Skip to content

Гарчиг руу орох

Есүс шиг зоригтой, хэрсүү байя

Есүс шиг зоригтой, хэрсүү байя

«Та нар Түүнийг хараагүй боловч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа боловч, Түүнд итгэдэг» (1 ПЕТР 1:8).

1, 2. а) Мөнх амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? б) Аяллаа тууштай үргэлжлүүлэхэд юу туслах вэ?

 ХРИСТИЙН шавь болохыг аялалд гарахтай зүйрлэж болно. Аялал дуусахад мөнх амьдрах шагнал хүртэнэ. Есүс: «Эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» гэж хэлсэн (Мат. 24:13). Тиймээс аяллаа амжилттай дуусгая гэвэл амьдралынхаа эцэс хүртэл эсвэл өнөөгийн бузар муу тогтолцооны эцэс хүртэл Бурханд үнэнч байх ёстой. Аялж явахдаа өөр зүйлд сатаарах юм уу замаасаа гарахаас болгоомжлох хэрэгтэй (1 Иох. 2:15–17). Аяллаа тууштай үргэлжлүүлэхийн тулд яах ёстой вэ?

2 Энэ талаар Есүс бидэнд төгс жишээ үлдээсэн. Библид Есүсийн аяллын тухай бичсэн байдаг. Үүнийг нямбай судалбал ямар хүн байсныг нь мэдэж авна. Тэр хэрээр Есүсийг хайрлаж, улам их итгэдэг болно (1 Петр 1:8, 9-ийг уншина уу). Есүс мөрөөрөө дагуулахын тулд бидэнд үлгэр дууриал үлдээснийг элч Петр бичжээ (1 Петр 2:21). Хэрэв бид мөрөөр нь алдалгүй дагавал итгэлийнхээ «үр дүн» болох авралд хүрнэ. * Өмнөх өгүүллээр, Есүс шиг даруу, өрөвч нигүүлсэнгүй байх тухай үзсэн. Энэ удаа, яавал Есүс шиг зоригтой, хэрсүү байх тухай үзье.

ЕСҮС ЗОРИГТОЙ

3. Зоригтой хүн ямар байдаг вэ? Яавал зоригтой болох вэ?

3 Зоригтой хүн бэрхшээлийг давах сэтгэлийн тэнхээтэй байдаг. Зоригтой байх гэж яахыг хэлдэг вэ? Эсэргүүцэл тулгарахад бууж өгдөггүй, зөв юмны төлөө бат зогсдог, зовлонг хатуужилтай давдаг байхыг хэлнэ. Эр зоригийн салшгүй хэсэг нь эмээх сэтгэл, итгэл найдвар, хайр гурав юм. Хэрэв бид Бурхнаас эмээдэг бол хүнээс айхгүй (1 Сам. 11:7; Сур. 29:25). Еховад найддаг бол одоогийн зовлонгоо тоолгүй ирээдүйгээ итгэлтэй харна (Дуу. 27:14). Хувиа бодолгүй бусдыг хайрладаг бол тэднийхээ төлөө өөрөө хохироход бэлэн байдаг (Иох. 15:13). Бурханд найдаж, Хүүгийнх нь мөрөөр дагадаг бол зоригтой болно (Дуу. 28:7).

4. 12 настай Есүс хэрхэн эр зориг гаргасан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

4 Есүс дөнгөж 12 настай байхдаа эр зориг гаргаж зөв юмны төлөө бат зогсжээ. Түүнийг «сүмд багш нарын дунд сууж» байхад юу болсныг бодъё (Лук 2:41–47-г уншина уу). Тэдгээр багш Мосегийн хуулийг сайн мэддэг байв. Бас Мосегийн хуулийг сахихад төвөгтэй болгодог иудейчүүдийн зан заншлын талаар гаргууд мэдлэгтэй байжээ. Есүс тэднийг их мэдлэгтэй гэж айлгүй янз бүрийн асуулт асуудаг. Гэхдээ хүүхдийн гэнэн асуулт бус, багш нарын анхаарлыг татсан, нэгийг бодуулсан гүнзгий утгатай асуулт асууж байв. Тэр багш нар Есүсийг унагах зорилгоор ээдрээтэй асуулт асуугаад өөрсдөө унаж байлаа. Есүсийн өгсөн хариулт бүх хүний, түүний дотор багш нарын «гайхлыг төрүүлжээ». Тэрбээр Бурхны Үгэнд байдаг үнэн зөв сургаалыг зоригтой хамгаалсан!

5. Есүс дэлхий дэх даалгавраа зоригтой биелүүлж байсныг юу баталдаг вэ?

5 Есүс дэлхий дэх даалгавраа биелүүлж байхдаа олон ч удаа эр зориг гаргаж байв. Ард олныг хуурамч сургаалаар төөрөгдүүлдэг гэж шашны удирдагчдыг зоригтой шүүмжилсэн (Мат. 23:13–36). Ертөнцийн муу нөлөөнд автаагүй (Иох. 16:33). Эсэргүүцэгчид дарамталж байсан ч сургаалаа айлдсаар байсан (Иох. 5:15–18; 7:14). Цэвэр шүтлэгийг бузарлаж байсан хүмүүсийг сүмээс хөөж гаргасан. Ийнхүү сүмийг хоёр ч удаа цэвэрлэжээ (Мат. 21:12, 13; Иох. 2:14–17).

6. Есүс амьдралынхаа сүүлийн мөчид хэрхэн эр зориг гаргасан бэ?

6 Есүсийн үзүүлсэн эр зоригийн жишээ зовлон бэрхшээл тулгарсан үед итгэл бэхжүүлдэг. Дэлхий дэх амьдралынхаа сүүлийн мөчид хэрхэн эр зориг гаргасныг нь үзье. Иудаг урвасны дараа юу болохыг Есүс мэдэж байв. Гэсэн хэдий ч Дээгүүр өнгөрөх баярын зоогийн үеэр Иудад «Чи хийх гэж байгаа юмаа түргэн хий» гэсэн (Иох. 13:21–27). Гетсеманийн цэцэрлэгт орж ирсэн цэргүүдэд өөрийгөө зоригтой илчилдэг. Өөрөө амиа алдах гэж байсан хэр нь шавь нараа өмгөөлсөн (Иох. 18:1–8). Дээд шүүх дээр байцаагдаж байхдаа тэргүүн тахилч өөрийг нь алах шалтаг хайж байгааг мэдэж байсан ч Бурхны Хүү, Христ мөн гэдгээ зоригтой хэлжээ (Марк 14:60–65). Тэрбээр эцсээ хүртэл Бурханд үнэнч байж, шонд хадуулж цаазлуулсан. Эцсийн амьсгалаа хураахын өмнөхөн «Гүйцэлдлээ!» хэмээн хэлжээ (Иох. 19:28–30).

ЕСҮС ШИГ ЗОРИГТОЙ БАЙЯ

7. Охид хөвгүүд ээ, та нар Бурхнаар овоглодгоо юу гэж үздэг вэ? Яаж зоригтой байх вэ?

7 Эр зоригтой Есүсийг хэрхэн дууриах вэ? Сургууль дээрээ. Охид хөвгүүд ээ, ангийн чинь хүүхдүүд шоолж доромжилсон ч Еховагийн Гэрч гэдгээ зоригтой хэлж байгаарай. Ингэвэл та нар Еховагаар овоглодгоороо бахархдаг гэсэн үг (Дуулал 86:12-ыг уншина уу). Зарим хүн эволюцийн онолд итгүүлэхийг оролдож мэдэх юм. Гэхдээ бүх юмыг Бурхан бүтээсэн гэсэн Библийн сургаалд итгэх үндэс хангалттай бий. «Та нарын доторх найдварын талаар» асуусан хүмүүст «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны дугаарын 7–11-р хуудсанд нийтлэгдсэн «Амьд Бурхныг бүтээл нь илчилдэг» гэсэн өгүүллийг ашиглан итгэл үнэмшлээ тайлбарлаарай (1 Петр 3:15). Ингэвэл та нар үнэнийг хамгаалсандаа сэтгэл хангалуун байна.

8. Бид яагаад зоригтой дэлгэрүүлдэг вэ?

8 Дэлгэрүүлэхдээ. Жинхэнэ христианууд Еховад «найдан зоригтой ярьдаг» байх хэрэгтэй (Үйлс 14:3). Айж хулчийлгүй дэлгэрүүлэх ямар шалтгаан байдаг вэ? Бидний тунхагладаг мэдээ Библид үндэслэдэг (Иох. 17:17). Бас «бид Бурханы хамтран зүтгэгчид» бөгөөд Бурхны өгдөг агуу хүчээр ажлаа хийдэг (1 Кор. 3:9; Үйлс 4:31). Түүнээс гадна, Бурхныг болон бусдыг хайрладаг учраас сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхагладаг (Мат. 22:37–39). Бид зоригтой учраас дэлгэрүүлэхээ больдоггүй. Тэгээд ч хуурамч шашныг илчилж, төөрөлдсөн хүмүүст үнэнийг мэдүүлэхээр бат шийдсэн (2 Кор. 4:4). Хүмүүс хавчиж эсэргүүцэн, дооглож тохуурхан, үл тоомсорлосон ч бид сайн мэдээгээ цөхрөлтгүй тунхагласаар байх болно (1 Тес. 2:1, 2).

9. Зоригтой хүн зовлонгийн үед яадаг вэ?

9 Зовлон амсахад. Бурханд найддаг хүн бэрхшээлийг давна гэсэн итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байна. Дотны хүнээсээ хагацаад шаналж гашууддаг ч ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр хардаг. «Бүх тайвшралын Бурхан» тайвшруулж, зоригжуулна гэдэгт итгэдэг (2 Кор. 1:3, 4; 1 Тес. 4:13). Хүндээр өвдөх юм уу гэмтэж бэртвэл өвчиндөө шаналдаг ч Библийн зарчимд харш эмчилгээ хийлгэдэггүй (Үйлс 15:28, 29). Сэтгэлээр унасан үед «зүрх маань биднийг ялладаг» ч бууж өгдөггүй. «Эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг» Еховад найддаг учраас тэр * (1 Иох. 3:19, 20; Дуу. 34:18).

ЕСҮС ХЭРСҮҮ

10. Ямар хүнийг хэрсүү гэх вэ? Хэрсүү хүн яадаг вэ?

10 Зөв буруугийн ялгааг олж хараад, зөвийг нь сонгох чадвартай хүнийг хэрсүү гэнэ (Евр. 5:14). Хэрсүү христиан аливаа асуудлыг шийдэхдээ Бурхантай тогтоосон харьцаанд нь яаж нөлөөлөхийг боддог. Бурхны таалалд нийцдэг юм ярьдаг, хийдэг. Сэтгэл зүрх шархлуулах үг хэлдэггүй. Харин үг яриагаараа бусдынхаа урмыг сэргээдэг (Сур. 11:12, 13). «Уурлахдаа удаан» байдаг (Сур. 14:29). «Цэх замаар явах» буюу насан туршдаа зөв шийдвэр гаргадаг (Сур. 15:21). Яавал хэрсүү болох вэ? Библийг судалж, сурснаа ажил хэрэг болгоорой (Сур. 2:1–5, 10, 11). Хэрсүү байхын төгс жишээ үзүүлсэн Есүсийн тухай судалж, даган дууриагаарай.

11. Есүс хэрсүү байсан нь үг ярианаас нь хэрхэн харагддаг вэ?

11 Есүс хэрсүү байсан нь үг яриа, үйл хэргээс нь харагддаг. Үг яриагаараа. Есүс сайн мэдээ дэлгэрүүлэхдээ «нигүүлслийн үгсээр» ярьдаг байсан бөгөөд хүмүүс сургаалыг нь сонсоод биширдэг байжээ (Лук 4:22; Мат. 7:28). Бурхны Үгнээс унших, иш татах нь олонтоо. Хэдийд, аль зүйлийг иш татахаа маш сайн мэднэ (Мат. 4:4, 7, 10; 12:1–5; Лук 4:16–21). Судрыг хэрхэн тайлбарлахыг нь сонссон хүмүүсийн сэтгэл хөдөлдөг байжээ. Амилсныхаа дараа Есүс Еммау тосгон руу явж байсан хоёр шавьдаа «бүх Судар Өөрийнх нь тухай юу хэлснийг» тайлбарладаг. Өнөөх шавь нар нь: «Судрыг бидэнд тайлбарлаж байхад нь зүрх маань бидний дотор шатаж байсан бус уу?» хэмээн хэлжээ (Лук 24:27, 32).

12, 13. Есүс «уурлахдаа удаан», юманд уян хатан ханддаг байсныг харуулах жишээ хэлнэ үү.

12 Сэдэл, хандлагаараа. Есүс хэрсүү учраас биеэ захирдаг, «уурлахдаа удаан» хүн байв (Сур. 16:32). Бас дөлгөөн зантай байжээ (Мат. 11:29). Шавь нарыгаа алдаа дутагдал гаргахад тэвчээр алдана гэж ер үгүй (Марк 14:34–38; Лук 22:24–27). Хүмүүсийг шударга бус загнахад ч тайван байдаг байжээ (1 Петр 2:23).

13 Есүс хэрсүү учраас аливаад уян хатан ханддаг. Мосегийн хуулийн цаад шалтгааныг сайн ойлгодог, тэр мэдлэгийнхээ дагуу хүмүүстэй харьцдаг байв. Марк 5:25–34-т гардаг үйл явдлыг жишээ болгон авч үзье (Уншина уу). Цус алдах өвчтэй эмэгтэй олны дундуур зүтгэж явсаар Есүст дөхөж очоод хувцсанд нь хүрмэгцээ эдгэдэг. Мосегийн хуулиар бол тэр эмэгтэй бузар учир хэнд ч хүрэх ёсгүй байв (Лев. 15:25–27). Гэвч Есүс түүнийг аашилж загнаагүй. «Өршөөл, итгэлтэй байдал» гэх зэрэг «хуулийн чухал нөхцлүүдийг» ойлгодог байсан учраас хувцсанд нь хүрлээ гэж буруутгаагүй (Мат. 23:23). Харин ч аядуу зөөлнөөр «Охин минь, итгэл чинь чамайг эдгээлээ. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун» гэжээ. Есүс хэрсүү учраас ийм сайхан сэтгэл гаргажээ. Үнэхээр гайхалтай жишээ байгаа биз?

14. Есүс ямар зам сонгосон бэ? Тэр замаараа тууштай явахын тулд яасан бэ?

14 Амьдралаараа. Есүс хэрсүү учраас амьдралын зөв зам сонгож, тэр замаараа тууштай явсан. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд өөрийгөө бүрэн зориулсан (Лук 4:43). Зөв шийдвэр гаргадаг байсан болохоор энэ ажлаа голлон анхаарч, даалгавраа амжилттай дуусгажээ. Тэрбээр эгэл даруухан амьдардаг байсан учир цаг зав, хүч чадлаа зөвхөн Бурхны төлөө зориулсан (Лук 9:58). Дэлгэрүүлэх ажлыг өөрөөс нь хойш үргэлжлүүлэн хийх хүмүүсийг сургаж бэлтгэсэн (Лук 10:1–12; Иох. 14:12). Бас «үеийн төгсгөл хүртэл» тэдэнд туслахаа амлажээ (Мат. 28:19, 20).

ЕСҮС ШИГ ХЭРСҮҮ БАЙЯ

Хүмүүс юу сонирхож байгааг мэдэж аваад, үгээ зөв сонгож яриарай (15-р догол мөрийг үзнэ үү)

15. Хэрсүү гэдгээ үг яриагаараа хэрхэн харуулах вэ?

15 Яавал Есүс шиг хэрсүү байх вэ? Үг яриагаараа. Итгэл нэгтнүүдтэйгээ ярихдаа сэтгэл сэргээм үг сонгоорой. Гомдоох, сэтгэлээр унагах үг хэлэхээс зайлсхийгээрэй (Еф. 4:29). Хүмүүст Бурхны Хаанчлалын тухай мэдээ хүргэхдээ «давсаар амт оруулсан мэт» ярьж байгаарай (Кол. 4:6). Тухайн хүнд юу хэрэгтэй, юу сонирхдогийг нь мэдэж аваад үгээ зөв сонгож яриарай. Эелдэг үгээр яривал хүмүүс дуртайяа сонсоно. Мэдээ маань ч зүрх сэтгэлд нь хүрнэ. Түүнээс гадна, итгэл үнэмшлээ тайлбарлахдаа аль болохоор Библиэс үзүүлэх хэрэгтэй. Учир нь итгэл үнэмшлийн маань эх үндэс нь Бурхны Үг шүү дээ. Өөрийнхөө санаагаар ярьснаас, Библиэр баталж яривал илүү үр нөлөөтэй байдаг (Евр. 4:12).

16, 17. а) Уураа барьдаг, аливаад уян хатан ханддаг хүн яадаг вэ? б) Дэлгэрүүлэх ажилдаа хамаг анхаарлаа хандуулахын тулд яах хэрэгтэй вэ?

16 Сэдэл хандлагаараа. Хэрсүү байвал сэтгэл хөдлөлөө барьж, «уур хилэндээ хойрго байж» чаддаг (Иак. 1:19). Бусад хүн таагүй харьцвал яагаад ингэснийг нь ойлгохыг хичээнэ. Ингэхлээр тэр хүнийг уучилж «гэм бурууг [нь] харахгүй өнгөрөхөд» хялбар болно (Сур. 19:11). Хэрсүү хүн аливаад уян хатан ханддаг. Тийм болохоор хүнээс их юм шаардахын оронд, миний мэдэхгүй ямар нэг хэцүү асуудал тулгарсан юм болов уу гэж бодно. Саналыг нь дуртайяа сонсоно. Тохиромжтой гэж үзвэл өөрийнхөөрөө зүтгэхийн оронд тэр хүний саналыг хүлээж авна (Тит 3:2).

17 Амьдралаараа. Бид Есүсийн дагалдагч учраас сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа хамгийн завшаантай ажил гэдгийг ойлгодог. Тиймд энэ ажилдаа хамаг анхаарлаа хандуулахад тус болох шийдвэр гаргадаг. Еховад үйлчлэхийг гол болгож, төгсгөл болохоос өмнө цаг зав, хүч чадлаа дэлгэрүүлэх ажилд бүрэн зориулахын тулд энгийн даруухан амьдардаг (Мат. 6:33; 24:14).

18. Мөнхийн амьдралд хүрэх аяллаа тууштай үргэлжлүүлье гэвэл яах хэрэгтэй вэ? Та юуг зорилгоо болгож байна вэ?

18 Бид Есүсийн зан чанаруудаас цөөн хэдийг судлаад их зүйлийг мэдэж авлаа. Бусад зан чанарыг нь судалж, Есүстэй илүү адилхан болох аргыг мэдвэл бүр ч их ач тус хүртэх нь дамжиггүй. Тиймээс Есүсийн мөрөөр алдалгүй дагахыг зорилгоо болгож амьдарцгаая. Ингэсэн цагт мөнхийн амьдралд хүрэх аяллаа тууштай үргэлжлүүлж, Ехова Бурхантайгаа улам дотносно.

^ 1 Петр 1:8, 9-ийг тэнгэрт амьдрах найдвартай христиануудад бичсэн боловч зарчмын хувьд дэлхийд амьдрах найдвартай хүмүүст бас хамаатай.

^ Бэрхшээлийг зоригтой давсан хүмүүсийн тухай «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 5-р сарын 15-ны дугаарын 13–16-р хуудас, 2006 оны 10-р сарын 1-ний дугаарын 9, 10-р хуудасны 15–18-р догол мөрөөс тус тус үзнэ үү.