Skip to content

Гарчиг руу орох

Та Еховатай хэр дотно вэ?

Та Еховатай хэр дотно вэ?

«Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» (ИАК. 4:8).

1. Еховатай тогтоосон харьцаагаа бат бэх байлгах ёстойн учир юу вэ?

ТА ЕХОВАД өөрийгөө зориулж, баптисм хүртсэн үү? Тэгвэл танд маш үнэтэй нэг юм байна. Энэ бол Бурхантай тогтоосон харьцаа юм. Гэхдээ Сатаны ертөнцийн дарамт шахалт, бидний төгс бус байдлаас болоод энэ харьцаанд сэв суух аюул бий. Христиан хүн бүр ийм аюулаас сэргийлэхийн тулд Еховатай тогтоосон харьцаагаа аль болох бат бэх байлгах учиртай.

2. Яавал Еховатай дотносох вэ?

2 Ехова таны хувьд хэр бодитой вэ? Найз шиг санагддаг уу? Илүү дотно болмоор байна уу? «Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно» гэж Иаков 4:8-д байдаг. Бид өөрсдөө дотно болох гэж хичээдэг бол Ехова бас бидэнтэй дотносно. Хэдийчинээ их хичээнэ, Бурхан бидний хувьд төдийчинээ бодитой болж, жинхэнэ найз болно. Тэгээд Есүсийн адилаар Еховаг бодитой оршдог Нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрч «Би түүнийг мэднэ» хэмээн баттай хэлнэ (Иох. 7:28, 29). Бурхантай улам дотно болохын тулд яг юу хийх ёстой вэ?

Та Бурхантай бодол санаагаа яаж хуваалцдаг вэ? (3-р догол мөрийг үзнэ үү)

3. Еховатай санаа бодлоо хуваалцана гэж яахыг хэлдэг вэ?

3 Еховатай дотносъё гэвэл санаа бодлоо байнга хуваалцаж байгаарай. Яаж? Ер нь хүн хол байгаа найзтайгаа аль болох олон удаа захидлаар харилцаж, утсаар ярьдаг шүү дээ. Үүнтэй адилаар, та үргэлж залбирдаг бол Еховатай ярьж байна гэсэн үг (Дуулал 142:2-ыг уншина уу). Библийг тогтмол уншиж, эргэцүүлэн боддог бол Бурхны үгийг сонсож байгаа хэрэг (Исаиа 30:20, 21-ийг уншина уу). Ийнхүү харилцан ярилцдаг бол Еховатай тогтоосон харьцаа батжиж, дотны найзууд болдог. Одоо энэ талаар ярилцъя.

БИБЛИ СУДАЛЖ ЕХОВАГИЙН ЯРИХЫГ СОНСООРОЙ

4, 5. Еховагийн ярихыг сонсъё гэвэл яах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

4 Бүх хүнд зориулсан мэдээ Библид байдгийг та зөвшөөрөх байх. Харин зөвхөн танд тустай мэдээ байдаг болов уу? Байлгүй яах вэ! Еховатай дотносоход тань тус болох зүйл Библид бий. Тиймээс Библийг тогтмол уншиж судлаарай. Ингэхдээ тухайн зүйлийг өөртөө хэрхэн тусгаж авч байгаагаа анхаараарай. Яаж ажил хэрэг болгохоо бодоорой. Энэ бүхэн Еховагийн юу хэлэхийг сонсож байна гэсэн үг бөгөөд Еховатай улам дотносоход тустай (Евр. 4:12; Иак. 1:23–25).

5 Жишээ авъя. «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа» хэмээсэн Есүсийн үгийг унших үед танд юу бодогдох вэ? Хаанчлалыг эн тэргүүнд тавьж яваа бол Еховаг баярлуулж байгаадаа сэтгэл өегших байх. Харин амьдралаа энгийн болгож Бурханд түлхүү үйлчлэх хэрэгтэйгээ ухаарвал яах вэ? Ехова таныг өөртэй нь дотносохын тулд юу хийх ёстойг ойлгуулж байна гэж бодоорой (Мат. 6:19, 20).

6, 7. а) Библи судалснаар Ехова болон бидний хоорондох хайр ямар болох вэ? б) Бие даан судлахдаа ямар зорилготой байх ёстой вэ?

6 Библи судлахлаар Еховад илүү сайн үйлчлэхийн тулд юугаа өөрчлөх хэрэгтэйгээ мэдэж авдаг. Бас зан чанар, үйл хэргийг нь сайн ойлгож Бурхнаа улам хайрладаг. Бидний хайр лавшрах тусам Ехова бас биднийг хайрладаг. Ийнхүү Еховатай тогтоосон харьцаа маань бат бэх болдог (1 Коринт 8:3-ыг уншина уу).

7 Еховатай дотносъё гэвэл Библийг зөв зорилгоор уншиж судлах хэрэгтэй. «Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн» гэж Иохан 17:3-т байдаг. Тэгэхлээр зүгээр л мэдлэг олж авах гэж судлах нь хангалтгүй юм. Харин Ехова гэж хэн бэ гэдгийг илүү сайн таньж мэдэх зорилгоор Библийг уншиж судлах учиртай (Египетээс гарсан нь 33:13-ыг уншина уу; Дуу. 25:4).

8. а) Ехова Азариа хааныг шийтгэсэн тухай Хаадын дэд 15:1–5-д байдгийг уншихлаар ямар асуулт төрж болох вэ? б) Та Еховаг сайн мэддэг бол түүний тухай юу гэж бодохгүй вэ?

8 Еховатай дотно танилцахын хэрээр Библид тодорхой бичээгүй зүйлийг уншаад гайхаж эргэлзэхгүй. Ехова яагаад ингэсэн юм бол гэж бодохгүй. Жишээ авъя. Азариаг Иудагийн хаан болох үед ард түмэн хуурамч бурхад шүтдэг байв. Азариа тэднийг дагалгүй Еховагийн «мэлмийд зөвийг үйлдсээр» байсан (Х.дэд 15:1–5). Гэвч Ехова Азариаг шийтгэж уяман өвчтэй болгодог. Яагаад ингэснийг нь тодорхой бичээгүй. Та энэ түүхийг уншаад Еховагийн тухай юу гэж бодох вэ? Ямар ч шалтгаангүйгээр Азариаг шийтгэж, шударга бус загналаа гэж бодох уу? Хэрэв та Еховаг сайн мэддэг бол ингэж бодохгүй. Бурхны авдаг сахилга батын арга хэмжээ үргэлж зөв байдагт итгэлтэй байна (Иер. 30:11). Тиймээс Азариаг яагаад шийтгэснийг тодорхой мэдэхгүй ч Еховагийн зөв байсан гэдэгт баттай итгэнэ.

9. Ехова Азариаг яагаад уяман өвчтэй болгосон бэ?

9 Азариа хааны талаар Библийн өөр хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байдаг. Азариаг бас Уззиа гэдэг байжээ (Х.дэд 15:7, 32). Уззиа Еховагийн мэлмийд зөвийг үйлдэж байсан ч яваандаа «зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж, тэрээр завхарчээ» гэж Шастирын дэд 26:3–5, 16–21-д байдаг. Уззиа эрх мэдлээ урвуулан ашиглаж зөвхөн тахилчид хийх эрхтэй зүйлийг хийх гэж зүтгэжээ. Буруу юм хийж байгааг нь наян нэгэн тахилч сануулж, болиулахыг оролддог. Уззиа яасан бэ? Бардам загнаж, уурлан хилэгнэсэн. Тийм болохоор Ехова Уззиаг уяман өвчтэй болгосон ажээ.

10. Еховагийн хийсэн зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаагүй бол яах вэ? Ехова үргэлж зөв юм хийдэг гэдэгт илүү их итгэдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

10 Ехова Азариа хааныг яагаад шийтгэснийг мэдэхэд тус болох хангалттай мэдээлэл байгааг үзлээ. Харин Библид гардаг зарим үйл явдлыг нэг бүрчлэн тайлбарлаагүй байдаг. Тийм үед та яах вэ? Бурхан үнэхээр зөв юм хийсэн үү гэж эргэлзэх үү? Эсвэл Бурхан хэзээ ч буруу юм хийхгүй, үүнийг батлах хангалттай нотолгоо Библид байдаг гэж бодох уу? (Д.хууль 32:4). Еховаг сайн таньж мэдэхийн хэрээр улам итгэж найдан, хайрладаг болно. Тэгээд бүх зүйлийг нэг бүрчлэн тайлбарлаагүй байсан ч эргэлзэж тээнэгэлзэхгүй. Ийнхүү Библийг судлах тусам Ехова таны хувьд илүү бодитой, та Еховатай илүү дотно болно (Дуу. 77:12, 13).

ЗАЛБИРЧ ЕХОВАТАЙ ЯРИАРАЙ

11-13. Ехова залбирлыг сонсдог гэсэн ямар баталгаа байдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

11 Еховатай дотносох нэг арга бол залбирал юм. Бид залбирахдаа Бурхнаа магтаж, талархаж, тусламж гуйдаг (Дуу. 32:8). Еховатай улам дотно болъё гэвэл залбирлыг тань чих тавин сонсдог гэдэгт бат итгээрэй.

12 Зарим хүн залбирлыг зөвхөн сэтгэл засах эмчилгээ төдийхнөөр ойлгодог. Хүн залбирч байхдаа бодол санаагаа үгээр илэрхийлж, өөртөө тулгараад байгаа асуудлыг нухацтай бодож, яаж шийдэх аргаа мэдэж авдаг гэж тэд ярьдаг. Залбирал ийм ач тустай байдаг нь үнэн. Гэхдээ таныг чин сэтгэлээсээ залбирахад Ехова үнэхээр сонсдог уу?

13 Бодоод үз дээ. Ехова дэлхий дэх үйлчлэгчдийнхээ залбиралд хариулахыг Есүс тэнгэрт байхдаа хардаг байв. Дараа нь дэлхий дээр амьдарч байхдаа тэнгэрийн Эцэгтээ бодол санаагаа уудлан залбирдаг байсан. Ехова залбирлыг сонсдоггүй байсан бол бүхэл шөнөжингөө залбирна гэж үү? (Лук 6:12; 22:40–46). Хэрэв залбирал сэтгэл засах эмчилгээ төдий зүйл байсан бол Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг заана гэж үү? Залбирах нь Еховатай бодитоор ярилцаж бодол санаагаа хуваалцах арга гэдгийг Есүс сайн мэддэг байсан нь тодорхой. Нэг удаа Есүс: «Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдог» гэжээ. Ехова залбирлыг маань чих тавин сонсдог гэдэгт бид бас эргэлзэх учиргүй (Иох. 11:41, 42; Дуу. 65:2).

14, 15. а) Тодорхой залбирахын ач тус юу вэ? б) Катид залбирал хэрхэн тусалсан бэ?

14 Залбирлынхаа хариуг авснаа мэдээгүй үе танд байдаг биз ээ. Хэрэв та тодорхой залбирдаг бол Еховагийн өгсөн хариу үл анзаарагдам байсан ч мэдэрдэг болно. Залбирлынхаа хариуг авах тусам Ехова таны хувьд илүү бодитой болно. Түүнээс гадна юунд санаа зовж байгаагаа нэг бүрчлэн хэлдэг бол та Еховатай дотносно.

15 Кати * гэдэг Гэрч эмэгтэйг жишээ болгон авъя. Тэрбээр тогтмол дэлгэрүүлдэг хэр нь дэлгэрүүлэх ажлын амтыг мэдэрдэггүй байжээ. Кати: «Би дэлгэрүүлэх дургүй байсан. Бүр ясны дургүй байлаа. Намайг тэтгэвэрт гарсны дараа нэг ахлагч байнгын эхлэгч болохыг зөвлөв. Тэр байтугай надад анкет авчирж өглөө. Би ч эхлэгч болохоор шийдсэн. Дэлгэрүүлэх ажилд дуртай болгож өгөөч гэж өдөр бүр залбирдаг боллоо» гэжээ. Ехова залбирлыг нь сонссон болов уу? Кати: «Би эхлэгчээр үйлчлээд гурван жил болж байна. Дэлгэрүүлэх ажилд оролцож, бусдаасаа суралцахын хэрээр дэлгэрүүлэх ур чадвар маань сайжирч байгаа. Одоо надад дэлгэрүүлэх ажил таалагдахаар барахгүй хамгийн дуртай ажил минь болсон. Гол нь, Ехова Бурхантайгаа улам дотно болсон» гэж ярьсан юм. Еховатай дотно болоход нь Катид залбирал үнэхээр тусалжээ.

ХЭРЭГЖҮҮЛЭЭРЭЙ

16, 17. а) Еховатай үргэлж дотносохын тулд яах хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

16 Еховатай дотносохыг үргэлж хичээгээрэй. Библиэ тогтмол судалж Еховагийн ярихыг сонсоорой. Бас байнга залбирч сэтгэлээ уудалж байгаарай. Ингэдэг бол Еховатай тогтоосон харьцаа тань улам бат бэх болж, Еховагийн тусламжтайгаар ямар ч зовлон бэрхшээлийг ажрахгүй давна.

Еховатай дотно байхыг үргэлж хичээгээрэй (16, 17-р догол мөрийг үзнэ үү)

17 Гэхдээ тогтмол шаргуу залбирсан ч хэцүү асуудлаас ангижрахгүй үе байдаг. Тийм үед Еховад итгэх итгэл алдарч магадгүй. Ехова залбирлыг маань сонсдог уу, намайг үнэхээр найзаа гэж үздэг үү гэж бодож мэдэх юм. Танд ингэж санагдвал яах нь зүйтэй вэ? Хариуг нь дараагийн өгүүллээр ярилцана.

^ д/м 15 Нэр өөрчлөв.