«Орон байрандаа» очсон
ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙН Удирдах Зөвлөлийн гишүүн Гаи Холлис Пийрс 2014 оны 3 дугаар сарын 18-ны мягмар гаригт таалал төгслөө. Христийн бусад ах дүүсийн адил тэнгэрт амилах найдвар нь ийнхүү 79 насанд нь биеллээ (Евр. 2:10–12; 1 Петр 3:18).
Гаи Пийрс 1934 оны 11 дүгээр сарын 6-нд АНУ-ын Калифорни мужийн Ообурн хотод төрж, 1955 онд баптисм хүртжээ. Хайртай эхнэр Пеннитэйгээ 1977 онд гэр бүл болжээ. Олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн халамжтай аав байсан учраас бусдад эцгийн сэтгэлээр ханддаг байлаа. 1982 оноос эхнэртэйгээ хамт эхлэгч болсон бөгөөд 1986 онд дүүргийн харгалзагчаар АНУ-д томилогдон 11 жил тасралтгүй үйлчилжээ.
Гаи Пийрс Пенни Пийрс нар АНУ-ын Бетелд 1997 оноос үйлчилж эхэлсэн. Пийрс ах Үйлчлэлийн хэлтэст ажиллаж байгаад 1998 оноос Хүний нөөцийн хороонд тусалдаг болжээ. 1999 оны 10 дугаар сарын 2-нд болсон Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгийн жил тутмын уулзалт дээр Удирдах Зөвлөлийн гишүүн болсныг нь зарласан. Хүний нөөцийн, Зохиогчийн, Хэвлэлийн, Зохицуулагчдын хороонд тус тус ажиллаж байв.
Пийрс ах сайхан инээмсэглэл, алиа хошин зангаараа олон үндэстэн ах дүүсийнхээ хайрыг татсан хүн юм. Еховад бүрэн дүүрэн итгэж найдан, хууль зарчмыг нь дуулгавартай дагадаг, бусдыг хайрладаг, даруу зантай болохоор нь хүмүүс бүр ч их татагддаг байлаа. Нар мандахгүй байна гэж хэзээ ч байхгүйн адил Еховагийн амлалт биелэхгүй байна гэж хэзээ ч байхгүй гэж Гаи Пийрс ах ярьдаг байв. Библийн үнэнийг дэлхийн бүх хүнд хүргэхийг үнэхээр их хүсдэг байлаа.
Еховагийн төлөө эцэж цуцахыг мэдэхгүй үйлчилдэг Пийрс ах үүрийн жингээр босож, үдшийн бүрий болтол ажилладаг байсан. Дэлхийн өнцөг булан бүрд буй христиан ах дүүсээ урамшуулан зоригжуулахын тулд олон орноор явдаг байлаа. Тусламж зөвлөгөө гуйгаад, найзалж нөхөрлөхийг хүсээд ирсэн хэнийг ч найрсгаар хүлээн авч, цаг зав гарган уулзаж, Библид үндэслэсэн зөвлөгөө өгдөг байв. Итгэл нэгтнүүд нь үүнийг байнга дурсдаг.
Хайрт ах, дотны анд маань эхнэр, зургаан хүүхэд, олон ач зээ, гучаас гадна үр хүүхэд шиг нь болсон итгэл нэгтэн олонтой хүн байлаа. Пийрс ахыг дурсах цуглаан 2014 оны 3 дугаар сарын 22-ны бямба гаригт болсон. Удирдах Зөвлөлийн гишүүн Марк Сандерсон илтгэл тавихдаа Пийрс ахыг тэнгэрийн найдвартай байсныг нь дурдаад, «Миний Эцэгийн гэрт орон байр олон бий. ... Хэрэв Би явж та нарт орон байр бэлдвэл, дахин ирж, та нарыг Өөртөө авна. Би хаана байна, та нар мөн тэнд байх болно. Миний явах газарт очих замыг та нар мэднэ» хэмээн Есүсийн хэлсэн үгийг уншсан (Иох. 14:2–4).
Бид Пийрс ахыгаа маш их санах нь дамжиггүй. Гэхдээ үүний зэрэгцээ мөнхийн «орон байрандаа» очсонд нь баярладаг.