Бодлоо өөрчлөх ёстой юу?
ХРИСТИАН охид хөвгүүд нийлээд кино үзэхээр болов. Гоё кино гэж сургуулийнх нь хүүхдүүд ярилцаж байхыг тэд сонссон ажээ. Тэгээд кино театрт иртэл сурталчилгааны самбар дээр зэр зэвсэг, хагас нүцгэн хүүхний зураг байв. Тэд яах бол? Театр луу ороод кино үзэх болов уу?
Бид өдөр бүр том жижиг асуудлыг шийддэг. Тэр нь Еховатай тогтоосон харьцаанд маань нэг бол сайнаар, нэг бол муугаар нөлөөлдөг. Заримдаа ямар нэгэн юм хийхээр болсныхоо дараа илүү нухацтай бодож үзээд шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй болдог. Энэ нь туйлбаргүйн шинж үү эсвэл ингэх нь зөв үү?
Бодлоо өөрчилж болохгүй үе
Бид Еховаг хайрладаг болсон учраас амь амьдралаа зориулаад баптисм хүртсэн. Бурханд үнэнч байх нь бидний чин хүсэл юм. Гэвч Сатан Диавол биднийг үнэнч бус болгохын тулд чадах бүхнээ хийдэг (Илч. 12:17). Бид Еховад үйлчилж, хууль тушаалыг нь сахин биелүүлэхээр шийдсэн билээ. Энэ шийдвэрээсээ няцвал хэчнээн харамсалтай вэ! Амь насаа ч алдаж мэдэх юм.
2 600 гаруй жилийн өмнө Вавилоны хаан Небухаднезар аварга том алтан хөрөг бүтээгээд бүх хүнийг мөргүүлэх зарлиг гаргажээ. Зарлигийг дагаагүй хэнийг ч болов дүрэлзсэн галтай зууханд хаях байв. Тэгтэл Ехова Бурхныг шүтдэг Шадрах Мешах Абед-него нар хааны тушаалыг сахисангүй. Хөрөгт мөргөөгүй тэднийг халуун зууханд хаясан боловч Ехова ер бусын аргаар аварчээ. Тэр гурав Бурхнаасаа урваснаас үхэхийг илүүд үзсэн юм (Дан. 3:1–27).
Дан. 6:1–27).
Бурханд залбирдгаа хүмүүст мэдэгдчихвэл арслантай нүхэнд хаягдаж, аймшигтайгаар тарчлан үхэхээ зөнч Даниел ойлгож байсан. Гэвч заншсан ёсоороо өдөрт гурван удаа залбирсаар байжээ. Жинхэнэ Бурхныг шүтнэ гэсэн бодлоосоо ухраагүй түүнийг Ехова «арслангийн савраас аварсан» (Гэрчүүд бид ч Еховад үнэнч байна гэж тангарагласнаа биелүүлдэг. Африкийн нэгэн дунд сургуульд сурдаг Еховагийн Гэрч хүүхдүүд туг далбаанд мөргөх ёслолд оролцохоос татгалзсанаасаа болоод сургуулиас хөөгдөх дээрээ тулжээ. Дараахан нь боловсролын сайд тэдний хотод айлчилж, Гэрч сурагчидтай ярилцав. Тэд ямар учраас ёслолд оролцоогүйгээ эелдэг бөгөөд зоригтой тайлбарлажээ. Түүнээс хойш сургуулиас хөөх тухай асуудал дахин гараагүй байна. Гэрч хүүхдүүд ч сургуульдаа чөлөөтэй явдаг болсон бөгөөд Еховагийн хуулийг зөрчүүлэх гэж хэн ч тэднийг дарамтлахаа больжээ.
Жосеф гэдэг Гэрчийн тухай авч үзье. Эхнэр нь хорт хавдар тусаж, гэнэт нас баржээ. Хамаатан садан нь ажил явдлыг хэрхэн хийх талаарх Жосефын хүсэлтийг ойлгон хүлээж авчээ. Гэтэл эхнэрийнх нь талынхан Гэрч биш учир Бурханд таалагдахгүй оршуулгын зан үйл хийхийг хүсэж байв. Жосеф: «Намайг бодлоо өөрчлөхгүй байсан болохоор тэд хүүхдүүдийг маань ятгаж эхэлсэн. Хүүхдүүд маань ч бууж өгөөгүй. Хамаатнууд бас манай гэрт салах ёс гүйцэтгэнэ гэхлээр нь манайхаас өөр газар хийгээрэй гэж би хэлсэн. Энэ зан үйл эхнэр бид хоёрын итгэл үнэмшилд харш гэдгийг тэд мэдэж байсан болохоор нэлээд ярилцсаны эцэст өөр газар хийхээр болсон» гэсэн юм.
Тэрбээр цааш нь «Би тэр хэцүү үед Еховад залбирч, хуулийг нь зөрчихгүй байхад туслахыг гуйж байсан. Ехова миний залбирлыг сонсоод дарамт шахалтад автахгүй байхад манай гэрийнхэнд тусалсан» гэжээ. Жосеф болон түүний хүүхдүүд Еховагийн хууль тушаалыг зөрчих тухай өчүүхэн төдий ч бодоогүй байна.
Бодлоо өөрчилж болдог үе
Есүс Христийг МЭ 32 оны Дээгүүр өнгөрөх баярын дараахан Сидоны нутагт очтол сирофоеник эмэгтэй түүн дээр хүрч ирээд, охиноос минь чөтгөрийг зайлуулж өгөөч гэж дахин дахин гуйсаар байлаа. Эхэндээ Есүс юу ч хариулсангүй. Харин шавь нартаа «Би Израилийн гэрийн зөвхөн алдагдсан хонинууд уруу илгээгдсэн юм» гэв. Тэр эмэгтэй шалсаар байв. Тэгэхэд нь Есүс: «Хүүхдүүдийн талхыг авч, нохдод хаяж өгөх нь сайн хэрэг бишээ» гэж хариуллаа. Эмэгтэй бат итгэлтэй байсан тул «Тийм ээ, Эзэн. Гэвч ноход ч эздийнхээ ширээнээс унасан үйрмэгээр хооллодог шүү дээ» гэв. Есүс хүсэлтийг нь биелүүлж охиныг нь эдгээж өгчээ (Мат. 15:21–28).
Ийнхүү Есүс шаардлагатай үед бодлоо өөрчлөхөд бэлэн байсан нь Еховаг дууриасан хэрэг юм. Ехова израильчуудыг алтан тугал хийлээ хэмээн устгах санаатай байсан ч Мосегийн гуйлтыг харгалзан үзээд бодлоо өөрчилсөн билээ (Ег. 32:7–14).
Элч Паул, Ехова Есүс хоёрыг дууриадаг байсан. Жишээ авъя. Марк, миссионерийн анхны аяллын үеэр Паул Барнаб хоёрыг орхиод явчихдаг. Тиймээс Паул түүнийг дараа дараагийн аяллаар хамт явахад тохиромжгүй хүн гэж дүгнэжээ. Гэвч хожим нь Маркийн төлөвшсөнийг хараад хэрэгтэй хүн гэж үздэг болсон. Тийм учраас, Тимотод «Маркийг өөрийнхөө хамт аваад 2 Тим. 4:11).
ирээрэй. Учир нь үйлчлэлд тэр надад хэрэгтэй байна» гэж хэлжээ (Энэ бүхнээс бид юу ойлгож болох вэ? Энэрэнгүй сэтгэлтэй, тэвчээртэй, халамжит тэнгэрийн Эцгээ дууриан шаардлагатай үед бодлоо өөрчлөхөд бэлэн байх нь зүйтэй. Жишээ нь, бид төгс бус учраас бусдын талаар буруу боддог байж мэднэ. Харин Ехова Есүс хоёрыг дууриадаг бол бусдын ахуй байдлыг илүү сайн ойлгож тэдний талаарх бодлоо өөрчлөхөд бэлэн байна.
Еховад яаж үйлчлэх талаар илүү нухацтай бодож, тодорхой зорилго тавих хэрэгтэй байж болох юм. Библийн хичээл хийж, цуглаанд явдаг мөртлөө баптисм хүртэхээ хойшлуулдаг хүн байдаг. Эсвэл боломж бололцоо ихтэй хэр нь эхлэгчээр үйлчлэхээс цааргалдаг хүмүүс ч бий. Зарим хүн ахлагч, туслах үйлчлэгч болохыг хүсдэггүй (1 Тим. 3:1). Хэрэв та тэдний нэг бол Ехова таныг урагш давшаасай гэж хүсэж байгаа. Тиймээс бодлоо өөрчлөөд Бурханд болон бусдад үйлчлэхийн жаргалыг эдэлж болохгүй нь юу билээ?
Африк дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын салбарт үйлчилдэг Элла: «Би Бетелд анх ирээд, энд удаан байж чадахгүй гэж бодсон. Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэхийг хүссэн ч гэрийнхэнтэйгээ маш дотно учраас тэднийгээ их санадаг байсан! Гэхдээ надтай хамт нэг өрөөнд амьдардаг эгч маш их урам өгсөн болохоор би эндээ үлдэхээр шийдсэн. Бетелд орсноос хойш 10 жил өнгөрчихөж. Энд аль болох удаан үйлчилж итгэл нэгтнүүддээ туслах юмсан гэж боддог болсон» хэмээн ярьсан юм.
Бодлоо өөрчлөх ёстой үе
Бидэнд бодлоо өөрчлөх зайлшгүй шаардлагатай үе байдаг. Каиныг жишээ болгон авъя. Тэрбээр дүүдээ атаархан, уурандаа шатжээ. Муу юм хийх гэж байгааг нь Бурхан мэдээд уураа барихыг зөвлөн, гэм нүгэл үүдэн дээр нь гэтэж байгааг анхааруулсан. Каин бодол санаа, сэдэл хандлагаа өөрчилж чадах байсан ч Бурхны анхааруулгыг үл ойшоожээ. Үүний гайгаар дүүгээ алсан! (Эх. 4:2–8).
Бас нэг жишээ нь Уззиа хааны тухай юм. Уззиа хаан эхлээд Еховатай сайн харьцаатай, дуулгавартай хүн байсан. Гэвч яваандаа бардам болжээ. Тахилч биш мөртлөө утлага уугиулахаар сүмд орсон. Ингэж болохгүй гэж тахилч нарыг хэлэхэд Уззиа бодлоо өөрчилсөн болов уу? Өөрчлөөгүй. Харин ч «уурлан хилэгнэж», тахилчдын сануулгыг үл тоомсорлосон. Тиймээс Ехова түүнийг уяман өвчтэй болгожээ (Ш.дэд 26:3–5, 16–20).
Бодол санаагаа өөрчлөх ёстой байсан орчин үеийн нэг хүний тухай авч үзье. Жаким 1955 онд баптисм хүртсэн боловч 1978 онд хурлаас хасагджээ. Хорь гаруй жилийн дараа гэмшээд Еховагийн байгууллага руу буцаж ирсэн байна. Яагаад ингэж их удсаныг нь нэг ахлагч түүнээс асуухад «Би бухимдсаар байсан. Бас их бардам байлаа. Ингэж их цаг алдсандаа харамсдаг. Би хасагдсан ч гэсэн Еховагийн Гэрчүүд үнэнийг заадгийг хүлээн зөвшөөрдөг байсан» гэж хариулжээ. Жаким өөрчлөгдөж гэмших ёстой байсан ажээ.
Бодол санаа, үйл хэргээ өөрчлөх шаардлагатай үе бий. Тийм үед өөрчлөгдөхөд бэлэн байж, Еховагийн тааллыг олцгооё (Дуу. 34:8).