Skip to content

Гарчиг руу орох

«Зөвхөн Эзэн дотор» гэрлэх нь бодит амьдралд нийцэх үү?

«Зөвхөн Эзэн дотор» гэрлэх нь бодит амьдралд нийцэх үү?

«Итгэл нэгтнүүдийн маань дотроос хань болох хүн олдохгүй юм. Ганц бие чигээрээ хөгшрөх вий гэхээс айж байна».

«Гэрч биш залуучуудын дунд сайхан сэтгэлтэй, ухаалаг, хайр татам хүмүүс байдаг. Тэд миний шашныг эсэргүүцдэггүй. Гэрч эрэгтэйчүүдээс ч илүү хөгжилтэй юм шиг санагддаг».

Бурхны зарим үйлчлэгч ийм бодолтой явдаг. Гэхдээ тэд «зөвхөн Эзэн дотор» гэрлэ хэмээсэн элч Паулын зөвлөгөөг сайн мэддэг. Энэ зөвлөгөөг бүх христиан мөрдлөг болгох учиртай (1 Кор. 7:39). Тэгвэл дээрх үгийг яагаад хэлэх болов?

ЭРГЭЛЗДЭГИЙН УЧИР

Гэрлэх насны эрэгтэй эмэгтэй христиануудын тооны харьцаа тэнцвэргүй гэж боддог учраас дээрх үгийг хэлдэг. Энэ нь ч үнэний хувьтай. Жишээ татъя. Өмнөд Солонгост л гэхэд ганц бие 100 Гэрчийн 57 нь эмэгтэй, 43 нь эрэгтэй байдаг ажээ. Колумб улсад Гэрчүүдийн 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй гэсэн тооцоо гарчээ.

Зарим улсад Гэрч биш эцэг эхчүүд их хэмжээний сүй бэлэг нэхдэг нь бэл бэнчин муутай Гэрч эрчүүдэд хүндхэн тусдаг байна. Иймэрхүү зүйлээс болоод Гэрч бүсгүйчүүд «Эзэн дотор» гэрлэх нь бүтэшгүй зүйл гэж бодоход хүрдэг. Тийм болохоор, «Итгэл нэгтнүүдийн маань дотор миний хань болох хүн үнэхээр байна уу?» хэмээн боддог байж болох юм. *

ЕХОВАД НАЙДАХ НЬ ТУЙЛЫН ЧУХАЛ

Танд бас ийм бодол төрдөг бол Ехова таны зовлонг ойлгодгийг санаарай. Хань болох хүн олдохгүй шаналж байгааг тань сайн мэдэж байгаа (Ш.дэд 6:29, 30).

Гэхдээ «зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн зааврыг Үгэндээ бичүүлсэн байдаг шүү дээ. Яагаад гэвэл үйлчлэгчдэд нь юу сайн болохыг Ехова л мэднэ. Тэднийгээ буруу шийдвэр гаргаад зовох вий гэсэндээ ийм тушаал өгсөн. Бас аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Нехемиагийн үед Еховаг шүтдэггүй харь элгийн хүмүүстэй гэрлэсэн хүн олон байсан. Нехемиа тэдэнд Соломоны гашуун түүхийг сануулсан. Хэдийгээр Соломон «Бурханаараа хайрлагд[сан] ... боловч харь эмэгтэйчүүд түүнийг ч хүртэл нүгэл үйлдэхэд хүргэсэн» (Нех. 13:23–26). Бурхан үйлчлэгч биднийгээ жаргалтай байгаасай гэсэндээ зөвхөн итгэл нэгтнүүдтэйгээ гэрлэхийг тушаадаг (Дуу. 19:7–10; Ис. 48:17, 18). Жинхэнэ христианууд халамжтай Бурхандаа талархдаг бөгөөд заавар зөвлөгөө нь хамгийн зөв гэдэгт итгэдэг. Ийнхүү дуулгавартай байж чин сэтгэлээсээ захирагддаг нь Еховаг Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн хэмээн хүлээн зөвшөөрч байгаа хэрэг (Сур. 1:5).

Та үл итгэгчтэй хамт «нэг буулганд» ороод Бурхнаас холдохыг хүсдэггүй нь лавтай (2 Кор. 6:14). Бурхны үйлчлэгчдийг хамгаалж ирсэн удирдамж зааврыг өнөөдөр олон христиан сахин мөрддөг бөгөөд үүнийгээ зөв гэж үздэг. Гэвч зарим христиан өөр зам сонгох нь бий.

БОДИТ АМЬДРАЛД НИЙЦНЭ

Австралид амьдардаг Мэгги * итгэгч бус хүнтэй үерхэж эхлэхэд юу болсон тухай ярихдаа «Би тэр залуутай хамт байхын тулд олон удаа цуглаанаа тасалсан. Бүр идэвх зүтгэлгүй болсон» гэсэн юм. Энэтхэгт амьдардаг Ратана Библийн хичээл хийж эхэлсэн ангийнхаа хөвгүүнд дурлажээ. Гэтэл өнөөх хөвгүүн Ратанатай үерхэх гэсэндээ Библи судалсан нь тодорхой болов. Ратана түүнтэй гэрлэхийн тулд үнэнийг орхиод зогсохгүй өөр шашин шүтдэг болжээ.

Камерунд амьдардаг Ндэнкед тохиолдсон явдлыг үзье. Тэрбээр 19 настайдаа айлын эхнэр болжээ. Шашнаа шүтэхэд нь саад хийхгүй гэж нөхөр нь гэрлэхээсээ өмнө амласан байна. Гэвч гэрлээд хоёрхон долоо хоносны дараа цуглаанд явахыг нь хоригложээ. Ндэнке: «Би ганцаарддаг. Байнга уйлдаг. Миний амьдрал яагаад байгааг ч ойлгохоо больсон. Би үргэлж харамсдаг» гэж ярьсан юм.

Гэрч биш нөхөр болгон зангаа хувиргаад хэрцгий догшин авирлаад байдаггүй л дээ. Гэхдээ тийм хүнтэй гэрлээд зовж шаналдаггүй юм аа гэхэд хайр халамжтай тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон харьцаа тань сэвтэхгүй гэж үү? Таны төлөө гэж өгсөн зөвлөгөөг нь үл хайхарсандаа сэтгэл тань өвдөхгүй гэж үү? Хамгийн гол нь Еховад ямар санагдах бол? (Сур. 1:33).

«Зөвхөн Эзэн дотор» гэрлэх нь хамгийн сайн зам мөн болохыг дэлхийн өнцөг булан бүрд байдаг ах дүүс маань биеэрээ үзсэн. Христианууд Бурхнаа баярлуулахыг хүсдэг учраас итгэл нэгтнүүдийнхээ дотроос тохирох ханиа олтлоо ганц бие явдаг. Японд амьдардаг Мичког гэрийнхэн нь Гэрч бус хүнтэй гэрлэхийг ятгадаг байв. Энэ нь хэчнээн дарамттай байсан ч найз нөхөд нь итгэл нэгтнүүдийнхээ дундаас ханиа олж байгааг харсан болохоор ятгалгад нь автаагүй ажээ. Тэрбээр: «Ехова бол жаргалтай Бурхан. Тийм учраас миний аз жаргал гэр бүлтэй болох уу үгүй юү гэдгээс шалтгаалахгүй гэж би өөртөө хэлдэг байлаа. Ехова зүрхний маань хүслийг хангана гэдэгт би эргэлздэггүй. Гэрлэхийг хүсдэг ч ханиа олж чадахгүй байгаа бол ганц бие байсан нь дээр» гэжээ. Дараа нь Мичко сайн Гэрч залуутай гэрлэжээ. Тэрбээр тэвчээртэй хүлээсэндээ баяртай байдаг гэнэ.

Гэрч эрэгтэйчүүд бас тохирох ханиа олтлоо тэвчээртэй хүлээдэг. Австралид амьдардаг Билл тэдний нэг юм. Тэрбээр Еховаг шүтдэггүй эмэгтэйчүүдэд сэтгэл татагдаж явснаа ний нуугүй хэлжээ. Гэхдээ тэдэнтэй дотносохгүй байхыг хичээдэг байжээ. Яагаад? «Үл итгэгчдийн хамт нэг буулганд» орох эхлэлийг тавихгүй гэсэндээ тэгдэг байв. Билл хэдэн Гэрч бүсгүйг сонирхож явсан удаатай. Гэхдээ нэг нь ч тохирох хүмүүс биш байлаа. Тохирох бүсгүйгээ олтлоо 30 жил хүлээжээ. Билл: «Би харамсаж байгаагүй» гээд цааш нь «Хоёулаа нэг Бурхан шүтэж, хамт дэлгэрүүлж, хамт Библи судалдаг болохоор жаргалтай амьдардаг. Эхнэрийн маань найзууд бүгд Еховаг шүтдэг. Би тэдэнтэй уулзаж, ярьж хөөрөх дуртай. Эхнэр бид хоёр ямар ч асуудлыг шийдэхдээ Библийн зарчмыг баримталдаг» гэжээ.

ЕХОВАГ ХҮЛЭЭНГЭЭ

Санаа зовоосон асуудлаа Еховад даатгасан бол одоо та юу хийх хэрэгтэй вэ? Яагаад гэрлэхгүй байгаагаа бодоорой. «Зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн тушаалыг биелүүлэх гэсэндээ ганц бие яваа бол Ехова Бурхандаа дуулгавартай байдгийг тань магтууштай. Библийн зарчмыг чанд баримталдаг таныг хараад Ехова баярладаг (1 Сам. 15:22; Сур. 27:11). Бурхандаа сэтгэл зүрхээ уудлан залбирсаар байгаарай (Дуу. 62:8). Шантралгүй залбираад байвал залбирал тань илүү утга төгөлдөр болно. Гадна дотноос ямар ч дарамт үзүүлсэн Еховатай тогтоосон харьцаа тань өдөр ирэх тусам улам бат болно. Үнэнч үйлчлэгч бүрээ анхаарч, санаа тавьдаг Хамгийн Дээд Нэгний хувьд та маш их үнэ цэнэтэй. Таны хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдлийг Ехова хайхралгүй орхихгүй. Бурхан хүн болгонд хань ижил өгнө гэж амлаагүй. Гэхдээ танд амьдралын хань үнэхээр хэрэгтэй байгаа бол Бурхан энэ хүслийг тань хэрхэн биелүүлэхээ сайн мэддэг (Дуу. 145:16; Мат. 6:32).

Танд бас дуулалч Давидын адилаар «Өө, ЭЗЭН, надад хурдхан хариулаач, сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач» хэмээн хэлэх үе байдаг биз ээ (Дуу. 143:5–7, 10). Тийм үед яах хэрэгтэй вэ? Тэнгэрийн Эцэг тань танаас юу хүсэж байгааг мэдэхийн тулд хүлээгээрэй. Үгийг нь уншиж, эргэцүүлэн боддог бол Бурхны хууль тушаалыг ойлгоно, бас үйлчлэгчдийнхээ төлөө юу хийж байсныг нь мэдэж авна. Энэ нь Еховагийн үгийг сонсож байгаа хэрэг юм. Ингэвэл дуулгавартай байх нь үнэхээр зөв гэдэгт та бүр ч их итгэдэг болно.

Ганц бие христианууд гэр бүлүүд болон хүүхдүүдэд тусалж хуралдаа хувь нэмэр оруулдаг

Ганц бие байх хугацаандаа аз жаргалтай, үр бүтээлтэй амьдрахын тулд өөр яах хэрэгтэй вэ? Хэрсүү, өгөөмөр, ажилсаг, эелдэг, Бурханд чин үнэнч гэх зэргийн сайхан зан чанарыг төлөвшүүлээрэй. Бас олны дунд сайн нэртэй болохыг хичээгээрэй. Энэ бүхэн жаргалтай гэр бүлийг цогцлооход тустай (Эх. 24:16–21; Рут 1:16, 17; 2:6, 7, 11; Сур. 31:10–27). Эхлээд Хаанчлалыг хайгаарай. Яаж? Дэлгэрүүлэх ажил болон бусад үйл хэрэгт бүх хүчээ дайчлан оролцож байгаарай. Энэ нь аливаа аюулаас таныг хамгаална. Дээр дурдсан Билл ганц бие байх он жилүүдээ маш хурдан өнгөрсөн гээд, «Би тэр цагийг ашиглан эхлэгчээр үйлчилсэн» гэсэн юм.

«Зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн тушаал бодит амьдралд үнэхээр нийцдэг. Энэ тушаалыг сахин биелүүлснээр Еховаг алдаршуулахын зэрэгцээ хэзээд сэтгэл хангалуун байна. Библид «ЭЗЭНээс эмээдэг, Түүний тушаалуудад ихэд баярладаг хүн юутай ерөөлтэй вэ! Эд хөрөнгө болон баялгууд түүний гэрт байдаг бөгөөд түүний зөв шударга байдал мөнхөд байдаг» гэжээ (Дуу. 112:1, 3). Тиймээс «зөвхөн Эзэн дотор» гэрлэ гэсэн тушаалыг чанд дагаарай.

^ д/м 7 Энэ өгүүллээр, Гэрч эмэгтэйчүүдийн зүгээс голлон бичсэн ч зарчим нь эрэгтэйчүүдэд бас хамаатай.

^ д/м 13 Зарим нэрийг өөрчлөв.