Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг​—Нью-Йоркт

Тэд сайн дураараа үйлчилдэг​—Нью-Йоркт

ХЭДЭН жилийн өмнө Сээсар Росио хоёр Калифорнид сайхан хаустаа ая тухтай амьдарч байжээ. Нөхөр нь бүтэн өдрөөр ажиллан халаагч, агааржуулагч суурилуулдаг, эхнэр нь эмнэлэгт хагас өдрөөр ажилладаг байв. Тэд үр хүүхэдгүй ажээ. Гэтэл амьдралыг нь өөрчилсөн нэг явдал болжээ. Юу болсон бэ?

2009 оны 10 дугаар сард АНУ дахь салбараас орон нутгийн бүх хуралд захидал иржээ. Нью-Йоркийн Уолкилл дэх салбарын барилгын өргөтгөл дээр мэргэжлийн хүмүүсийг түр хугацаагаар ажиллахыг уриалсан байлаа. Бетелд үйлчлэх хүмүүст тодорхой нас заасан байдаг ч энэ удаа нас харгалзахгүй гэжээ. Сээсар Росио хоёр: «Бидний насны хүмүүст Бетелд үйлчлэх нь амьдралд тохиох ганц боломж учраас энэ боломжийг алдахыг хүсээгүй» гэсэн юм. Тэгээд шууд л анкет бөглөжээ.

Уорвикийн барилгын ажилд оролцож буй сайн дурынхан

Жил гаруйн хугацаа өнгөрсөн боловч Бетелд үйлчлэхийг урьсан захиа ирэхгүй л байлаа. Гэсэн ч Сээсар Росио хоёр зорилгодоо хүрэхийн тулд амьдралаа энгийн болгохоор шийджээ. «Бид гараашаа нэг өрөө байр болгон тохижуулж, хаусаа хүнд түрээслүүлэхээр болов. Тэгээд хэдхэн жилийн өмнө баригдсан 200 м2 талбай бүхий мөрөөдлийн байшингаасаа нүүгээд 25 м2 талбайтай байранд амьдрах болсон. Ингээд Бетелийн урилга ирмэгц хүлээж авахад бэлэн болсон байсан» гэж Сээсар ярилаа. Дараа нь юу болсон бол? Росио: «Жижигхэн байрандаа нүүж ороод нэг сар болсны дараа Уолкиллд түр хугацаагаар үйлчлэх урилга ирсэн. Эгэл даруухан амьдрах гэж хичээсэн биднийг Ехова ивээж байгаа нь тодорхой байсан» гэжээ.

Жейсон Сээсар Уиллиам гурав

БУСДЫГ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ТЭД ИВЭЭЛ ХҮРТЭЖ БАЙНА

Сээсар Росио хоёрын адилаар олон зуун христиан ах дүүс маань Нью-Йорк мужид болж буй барилгын ажилд оролцохын тулд амьдралаа тодорхой хэмжээгээр өөрчилж байна. Тэдний зарим нь Уолкилл дэх өргөтгөл дээр ажиллаж, зарим нь Уорвикт баригдаж буй байгууллагын төвийн барилгын ажилд оролцож байна. Еховагийн төлөө чадах бүхнээ хийх гэсэндээ гэр орон, тэжээвэр амьтдаа орхиод, цалин сайтай ажлаасаа гарцгаасан. Бусдыг гэсэн сэтгэлтэй тэднийг Ехова ивээсэн болов уу? Ивээлгүй яах вэ!

Вэй

Жишээлбэл, цахилгаанчин мэргэжилтэй Вэй, түүний эхнэр Дебра 50 хол давсан хүмүүс. Тэд Бетелд түр хугацаагаар үйлчлэхийн тулд байшингаа, бас бус эд хогшлоо зараад Канзасаас Уолкилл рүү нүүжээ. * Ингэхийн тулд зохицуулах юм их байсан ч хүртэж байгаа ивээл нь бүр ч их ажээ. Бетелийн ажлынхаа талаар Дебра ийн ярьж байна. «Надад заримдаа, манай байгууллагын ном хэвлэлд дүрсэлдэг шиг, диваажинд барилга барьж байгаа юм шиг санагддаг».

Мелвин Шарон хоёр Уорвикт болж буй барилгын ажилд хувь нэмрээ оруулахын тулд Өмнөд Каролинад байдаг гэр орон, тавилга хэрэгслээ зарсан байна. Амьдралдаа ийм том өөрчлөлт гаргахад амархан байгаагүй ч энэхүү түүхт үйл явдалд оролцож байгаагаа завшаан гэж үздэг гэнэ. Тэд: «Дэлхий даяар байгаа ах дүүстээ тус болох ажил хийж байна гэж бодохлоор хөөр баяраар бялхдаг» гэж ярьж байна.

Кеннет

Насаараа барилгын ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан Кеннет, түүний эхнэр Морийн 50 гаруй настай. Тэд Уорвикт үйлчлэхээр Калифорниос нүүж иржээ. Ирэхээсээ өмнө хурлынхаа нэг эмэгтэйд гэрээ захиж үлдээгээд, тэдний гэр бүлийнхнээр өндөр настай аавыгаа харуулахаар болсон байна. Бетелд үйлчлэхийн тулд олон юмаа золиосолсондоо харамсдаг болов уу? Үгүй! «Бид хоёр гайхалтай их ивээл хүртэж байна. Бэрхшээлгүй юм гэж хаа байх вэ. Гэхдээ л бид үнэхээр жаргалтай амьдарч байна. Бас хүмүүсийг ийм ажилд оролцоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна» хэмээн Кеннет ярилаа.

БЭРХШЭЭЛИЙГ ДАВАХ НЬ

Бетелд түр хугацаагаар үйлчлэх боломж гаргахын тулд энэ хүмүүсийн зарим нь нэлээд саадыг давах хэрэгтэй болжээ. Жишээ нь, 60 гарч яваа Уиллиам Сандра хоёр Пеннсилванид тав тухтай, сайхан амьдарч байв. Машин механизмын эд анги хийдэг компанитай, 17 ажилчинтай, ашиг орлоготой ажилладаг байлаа. Хуралдаа бүр хүүхэд байхаасаа үйлчилж ирсэн бөгөөд ихэнх хамаатан нь тэр нутагт амьдардаг ажээ. Уолкиллд сайн дураараа үйлчлэх боломж гарах тэр үед таньдаг мэддэг бараг бүх хүнтэйгээ салах ёс хийх хэрэгтэй болжээ. «Дассан газраа орхино гэдэг хамгийн хэцүү юм билээ» гэж Уиллиам ярьсан юм. Гэхдээ олон удаа залбирсны эцэст урагш давшихаар шийджээ. Тэд үүндээ огт харамсдаггүй гэнэ. «Бетелийн ажилд шууд гар бие оролцож, бетелчидтэй мөр зэрэгцэн үйлчлэхийн баяр хөөрийг юутай ч харьцуулшгүй. Сандра бид хоёр өмнөхөөсөө ч илүү жаргалтай байна» гэж Уиллиам ярьсан.

Уолкиллд барилгын ажилд оролцож буй хосууд

Хавайд барилгын төслийн менежер хийдэг байсан Рикид урилга иржээ. Уорвикт түр бетелчнээр үйлчлэхийг урьсан байлаа. Нөхрийгөө уг урилгыг хүлээгээд авчихаасай гэж эхнэр Кендра нь хүсжээ. Гэвч 11 настай хүүтэй тэдэнд нэг том асуудал тулгарав. Гэр бүлээрээ Нью-Йорк руу нүүх нь хэр зөв бол, нүүж очлоо гэхэд хүү Жейкоб нь өөр орчинд дасах болов уу гэдэгт санаа зовж байлаа.

«Бид эхний ээлжид Еховатай дотно хүүхэд залуус олонтой хурал олохыг бодсон. Хүүгээ сайн найзуудтай болгоё гэсэндээ тэр» гэж Рики ярив. Тэгтэл тэдний очсон хурал цөөхөн хүүхэдтэй, нэлээд хэдэн бетелчинтэй байжээ. Рики: «Хүүгийн маань насны хүүхдүүд байхгүй байсан болохоор цуглаанд очсон эхний өдрөө би Жейкобоос шинэ хурал ямар байгааг асуулаа. Тэгтэл хүү маань: “Аав аа, санаа зоволтгүй ээ. Би залуу бетелчин ах нартай найзална” гэж билээ» хэмээн ярьсан юм.

Жейкоб ба түүний эцэг эх хурлынхаа бетелчидтэй найзууд болсон

Залуу бетелчид ч Жейкобтой найз болжээ. Үр дүн нь ямар байсан бол? Рики: «Нэг орой би хүүгийнхээ өрөөний хажуугаар өнгөртөл гэрэл нь асаалттай байлаа. Компьютерийн тоглоом тоглож байгаа даа гэж бодоод орсон чинь хүү маань Библиэ уншиж байдаг байгаа! Юу хийж байгааг нь асуулаа. Жейкоб: “Би залуу бетелчин болохоороо нэг жилийн дотор Библи уншиж дуусгах ёстой” гэлээ» хэмээн ярьсан юм. Рики Кендра хоёр Уорвикийн барилгын ажилд оролцож байгаадаа төдийгүй хүү нь энд ирээд Ехова Бурхантай улам дотно болж байгааг хараад сэтгэл нь хөдөлжээ (Сур. 22:6).

ИРЭЭДҮЙДЭЭ САНАА ЗОВДОГГҮЙ

Луис Дейл хоёр

Уолкилл болон Уорвикт өрнөж буй барилгын ажил нэг л өдөр дуусна. Энэ ажилд туслахаар ирсэн хүмүүс Бетелд түр үйлчилж байгаагаа ойлгодог. Эдгээр итгэл нэгтэн маань цаашдаа яах вэ, хаашаа явж юу хийх вэ гэж хэтэрхий их санаа зовдог болов уу? Ерөөсөө ч санаа зовдоггүй ажээ. Флоридагаас ирсэн дунд насны эхнэр нөхөр хоёртой олон хүн санал нийлдэг. Уорвикийн ажилд тусалж буй барилгын менежер Жон, түүний эхнэр Кармен: «Өнөөдрийг хүртэл Ехова хэрэгтэй бүхнээр маань хангасаар ирснийг бид тодорхой харж байна. Ехова биднийг зөвхөн энэ хугацаанд ашиглачихаад дараа нь хаячихна гэж бодохгүй байна» гэсэн юм (Дуу. 119:116). Гал унтраах систем зохион бүтээдэг Луис эхнэр Кенятайгаа Уолкилл дэх барилгын ажилд тусалж байна. «Бидэнд юу хэрэгтэй байна, тэр бүхнийг Ехова өгөөмрөөр өгдгийг харсан. Хэзээ хаашаа явж, юу хийхээ мэдэхгүй байгаа ч Ехова бидэнд санаа тавьсаар байна гэдэгт итгэл дүүрэн байна» гэж ярьсан (Дуу. 34:10; 37:25).

«ИВЭЭЛИЙГ ХАЛЬТАЛ АСГАНА»

Жон Мелвин хоёр

Нью-Йорк дахь барилгын ажилд оролцож буй хүмүүсийн ихэнх нь энд ирэхгүй байх шалтаг гаргаж болох л байсан. Гэхдээ тэд Еховаг шалгахыг хүсжээ. Ехова бид бүгдэд «Би та нарын төлөө тэнгэрийн цонхыг нээж, та нарын төлөө ивээлийг хальтал асгах эсэхийн талаар Намайг одоо үүгээр шалга» гэж уриалсан байдаг шүү дээ (Мал. 3:10).

Та бас Еховаг шалгаж, асар их ивээл хүртмээр байна уу? Нью-Йорк юм уу өөр газар баригдаж буй барилгын ажилд оролцох боломжтой эсэхээ залбирч байгаад бодоорой. Ехова таныг хэрхэн ивээхийг амсаж үзээрэй (Марк 10:29, 30).

Гери

Алабамагаас ирсэн, барилгын инженер мэргэжилтэй Дейл, түүний эхнэр Кати барилгын ажилд оролцохыг итгэл нэгтнүүддээ уриалж байна. Уолкиллын барилга дээр сайн дураараа ажиллаж буй тэд: «Дасаж дадсан газраасаа явах зориг гаргавал Еховагийн агуу хүчийг мэдэрнэ» гэж хэлжээ. Ингэхийн тулд та яах хэрэгтэй вэ? Дейл: «Энгийн, энгийн, аль болох энгийн амьдар. Та хэзээ ч харамсахгүй!» гэжээ. Хойд Каролина мужаас ирсэн Гери барилгын удирдах ажлыг 30 гаруй жил хийжээ. Тэрбээр эхнэр Морийнтойгоо Уорвикт ажиллаад их ивээл хүртэж байна. Нэгийг нь дурдахад, «насаараа Бетелд үйлчилж яваа олон сайхан итгэл нэгтэнтэйгээ танилцаж, мөр зэрэгцэн ажиллаж байна». Гери цааш нь «Бетелд үйлчлэхийн тулд энгийн амьдрах хэрэгтэй. Энэ ертөнцөд амьдрах хамгийн сайн арга нь энэ юм» гэж хэлсэн. Иллинойсоос ирсэн цахилгаан техникийн мэргэжилтэй Жейсон болон түүний эхнэр Женнифер Уолкиллд барилгын ажилд оролцож буйгаа «шинэ ертөнцөд ажиллаж байгаа юм шиг санагдаж байна» гэсэн. Женнифер: «Хүч, авьяасаа зориулаад хийж байгаа бүхэн маань Еховад үнэ цэнэтэйд тооцогдож байгаа, шинэ ертөнцийн бэлтгэл болж байгаа гэж бодохлоор баяр хөөр цээжинд багтаж ядан байна. Ехова биднийг заавал ивээнэ» гэв.

^ д/м 7 Цагийн үйлчлэгчид Бетелд 7 хоногт нэг ба түүнээс дээш өдөр ажилладаг. Бусад өдөр нь орон байр, хоол хүнснийхээ зардлыг өөрөө хариуцдаг.