Skip to content

Гарчиг руу орох

«Та нарт тэвчээр хэрэгтэй»

«Та нарт тэвчээр хэрэгтэй»

АНИТАГ * Еховагийн Гэрч болсноос хойш нөхөр нь хатуу ширүүн эсэргүүцэх болжээ. «Намайг цуглаанд явуулахгүй, Бурхны нэрийг ч хэлүүлэхгүй. Ехова гэдэг үг цухуйлгах л юм бол манай нөхөр галзууртлаа уурладаг байсан» гэж Анита ярьсан юм.

Бас хүүхдүүддээ Еховагийн тухай чөлөөтэй зааж чаддаггүй байв. «Манай гэрт Еховаг шүтэх нь хориотой зүйл байсан. Хүүхдүүдтэйгээ хичээл ч хийж болохгүй, цуглаанд ч авч явж болохгүй» гэжээ.

Анитагийн амьдралаас харвал гэрийнхэн нь эсэргүүцэх нь христиан хүнд том сорилт болдог ажээ. Түүнчлэн архаг өвчтэй болох, хүүхдээ юм уу ханиа алдах, хайртай хүмүүс нь Еховаг орхих гэх зэргийг дурдаж болно. Тэгвэл Ехова Бурхандаа үргэлж үнэнч байхад христиануудад юу туслах вэ?

Дээр дурдсан шиг бэрхшээл тулгарвал та яах вэ? Элч Паул: «Та нарт тэвчээр хэрэгтэй» гэжээ (Евр. 10:36). Тэвчихийн тулд яах хэрэгтэй вэ?

ЕХОВАГААС ТУСЛАМЖ ГУЙГААРАЙ

Зовлонг тэвчих хүчтэй болох нэг гол арга нь Бурханд залбирах юм. Жишээ авъя. Нэгэн даваа гаригийн үдэд Анагийн гэр бүлийг гамшиг нөмөрчээ. Гучин жил ханилсан нөхөр нь гэнэт нас барчихав. «Ажилдаа яваад л гэртээ эргэж ирээгүй. Тэр минь 52-хон настай байсан юм шүү дээ» гэж Ана ярьсан юм.

Ана зовлонгоо яаж давсан бол? Анхаарал шаардсан ажил хийдэг болохоор бага зэрэг сатаарч байсан ч сэтгэлийн шаналлаасаа бүрэн ангижирч чадаагүй ажээ. Ана: «Би Еховад сэтгэлээ уудлан залбирч зовлонгоо даван туулахад туслахыг гуйдаг байлаа» хэмээн ярив. Ехова залбирлынх нь хариуг өгдөг байсан болов уу? Өгдөг байсан гэдэгт Ана итгэдэг. Тэрбээр: «Зөвхөн Бурхны ачаар л сэтгэл санаа тайван байсан. Ехова нөхрийг минь амилуулна гэдэгт би огт эргэлздэггүй» гэж ярьсан юм (Флп. 4:6, 7).

«Залбирлыг сонсдог Нэгэн» болох Ехова өөрт нь тууштай үйлчлэхэд юу л хэрэгтэй байна, тэр бүхнийг үйлчлэгчдэдээ өгөхөө амласан (Дуу. 65:2). Энэ амлалтыг бодохлоор итгэл тань улам бэхэждэг биз дээ?

ИТГЭЛ НЭГТНҮҮДТЭЙГЭЭ ОЙР ДОТНО БАЙГААРАЙ

Ехова үйлчлэгчдээ итгэл нэгтнүүдээр нь зоригжуулдаг. Жишээ нь, Тесалоник хотын христиануудыг харгис хавчлагад өртөж байх ид үеэр Паул тэдэнд «Та нар одоо ч үйлдэж байгаа шигээ нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун» хэмээн уриалжээ (1 Тес. 2:14; 5:11). Тесалоникийн христианууд дотносон нөхөрлөж, нэг нэгэндээ тусалж байсан учраас итгэлийг нь сорьсон тэр хүнд сорилтыг давсан юм. Тэдний гайхалтай жишээг бид дууриах учиртай. Яаж?

Хурлынхантайгаа дотносон нөхөрлөвөл ялангуяа хэцүү бэрх цагт «бие биеэ босгон байгуулна» (Ром 14:19). Элч Паул өөрөө олон зовлон үзсэн бөгөөд Ехова түүнд тэвчих хүч өгч байжээ. Заримдаа итгэл нэгтнүүдээр нь урам зориг өгүүлдэг байв. Тухайлбал, Паул Колоссай дахь хурлын гишүүдэд нөхдийнхөө мэндийг дамжуулахдаа тэдний тухай «Тэд намайг тайтгаруулсан» хэмээн бичжээ (Кол. 4:10, 11). Паулыг гэсэн хайрандаа хөтлөгдөн хэрэгтэй үед нь сэтгэлийн дэм өгч тайвшруулдаг байсныг нь хэлсэн ажээ. Хурлынхан тань таныг бас урамшуулан зоригжуулж, тайвшруулан тайтгаруулж байсан биз ээ.

АХЛАГЧДААС ТУСЛАМЖ АВААРАЙ

Ехова бас танд туслуулахаар хурлын ахлагчдыг өгсөн билээ. Тэд «салхинаас хоргодох газар мэт, шуурганаас халхлах халхавч мэт, хуурай газрын усны суваг мэт, ангасан газар дахь өндөр хадны сүүдэр мэт» байдаг (Ис. 32:2). Ахлагчид бидэнд туслахад бэлэн байдаг гэхлээр хэчнээн таатай вэ! Хэцүү үедээ та ахлагч дээр очиж тусламж хүсдэг үү? Тэд танд зовлонг тэвчих урам зориг өгнө.

Ахлагч нар тан шиг л төгс бус болохоороо таны зовлонг гайхамшгаар арилгачихгүй нь мэдээж (Үйлс 14:15). Гэхдээ л таны төлөө Еховад залбирахад та тайвширна (Иак. 5:14, 15). Италид амьдардаг нэг Гэрч булчингийн дистрофи өвчнөөр олон жил өвджээ. Тэрбээр: «Ахлагчид манайд байнга ирж намайг тайвшруулж хайр халамжаа үзүүлж байсан болохоор би зовлонгоо тэвчих хүч тэнхээтэй болсон» гэжээ. Хэрэв та зовж шаналж байгаа бол Ехова таныг ахлагчдаас тусламж гуйгаасай гэж хүсэж байна.

ХЭВШЛЭЭ БҮҮ АЛДААРАЙ

Зовлонгоо тэвчихэд туслах бас нэг зүйл бий. Бид ямар ч үед Еховаг шүтэхийг гол зорилгоо болговол зовлонгоо тэвчинэ. Жоныг жишээ болгон авъя. Тэрбээр 39-тэй байхдаа ховор тохиолддог хорт хавдар туссанаа мэджээ. «Арай ч дээ! Ийм залуугаараа хүнд өвчин тусчихлаа гэж үү гэж бодсон» хэмээн Жон ярьсан юм. Тэр үед Жоны хүү гурван настай байлаа. «Эхнэр маань хүүгээ харна, намайг асарна, дээрээс нь эмнэлэгт очих болгонд хамт дагаж явах хэрэгтэй байлаа» гэж Жон ярив. Химийн эмчилгээндээ туйлдталаа ядарч, дотор нь үргэлж муухайрдаг байжээ. Зовлон үүгээр дууссангүй. Жоны аав эдгэршгүй өвчин тусаж асруулах хэрэгтэй болов.

Жоны гэр бүлийнхэн ийм хүнд байдлыг хэрхэн давсан бол? «Би хэчнээн ядарч байсан ч гэр бүлээрээ хийж хэвшсэн зүйлээ алдагдуулахгүй байхаар шийдсэн. Бүх цуглаандаа явж, тогтмол дэлгэрүүлж, гэр бүлийн хичээлээ хийдэг байсан. Маш хэцүү үед ч энэ хэвшлээ орхиогүй» гэж Жон ярьсан. Ямар ч зовлонг тэвчих гол түлхүүр нь Еховатай тогтоосон анд нөхрийн харьцаагаа бат бэх байлгах явдал гэдгийг Жон ойлгожээ. Зовлон туулж яваа хүмүүст тэрбээр ийн зөвлөж байна. «Эхлээд маш их цочирдоно, эсэн бусын юм бодогдоно. Гэхдээ Ехова намайг хайрлаж, сэтгэлийн тэнхээ өгч байгааг мэдрэхлээр тайвширдаг юм билээ. Ехова надад зовлонгоо тэвчих хүч өгсөн шиг танд ч бас өгнө».

Та зовлон туулж яваа бол «Та нарт тэвчээр хэрэгтэй» хэмээн Паулын хэлснийг санаарай. Еховадаа үргэлж залбирч, хурлынхантайгаа ойр дотно байж, ахлагчдаас тусламж авч, Еховаг шүтэх асуудлыг байнга нэгдүгээрт тавьж байгаарай. Ехова танд одоо тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарах хүнд хэцүү сорилт бэрхшээлийг даван туулахад тусална.

^ д/м 2 Зарим нэрийг өөрчлөв.