Skip to content

Гарчиг руу орох

Жишээ залбиралд нийцүүлэн амьдрагтун. Хэсэг 2

Жишээ залбиралд нийцүүлэн амьдрагтун. Хэсэг 2

«Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг ... мэддэг» (МАТ. 6:8).

1-3. Ехова үйлчлэгчдээ юу хэрэгтэйг мэддэг гэдэгт нэг Гэрч эмэгтэй яагаад итгэдэг вэ?

2012 ОНЫ зун Германд болсон явдал Ланагийн хувьд хэзээ ч мартагдашгүй дурсамж болон үлджээ. Тэр нэгэн өдөр Ехова хоёр залбиралд нь хариулсан ажээ. Лана онгоцны буудал орохоор галт тэргээр явж байхдаа Еховад залбирч, хэн нэгэнд дэлгэрүүлмээр байна, туслаач гэжээ. Онгоцны буудалд очоод нислэг нь нэг өдрөөр хойшилсныг мэдэв. Авч явсан евро нь бараг дуусаж байлаа. Бас хонох газар байсангүй. Ингээд Еховагаас дахин тусламж гуйн залбирчээ.

2 Ланаг бараг залбирч дуусаагүй байтал нэг залуу: «Хүүш Лана, чи энд юу хийж яваа юм бэ?» гэлээ. Хамт сурч байсан ангийн анд нь зогсож байх нь тэр. Өмнөд Африк руу нисэх гэж байна гэлээ. Ээж эмээ хоёр нь гаргаж өгөхөөр иржээ. Тэд Ланагийн тухай сонсоод гэртээ хонуулахаар болов. Ланаг дайлж цайлах зуураа итгэл үнэмшлийнх нь талаар, бүрэн цагийн үйлчлэлийнх нь талаар асууж сонирхож байлаа.

3 Маргааш өглөө нь цайгаа ууцгаасны дараа Библийн тухай яриагаа үргэлжлүүлэв. Асуулт ар араасаа цуварч байсан болохоор Лана тэдний хаягийг авч нутгийнх нь Гэрчтэй уулзуулахаар болжээ. Лана нутагтаа саадгүй буцаж ирээд байнгын эхлэгчээрээ үйлчилж байна. Ехова ийнхүү хоёр залбиралд нь хариулжээ (Дуу. 65:2).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

4 Гэнэт бэрхшээл тулгарахад бид Еховагаас шууд тусламж гуйн залбирдаг. Бурхан ч үнэнч үйлчлэгчдийнхээ гуйлт хүсэлтийг дуртайяа сонсдог (Дуу. 34:15; Сур. 15:8). Харин Есүсийн заасан жишээ залбирлыг эргэцүүлэн бодвол бидэнд зайлшгүй залбирах ёстой чухал зүйлүүд бас бий. Энэ өгүүллээр, Еховад үргэлж үнэнч байхад маань Есүсийн заасан жишээ залбирлын үлдсэн дөрвөн зүйл хэрхэн туслахыг авч үзье (Матай 6:11–13-ыг уншина уу).

«ӨДӨР ТУТМЫН МИНЬ ТАЛХЫГ ЭНЭ ӨДӨР БИДЭНД ӨГӨӨЧ»

5, 6. Элбэг хангалуун амьдардаг байлаа ч «Өдөр тутмын минь талхыг ... бидэнд өгөөч» гэж гуйх нь яагаад чухал бэ?

5 Есүс жишээ залбиралдаа, өдөр тутмын минь талхыг надад өгөөч гээгүй, харин бидэнд өгөөч гэснийг анхаарууштай. Африкт дүүргийн харгалзагчаар үйлчилдэг Виктор: «Сайхан сэтгэлтэй итгэл нэгтнүүд маань эхнэр бид хоёрт өдөр бүр санаа тавьдаг болохоор хоол олдохгүй байх вий, байрны мөнгөө яаж төлөх вэ гэж ерөөсөө санаа зовдоггүй. Үүнийхээ төлөө Еховадаа үргэлж талархдаг. Харин бидэнд тусалдаг тэр ах дүүс маань мөнгө төгрөгөөр гачигддаг болохоор тэднийхээ төлөө залбирдаг» гэжээ.

6 Еховагийн үйлчлэгчдийн дунд идэж уух юмаар элбэг хангалуун нэг нь байхад, ядуу зүдүү амьдралтай, гамшигт нэрвэгдээд зовж яваа хүн ч олон байдаг. Тийм итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбираад зогсохгүй залбирсныхаа дагуу тэдэндээ туслах хэрэгтэй. Жишээ нь, байгаа юмнаасаа хуваалцаж болно. Бас дэлхий дахины үйл хэргийг дэмжиж тогтмол хандив өргөх нь сайн арга юм (1 Иох. 3:17).

7. Есүс маргаашийн төлөө санаа зовохгүй байх талаар зөвлөхдөө ямар жишээ татсан бэ?

7 Есүс шавь нартаа хэрхэн залбирахыг заасныхаа дараа бие махбодынхоо хэрэгцээнд хамаг анхаарлаа хандуулахгүй байхыг захижээ. Ехова хээрийн цэцэгт санаа тавьдаг юм бол тэгэх тусмаа «та нарын төлөө ... түүнээс хавьгүй илүүг хийхгүй гэж үү, итгэл багатай хүмүүс ээ?» хэмээн асуугаад «Тиймээс ... “Юу өмсөх билээ?” гэж бүү санаа зов» гэжээ. Дараа нь «Маргаашийн төлөө бүү санаа зов» хэмээн давтан хэлсэн (Мат. 6:30–34). Тэгэхлээр ирээдүйн талаар санаа зовох хэрэггүй байх нь ээ. Харин хамгийн наад захын хэрэгцээтэй зүйлдээ санаа тавих ёстой. Жишээ нь гэр оронтой, ажил төрөлтэй, эрүүл мэндээ анхаарах мэргэн ухаантай байлгаж өгөөч гэж залбирч болно. Гэхдээ бид үүнээс чухал зүйлийн төлөө залбирах хэрэгтэй. Энэ нь Еховатай тогтоосон харьцаа юм.

8. Өдөр тутмын талх гэдэг үг өөр юуг бидэнд сануулдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

8 Өдөр тутмын минь талх гэдэг үг бас нэг хэрэгцээ байдгийг бидэнд сануулдаг. Есүс: «Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна» гэжээ (Мат. 4:4). Тиймээс сүнслэг хоол ундаа цагт нь хүртэж байхын тулд энэ талаар Еховагаас гуйн залбирсаар байцгаая.

«БИДНИЙ ӨРИЙГ ... УУЧЛААЧ»

9. Нүглийг яагаад өртэй зүйрлэсэн бэ?

9 Есүс нэг удаа «Бидний өрийг ... уучлаач» гэсэн атлаа бас нэг удаа «Бидний нүглийг уучлаач» гэжээ (Мат. 6:12; Лук 11:4). Нүглийг өртэй зүйрлэсэн нь ямар учиртай юм бол? Жар гаруй жилийн өмнө энэ сэтгүүлд «Бурхны хуулийг зөрчсөн бол нүгэл үйлдэж Бурханд өртэй болсон гэсэн үг. ... Үйлдсэн нүглээс маань болоод Бурхан биднээс амийг маань шаардах эрхтэй. ... Бурхан ... бидэнтэй тогтоосон найрамдалт харьцаагаа таслах эрхтэй. ... Бид Еховаг хайрлаж, үг тушаалыг нь дагах ёстой. Нүгэл үйлдвэл Бурхныг хайрлах бус, харин ч гомдооно» хэмээн тайлбарлажээ (1 Иох. 5:3).

10. Ехова юуны үндсэн дээр бидний нүглийг уучилдаг вэ? Бид яах ёстой вэ?

10 Бидэнд Бурхны өршөөл өдөр бүр хэрэгтэй. Бурхны хувьд бидний нүглийг хүчингүй болгох цорын ганц үндэс нь Есүсийн золиос юм. Есүс аль 2 000-аад жилийн өмнө амиа золиосолсон ч бид ач тусыг нь одоо ч хүртэж байна. Хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс чөлөөлөх үнийг хэн маань ч төлж дийлэхгүй (Дуулал 49:7–9; 1 Петр 1:18, 19-ийг уншина уу). Ийм үнэтэй бэлэг өгсөн Еховадаа талархаад баршгүй! «Бидний нүгэл» гэдэг үгнээс юу мэдэж болох вэ? Бурханд үйлчилдэг бүх хүнд золиос хэрэгтэй ажээ. Бас Ехова биднээс юу хүсдэгийг мэдэж болно. Бид өөрсдийнхөө төдийгүй итгэл нэгтнүүдийнхээ Еховатай тогтоосон харьцааг анхаарах хэрэгтэй. Тэр байтугай биднийг гомдоосон хүнд санаа тавих нь чухал. Үнэндээ, хийсэн алдаа нь ихэнхдээ шалихгүй юм байдаг. Тиймээс ах дүүгээ уучилдаг бол хайртайгаа харуулахын зэрэгцээ өгөөмрөөр уучилдаг Бурхнаа дууриаж байгаа хэрэг юм (Кол. 3:13).

Бурхны өршөөлийг хүртье гэвэл бусдыг уучилдаг байгаарай (11-р догол мөрийг үзнэ үү)

11. Бусдыг уучлах нь яагаад чухал бэ?

11 Бид төгс бус болохоороо нэгэндээ өс саначихдаг гэмтэй (Лев. 19:18). Тийм үед тэр хүний юу хийснийг бусдад яриад байвал хурал дотор хагарал гарч болзошгүй. Хэрвээ энэ байдлыг улам даамжруулбал золиосны үнэ цэнийг ойлгодоггүй гэсэн үг болно. Мөн өгөөмрөөр уучилдаг Бурхандаа талархдаггүйн шинж юм. Нэгнийгээ уучлахгүй бол тэнгэрийн Эцэг маань ч биднийг уучлахгүй (Мат. 18:35). Есүс хэрхэн залбирахыг шавь нартаа заасныхаа дараа үүнийг онцлон хэлсэн байдаг (Матай 6:14, 15-ыг уншина уу). Бурхны өршөөлийг хүртье гэвэл ноцтой нүгэл үйлдэх ёсгүй (1 Иох. 3:4, 6).

«БИДНИЙГ СОРИЛТОД БҮҮ ОРУУЛААЧ»

12, 13. а) Есүсийг баптисм хүртсэний дараа юу болсон бэ? б) Сорилтод бууж өгсөн бол бусдыг буруутгах ёсгүйн учир юу вэ? в) Есүс эцсээ хүртэл үнэнч байснаараа юуг баталсан бэ?

12 Есүсийг баптисм хүртсэний дараа юу болсныг бодож үзвэл «Биднийг сорилтод бүү оруулаач» хэмээн залбирах нь хэр чухал болохыг ойлгоно. «Есүс диаволд соригдохоор цөл уруу Сүнсээр хөтлөгдөв» гэж Библид байдаг (Мат. 4:1; 6:13). Бурхны сүнс Есүсийг хөтөлсөн гэхлээр та гайхаж байна уу? Дэлхий рүү ирэх болсон гол шалтгааныг нь ойлговол гайхахгүй. Адам Ева хоёрыг Бурхны хэмжээгүй эрх мэдэлд халдахад Сатан маргаантай асуудал дэгдээсэн. Тухайлбал, Бурхан хүнийг бүтээхдээ алдаа гаргасан юм биш үү? Дарамт шахалт учруулбал төгс хүмүүс Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжихээ болих уу? Бурхнаар удирдуулахгүйгээр хүн төрөлхтөн сайхан амьдарч чадах уу? Эдгээр асуултад хариулахад цаг хугацаа хэрэгтэй байлаа (Эх. 3:4, 5). Хариу нь тодорхой болоход оюун ухаант бүх бүтээл Еховаг хамгийн сайн захирагч гэдгийг ойлгоно.

13 Ехова ариун бөгөөд хэнийг ч хэзээ ч муу юм хийлгэх гэж сорьдоггүй. Харин «Соригч» нэгэн бол Диавол юм (Мат. 4:3). Сатан биднийг янз бүрээр сорьдог. Сорилтыг давах уу, үгүй юү гэдэг нь хувь хүнээс шалтгаална (Иаков 1:13–15-ыг уншина уу). Есүс соригдох бүрдээ Бурхны Үгээр няцааж байсан. Ийнхүү Бурхны хэмжээгүй эрх мэдлийг дэмжсэн. Сатан ч бууж өгөлгүй, «тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ» (Лук 4:13). Гэхдээ Есүс Сатаны ямар ч урхинд ороогүй. Еховад хэзээ ямагт дуулгавартай байж, төгс хүн хамгийн хүнд сорилтыг ч давж чаддагийг батлан харуулсан. Сатан одоо Есүсийн дагалдагчдыг урхидахыг оролдож байна. Та бас Сатаны бай болж байгаагаа бүү мартаарай!

14. Яавал сорилтод бууж өгөхгүй вэ?

14 Бурхны эрх мэдэлтэй холбоотой асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Тэр цаг хүртэл Сатан ертөнцийг ашиглан биднийг сорино. Бурхан бол хэнийг ч хэзээ ч сорьдоггүй. Харин ч сорилтыг давж чадна гэж итгэн, тусалж дэмжихийг хүсдэг. Гэхдээ биднээр зөв юм хийлгэх гэж албаддаггүй. Сонгох эрх чөлөөг маань хүндэтгэн үздэг учраас үнэнч байх эсэхээ өөрсдөө шийдэх боломж олгодог. Бид сорилтод бууж өгөхгүйн тулд Еховатай улам дотносож, байнга залбирдаг байх ёстой. Хорхой хүргэм зүйлд автахгүй байхад туслаач гэж биднийг залбирахад Ехова хэрхэн хариулдаг вэ?

Еховатай дотно байж, идэвхтэй дэлгэрүүлье (15-р догол мөрийг үзнэ үү)

15, 16. а) Ямар урхинд орохоос зайлсхийх ёстой вэ? б) Урхинд орсон бол хэн хариуцлага хүлээх вэ?

15 Ехова хүчирхэг ариун сүнсээ өгч Сатаны сорилтыг давахад маань тусалдаг. Бас Библи болон цуглаанаар дамжуулан аливаа аюулаас сэрэмжлүүлдэг. Жишээлбэл онцын шаардлагагүй эд зүйл авах гээд хайран цаг, хамаг мөнгө, бүх хүчээ зориулахгүй байхыг сануулдаг. Европын өндөр хөгжилтэй улсад амьдардаг Ээспен, Яаннэ хоёр дэлгэрүүлэгч хэрэгтэй хотод байнгын эхлэгчээр олон жил үйлчилсэн гэнэ. Харин хүүхэдтэй болмогцоо эхлэгчээр үйлчлэхээ больжээ. Тэднийх одоо хоёр хүүхэдтэй. Ээспен: «Бид хорхой хүргэм зүйлд татагдаад сүнслэг үйл хэрэгт өмнөх шигээ олон цагаар оролцож чадахгүй болох вий гэж Еховад байнга залбирдаг. Еховатай үргэлж дотно байж, дэлгэрүүлэх ажилдаа тогтмол оролцоход туслахыг гуйдаг» хэмээн ярьжээ.

16 Зайлсхийх ёстой бас нэг урхи бол порно юм. Ийм урхинд орсон хүн Сатаныг буруутгах учиргүй. Яагаад? Хэрэв хүн өөрөө л хүсэхгүй бол Сатан ч, Сатаны ертөнц ч хүчээр порно үзүүлэхгүй шүү дээ. Зарим хүн бузар булай юм ургуулан боддогийнхоо харгайгаар порно үзчихдэг. Гэхдээ та олон мянган итгэл нэгтнийхээ адилаар энэ урхинд орохгүй байж чадна (1 Кор. 10:12, 13).

«БУЗАР МУУГААС ГЭТЭЛГЭЭЧ»

17. а) «Бузар муугаас гэтэлгээч» хэмээн залбирдгийнхаа дагуу амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? б) Ямар цаг ойрхон байна вэ?

17 «Бузар муу» нэгэн болох Сатанаас хамгаалахыг гуйн залбирдгийнхаа дагуу хэрхэн амьдрах вэ? Сатаны «ертөнцийнх биш» байж, «ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг» хайрлахгүйг хамаг чадлаараа хичээх учиртай (Иох. 15:19; 1 Иох. 2:15–17). Ехова залбиралд маань хариулж Сатан болон түүний эрхшээлд байдаг бузар муу ертөнцийг устгах үед ямар сайхан байх бол! Харин тэр болтол нэг зүйлийг санаж явъя. «Өөрт нь богинохон хугацаа» үлдсэнийг Сатан мэдээд «үлэмж их уур хилэнтэй» байгаа. Уурандаа Еховагийн үйлчлэгчдийг үнэнч биш болгох гэж чадах бүхнээ хийдэг. Тиймээс бид Сатанаас хамгаалаач гэж залбирсаар байх учиртай (Илч. 12:12, 17).

18. Сатаны ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давъя гэвэл юу хийх хэрэгтэй вэ?

18 Сатаны нөлөө байхгүй болсон шинэ ертөнцөд та амьдармаар байгаа биз дээ? Тэгвэл Мессиагийн Хаанчлал Бурхны нэрийг ариусгаасай, хүсэл тааллыг нь дэлхий дээр биелүүлээсэй гэж залбирсаар байгаарай. Ехова сүнслэг болон махан биеийн хэрэгцээг маань хангана гэдэгт итгээрэй. Жишээ залбиралд нийцүүлэн амьдрахын тулд чадах бүхнээ хийгээрэй.