Skip to content

Гарчиг руу орох

Та нар «тахилч нарын хаанчлал» болно

Та нар «тахилч нарын хаанчлал» болно

«Та нар Надад тахилч нарын хаанчлал, ариун үндэстэн болно» (ЕГ. 19:6).

1, 2. Эмэгтэйн үрийг хамгаалахын тулд яах хэрэгтэй байсан бэ? Яагаад?

 БИБЛИД бичсэн анхны зөгнөл буюу Едений амлалт Еховагийн санаа зорилго биелэхэд онцгой ач холбогдолтой. Бурхан: «Би чамайг [буюу Сатаныг] тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» гэж зөгнөжээ (Эх. 3:15). Тэгэхлээр Сатан тэр эмэгтэйд ямар их өс хонзонтой нь харагдаж байна. Үр хүүхдийг нь устгах гэж хамаг чадлаараа хичээх ажээ.

2 Бурхны ард түмний төлөө санаа зовсон нэгэн дуулалч: «Харагтун, Таны дайснууд шуугьж, Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн. Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гаргаж, Таны нандигнасан хүмүүсийн эсрэг хамтдаа хуйвалддаг. ... “Тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё” гэцгээв» хэмээн залбирчээ (Дуу. 83:2–4). Сатаны зорилго эмэгтэйн үрийн өвөг дээдсийг завхруулж, устгах явдал байлаа. Ехова үрийг хамгаалж, санаа зорилгоо биелүүлэхийн тулд хэд хэдэн гэрээ байгуулсан.

ҮРИЙГ ХАМГААЛДАГ ГЭРЭЭ

3, 4. а) Хуулийн гэрээ хэзээ хүчин төгөлдөр болсон бэ? Израильчууд юуг хүлээн зөвшөөрсөн бэ? б) Ехова Хуулийн гэрээний үндсэн дээр юу хийсэн бэ? Энэ гэрээний зорилго юу байсан бэ?

3 Абрахам, Исаак, Иаковын үр удам өсөн нэмэгдэж хэдэн саяд хүрэхэд Ехова тэднийг Израиль үндэстэн болгон зохион байгуулжээ. Тэгээд Мосегоор зуучлуулан онцгой гэрээ байгуулж, хууль өгсөн. Израилийн ард түмэн ч гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрчээ. «Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд “ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно” гэцгээв. Тиймээс Мосе [тахилын бухын] цусыг авч, ард түмний дээгүүр цацан, “Эдгээр бүх үгсийн дагуу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний цусыг үзэгтүн” гэв» хэмээн Библид бичсэн байдаг (Ег. 24:3–8).

4 МЭӨ 1513 онд Хуулийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Ехова энэ гэрээний үндсэн дээр Израилийг тусгай ард түмнээ болгон сонгож авсан. Ийнхүү Шүүгч, Хууль тогтоогч, Хаан нь болжээ (Ис. 33:22). Бурхны тогтоосон хэм хэмжээг баримтлахад ямар ивээл хүртдэг, зөрчихөд ямар хохирол амсдагийг эртний Израилийн түүх харуулдаг. Харь үндэстнүүдтэй ураг барилдах, хуурамч бурхан шүтэхийг уг хуулиар хориглодог байв. Энэ нь Абрахамын үрийг завхран гажуудахаас сэргийлэх зорилготой байжээ (Ег. 20:4–6; 34:12–16).

5. а) Хуулийн гэрээгээр Израильд ямар боломж олдсон бэ? б) Бурхан израильчуудыг яагаад ард түмнээ гэж үзэхээ больсон бэ?

5 Хуулийн гэрээ ёсоор Израильд тахилчийн үйлчлэл бий болсон бөгөөд энэ нь ирээдүйн илүү агуу зүйлийг бэлгэ тэмдэг болж байлаа (Евр. 7:11; 10:1). Энэ гэрээний үндсэн дээр Израиль үндэстэн «тахилч нарын хаанчлал» болох завшаантай болсон. Уг завшааныг эдлэхийн тулд израильчууд Еховагийн хуулийг сахих ёстой байв (Египетээс гарсан нь 19:5, 6-г уншина уу). Гэвч сахиагүй. Абрахамын үрийн гол хэсэг болох Мессиаг ирэхэд хүндэтгэн хүлээж авахын оронд үл тоомсорлосон. Тиймээс Бурхан тэднийг ард түмнээ гэж үзэхээ больжээ.

Израильчууд дуулгаваргүй болсон ч Мосегийн хууль завхран гажуудаагүй (3–6-р догол мөрийг үзнэ үү)

6. Мосегийн хуулийн зорилго юу байсан бэ?

6 Израиль үндэстэн Еховад үнэнч бус болсны улмаас тахилч нарын хаанчлал болох боломжоо алдсан. Ингэлээ гээд Мосегийн хууль завхран гажуудаагүй. Хуулийн зорилго нь үрийг хамгаалж, хүмүүст Мессиаг таниулах явдал байв. Христ дэлхийд ирж, Мессиа гэдгээ таниулснаар уг хуулийн зорилго хэрэгжсэн. Библид «Христ бол хуулийн төгсгөл мөн» гэж байдаг (Ром 10:4). «Тэгвэл ямар үндэстэн тахилч нарын хаанчлалыг бүрдүүлэх завшаан эдлэх вэ?» гэсэн асуулт гардаг. Ехова шинэ үндэстнийг бий болгохын тулд өөр нэг гэрээ байгуулжээ.

ШИНЭ ҮНДЭСТЭН БИЙ БОЛСОН НЬ

7. Ехова Иеремиагаар юу хэлүүлсэн бэ?

7 Хуулийн гэрээ хүчингүй болохоос бүр өмнө Ехова Израиль үндэстэнтэй «шинэ гэрээ» байгуулна хэмээн зөнч Иеремиагаар хэлүүлжээ (Иеремиа 31:31–33-ыг уншина уу). Энэ гэрээ нь Хуулийн гэрээтэй адилгүй. Хуулийн гэрээгээр бол хүмүүсийн нүглийг уучлахын тулд амьтнаар тахил өргөх шаардлагатай. Харин шинэ гэрээний тухайд юу хэлж болох вэ?

8, 9. а) Есүсийн цус ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? б) Шинэ гэрээнд оролцсон хүмүүст ямар боломж олдсон бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

8 Есүс МЭ 33 оны нисан сарын 14-нд үнэнч 11 элчтэйгээ Эзний оройн зоогийг тэмдэглэсэн. Тэр үеэр дарсны тухай ярихдаа «Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» гэжээ (Лук 22:20). «Матай» номд бичсэнээр Есүс: «Энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний Миний цус» хэмээн хэлсэн байдаг (Мат. 26:27, 28).

9 Есүсийн асгаруулсан цус шинэ гэрээг хүчин төгөлдөр болгосон. Нэг удаа асгаруулсан энэ цус хүмүүст нүглээсээ бүрмөсөн уучлагдах боломж олгожээ. Есүс шинэ гэрээнд оролцдоггүй. Нүгэлгүй учраас уучлуулах шаардлага байхгүй. Харин түүний асгаруулсан цусны үндсэн дээр Бурхан хүн төрөлхтнийг ивээнэ. Бас хэсэг үнэнч хүнийг ариун сүнсээрээ тосолж хүүхдүүдээ болгон үрчилж авах боломж энэ цусаар олдсон (Ром 8:14–17-г уншина уу). Ехова тэднийг Хүү Есүс шигээ нүгэлгүй гэж үздэг. Тослогдогсод «Христийн хамтран залгамжлагчид» болж, Израиль үндэстний алдсан завшааныг эдлэн «тахилч нарын хаанчлалыг» бүрдүүлнэ. Элч Петр тэдний талаар «Та нар бол сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн юм. Ингэснээр харанхуйгаас та нарыг Өөрийн гайхамшигт гэрэл уруу дуудсан Түүний давуу чанаруудыг та нар тунхаглах юм» гэжээ (1 Петр 2:9). Шинэ гэрээ хэчнээн чухал гэдэг нь эндээс харагдаж байна! Энэ гэрээний үндсэн дээр Есүсийн шавь нарт Абрахамын үрийн туслах хэсгийг бүрдүүлэх боломж олджээ.

ШИНЭ ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСОН НЬ

10. Шинэ гэрээ хэзээ хүчин төгөлдөр болсон бэ? Яагаад?

10 Шинэ гэрээ хэзээ хүчин төгөлдөр болсон бэ? Эзний оройн зоогийн үед хүчин төгөлдөр болоогүй. Яагаад? Гэрээг хүчинтэй болгохын тулд Есүс тэнгэрт буцаж очоод цусныхаа үнэ цэнийг Еховад өргөн барих ёстой байв. Түүнээс гадна, «Христийн хамтран залгамжлагчдын» эгнээнд орох хүмүүс ариун сүнсээр тослогдох учиртай байсан. Тиймд МЭ 33 оны Пентекостын өдөр Есүсийн үнэнч шавь нар ариун сүнсээр тослогдоход шинэ гэрээ хүчин төгөлдөр болжээ.

11. Шинэ гэрээ хүчин төгөлдөр болоход иудейчүүд болон харь үндэстнүүд Бурхны Хаанчлалыг өвлөн авах боломжтой болсон гэхийн учир юу вэ? Шинэ гэрээнд оролцогчдын тоо хэд байх вэ?

11 Ехова шинэ гэрээг Израильтай байгуулна гэж Иеремиагаар хэлүүлсэн нь Хуулийн гэрээ хүчингүй болно гэсэн үг байлаа. Шинэ гэрээ хүчин төгөлдөр болоход Хуулийн гэрээ хүчингүй болжээ (Евр. 8:13). Үүний дүнд иудейчүүд, хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүдийн аль аль нь Бурхны Хаанчлалыг өвлөн авах боломжтой болсон. Учир нь тэд «үсгээр бус, Сүнсээр» зүрх сэтгэлдээ хөвч хөндүүлжээ (Ром 2:29). Бурхан тэдэнтэй шинэ гэрээ байгуулан «Өөрийн хуулиудыг тэдний ухаан санаанд оруулж, ... тэдний зүрхэнд бичих» гэж байлаа (Евр. 8:10). Шинэ гэрээнд оролцогчдын тоо нийт 144 000 бөгөөд тэд «Бурханы Израиль» хэмээх бэлгэдлийн үндэстнийг бүрдүүлдэг (Гал. 6:16; Илч. 14:1, 4).

12. Хуулийн гэрээ, шинэ гэрээ хоёр юугаараа төстэй вэ?

12 Хуулийн гэрээ, шинэ гэрээ хоёр юугаараа төстэй вэ? Хуулийн гэрээг Ехова Израиль үндэстэнтэй байгуулсан бол, шинэ гэрээг бэлгэдлийн Израильтай байгуулсан. Хуулийн гэрээний зууч нь Мосе байсан бол, шинэ гэрээний Зууч нь Есүс юм. Хуулийн гэрээ амьтны цусаар хүчин төгөлдөр болсон бол, шинэ гэрээ Есүсийн цусаар хүчинтэй болсон. Хуулийн гэрээнд оролцогч болох Израиль үндэстний удирдагч нь Мосе байсан бол, шинэ гэрээнд оролцогчдын Удирдагч нь хурлын тэргүүн Есүс юм (Еф. 1:22).

13, 14. а) Шинэ гэрээ Хаанчлалтай ямар холбоотой вэ? б) Тослогдогсод Есүстэй хамт хаан, тахилч болоход юу хэрэгтэй вэ?

13 Шинэ гэрээ Хаанчлалтай ямар холбоотой вэ? Энэхүү гэрээний үндсэн дээр бий болсон ариун үндэстэн тэнгэрийн Хаанчлалын хаад, тахилчид болох боломжтой. Абрахамын үрийн туслах хэсэг энэ үндэстнээс бүрддэг (Гал. 3:29). Абрахамын гэрээ биелнэ гэдгийг шинэ гэрээ улам баталгаажуулдаг.

14 Шинэ гэрээний үндсэн дээр бэлгэдлийн Израиль үндэстэн бий болсон бөгөөд тослогдогсод «Христийн хамтран залгамжлагчид» болох завшаантай болсон. Гэхдээ Есүстэй хамт хаан, тахилч болоход тэдэнд өөр нэг гэрээ хэрэгтэй.

ХРИСТТЭЙ ХАМТ ЗАХИРАХ БОЛОМЖ ОЛГОДОГ ГЭРЭЭ

15. Есүс үнэнч элч нартайгаа ямар гэрээ байгуулсан бэ?

15 Эзний оройн зоогийн дараа Есүс үнэнч шавь нартайгаа нэг гэрээ байгуулжээ. Үүнийг Хаанчлалын гэрээ гэдэг (Лук 22:28–30-ийг уншина уу *). Бусад гэрээнээс ялгаатай нь, энэ гэрээнд Ехова оролцоогүй. Энэ бол Есүс болон тослогдсон христиануудын хооронд байгуулсан гэрээ юм. Есүс: «Миний Эцэг надтай гэрээ байгуулсан» гэж хэлэхдээ Эцэгтэйгээ хоёулхнаа байгуулсан Мелхизедек шиг тахилчийн гэрээг хэлсэн бололтой (Евр. 5:5, 6).

16. Хаанчлалын гэрээ тослогдсон христиануудад ямар боломж олгосон бэ?

16 Есүсийг «сорилтод байх үед» үнэнч 11 элч нь дэргэд нь байсан. Тэднийг Есүстэй хамт тэнгэрийн хаад, тахилч болохыг Хаанчлалын гэрээ баталдаг. Гэхдээ зөвхөн 11 элч энэ завшааныг эдлэхгүй. Тэнгэрт очиж өндөрт өргөмжлөгдсөн Есүс элч Иоханд ер бусаар үзэгдэн, «Би ялж, Эцэгийнхээ хамт Түүний сэнтийд заларсны адил Надтай хамт Миний сэнтийд залрахыг ялагчид соёрхоно» хэмээн айлджээ (Илч. 3:21). Тэгэхлээр, Хаанчлалын гэрээг 144 000 тослогдсон христиантай байгуулсан гэсэн үг (Илч. 5:9, 10; 7:4). Тослогдогсод энэ гэрээний үндсэн дээр Христтэй хамт захирна. Тэднийг хаантай гэрлэхээр сүй тавьсан бүсгүйтэй зүйрлэж болно. Сүйт бүсгүй хаантай гэрлэхлээрээ хамт захирах эрхтэй болдог. Библид тослогдогсдыг Христийн «сүйт бүсгүй», Христтэй гэрлэхээр амласан «ариун онгон охин» гэдэг (Илч. 19:7, 8; 21:9; 2 Кор. 11:2).

БУРХНЫ ХААНЧЛАЛ ЗОРИЛГОО БИЕЛҮҮЛНЭ ГЭДЭГТ БАТ ИТГЭГТҮН

17, 18. а) Хаанчлалтай холбоотой зургаан гэрээг товч тайлбарлана уу. б) Хаанчлал зорилгоо биелүүлнэ гэдэгт яагаад бат итгэх хэрэгтэй вэ?

17 Энэ болон өмнөх өгүүллээр үзсэн гэрээнүүд бүгдээрээ Хаанчлалтай ямар нэгэн байдлаар холбоотой («Бурхан санаа зорилгоо хэрхэн биелүүлэх вэ?» гэсэн хавсралтыг үзнэ үү). Бурхны Хаанчлал зорилгоо заавал хэрэгжүүлэхийг эдгээр гэрээ баталгаажуулдаг. Тиймээс Бурхан дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо Мессиагийн Хаанчлалаар дамжуулан гүйцэлдүүлнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй (Илч. 11:15).

Ехова дэлхийн талаарх санаа зорилгоо Мессиагийн Хаанчлалаар дамжуулан хэрэгжүүлнэ (15–18-р догол мөрийг үзнэ үү)

18 Зөвхөн Мессиагийн Хаанчлал хүн төрөлхтний зовлон бэрхшээлийг бүрмөсөн шийдэх нь гарцаагүй. Тэгээд бүх хүнд үүрдийн ач тус хүртээнэ. Үүнд бид огтхон ч эргэлздэггүй. Тиймд энэ гайхалтай сайхан мэдээг идэвхтэй тунхаглацгаая! (Мат. 24:14).

^ Лук 22:29 (ШЕ): «Миний Эцэг надтай гэрээ байгуулсанчлан, би та нартай хаанчлалын гэрээ байгуулна».