдэд маань өлсөж үхэхийн аюул нүүрлэж байжээ. Хоолыг нь хасах нь Гэрчүүдийг үнэнч бус болгох харгис аргуудын нэг байв. Гэрчүүд ийм үед ч үнэнч байсан. Ехова зовлонгоос нь шууд ангижруулаагүй ч тэднийгээ орхиогүй. Үнэндээ бол, Еховад үнэнч байх гэснээсээ болж бүх христиан янз бүрийн зовлон амсдаг. Гэхдээ өөрийнх нь нэрийн төлөө зовдог бүх хүнд Ехова тусална гэдэгт эргэлзэх хэрэггүй (1 Кор. 10:13). Бид Филиппой 1:29-ийг мартах учиргүй. Тэнд «Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ» гэж байдаг.

Ехова үйлчлэгчидтэйгээ үргэлж хамт байхаа амласан. Жишээ нь, Исаиа 54:17-д «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» гэж бий. Бурхны ард түмэнд нийтэд нь аюул учрахгүйг энэ мэт амлалтууд баталдаг. Харин хувь хүний тухайд юу хэлж болох вэ? Еховад үнэнч эсэх нь соригдож, тэр байтугай амиа ч алдаж мэдэх юм.