Skip to content

Гарчиг руу орох

Жишээ залбиралд нийцүүлэн амьдрагтун. Хэсэг 1

Жишээ залбиралд нийцүүлэн амьдрагтун. Хэсэг 1

«Таны нэр ариунаар дуурсгагдаг» (МАТ. 6:9).

1. Бид дэлгэрүүлэхдээ Матай 6:9–13-т байдаг залбирлыг хэрхэн тайлбарладаг вэ?

ЕСҮСИЙН заасан залбирлыг цээжээр мэддэг хүн олон байдаг. Энэ залбиралд гардаг Бурхны Хаанчлал гэдэг нь бодит засгийн газар бөгөөд дэлхийг диваажин болгон хувиргана гэж бид хүмүүст тайлбарладаг. Бас «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж бичсэнийг үзүүлж Бурхан оноосон нэртэй, энэ нэр ариусах учиртай гэдгийг хэлж өгдөг (Мат. 6:9).

2. Залбирах болгондоо Есүсийн заасан залбирлыг давтан хэлэх ёстой юу? Тайлбарлана уу.

2 Христийн сүмийнхэн залбирах болгондоо жишээ залбирлыг тоть шиг давтдаг. Есүс биднийг ингээсэй гэж хүссэн үү? Үгүй. Тэрбээр: «Залбирахдаа ... нэг юмаа дахин дахин бүү хэл» гэжээ (Мат. 6:7, ШЕ). Бас нэг удаа жишээ залбирлыг өөр үгээр давтан хэлсэн байдаг (Лук 11:1–4). Эндээс бид юуны талаар, ямар дэс дарааллаар залбирах хэрэгтэйг мэдэж болно. Тэгэхлээр Есүсийн заасан залбирлыг жишээ залбирал гэж нэрлэх нь зүйд нийцнэ.

3. Жишээ залбирлыг судлангаа өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

3 Энэ болон дараагийн өгүүллээр жишээ залбирлыг задалж үзнэ. Тийнхүү судлахдаа «Залбирлынхаа чанарыг сайжруулахад жишээ залбирал надад хэрхэн туслах вэ? Хамгийн чухал нь, би жишээ залбиралд нийцүүлэн амьдарч байгаа юу?» гэж өөрөөсөө асуугаарай.

«ТЭНГЭРТ БАЙГАА БИДНИЙ ЭЦЭГ»

4. «Бидний Эцэг» гэдэг үг юу харуулдаг вэ? Дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүс Еховаг яагаад «Эцэг» гэж дууддаг вэ?

4 Жишээ залбирал «Бидний Эцэг» гэдэг үгээр эхэлдэг. Энэ нь дэлхий дахинд байдаг христианууд бид Ехова гэдэг нэг Эцэгтэйг харуулж байна (1 Петр 2:17). Тэнгэрт амьдрах найдвар өвөрлөдөг тослогдсон христианууд Бурхны хүүхдүүд болж үрчлэгдсэн учраас Еховаг «Аав! Эцэг минь!» гэж дуудах бүрэн эрхтэй (Ром 8:15–17). Дэлхий дээр мөнх амьдрах найдвартай христианууд ч бас Еховаг «Эцэг» гэдэг. Учир нь Ехова тэдэнд амь өгсөн билээ. Бас бүх үнэнч үйлчлэгчээ хайрлан халамжилж хэрэгтэй бүхнээр нь хангадаг. Тэд төгс болж, эцсийн сорилтыг давж үнэнчээ баталсны дараа жинхэнэ утгаар Бурхны хүүхдүүд болно (Ром 8:21; Илч. 20:7, 8).

5, 6. Эцэг эхчүүдийн үр хүүхдэдээ өгөх хамгийн үнэтэй бэлэг юу вэ? Хүүхдүүд энэ бэлгээ яах ёстой вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

5 Эцэг эхчүүд үр хүүхдэдээ Еховагийн тухай хэлж ярьж, хайр халамжтай Эцэг гэдгийг ойлгуулж, хэрхэн залбирахыг заадаг бол хамгийн сайн бэлэг өгч байгаа нь тэр. Өмнөд Африкт үйлчилдэг дүүргийн харгалзагч ийнхүү дурссан юм. «Охидыгоо төрсөн цагаас нь эхлэн орой болгон хамт залбирдаг байсан. Намайг яг юу гэж залбирдаг байсныг санадаггүй гэж охид маань ярьдаг юм. Гэхдээ гэр бүлээрээ хамт байх ямар сайхан байсныг, Ехова Эцэгтэйгээ ярилцахын чухлыг, сэтгэл тайван, юунаас ч айж түгшдэггүй байснаа одоо ч мартдаггүй гэсэн. Том болоод ирэхээр нь би өөрсдөөр нь залбируулж, юу бодож санадгийг нь мэдэж авдаг байлаа. Энэ бол охидынхоо зүрх сэтгэл рүү өнгийж харах сайхан боломж байсан юм. Тэгээд юу гэж залбирахыг нь сонссоныхоо дараа жишээ залбирлаас ямар чухал санаа оруулж болохыг эвтэйхэн зааж өгдөг байсан».

6 Охид нь Еховатай дотно болж өсжээ. Одоо тэд сайхан гэр бүлтэй болцгоосон бөгөөд нөхрүүдтэйгээ хамт Еховад бүрэн цагаар үйлчилж байна. Бурхныг бодитой оршдог Нэгэн гэдгийг ойлгуулж, Бурхантай дотно найз болоход нь туслахаас илүү үнэтэй бэлэг хаана ч байхгүй. Харин эцэг эхийнхээ өгсөн энэ бэлгийг нандигнах эсэх нь тухайн хүүхдээс шалтгаална. Бурхны нэрийг эрхэмлэн хайрлаж, дээдлэн хүндэлдэг бол бэлгээ нандигнаж байна гэсэн үг (Дуу. 5:11, 12; 91:14).

«ТАНЫ НЭР АРИУНААР ДУУРСГАГДАГ»

7. Бурхны ард түмэн ямар завшаан эдэлдэг вэ? Завшаанаа алдахгүйн тулд яах ёстой вэ?

7 Бурхны нэрийг мэдээд зогсохгүй нэрээр нь овоглоно гэдэг дээдийн дээд завшаан юм (Үйлс 15:14; Ис. 43:10). Бид тэнгэрийн Эцэгтээ «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэж залбирдаг. Түүнчлэн ариун нэрийг нь үг яриа, үйл хэргээрээ гутаахгүй байхад туслахыг гуйдаг. Нэгдүгээр зууны зарим христиан заадаг юмаа өөрсдөө ажил хэрэг болгодоггүй байжээ. Бид тэдэн шиг болохыг хүсдэггүй. Элч Паул тийм хүмүүсийн талаар «Бурханы нэр та нараас болж Харь үндэстнүүдийн дунд доромжлогддог» хэмээн бичжээ (Ром 2:21–24).

8, 9. Нэрийг нь алдаршуулах хүсэлтэй хүнд Ехова хэрхэн тусалдгийг жишээгээр хэлнэ үү.

8 Бид Бурхныхаа нэрийг алдаршуулахыг хүсдэг. Норвегид амьдардаг нэг Гэрч эмэгтэйн нөхөр зуурдаар нас баржээ. Хоёр настай хүүтэйгээ үлдсэн тэрбээр: «Би өдөр бүр, бараг л цаг тутамд залбирдаг байсан. Сэтгэлийн тэнхээгээ алдахгүй, үнэнч хэвээрээ байхад минь туслаач гэж Еховагаас гуйдаг байсан. Намайг болчимгүй юм хийчихвэл Сатан баярлаад Еховаг доромжилно шүү дээ. Би Еховагийн нэрийг алдаршуулахыг хүсдэг байсан. Бас хүүгээ аавтай нь Диваажинд уулзуулах юмсан гэж боддог байсан» хэмээн ярьсан юм (Сур. 27:11).

9 Ехова залбиралд нь хариулсан болов уу? Хариулжээ. Энэ эмэгтэй итгэл нэгтнүүдтэйгээ байнга хамт байж урам зориг ордог байв. Тэгээд таван жилийн дараа нэг ахлагчтай гэрлэжээ. Хүү нь баптисм хүртсэн бөгөөд одоо 20 настай. «Нөхөр маань миний хүүг өсгөлцөж өгсөнд би их баярлаж явдаг» гэж тэр эмэгтэй ярьжээ.

10. Ехова нэрээ ариусгахын тулд юу хийх вэ?

10 Ехова Бурхан хэмжээгүй эрх мэдлийг нь санаатайгаар үл тоомсорлодог бүхнийг газрын хөрснөөс арчин зайлуулж нэрээ ариусгана (Езекиел 38:22, 23-ыг уншина уу). Хүн төрөлхтөн аажмаар төгс болно. Оюун ухаант бүх бүтээл Еховагийн нэрийг ариусгах цагийг бид тэсэн ядан хүлээж байна. Тэр цагт хайр халамжтай тэнгэрийн Эцэг маань «бүгдэд бүх юм болно» (1 Кор. 15:28).

«ТАНЫ ХААНЧЛАЛ ИРЭХ БОЛТУГАЙ»

11, 12. 1876 онд Ехова ард түмэндээ юу ойлгуулсан бэ?

11 Есүсийг тэнгэрт гарахын өмнө элч нар нь: «Эзэн, энэ цагт Та Израильд хаанчлалыг сэргээх үү?» гэж асуужээ. Есүс: «Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш» хэмээн хариулаад хамгийн чухал ажлыг голлон анхаарахыг тэдэнд захидаг. Тэр нь дэлгэрүүлэх ажил байлаа (Үйлс 1:6–8-ыг уншина уу). Гэхдээ Есүс бас Бурхны Хаанчлал ирээсэй хэмээн залбирч байхыг заасан билээ. Тиймээс христианууд Багшийнхаа зааснаар залбирдаг.

12 Бурхны Хаанчлал байгуулагдаж Есүс хаан ширээнд залрах цаг дөхөхөд Ехова энэ үйл явдал яг хэзээ болохыг ард түмэндээ ойлгуулсан юм. 1876 онд «Библи судлаач» сэтгүүлд Чарлз Тейз Расселлын бичсэн өгүүлэл нийтлэгджээ. «Харь үндэстний цаг хэзээ дуусах вэ?» гэсэн гарчигтай уг өгүүлэлд 1914 оныг онцлоод, Даниелын зөгнөлд гардаг «долоон цаг үеийг» Есүсийн ярьсан «харь үндэстний цагтай» * холбоотой хэмээн тайлбарласан байна (Дан. 4:16; Лук 21:24).

13. 1914 онд юу болсон бэ? Дэлхий дахинд болж буй ямар үйл явдал үүнийг баталж байна вэ?

13 1914 онд Европын улс орнуудын хооронд гарсан дайн хүрээгээ тэлсээр дэлхий дахиныг бүхэлд нь хамарчээ. Дайнаас болж газар сайгүй аймшигт өлсгөлөн болов. 1918 онд дайн дуусахад тахал дэгдэж, дайнд амиа алдсанаас олон хүн нэрвэгджээ. Энэ бүхэн Есүсийг Хаан болсныг батлах «шинж тэмдгийн» хэсэг байлаа (Мат. 24:3–8; Лук 21:10, 11). 1914 онд Эзэн Есүс Христэд «титэм өгөгдсөн» нь тодорхой болов. Есүс «ялахын тулд ялсаар гарч ирлээ» (Илч. 6:2). Сатан болон чөтгөрүүдтэй тулалдаж ялаад дэлхийн орчимд хаяв. Ийнхүү тэнгэрийг цэвэрлэлээ. Харин хүн төрөлхтөн тэр цагаас хойш дараах зөгнөл биелэхийг нүдээрээ үзэх болов. «Газар ба тэнгис золгүй еэ! Яагаад гэвэл диавол үлэмж их уур хилэнтэйгээр та нар уруу бууж ирсэн. Өөрт нь богинохон хугацаа байгааг тэр мэдэж байгаа» (Илч. 12:7–12).

14. a) Яагаад Бурхны Хаанчлал ирээсэй хэмээн залбирсаар байх ёстой вэ? б) Бид ямар чухал ажилд оролцох ёстой вэ?

14 Бурхны Хаанчлал байгуулагдахад дэлхий дээр ийм аймшигт үйл явдал шил шилээ даран гарах болсны учрыг «Илчлэлт» номын 12 дугаар бүлэгт байдаг дээрх зөгнөл хэлж өгдөг. Есүсийн засаглал эхэлсэн хэдий ч дэлхий одоо болтол Сатаны эрхшээлд байна. Гэхдээ Есүс удахгүй ялалт байгуулж дэлхийгээс муу муухай бүхнийг арчин зайлуулна. Тэр болтол бид Бурхны Хаанчлал ирээсэй хэмээн залбирч, залбирсныхаа дагуу дэлгэрүүлэх ёстой. Ингэвэл Есүсийн хэлсэн дараах зөгнөл биелэхэд хувь нэмрээ оруулна. Тэрбээр: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэжээ (Мат. 24:14).

«ХҮСЭЛ ТАНЬ ... ГАЗАР ДЭЭР БИЕЛЭГДЭХ БОЛТУГАЙ»

15, 16. Бурхны хүсэл таалал дэлхий дээр биелээсэй хэмээн залбирдаг бол яах ёстой вэ?

15 Дэлхийн талаарх Бурхны хүсэл таалал 6 000-аад жилийн тэртээ биелж байжээ. Тийм учраас Ехова хүн төрөлхтний өмнө сайхан эхлэл тавьснаа хараад «Нэн сайхан» гэж хэлсэн (Эх. 1:31). Харин Сатаныг тэрсэлснээс хойш бүх юм өөрөөр эргэжээ. Энэ хугацаанд харьцангуй цөөхөн хүн Бурхны хүсэл тааллыг биелүүлсэн. Гэхдээ өнөөдөр 8 сая хүн Бурхны хүсэл таалал дэлхий дээр биелээсэй хэмээн залбираад зогсохгүй залбиралдаа нийцүүлэн амьдарч байна. Тэд Бурханд таалагдаж амьдрахын зэрэгцээ шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцдог.

Бурхны хүсэл дэлхий дээр биелэх болтугай гэж залбирсныхаа дагуу амьдрахад нь та хүүхдэдээ яаж тусалдаг вэ? (16-р догол мөрийг үзнэ үү)

16 Африкт миссионероор үйлчилж байсан нэг эмэгтэйг жишээ болгон авъя. 1948 онд баптисм хүртсэн тэрбээр: «Хоньтой зүйрлэм бүх хүн хожимдоогүй байгаа дээрээ Еховаг мэддэг болоосой гэж би байнга залбирдаг. Бас хүнтэй ярихынхаа өмнө зүрх сэтгэлд нь хүртэл ярих мэргэн ухаан өгөөч гэж Бурхнаас гуйдаг. Суралцагчийнхаа төлөө гаргаж буй хичээл зүтгэлийг маань үр дүнтэй болгож өгөөч гэж залбирдаг» хэмээн ярьсан юм. Тийм ч учраас 80 настай энэ Гэрч дэлгэрүүлэх ажилдаа амжилт олдог ажээ. Тэрбээр олон хүнд Еховагийн Гэрч болоход нь тусалсан байна. Еховагийн хүсэл тааллыг хичээл зүтгэлтэй биелүүлдэг өндөр настай өөр олон хүнийг та мэддэг биз ээ (Филиппой 2:17-г уншина уу).

17. Еховагийн хүсэл таалал дэлхий дээр биелэхийг бодохлоор танд ямар санагдаж байна вэ?

17 Бурхны дайснууд газрын хөрснөөс арчигдах цаг тун ойрхон байна. Тэр болтол бид Бурхны хүсэл таалал биелэх болтугай гэж залбирсаар байх болно. Тэгээд дэлхий диваажин болж олон тэрбум хүн амилахыг нүдээрээ үзнэ. Есүс: «Үүнд бүү гайхагтун. Учир нь булшинд байгчид бүгдээрээ [миний] дууг сонсон, гарч ирэх цаг ирж байна» гэсэн байдаг (Иох. 5:28, 29). Тэр үед хайртай хүмүүсээ угтаж авах ямар сайхан байх бол! Бурхан бидний «нулимс бүрийг» арчина (Илч. 21:4). Амилах хүмүүсийн ихэнх нь Ехова Есүс хоёрын тухай мэдээгүй хүмүүс байна. Тэднийг «хилэнцэт хүмүүс» гэдэг. Бурхны хүсэл таалал, санаа зорилгыг тэдэнд мэдүүлж, мөнхийн амьтай болох шаардлага хангахад нь тусална гэдэг нэр төрийн хэрэг юм! (Үйлс 24:15; Иох. 17:3).

18. Хүн төрөлхтний хамгийн гол хэрэгцээ юу вэ?

18 Бурхны Хаанчлал Еховагийн нэрийг ариусгасан цагт л орчлонт ертөнц даяараа энх амгалан, эв нэгдэлтэй амьдарна. Энэ бол хүн төрөлхтний хамгийн гол хэрэгцээ юм. Есүсийн жишээ залбирлын эхний гурван зүйл биелэхэд уг хэрэгцээ хангагдана. Бидэнд бас өөр чухал хэрэгцээ байдгийг Есүсийн заасан жишээ залбирлын үлдсэн дөрвөн зүйлд дурджээ. Үүнийг дараагийн өгүүллээр ярилцана.

^ д/м 12 Энэ зөгнөл 1914 онд хэрхэн биелсэн тухай «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 215–218-р хуудаснаас үзнэ үү.