Skip to content

Гарчиг руу орох

Та тэр өдөр сонор сэрэмжтэй байх уу?

Та тэр өдөр сонор сэрэмжтэй байх уу?

«Иймд та нар соргог бай. Учир нь та нар тэр өдрийг ч, цагийг ч мэдэхгүй» (МАТ. 25:13).

1, 2. а) Есүс эцсийн өдрүүдийн талаар юу мэдүүлсэн бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

ЧИДУН уулан дээрээс Иерусалимын сүмийг харангаа Есүсийн яриаг сонсож суух ямар сайхан бол оо! Петр Андрей Иаков Иохан нар алс ирээдүйг зөгнөн ярих Багшийнхаа яриаг сэтгэл хөдлөн сонсож байлаа. Өөрийг нь хаан ширээнд залрахад бузар муу ертөнцийн эцсийн өдрүүд эхлэх бөгөөд тэр үед юу болох талаар Есүс олон зүйлийг ярьжээ. Бас энэхүү чухал үед «зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр» «итгэмжит ухаалаг боолыг» томилохоо хэлжээ (Мат. 24:45–47).

2 Дараа нь арван охины тухай ёгт үлгэр ярьсан (Матай 25:1–13-ыг уншина уу). Энэ өгүүллээр доорх асуултын хариуг мэдэж авна. 1) Ёгт үлгэрийн гол санаа нь юу вэ? 2) Тослогдсон үнэнч христианууд уг үлгэрээс ямар сургамж авдаг вэ? Үр дүн нь юу вэ? 3) Есүсийн ярьсан ёгт үлгэрээс бид дор бүрнээ ямар сургамж авах хэрэгтэй вэ?

ЁГТ ҮЛГЭРИЙН ГОЛ САНАА ЮУ ВЭ?

3. Урьд нь манай ном хэвлэлд арван охины тухай ёгт үлгэрийг хэрхэн тайлбарладаг байсан бэ? Сөрөг үр дагавар нь юу байж болох вэ?

3 Библид гардаг зарим үйл явдлыг сүүлийн үед өөрөөр тайлбарлах болсныг өмнөх өгүүллээр ярилцсан. Итгэмжит ухаалаг боол Библийг тайлбарлахдаа ямар бэлгэдлийн утгатайг нь бус, яаж ажил хэрэг болгохыг голчлон анхаардаг болсон. Урьд нь манай ном хэвлэлд Есүсийн ярьсан арван охины тухай ёгт үлгэрт гардаг дэнлүү, тос, дэнлүүний сав зэрэг нь юуг бэлгэддэгийг нэг бүрчлэн тайлбарладаг байсан. Гэхдээ жижиг сажиг зүйлийг ч ийнхүү тайлбарлах гэж оролдоод энгийн мөртлөө чухал санааг нь орхигдуулсан юм биш биз? Энэ асуултын хариуг мэдэх нь их чухал.

4. Ёгт үлгэрийн а) хүргэн нь хэн бэ? б) охид нь хэн бэ?

4 Есүсийн ярьсан ёгт үлгэрийн гол санааг авч үзье. Эхлээд гол дүрүүдийн тухай ярилцъя. Хүргэн нь хэн бэ? Есүс. Тэгээд ч Есүс өөрийгөө шинэ хүргэн гэж хэлж байсан удаатай (Лук 5:34, 35). Тэгвэл охид нь хэн бэ? «Өчүүхэн сүрэг» болох тослогдсон христианууд юм. Яагаад тэгж хэлж болох вэ? Ёгт үлгэрт гардгаар хүргэнийг ирэх үед арван охин бэлэн байж, асаасан дэнлүүтэй угтах ёстой байлаа. Есүс тослогдсон дагалдагч нартаа үүнтэй төстэй заавар өгснийг саная. Тэрбээр: «Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг. Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс шиг байгтун» гэжээ (Лук 12:32, 35, 36). Түүнээс гадна Паул Иохан хоёр Христийн тослогдсон дагалдагчдыг ариун онгон охинтой зүйрлэсэн (2 Кор. 11:2; Илч. 14:4). Тэгэхлээр Матай 25:1–13-т байдаг ёгт үлгэрийг Есүс тослогдсон дагалдагч нартаа зөвлөгөө, сануулга болгон ярьсан байх нь ээ.

5. Есүсийн зөвлөгөөг хэдийд дагах хэрэгтэй вэ?

5 Одоо цаг хугацааг нь авч үзье. Есүсийн зөвлөгөөг хэдийд дагах хэрэгтэй вэ? Есүс үлгэрийнхээ төгсгөлд «Хүргэн ирээд ...» гэж хэлдэг. Хэдийд гэдэг нь энэ үгнээс харагддаг (Мат. 25:10). Есүсийн «ирэхийг» «Матай» номын 24, 25-р бүлэгт 8 удаа дурдсан байдгийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны дугаарт тайлбарласан билээ. Есүс «ирэх» гэдэг үгийг хэлэх болгондоо агуу их гай гамшгийн үеэр ирж шүүх ажиллагаа явуулан бузар муу тогтолцоог устгахаа хэлсэн байдаг. Тиймээс ёгт үлгэрт гардаг зөвлөгөөг эцсийн өдрүүдэд дагах хэрэгтэй бөгөөд Есүс агуу их гай гамшгийн үеэр ирнэ гэж үзэх нь зүйд нийцнэ.

6. Ёгт үлгэрийн гол санаа юу вэ?

6 Ёгт үлгэрийн гол санаа юу вэ? Есүс энэ үлгэрийг ярихаасаа өмнө итгэмжит ухаалаг боолын тухай юу хэлснийг саная. Тослогдсон эрчүүдээс бүрдсэн энэ бүлэг хүн эцсийн өдрүүдэд амьдарч буй Христийн дагалдагчдыг удирдах үүрэгтэй. Үргэлж үнэнч байх ёстойг нь Есүс тэдэнд сануулсан. Тэгээд эцсийн өдрүүдэд амьдарч байгаа тослогдсон бүх дагалдагчдаа зориулж арван охины тухай ёгт үлгэр ярьсныг «Матай» номын 25 дугаар бүлэгт тэмдэглэсэн байдаг. Шагналаа алдахгүйн тулд сонор сэрэмжтэй байхыг тэнд зөвлөжээ (Мат. 25:13). Одоо, ёгт үлгэр тослогдсон христиануудад ямар сургамжтайг ярилцъя.

ТОСЛОГДСОН ХРИСТИАНУУД ҮЛГЭРЭЭС ЯМАР СУРГАМЖ АВДАГ ВЭ?

7, 8. а) Ухаалаг охид яагаад бэлэн байсан бэ? б) Тослогдсон христианууд бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

7 Ухаалаг охид хүргэнийг ирэхэд бэлэн байсныг Есүс ёгт үлгэртээ онцолсон. Яагаад бэлэн байсан бэ? Нэгд, бэлтгэлээ сайн базаасан. Хоёрт, сонор соргог байсан. Үүгээрээ мунхаг охидоос ялгаатай. Хүргэнийг иртэл арван охин шөнөжингөө унталгүй сэрүүн байж, дэнлүүгээ бөхөөлгүй хүлээх ёстой байсан. Ухаалаг таван охин дэнлүү болон дэнлүүнд хэрэглэх нөөц тосоо авсан учраас үнэхээр бэлтгэлтэй байсан. Тослогдсон үнэнч христианууд бас бэлтгэлээ базааж байна уу?

8 Тийм ээ, бэлтгэлээ сайн базааж байгаа. Тэд ухаалаг охидын адилаар даалгавраа эцсээ хүртэл үнэнчээр биелүүлдэг. Ийнхүү бэлэн байдаг. Еховад үйлчлэх гэдэг нь Сатаны ертөнцөд эд баялаг, нэр алдар, тав тухтай амьдрах боломжоосоо татгалзана гэсэн үг болохыг ойлгодог. Тэд төгсгөл ойртсон болохоор бус, харин Ехова Есүс хоёрт чин зүрхнээсээ хайртай учраас үнэнч байхаар шийдсэн. Тиймээс нийгэмд газар авсан хандлага болох эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх, ёс журамгүй явдалд дурлах, амин хувиа хичээх үзэлд автдаггүй. Дэнлүүгээрээ харанхуйг гэрэлтүүлж байсан ухаалаг охидын адилаар, тослогдсон христианууд гэрлээ тусгасаар байдаг. Хүргэн ирэхгүй удаад байгаа мэт санагдлаа ч тэвчээртэй хүлээдэг (Флп. 2:15).

9. а) Есүс ямар сануулга өгсөн бэ? Яагаад? б) «Хараач, хүргэн байна» гэж хашгирах дууг өнөөдөр юутай зүйрлэж болох вэ? Тослогдсон христианууд үүнийг «сонсоод» яадаг вэ? (Зүүлтийг үзнэ үү).

9 Ухаалаг охид бэлэн байсны бас нэг шалтгаан нь сонор соргог байсан явдал гэдгийг дээр цухас дурдсан. Гэхдээ «хүргэн ирэхгүй удсан тул тэд бүгд үүрэглэж, унтаж эхлэв» гэж үлгэрт гардаг. Тэгвэл өнөөгийн тослогдсон христиануудад Христийн ирэхийг хүлээнгээ «унтах» буюу өөр зүйлд сатаарах аюул бий юү? Бий. Хичээл зүтгэлтэй хүн ч төгс бусаасаа болоод өөр зүйлд анхаарлаа хандуулж болзошгүй. Үүнийг Есүс сайн мэдэж байсан учраас сонор сэрэмжтэй байхыг сануулсан. Тослогдсон үнэнч христианууд уг сануулгыг анхаарч урьдынхаасаа илүү хичээж байна. Ёгт үлгэрт «шөнө дөлөөр хашхирах дуун гарч “Хараач, хүргэн байна”» гэхэд арван охин босоод дэнлүүгээ асаадаг. Ухаалаг таван охин л нөөц тос авсан учир бэлэн байсан (Мат. 25:5, 6; 26:41). «Хараач, хүргэн байна» хэмээн хашгирах дууг эцсийн өдрүүдийн тухайд юутай зүйрлэж болох вэ? Есүс ирэх гэж байгаагийн хөдөлшгүй нотолгоотой зүйрлэж болно. Тослогдсон үнэнч христианууд энэ нотолгоог тод хараад бэлэн байдаг. * Одоо Есүсийн ярьсан ёгт үлгэрийн сүүлийн хэсэгт буй цаг хугацааны тухай ярилцъя.

УХААЛАГ НЬ ШАГНУУЛЖ, МУНХАГ НЬ ШИЙТГҮҮЛНЭ

10. Ухаалаг болон мунхаг охидын хооронд болсон ярианаас үүдээд ямар асуулт гардаг вэ?

10 Ёгт үлгэрийн сүүлийн хэсэгт мунхаг охид ухаалаг охидоос дэнлүүний тос гуйдаг. Гэвч ухаалаг охид тосноосоо өгөөгүй (Матай 25:8, 9-ийг уншина уу). Үүнээс үүдээд «Бурхны ард түмний түүхийн аль үед үнэнч тослогдсон христианууд тусламж гуйсан нэгэндээ туслаагүй вэ?» гэсэн асуулт гардаг. Ёгт үлгэр аль цаг үед хамаатайг эргэн саная. Хүргэн Есүс агуу их гай гамшгийн сүүлээр шүүх ажиллагаа явуулахаар ирнэ. Тэгэхлээр арван охины хооронд болсон яриа агуу их гай гамшиг дуусахын өмнөхөн болох үйл явдалд хамаатай бололтой. Учир нь тослогдсон христианууд тэр үед эцсийн удаа тамгалуулсан байна.

11. а) Агуу их гай гамшиг эхлэхийн өмнөхөн юу болох вэ? б) Ухаалаг охид мунхаг охидод худалдаачид руу очихыг зөвлөсөн нь ямар утгатай вэ?

11 Тэгэхлээр, агуу их гай гамшиг эхлэхээс өмнө дэлхий дээрх тослогдсон христианууд бүгдээрээ эцсийн удаа тамгалуулах ажээ (Илч. 7:1–4). Ийнхүү тэнгэрт амьдрах эрх нь баталгаажна. Харин сонор сэрэмжээ алдаад үнэнч биш болсон тослогдсон христианууд яах вэ? Тэнгэрт амьдрах найдвараа алдана. Учир нь тослогдсон христиануудыг эцсийн удаа тамгалах үед тэднийг тамгалахгүй. Тэр үед өөр үнэнч хүмүүс аль хэдийнээ тослогдсон байх болно. Үнэнч бус болсон мунхаг хүмүүс гамшиг эхлэхэд Агуу Вавилон устгагдахыг хараад цочирдон балмагдаж мэдэх юм. Тэд Хүргэнийг ирэхэд бэлэн биш байснаа тэр л үед ухаарна. Тэгээд тусламж гуйвал юу болох вэ? Ёгт үлгэрт гардаг шиг юм болно. Ухаалаг охид мунхаг охидод тосноосоо өгөлгүй худалдаачдаас тос худалдаж авахыг зөвлөсөн. Гэтэл «шөнө дөл» болчихсон байсан шүү дээ. Тос зарах худалдаачин ийм орой байна гэж үү? Яалаа гэж байх вэ! Дэндүү хожимджээ.

12. а) Үнэнч байж чадаагүй тослогдсон христиануудад агуу их гай гамшгийн үед юу тохиолдох вэ? б) Мунхаг охид шиг хүмүүс эцэстээ яах вэ?

12 Тослогдсон үнэнч христианууд үнэнч бус болсон хүмүүст агуу их гай гамшгийн үед тусалж чадахгүй. Яагаад гэвэл тусалъя ч гэсэн хэтэрхий хожимдсон байна. Тэгвэл үнэнч бус хүмүүс яах вэ? Мунхаг охидыг тосонд явсан хойгуур юу болсныг бодъё. «Хүргэн ирээд, бэлэн болсон хүмүүс хүргэний хамт хуримын найрт оров. Тэгээд хаалгаа хаажээ» гэж ёгт үлгэрт гардаг. Агуу их гай гамшиг дуусахын алдад Христ сүр жавхлантай ирээд тослогдсон үнэнч хүмүүсийг тэнгэрт цуглуулна (Мат. 24:31; 25:10; Иох. 14:1–3; 1 Тес. 4:17). Харин үнэнч бус хүмүүсийг оруулахгүй. Тэд мунхаг охидын адилаар «Эзэн, эзэн, бидэнд онгойлгож өгөөч» хэмээн гуйна. Хариуд нь Есүс: «Үнэнээр би та нарт хэлье. Би та нарыг танихгүй» хэмээн ямаа шиг хүмүүст хэлэх үгээ тэдэнд хэлнэ. Хэчнээн харамсалтай вэ! (Мат. 7:21–23; 25:11, 12).

13. а) Христийн тослогдсон дагалдагчдаас олон хүн үнэнч бус болно гэж бодох ёсгүйн учир юу вэ? б) Ёгт үлгэрээс харвал Есүс тослогдсон христиануудад итгэдэг гэж яагаад дүгнэж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

13 Тослогдсон христиануудаас олон хүн үнэнч бус болоод, оронд нь өөр хүмүүсийг тосолно гэж Есүс хэлсэн хэрэг үү? Үгүй. Өмнө нь тэрбээр «итгэмжит, ухаалаг боолд» муу боол шиг бүү болоорой гэж анхааруулдаг шүү дээ. Тэгэхлээр тэднийг тийм болно гэж хэлсэн хэрэг биш байсан. Арван охины тухай ёгт үлгэрт гардаг анхааруулгыг бас ингэж ойлгох нь зүйтэй. Тав нь мунхаг, тав нь ухаалаг байсны адил тослогдсон христианууд бэлтгэлээ базааж сонор сэрэмжтэй байх уу, мунхаглан үнэнч бус болох уу гэдгээ дор бүрнээ шийдэх эрхтэй. Элч Паул тослогдсон христиануудад үүнтэй төстэй анхааруулга өгч байсан (Еврей 6:4–9-ийг уншина уу; Дэд хууль 30:19-тэй харьцуулна уу). Тэрбээр итгэл нэгтнүүддээ хатуу анхааруулсан ч шагналаа авна гэдэгт нь итгэж байсан. Есүс бас тослогдсон дагалдагчдадаа итгэдэг нь ёгт үлгэрээс харагддаг. Тэднийгээ үнэнч байж, тэнгэрийн шагналаа авна гэдгийг мэддэг.

ХРИСТИЙН «ӨӨР ХОНИНУУДАД» ЯМАР СУРГАМЖТАЙ ВЭ?

14. Арван охины тухай ёгт үлгэр «өөр хонинуудад» бас хамаатай гэхийн учир юу вэ?

14 Есүс арван охины тухай ёгт үлгэрээ тослогдсон дагалдагчдадаа зориулж ярьсан учраас «өөр хонинуудад» хамаагүй гэж бодож болох уу? (Иох. 10:16, ШГ). Болохгүй! Ёгт үлгэрийн гол санаа нь: «Сонор сэрэмжтэй байгтун»! Энэ нь зөвхөн тослогдсон христиануудад хамаатай гэж үү? Нэг удаа Есүс: «Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. “Сонор сэрэмжтэй байгтун”» гэсэн (Марк 13:37). Есүс бүх дагалдагчаа бэлтгэлээ базаагаасай, сэргэг байгаасай гэж хүсдэг. Тиймээс христианууд бүгдээрээ тослогдсон ах дүүсийнхээ сайхан жишээг дагаж Бурханд үйлчлэхийг гол болгож амьдрах учиртай. Мунхаг охид ухаалаг охидоос тос гуйсан ч авч чадаагүйг санаарай. Энэ нь хэн ч бидний өмнөөс үнэнч байж, бидний өмнөөс үнэний замаар тууштай явж, бидний өмнөөс сонор сэрэмжтэй байж чадахгүй гэсэн үг. Еховагийн томилсон зөв шударга Шүүгчид хүн бүр тайлангаа өгнө. Тиймээс бэлэн байцгаая. Шүүгч удахгүй ирнэ!

Мунхаг охид тос гуйсан ч авч чадаагүй нь хэн ч бидний өмнөөс сонор сэрэмжтэй, үнэнч байж чадахгүйг сануулдаг

15. Христийг сүйт бүсгүйтэйгээ гэрлэхэд бүх христиан яагаад баярлах вэ?

15 Есүсийн ярьсан ёгт үлгэрийн гол санаа бүх христианд сургамжтай. Хүргэн ирж хурим найр болоход бид бүгдээрээ баярлахгүй гэж үү? Тослогдсон христианууд тэр үед тэнгэрт очсон байх бөгөөд Хармагедоны дараа Христтэй хуримаа хийнэ (Илч. 19:7–9). Тэнгэрт болох тэр хурим дэлхий дээр амьдарч буй бүх хүнд ач тусаа өгнө. Учир нь үүнийг төгс засгийн газар амлаж байна. Та бид тэнгэр газрын алинд ч амьдрах бай, бэлтгэлээ базааж сонор сэрэмжтэй байцгаая. Ингэсэн цагт Еховагийн амласан гайхамшигтай ирээдүйг үзнэ!

^ д/м 9 Ёгт үлгэрт «Хараач, хүргэн байна» гэж хашгирснаас хойш хэсэг хугацааны дараа хүргэн ирсэн (Мат. 25:6, 10). Эцсийн өдрүүдэд амьдардаг тослогдсон христианууд сонор сэрэмжтэй байж, Есүсийн залран байх үеийн шинж тэмдгийг олж хардаг. Тэнгэрийн Хаанчлалын хаан ширээнд заларснаасаа хойш үйл ажиллагаагаа явуулж байгааг нь мэддэг. Гэсэн ч Есүсийг ирэн иртэл сонор сэрэмжтэй байх ёстой.