Skip to content

Гарчиг руу орох

Ахлагчид аа, та нар бусдыгаа сургахыг чухал гэж үздэг үү?

Ахлагчид аа, та нар бусдыгаа сургахыг чухал гэж үздэг үү?

«Бүх юмс тогтоогдсон цаг мөчтэй» (НОМ. 3:1).

1, 2. Дүүргийн харгалзагчид юу анзаарсан бэ?

АХЛАГЧИДТАЙ хийсэн уулзалт өндөрлөх дөхжээ. Дүүргийн харгалзагч ахлагчдыг тойруулан харлаа. Хурлынхаа төлөө нөр их хөдөлмөрлөдөг энэ эрчүүдийг өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрнө. Аавынх нь насны хүмүүс ч байх ажээ. Харин нэг зүйл сэтгэлийг нь зовоож байлаа. «Хуралд хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүдийг сургах талаар та нар ямар ажил хийж байгаа вэ?» гэж асуув. Энэ талаар илүү их анхаарахыг өмнө нь ирэхдээ зөвлөсөн билээ. Үүнийг ахлагчид сайн санаж байлаа. Тэгтэл нэг нь: «Шуудхан хэлэхэд бид дорвитой юм хийж амжаагүй» гэв. Бусад нь ч зөвшөөрч толгой дохицгоов.

2 Та тэр ахлагчдын нэг байсан бол мөн тэгж хариулах байх. Хурлын гишүүдэд санаа тавих эрчүүдийг сургаж бэлтгэх шаардлага маш их байгааг дүүргийн харгалзагч нар анзаарчээ. Гэхдээ бусдыг сургана гэдэг амаргүй. Яагаад тэр вэ?

3. а) Библиэс харвал бусдыг сургах нь хэр чухал бэ? Энэ нь яагаад хүн бүхэнд хамаатай вэ? (Зүүлт үзнэ үү). б) Бусдыг сургах нь зарим ахлагчид яагаад амаргүй байдаг вэ?

3 Туршлага багатай эрчүүдэд зааж сургах ажилд цаг зав гаргах нь чухал гэдгийг та ахлагч хүнийхээ хувьд ойлгодог байх. * Хурлыг бат бэх байлгах, шинэ хурал үүсгэн байгуулахад эрчүүд улам их хэрэгтэй болж байгааг мэддэг биз ээ (Исаиа 60:22-ыг уншина уу). Бас «бусдад заах чадвартай» байхыг Библид зөвлөдөг (2 Тимот 2:2-ыг уншина уу). Гэхдээ л бусдыг сургах нь танд амаргүй санагддаг байж магадгүй. Гэрийнхэндээ санаа тавих, ажил төрөл хийх, хуралд хүлээсэн үүргээ биелүүлэх, өөр янз бүрийн чухал ажил амжуулах ёстой учраас бусдыг сургах цаг зав гаргахад хэцүү санагдаж мэднэ. Гэлээ ч гэсэн туршлага багатай эрчүүдийг сургах нь хэчнээн чухал болохыг ярилцъя.

СУРГАХ НЬ НЭН ЧУХАЛ

4. Бусдыг сургах ажлыг зарим ахлагч яагаад хойшлуулдаг вэ?

4 Бусдад зааж сургах цаг зав гаргах нь ахлагчдад яагаад амаргүй байдаг вэ? «Хуралд илүү чухал, яаралтай хийх ажил зөндөө байна. Бусдыг сургахад түлхүү анхаарвал хурлын бусад ажил яах болж байна?» гэж зарим ахлагч бодож болох юм. Яаралтай шийдэх асуудал олон байдаг нь үнэн. Гэхдээ туршлага багатай эрчүүдийг сургах ажлыг хойш тавьдаг бол хуралд сөргөөр нөлөөлөх аюултай.

5, 6. Жолоочийн жишээг товч ярина уу. Ахлагчид энэ жишээнээс ямар сургамж авах вэ?

5 Нэг жишээ авъя. Жолооч хүн машинаа удаан эдэлж, хөдөлгүүрийг нь жигд ажиллуулахын тулд тосоо тогтмол солих ёстойг мэддэг. Гэхдээ банкаа дүүргэх нь үүнээс илүү чухал гэж бодож болох юм. Тэгээд ч түлшгүй бол машин явахгүй шүү дээ. Тос солихоо хойшлууллаа гэхэд хөдөлгүүр тэр дороо ажиллахаа болино гэж байхгүй. Гэвч ингэж бодох нь аюултай. Жолооч хөдөлгүүрийнхээ тосыг цаг тухайд нь солихгүй бол машин эрт орой хэзээ нэгэн цагт эвдэрнэ. Ингэвэл машинаа засахын тулд бүр их цаг зав, мөнгө төгрөг зарцуулна. Энэ жишээнээс ямар сургамж авах вэ?

6 Нэн даруй хийх хэрэгтэй олон чухал ажил ахлагчдад байдаг. Тэдгээр асуудлыг хурдан шийдэхгүй бол хуралд муугаар нөлөөлнө. Дээрх жишээнд гардаг жолоочийн адилаар ахлагчид «илүү чухал юм нь юу болохыг магадлах» ёстой (Флп. 1:10, ШЕ). Гэхдээ зарим ахлагч үнэхээр хойшлуулшгүй чухал үүрэг даалгавартайгаасаа болоод бусдыг сургах ажлыг орхигдуулж болох юм. Энэ нь тосоо солихыг хойшлуулсантай адил. Үүний улмаас эрт орой хэзээ нэгэн цагт хуралд шаардлага хангасан эрчүүд дутагдаж болзошгүй.

7. Бусдад зааж сургах цаг зав гаргадаг ахлагчдыг бид юу гэж үзэх ёстой вэ?

7 Бусдад зааж сургах ажлыг хэзээ ч бүү хойш нь тавиарай. Хурлынхаа ирээдүйг бодож туршлага багатай эрчүүдийг сургах цаг зав гаргадаг ахлагчид бол «сайн нярвууд» юм. Хурлынхан нь тэднийг Бурхны өгсөн үнэтэй бэлэг гэж үздэг (1 Петр 4:10-ыг уншина уу). Ийм ахлагчид хуралдаа ямар хувь нэмэр оруулдаг вэ?

ХУРЛЫНХАА ИРЭЭДҮЙГ БОДООРОЙ

8. а) Ахлагчид яагаад туршлага багатай залуучуудыг сургадаг вэ? б) Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчилдэг ахлагчдад зайлшгүй биелүүлэх ёстой ямар үүрэг оногддог вэ? ( «Чухал үүрэг» гэсэн хавсралтыг үзнэ үү).

8 Ахлагч нар хэчнээн туршлага суусан ч нас ахихын хэрээр аливаа зүйлийг өмнөх шигээ хийж чадахаа болино гэдгээ ойлгоод даруухан байх хэрэгтэй (Мика 6:8). Бас «цаг үе хийгээд санамсаргүй тохиолдол» (ШЕ) гэнэт гарвал хуралд хүлээдэг үүргээ биелүүлж чадахаа больж болзошгүйг тооцох ёстой (Ном. 9:11, 12; Иак. 4:13, 14). Тиймээс хурлынхаа ирээдүйг боддог, итгэл нэгтнүүдээ хайрладаг ахлагчид сурч мэдсэн зүйл, хуримтлуулсан туршлагаа залуучуудтай харамгүй хуваалцдаг (Дуулал 71:17, 18-ыг уншина уу).

9. Эрчүүдийг сургаж бэлтгэх нь ирээдүйн ямар үйл явдалд онцгой ач холбогдолтой вэ?

9 Туршлага багатай эрчүүдийг сургаж бэлтгэхийн бас нэг давуу тал юу вэ? Ахлагчдын явуулдаг энэ сургалтын үр дүнд хурлыг бат бэх байлгах эрчүүд олноороо бэлтгэгддэг. Үүний ачаар хурлын гишүүд одоо төдийгүй агуу их гай гамшгийн хүнд хэцүү үед бат итгэлтэй, эв нэгдэлтэй байна (Езе. 38:10–12; Мика 5:5, 6). Тиймээс ахлагчид аа, бусдад зааж сургах ажилд одооноос эхлээд тогтмол цаг зав гаргаж байгаарай.

10. Ахлагчид бусдыг сургах цаг зав гаргахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

10 Хуралд олон чухал ажил хийдэг болохоор бусдыг сургахад цаг заваа зориулах нь ахлагчдын хувьд амаргүй байдгийг ойлгож байна. Гэхдээ хурлын ажилд зарцуулдаг цагаа багасгаад туршлага багатай эрчүүдийг сургахад анхаарвал ямар вэ? (Ном. 3:1). Ингэвэл хурлынхаа ирээдүйг бодож байна гэсэн үг.

СУУРЬ ТАВИХ НЬ

11. а) Өөр өөр улс оронд амьдардаг ахлагчдын өгсөн зөвлөгөөний юу нь сонирхолтой байсан бэ? б) Сургаалт үгс 15:22-оос үзвэл ахлагчдын өгсөн зөвлөгөөг ярилцах нь яагаад чухал бэ?

11 Хурлынхаа эрчүүдэд зааж сурган хуралдаа илүү их үүрэг гүйцэтгэдэг болоход нь тусалсан ахлагчдаас саяхан туршлага судалсан юм. * Тэд өөр өөр орчин нөхцөлд амьдардаг ч өгсөн зөвлөгөө нь гайхалтай адилхан байлаа. Энэ нь юуг харуулдаг вэ? Сургалт Библид үндэслэсэн учраас «хаа сайгүй чуулган бүрд» ач тусаа өгчээ (1 Кор. 4:17). Тиймээс энэ болон дараагийн өгүүллээр тэдгээр ахлагчийн өгсөн зөвлөгөөг авч үзнэ (Сур. 15:22). Сургалт явуулсан ахлагчдыг цаашид «багш», сургалтад хамрагдсан эрчүүдийг «суралцагч» гэх болно.

12. Багш хүн яах хэрэгтэй вэ? Яагаад?

12 Багш хүн эхлээд суурь тавих хэрэгтэй. Цэцэрлэгч үр суулгахын өмнө хөрсөө бэлддэг шиг, багш нь суралцагчдаа шинэ арга барил эзэмшүүлэхийнхээ өмнө сэтгэл зүйг нь бэлддэг. Үүний тулд яах хэрэгтэй вэ? Эртний нэгэн зөнчийн аргыг хэрэглэж болох юм.

13-15. а) Зөнч Самуел ямар даалгавар авсан бэ? б) Самуел даалгавраа хэрхэн биелүүлсэн бэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү). в) Самуелд тохиолдсон энэ явдал өнөөгийн ахлагчдад яагаад онцгой хамаатай вэ?

13 3 000 гаруй жилийн тэртээ болсон явдал. Ехова нас өндөр болсон зөнч Самуелд «Маргааш өдийд Би чам уруу Бениамины нутгаас нэг хүнийг явуулна. Чи түүнийг Миний ард түмэн Израилийг захирах ноён болгон тосол» хэмээн хэлжээ (1 Сам. 9:15, 16). Самуел израиль үндэстнийг удирдах эрхгүй болж байгаагаа ойлгов. Мөн Ехова өөрөөр нь шинэ удирдагчийг тослон томилуулах гэж байгааг ухаарчээ. «Үүрэгт ажлаа хүлээж авахад нь энэ хүнд яаж туслах вэ?» гэж Самуел бодсон биз ээ. Тэгээд нэг санаа олж төлөвлөгөө боловсруулжээ.

14 Маргааш нь Самуел Саулыг харав. Тэгтэл Ехова: «Миний чамд хэлсэн хүн энэ байна» гэлээ. Самуел ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэв. Саулыг зарцтай нь хамт хоолны танхимд оруулж хамгийн сайн суудалд суулгаад өмнө нь мах тавин «Зооглогтун. ... Чамд зориулан үүнийг хойш тавьсан юм» гэлээ. Хоол идсэнийх нь дараа Самуел Саулыг гэр лүүгээ дагуулан явав. Ингээд замдаа энэ тэрийг ярилцаж явсаар тэднийд очлоо. Самуел Саулыг байшингийнхаа дээвэр дээр дагуулан гарч үдшийн сэрүүн болтол ярилцаж байгаад унтжээ. Маргааш нь Саулыг тосолж, үнсээд цаашдаа юу хийх ёстойг нь зааж зөвлөдөг. Болох гэж буй бүхэнд ийнхүү бэлдсэний эцэст үдэж мордуулжээ (1 Сам. 9:17–27; 10:1).

15 Хүнийг бүхэл бүтэн үндэстний удирдагч болгон тослох, Гэрч эрэгтэйг туслах үйлчлэгч юм уу ахлагч болоход бэлтгэх хоёр адилгүй нь мэдээж. Гэлээ ч Самуелын хэрэглэсэн аргаас олон чухал зүйлийг сурч болно. Тэдгээрээс хоёрыг авч үзье.

САЙН БАГШ, САЙН НАЙЗ

16. а) Израильчууд хаантай болохыг хүсэхэд Самуел яасан бэ? б) Саулыг тосол гэж Еховаг хэлэхэд хэрхэн биелүүлсэн бэ?

16 Дуртайяа заагаарай. Израильчууд хаантай болохыг хүсэж байгааг Самуел сонсоод ард түмэнд гологдсон мэт санагдаж сэтгэл нь тавгүйтжээ (1 Сам. 8:4–8). Тийм болохоор шаардлагыг нь биелүүлэхээс цааргалж байв. Ард олны хүсэлтийг хүлээж ав гэж Ехова гурван ч удаа хэлдэг (1 Сам. 8:7, 9, 22). Самуел эхэндээ сэтгэлээр унаж байсан ч залгамж халааг нь авах хүнд атаархаж хорсоогүй. Саулыг тосол гэж Еховаг хэлэхэд нь үг дуугүй биелүүлдэг. Тэгэхдээ үүрэг төдий үзэлгүй, хайрандаа хөтлөгдөн дуртайяа биелүүлсэн.

17. Ахлагчид Самуелыг хэрхэн дууриадаг вэ? Тэд юунд баярладаг вэ?

17 Өнөөгийн туршлагатай ахлагчид, Самуелын адилаар, хайрандаа хөтлөгдөн бусдад зааж сургадаг (1 Петр 5:2). Тэд бол эрдэм мэдлэгээ харамгүй хуваалцдаг хүмүүс юм. Хуралд эдэлж буй завшаанаа алдчих вий гэж айдаггүй. Харин ч уужим сэтгэлтэй байж, суралцагчаа өрсөлдөгч бус, «хамтран ажиллагчаа» гэж үзэн үнэлж эрхэмлэдэг (2 Кор. 1:24; Евр. 13:16). Суралцагч нь сурч мэдсэнээ хурлынхныхаа төлөө зориулж байгааг хараад тэд баярладаг (Үйлс 20:35).

18, 19. Багш нь суралцагчийнхаа сэтгэл зүйг хэрхэн бэлдэж болох вэ? Ингэх нь яагаад чухал бэ?

18 Зөвхөн багш бус, найз байгаарай. Самуел Саултай уулзангуутаа тос гаргаж ирэн толгойг нь тослоод явуулчихаж болох л байсан. Тэгсэн бол шинэхэн хаан, Бурхны ард түмнийг удирдах ямар ч бэлтгэлгүй байх байв. Харин Саулын сэтгэл зүйг бага багаар бэлдэхийн тулд цаг зав гаргасан. Сайхан хоол идүүлж, салхинд хамт гарч, ярьж хөөрч, сайн амраасныхаа дараа л хаан болгон тосолсон.

Багшлахаасаа өмнө найз болоорой (18, 19-р догол мөрийг үзнэ үү)

19 Үүнтэй адилаар ахлагч хүн хурлынхаа эрчүүдэд багшлахаасаа өмнө найз нөхдийн халуун дотно орчин бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй. Яаж гэдэг нь нутгийн ахуй амьдрал, ёс заншлаас хамаараад улс орон бүрд харилцан адилгүй. Гэхдээ та хаана ч амьдардаг бай, зааж сургаж буй хүндээ цаг зав гаргадаг бол «Чи миний хувьд чухал хүн шүү» гэж хэлж байгаатай адил юм (Ром 12:10-ыг уншина уу). Ингэдэг бол тэр хүн хайр халамжийг тань мэдэрч халуун сэтгэлийг тань ойлгоод талархах нь дамжиггүй.

20, 21. а) Ямар багшийг сайн багш гэх вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

20 Сайн багш заах дуртай байх ёстой. Түүнээс гадна сургаж буй хүнээ хайрлах учиртай (Иохан 5:20-той харьцуулна уу). Энэ нь яагаад чухал бэ? Таныг чин сэтгэлээсээ санаа тавьж байгааг мэдэрвэл суралцагч заасан бүхнийг тань дуртайяа эзэмшинэ. Тиймээс ахлагчид аа, зөвхөн сайн багш байхаас гадна сайн найз болоорой (Сур. 17:17; Иох. 15:15).

21 Ийнхүү сэтгэл зүйг нь бэлдсэнийхээ дараа зааж сургах ажилдаа орно. Харин ямар аргаар заах вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.

^ д/м 3 Энэ болон дараагийн өгүүллийг ахлагчдад зориулсан боловч хурлын бүх гишүүнд хамаатай. Яагаад тэр вэ? Баптисм хүртсэн эрчүүд хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг болохын тулд олон зүйлийг заалгах хэрэгтэй. Сургаж бэлтгэгдсэн эрчүүд олон байх тусам хурлын бүх гишүүн ач тус хүртэнэ.

^ д/м 11 Энэ ахлагч нар Австрали, Бангладеш, Бельги, Бразил, Франц, Францын Гайана, Япон, Солонгос, Мексик, Намиби, Нигери, Реюньон, Орос, Өмнөд Африк, Америкийн Нэгдсэн Улсад амьдардаг.