Skip to content

Гарчиг руу орох

«Олон зовлонг» үл тоон Бурхандаа үнэнч байя

«Олон зовлонг» үл тоон Бурхандаа үнэнч байя

«Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой» (ҮЙЛС 14:22).

1. Бурхны үйлчлэгчид яагаад зовдог вэ?

 «ОЛОН зовлон» туулж байж мөнх амьтай болно гэхлээр та гайхдаг уу? Үгүй биз ээ. Бид Сатаны ертөнцөд амьдардаг учраас үнэнийг мэдээд удаагүй ч бай, олон жил болсон ч бай зовлон эдлэх нь ойлгомжтой (Илч. 12:12).

2. а) Төгс бус бүх хүнд тохиолддог зовлонгоос гадна өөр ямар бэрхшээл христиануудад тулгардаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). б) Эсэргүүцэл хавчлагын цаана хэн байдаг вэ? Энэ тухай хаана байдаг вэ?

2 Бидэнд тулгардаг зовлон бэрхшээл төгс бус «хүнд тохиолддог л зүйл юм». Гэхдээ бид Христийн дагалдагч учраас өөр зовлон амсдаг (1 Кор. 10:13). Ямар зовлон бэ? Бурхны хууль тушаалыг чанд сахидгаасаа болоод харгис ширүүн хавчлагад өртдөг. Есүс: «“Боол эзнээсээ илүү агуу биш” ... Хэрэв тэд Намайг хавчсан бол, та нарыг бас хавчих болно» хэмээн дагалдагчдадаа хэлжээ (Иох. 15:20). Эсэргүүцэл хавчлагын цаана хэн байдаг вэ? Сатан байдаг. Библид Сатаныг Бурхны ард түмнийг «залгихаар хайж буй архирах арслантай» зүйрлэжээ (1 Петр 5:8). Биднийг Еховад үнэнч бус болгохын тулд Сатан янз бүрийн арга хэрэглэдэг. Элч Паулд юу тохиолдсоныг авч үзье.

ПАУЛ ЛУСТРТ БАЙХДАА ХАВЧЛАГАД ӨРТСӨН НЬ

3-5. а) Паул Лустрт байхдаа ямар хавчлагад өртсөн бэ? б) Паулын хэлсэн үг дагалдагчдад яагаад урам зориг өгсөн бэ?

3 Паул Еховад үнэнч байдгийнхаа төлөө олонтоо хавчигдаж явжээ (2 Кор. 11:23–27). Лустр хотод болсон нэг явдлыг авч үзье. Төрөлхийн суумгай хүнийг Паул Барнаб хоёр эдгээдэг. Тэгтэл олон түмэн тэр хоёрыг гайхан шагшиж, бурхад хэмээн өргөмжилжээ! Өөрсдийг нь шүтэх гэсэн тэднийг Паул Барнаб хоёр болиулах гэж оролдсон. Харин тун удалгүй Иудейн шашны удирдагчид хүрч ирээд мөнөөх хоёрын тухай худлаа ярьж, олон түмний толгойг эргүүлдэг. Нөхцөл байдал нүд ирмэхийн зуур өөрчлөгдөх нь тэр! Эсэргүүцэгчдийн үгэнд итгэсэн хүмүүс Паул руу чулуу нүүлгэсэн. Тэгээд үхчихсэн гэж бодоод орхиод явжээ (Үйлс 14:8–19).

4 Паул Барнаб хоёр Дерб хотод очоод, тэндээсээ «Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, “Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой”» гэж захиж байлаа (Үйлс 14:21, 22). «Олон зовлон туулна» гэдгийг сонсоод дагалдагчид сэргэх нь битгий хэл, сэтгэлээр унасан байх гэж бодогдмоор. Гэхдээ Паул Барнаб хоёр энэ үгээрээ «дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлсэн» гэсэн нь сонирхолтой.

5 Паулын хэлсэн үгийг анхааралтай авч үзвэл үүний учрыг мэдэж авна. Тэрбээр: «Бид олон зовлонг тэвчих ёстой» гэж хэлээгүй. Харин «Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой» гэсэн. Үнэнч байх нь ямар сайн үр дүнтэйг ийнхүү онцолж итгэл нэгтнүүдээ зоригжуулсан. Энэ шагнал нь хий хоосон юм биш байв. Есүс: «Эцсээ хүртэл тэссэн нь аврагдах болно» хэмээн айлдсан билээ (Мат. 10:22).

6. Зовлонг тэвчсэн хүмүүс ямар шагнал хүртэх вэ?

6 Бид тэвчээртэй байвал шагнал авна. Тослогдсон христианууд үхэшгүй мөнхийн амьтай болж, Есүстэй хамт тэнгэрээс захирна. «Өөр хонинууд» «зөвт байдал оршдог» дэлхий дээр үүрд жаргалтай амьдарна (Иох. 10:16, ШГ; 2 Петр 3:13). Харин түүнээс өмнө олон зовлон туулах ёстой. Тулгарч болзошгүй хоёр бэрхшээлийг авч үзье.

ШУУД ДОВТЛОХ

7. Шууд довтлох гэдэгт юу орох вэ?

7 «Хүмүүс та нарыг шүүхэд тушааж, синагогуудад та нарыг ташуурдана. Та нар Миний төлөө гэрчлэл болон захирагчид, хаадын өмнө зогсох болно» гэж Есүс зөгнөсөн (Марк 13:9). Тиймээс төр, шашны удирдагчдын турхиралтаар хавчлага өрнөж мэдэх юм. Тэр үед зарим христианы биед халдана (Үйлс 5:27, 28). Паулын тухай дахиад нэг бодоод үзье. Тэрбээр хавчлагад өртөнө гээд айсан уу? Огтхон ч айгаагүй (Үйлс 20:22, 23-ыг уншина уу).

8, 9. Паул зовлонг тэвчинэ гэж бат шийдсэн нь юунаас харагддаг вэ? Орчин үед зарим ах дүү маань хавчлагыг хэрхэн тэвчдэг вэ?

8 Сатаныг шууд довтлоход Паул зоригтой байж, «Би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн» гэжээ (Үйлс 20:24). Паул ирээдүйд тулгарах хавчлагаас айж байгаагүй нь харагдаж байна. Эсэргүүцэл хавчлага тулгарсан ч тэвчээртэй давна гэж бат шийдсэн ажээ. Тэрбээр ямар ч зовлонг үл тоон «сайн мэдээг гэрчлэхийг» л гол зорилгоо болгож байв.

9 Хавчлагад өртсөн ч үнэнч хэвээрээ байдаг христиан өнөөдөр ч олон бий. Жишээлбэл, нэг улсад төвийг сахих байр сууриасаа болоод 20 шахам жил шоронд хоригдож буй ах дүүс маань байдаг. Итгэл үнэмшлийнхээ улмаас улс төрийн үйл хэрэгт оролцохоос татгалзсан хүний хэргийг хэрхэн шийдвэрлэх тухай хууль тэр улсад байдаггүй ажээ. Тийм учраас ах дүүсийн маань хэргийг шүүхээр авч хэлэлцэлгүй шууд шоронд хорьжээ. Тэднийг эргэхийг гэр бүлийнхэнд нь зөвшөөрдөггүй бөгөөд зарим хоригдлыг зодож жанчин, тэр байтугай янз бүрээр тамлан зовоодог байна.

10. Гэнэт хавчлага гарвал айх хэрэггүйн учир юу вэ?

10 Зарим улсад хавчлага гэнэт гардаг. Танай нутагт ийм юм тохиолдвол битгий айгаарай. Иосефыг саная. Гэнэт зарц боол болж худалдагдсан ч Ехова «түүнийг бүх зовлон зүдгүүрээс нь авран гаргасан» (Үйлс 7:9, 10). Ехова таныг ч бас аварна. «Бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг болон зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэлийн дор яаж барьж байхаа» Ехова мэддэгийг хэзээ ч битгий мартаарай (2 Петр 2:9). Хавчлага гарвал зоригтой байж Еховад найдаарай. Ехова таныг муу муухай ертөнцөөс аварч, мөнх амьдруулна гэдэгт бат итгэж яваарай (1 Петр 5:8, 9).

ДАЛДУУР МЭРЭХ

11. Сатаны далдуур мэрэх арга шууд довтлох аргаас ямар ялгаатай вэ?

11 Хавчлагын өөр нэг хэлбэр нь далдуур мэрэх юм. Энэ нь шууд довтлохоос ямар ялгаатай вэ? Шууд довтлох арга нь гэнэт гарч мод булгалдаг хар салхитай адил юм. Харин далдуур мэрэх арга нь модыг бага багаар иддэг хорхойтой адилхан. Хорхойд идүүлсэн модыг гаднаас нь харахад мэдэгддэггүй ч унахад бэлэн болсон байдаг.

12. а) Сатаны далдуур мэрэх нэг арга юу вэ? Яагаад үр дүнтэй байдаг вэ? б) Паул сэтгэлээр унахлаараа өөрийгөө юу гэж боддог байсан бэ?

12 Еховатай тогтоосон харьцааг тань Сатан эвдэн бусниулахыг хүсдэг. Ингэхийн тулд хавчиж хяхах зэргээр шууд довтлох юм уу сэтгэлээр унагах гэх мэтээр далдуур мэрэх арга хэрэглэж болзошгүй. Хүн сэтгэлээр унахлаараа Еховагаас аажим аажмаар холдож эхэлдэг учир Сатаны хэрэглэдэг энэ арга үр дүнтэй байдаг. Элч Паул заримдаа сэтгэлээр унадаг байснаа ний нуугүй бичжээ (Ром 7:21–24-ийг уншина уу). Тэр байтугай өөрийгөө «хөөрхийлөлтэй хүн» гэсэн удаатай. Нэгдүгээр зууны удирдах зөвлөлийн гишүүн, Еховатай дотно харьцаатай байсан тэрбээр яагаад ингэж хэлэхэд хүрсэн бэ? Төгс бусаасаа болоод сэтгэлээр унадаг байжээ. Зөв юм хийхийг үнэхээр хүсдэг ч тэр бүр амархан байгаагүй ажээ. Заримдаа та сэтгэлээр унадаг бол элч Паулд бас тийм бэрхшээл тулгарч байсныг мэдэхлээр тайвшрах биз ээ.

13, 14. а) Бурхны үйлчлэгчид юунаас болоод сэтгэлийн зовлон эдэлдэг вэ? б) Биднийг үнэнч бус болгохыг хэн хүсдэг вэ? Яагаад?

13 Санаа зовдог, сэтгэлээр унадаг, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж боддог хүн христиан ах дүүсийн маань дунд олон бий. Жишээ нь, идэвхтэй дэлгэрүүлдэг нэг эхлэгч эмэгтэй: «Алдаагаа дахин дахин бодох бүрд сэтгэл улам тавгүйтдэг. Алдаа болгоноо бодохлоор намайг хэн ч, тэр байтугай Ехова хүртэл хайрлаж чадахгүй юм шиг санагддаг» хэмээн ярьсан юм.

14 Энэ эмэгтэй шиг идэвх зүтгэлтэй олон христиан яагаад сэтгэлийн зовлон эдэлдэг юм бол оо? Янз бүрийн шалтгаантай. Зарим нь өөрийнхөө болон ахуй амьдралынхаа талаар таагүй бодолтой явдаг (Сур. 15:15). Өөр нэг хэсэг нь өвчиндөө шаналаад гутранги юм бодох нь бий. Ямар ч шалтгаантай бай, бидний сэтгэлээр хэн тоглохыг хүсдэгийг битгий мартаарай. Сэтгэлээр унаад бууж өгөөсэй гэж хэн хүсдэг вэ? Сатанаас өөр хэн ч биш. Сатан бол үхлийн ял аваад ямар ч ирээдүйгүй болсон этгээд. Таныг бас өөр шигээ болгохыг хүсдэг (Илч. 20:10). Сатан аль ч аргаа хэрэглэсэн, бидний санааг зовоох, идэвхгүй болгох, үнэний замаас гаргах гэсэн нэг л зорилготой. Бид Бурхандаа үнэнч байхын төлөөх дайнд оролцдогийг санаж яваарай!

15. 2 Коринт 4:16, 17-д бичсэнээр бид яах ёстой вэ?

15 Яасан ч бууж өгөхгүй гэж бат шийдээрэй. Шагналаа үргэлж бодоорой. Паул: «Бид зүрх алддаггүй. Хэдийгээр гаднах хүн маань ялзарч байгаа ч доторх хүн маань өдрөөс өдөрт шинэчлэгдэж байна. Учир нь цаг зуурын ялихгүй зовлон нь бидэнд мөнх алдрыг үлэмж арвинаар бий болгож байна» хэмээн Коринтын христиануудад бичжээ (2 Кор. 4:16, 17).

ОДООНООС БЭЛТГЭЛЭЭ БАЗААХ НЬ

Бүх христиан итгэл үнэмшлээ хамгаалж сурах хэрэгтэй (16-р догол мөрийг үзнэ үү)

16. Одооноос бэлтгэлээ базаах нь яагаад чухал бэ?

16 Биднийг унагахын тулд Сатан янз бүрийн «заль мэх» хэрэглэдгийг үзлээ (Еф. 6:11). Тиймээс 1 Петр 5:9-т байдаг «Бат итгэлээрээ түүнийг эсэргүүц» гэсэн зөвлөгөөг хүн бүр дагах шаардлагатай. Ингэхийн тулд оюун ухаан, зүрх сэтгэлээ бэлдэж, одооноос зөв юм хийж сурах хэрэгтэй. Жишээ нь, цэргүүд дайн тулаанд бэлэн байхын тулд энхийн цагт хээрийн сургууль хийдэг. Биднийг бас цэрэгтэй зүйрлэж болно. Ирээдүйд бид ямар ч «дайнд» оролцож мэднэ. Тийм учраас, харьцангуй тайван байгаа энэ үед бэлтгэл сургуулилалт хийх нь чухал. Паул Коринтын христиануудад «Та нар итгэл дотор байгаа эсэхээ шалга, өөрсдийгөө батал» хэмээн бичсэн байдаг (2 Кор. 13:5).

17-19. а) Өөрийгөө яаж шалгах вэ? б) Охид хөвгүүд итгэл үнэмшлээ хамгаалахад хэрхэн бэлдэх вэ?

17 Паулын бичсэн зөвлөгөөг дагах нэг арга нь өөрийгөө чин үнэнээр нь шалгах явдал юм. Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би байнга залбирдаг уу? Хүмүүс надаар буруу юм хийлгэх гэвэл хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагадаг уу? Цуглаанд тогтмол явдаг уу? Итгэл үнэмшлээ зоригтой хамгаалдаг уу? Намайг алдаа гаргахад итгэл нэгтнүүд маань уучилдаг шиг, би тэднийгээ тэр дор нь уучилдаг уу? Еховагийн байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг хүмүүс болон хурлынхаа ахлагчдад дуулгавартай байдаг уу?».

18 Бидэнд муугаар нөлөөлөхийг оролддог хүмүүс эргэн тойронд бий. Гэрч охид хөвгүүд багш нар болон ангийнхандаа итгэл үнэмшлийнхээ талаар ярих хэрэгтэй болдог. Гэхдээ тэд айж ичилгүй зоригтой ярьдаг. Тэдэнд тус болох зөвлөгөө манай сэтгүүлүүдэд олон гардаг. Тухайлбал, 2009 оны 7 дугаар сарын «Сэрцгээ!» сэтгүүлд «Чи яагаад эволюцийн онолд итгэдэггүй юм бэ?» гэж ангийн чинь хүүхэд асуувал «Эволюцийн онолд яагаад заавал итгэх ёстой гэж? Энэ талын мэргэжилтнүүд хүртэл хоорондоо санал нийлдэггүй шүү дээ!» хэмээн хариулаарай гэсэн зөвлөгөө нийтэлсэн. Эцэг эхчүүд ээ, хүүхдүүдээрээ дасгал сургууль хийлгэж итгэл үнэмшлээ хамгаалахад нь туслаарай.

19 Үнэндээ, итгэл үнэмшлээ хамгаалж ярих, Еховагийн хий гэсэн болгоныг хийх тэр болгон амархан биш байдаг. Жишээ нь, өдөржин ажиллачихаад орой нь цуглаандаа явахын тулд өөрийгөө хүчлэх үе бий. Өглөө босоод дэлгэрүүлэх гэхлээр зөөлөн орондоо шигдмээр санагдаж мэднэ. Гэхдээ одооноос цуглаанд явж, дэлгэрүүлээд хэвшчихвэл ирээдүйд илүү том бэрхшээл тулгарахад даван туулах бэлтгэлтэй байна гэдгийг санаарай.

20, 21. а) Есүс амиа золиосолсныг эргэцүүлэн бодох нь гутранги үзэлтэйгээ тэмцэхэд ямар ач тустай вэ? б) Бид яах ёстой вэ?

20 Далдуур мэрэх аргын тухайд юу хэлж болох вэ? Жишээлбэл, сэтгэлийн зовлонд унавал яаж даван туулах вэ? Есүс бидний төлөө амиа золиосолсныг эргэцүүлэн бодох нь нэг сайн арга юм. Элч Паул тийнхүү эргэцүүлэн боддог байжээ. Өөрийгөө заримдаа хөөрхийлөлтэй гэж боддог байсан тэрбээр Христийг төгс хүмүүсийн төлөө бус, нүгэлтнүүдийн төлөө амиа өгснийг мэддэг байв. Тэр нүгэлтнүүдийн нэг нь Паул өөрөө байлаа. Тийм учраас, «Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч [байна]» гэж бичжээ (Гал. 2:20). Есүс хүн төрөлхтний төлөө төдийгүй өөрийнх нь төлөө амиа золиосолсон гэдэгт Паул итгэж байсан.

21 Та бас Есүсийн золиосолсон төгс амийг өөрт тань зориулж өгсөн Бурхны бэлэг гэж үзээрэй. Энэ нь сэтгэлийн зовлонгоосоо тэр даруйд ангижирна гэсэн үг биш ч үнэхээр тустай. Нарийн яривал, зарим хүн шинэ ертөнцөд очтолоо ийм бэрхшээл амсаж мэдэх юм. Гэхдээ шантарч цөхрөхгүй байсан цагт л шагнал авна гэдгийг битгий мартаарай. Бурхны Хаанчлал энх тайвныг тогтоож, үнэнч хүмүүсийг бүгдийг нь төгс болгох тэр агуу өдөр улам ойртож байна. «Олон зовлон туулах» байлаа ч «хаанчлалд орно» гэж бат шийдээрэй.