Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Дээр үед манай ном хэвлэлд үлгэр загвар, бодит байдал гэж их гардаг байсан. Сүүлийн үед ингэж бичих нь багассан. Яагаад?

«Харуулын цамхаг» сэтгүүлийн 1950 оны 9-р сарын 15-ны дугаарт «Үлгэр загвар нь ирээдүйд биелэх зүйлийг төлөөлдөг. Бодит байдал нь үлгэр загвар болсон тухайн үйл явдал биелснийг хэлнэ. Үлгэр загварыг сүүдэр; бодит байдлыг биелэл гэж хэлж болно» гэжээ.

Олон жилийн өмнө манай ном хэвлэлд Бурханд үнэнч эрэгтэй эмэгтэй хүмүүс, түүний дотор Дебора Елиху Иефта Иов Рахаб Ребека нар тослогдсон болон «үй олон хүний» аль нэгийг төлөөлдөг гэж тайлбарладаг байв (Илч. 7:9). Жишээлбэл, Иефта Иов Ребека нар тослогдсон христиануудыг, харин Дебора Рахаб нар «үй олон хүнийг» төлөөлдөг гэж үздэг байжээ. Гэхдээ сүүлийн үед ингэж харьцуулахаа больсон. Яагаад?

ҮЛГЭР ЗАГВАР

Эртний израильчуудын өргөдөг байсан Дээгүүр өнгөрөх баярын хурга үлгэр загвар байсан (Тоол. 9:2)

БОДИТ БАЙДАЛ

Христ бол «бидний Дээгүүр Өнгөрөх баярын хурга» гэж Паул хэлсэн (1 Кор. 5:7)

Ирээдүйд болох илүү агуу зүйлийг зарим хүнээр төлөөлүүлдгийг Библид тодорхой бичсэн байдаг. Жишээлбэл, элч Паул Галат 4:21–31-д хоёр эмэгтэйн тухай бичээд, «үлгэрлэсэн зүйл» гэж тайлбарлажээ. Еховатай Мосегийн хуулиар холбогдсон израиль үндэстнийг Абрахамын шивэгчин Хагараар төлөөлүүлдэг. «Эрх чөлөөт эмэгтэй» Сара нь Бурхны эхнэрийг буюу байгууллагынх нь тэнгэр дэх хэсгийг төлөөлдөг. Паул бас еврейчүүдэд бичсэн захидалдаа тахилч хаан Мелхизедек Есүс хоёрт төстэй зүйл олон байгааг дурдсан (Евр. 6:20; 7:1–3). Түүнчлэн Исаиа болон хөвгүүдийг нь Есүс ба тослогдсон дагалдагчидтай нь харьцуулсан (Евр. 2:13, 14). Эдгээр тайлбарыг Ехова Паулаар бичүүлсэн учраас бид эргэлзэх учиргүй.

Гэхдээ ямар нэг хүнийг үлгэр загвар гэж Библид тайлбарласан байлаа ч тэр хүний амьдралд тохиолдсон үйл явдал бүрийг ирээдүйд болох илүү агуу зүйлийн сүүдэр гэж дүгнэх учиргүй. Жишээлбэл, Паул Мелхизедекийг Есүсийн үлгэр загвар гэсэн ч Абрахамыг дөрвөн хаантай тулалдаж ялаад буцаж ирэхэд Мелхизедек талх, дарс барьж угтдагийг нэг бүрчлэн тайлбарлаагүй. Тиймээс энэ үйл явдлыг далд утгатай гэж үзэх нь Библийн үндэсгүй юм (Эх. 14:1, 18).

Христийг нас барснаас хойших олон зууны турш зарим эрдэмтэн Библид гардаг хүн, юмс үзэгдэл, үйл явдал болгоныг ирээдүйд биелэх илүү агуу зүйлийн үлгэр загвар гэж үздэг байсан нь ноцтой алдаа болсон юм. Ориген Амброз Жером нарын сургаалын талаар нэгэн тольд тайлбарлахдаа «Тэд Библид гардаг үйл явдал бүрийн, тэр байтугай, жижиг сажиг зүйлийн цаана ямар далд утга байгааг эрж хайж байсан бөгөөд олсон. Хамгийн энгийн гэгддэг зүйл ч хамгийн учир битүүлэг байдаг. ... Амилсан Аврагчийг шавь нартайгаа уулздаг тэр шөнө шавь нар нь 153 загас барьдаг. Зарим хүн энэ тооны цаана ямар утга нуугдаж байгааг тодорхойлохыг оролдсон» гэжээ («The International Standard Bible Encyclopaedia»).

Есүс 5 000 хүнийг арвайн таван талх, хоёр загасаар хооллосон тухай Библид гардаг. Үүнийг Хиппогийн хамба Августин бэлгэдлийн утгатай гэж тайлбарлажээ. Үр тариан дотроо арвай үнэ цэнэ багатайд тооцогддог байсан учраас Августин таван талхыг Мосегийн бичсэн таван ном гэж үзсэн (арвай үнэ цэнэгүйн адил «Хуучин Гэрээ» «Шинэ Гэрээ»-нээс ач холбогдол багатай гэж үздэг байжээ). Харин хоёр загас нь хаан тахилч хоёрыг хэлдэг гэж тайлбарласан. Түүнчлэн Библид Иаков Есаваас таваг улаан шөлөөр ууган хүүгийн эрхийг нь худалдаж авсан тухай гардаг. Үүнийг өөр нэг эрдэмтэн тайлбарлахдаа, Есүс тэнгэрийн өвийг хүн төрөлхтөнд улаан цусаараа худалдаж авсныг төлөөлдөг гэжээ.

Дээрх тайлбарууд танд ойлгомжгүй санагдсан биз ээ. Ер нь хүн Библийн ямар түүх зөгнөлийн утгатай, ямар нь шууд утгатайг мэдэхгүй. Тэгвэл яах нь зүйтэй вэ? Библид гарч буй хүн, юмс үзэгдэл, үйл явдал цаанаа ямар нэг утгатай гэдэг нь тодорхой байвал шууд хүлээж авах хэрэгтэй. Хэрэв Библийн үндэстэй тайлбар байхгүй бол бэлгэдлийн юм уу зөгнөлийн утгатай гэж дүгнэх учиргүй.

Тэгвэл Библид гардаг үйл явдал, жишээнээс ямар сургамж авах вэ? Ром 15:4-т элч Паул нэгдүгээр зууны тослогдсон ах дүүстээ «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм» гэжээ. Үүгээрээ маш чухал зүйлийг тэдгээр үйл явдлаас сурч мэдээрэй гэж хэлэх гэсэн ажээ. Тэгэхлээр Библид «бичигдсэн аливаа зүйлс» аль ч цаг үеийн христиануудад, түүний дотор «өөр хонинуудад» сургамжтай (Иох. 10:16, ШГ; 2 Тим. 3:1).

Тиймээс Библид бичигдсэн ихэнх үйл явдлыг тослогдсон христианууд, «өөр хонинуудын» аль нэгэнд л сургамжтай эсвэл түүхийн тодорхой цаг үед л хамаатай гэж үзэхийн оронд Бурхны бүх үйлчлэгчид ач тустай, аль ч цаг үед хамаатай гэж үзэх нь зүйтэй. Жишээ нь, Иов зовлон амссан нь зөвхөн дэлхийн І дайны үеийн тослогдсон христианууд зовохыг зөгнөсөн юм биш ээ. Бурхны олон үйлчлэгч, эрэгтэй эмэгтэй, тослогдогсод, үй олон хүний аль аль нь Иовын адилаар хэцүү бэрхийг амссан бөгөөд Ехова «эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл [Ехова] энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм» (Иак. 5:11).

Бодоод үз дээ. Өнөөдөр Дебора шиг үнэнч эмэгтэйчүүд, Елиху шиг ухаалаг залуу ахлагч нар, Иефта шиг идэвх зүтгэлтэй зоригт эхлэгчид, Иов шиг тэсвэр хатуужилтай хүмүүс христиануудын дунд олон бий. Библийг уншаад тайвширч тайтгараасай, ирээдүйн найдвартай болоосой гэсэндээ «эрт үед бичигдсэн аливаа зүйлсийг» хадгалж ирсэн Ехова Бурхандаа талархаад баршгүй!

Библид гардаг үйл явдал бүрийн цаана ямар утга байгааг мэдэх гэж хичээхийн оронд ямар сургамжтайг нь манай ном хэвлэлд онцолдог болсон нь ийм учиртай.