Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн хувиршгүй хайрыг эргэцүүлэн бодъё

Еховагийн хувиршгүй хайрыг эргэцүүлэн бодъё

«Би ... Таны үйлсийг шимтэн бодно» (ДУУ. 77:12).

ДУУ: 18, 29

1, 2. а) Ехова ард түмнээ хайрладаг гэдэгт та яагаад итгэдэг вэ? б) Хүнд ямар төрөлхийн хэрэгцээ байдаг вэ?

ЕХОВА ард түмнээ хайрладаг гэдэгт та яагаад итгэдэг вэ? Энэ асуултад хариулахын өмнө дараах жишээнүүдийг бодоорой. Аливаад туйлшрахгүй, өөрөөсөө хэтэрхий их юм шаардахгүй байхыг Тэйлин гэдэг эмэгтэйд итгэл нэгтнүүд нь олон жил зөвлөжээ. Тэрбээр: «Ехова намайг хайрладаггүй байсан бол байнга зөвлөгөө өгөхгүй байх байсан» гэжээ. Брижит гэдэг эмэгтэй бэлэвсэрч үлдээд хоёр хүүгээ ганцаараа өсгөжээ. «Сатаны ертөнцөд хүүхэд өсгөнө гэдэг ялангуяа ганц бие эцэг эхэд амаргүй даваа. Гэхдээ шаналж цөхөрсөн үед минь Ехова зааж зөвлөдөг болохоор намайг хайрладаг гэдэгт итгэдэг. Хэзээ ч хэрээс минь хэтэрсэн зовлон амсуулж байгаагүй» гэж Брижит ярьсан юм (1 Кор. 10:13). Эдгэшгүй өвчин туссан Сандраг чуулганд очиход нь олны танил Гэрч эрэгтэйн эхнэр чин сэтгэлээсээ санаа тавьжээ. Сандрагийн нөхөр: «Бидэнтэй танил дотно биш хэр нь сэтгэлийнхээ угаас санаа тавихад бид хоёр маш их баярласан. Ах дүүс маань хайраа илэрхийлэн хэдхэн үг хэлчихэд л Ехова бидэнд ямар их хайртайг мэдэрдэг» гэжээ.

2 Хүн хайрлаж, хайрлуулах төрөлхийн хэрэгцээтэй. Тэр хэрэгцээгээ хангаж чадахгүй үед сэтгэлээр унах амархан. Жишээлбэл, золгүй явдал тохиолдох, сэтгэл санаа тавгүйтэх, өвчин тусах, мөнгө төгрөгөөр гачигдах, дэлгэрүүлэх ажлын үр дүн гарахгүй бол Ехова намайг хайрлахаа больсон гэсэн бодол төрж мэдэх юм. Тийм үед Ехова «баруун гараас [тань] атгаад» тусалж дэмждэгийг санаарай. Та Еховад үнэ цэнэтэй хүн гэдгээ бүү мартаарай. Үнэнч байсан цагт Ехова таныг хэзээ ч орхихгүй (Ис. 41:13; 49:15).

3. Яавал Еховагийн хувиршгүй хайрыг мэдрэх вэ?

3 Хүнд хэцүү үед нь Бурхан хамт байсан гэдэгт дээр дурдсан хүмүүс итгэлтэй байсан. Бид бас эргэлзэх учиргүй (Дуу. 118:6, 7). Энэ өгүүллээр, Бурхан биднийг хайрладгийг батлах дөрвөн баталгааг авч үзнэ. Эдгээр нь 1) бүтээл, 2) Библи, 3) залбирал, 4) золиос юм. Еховагийн хийсэн бүхнийг эргэцүүлэн бодох тусам ард түмнээ гэсэн хувиршгүй хайрыг нь мэдэрч, талархах сэтгэл лавширна (Дуулал 77:11, 12-ыг уншина уу).

ЕХОВАГИЙН БҮТЭЭЛИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭН БОДООРОЙ

4. Еховагийн бүтээлээс бид юу мэдэж болох вэ?

4 Еховагийн бүтээлийг харвал бидэнд ямар их хайртайг нь мэдэж болно (Ром 1:20). Жишээлбэл хүнийг оршин суулгаж, аз жаргалтай амьдруулах гэж дэлхийг гайхалтай нарийн зохицолтойгоор бүтээсэн. Хүн амьд явахын тулд идэж уух шаардлагатай. Энэ хэрэгцээг хангах зорилгоор Ехова янз бүрийн хоол хүнсийг өгснөөс гадна сэтгэлийн таашаал эдлэх чадвар хайрласан (Ном. 9:7). Катрин гэдэг Гэрч эмэгтэй Еховагийн бүтээлийг ажиглаж сэтгэлээ баясгадаг ажээ. Ялангуяа, Канадын хаварт их дуртай гэнэ. Тэрбээр: «Байгаль дэлхий өнгө үзэмж нэмэн сэргэхийг харах үнэхээр сайхан. Цэцэг ургаж, нүүдлийн шувууд ирэх нь ямар гайхалтай гээч. Соно бялзуухай гал тогооны маань тагтан дээр байдаг үүрийг олоод л ирдэг. Сэтгэл баясгах ийм олон юм өгсөн болохоор Ехова бидэнд хайртай байж таарна» гэжээ. Хайртай Тэнгэрийн Эцэг маань бүтээлүүдээ хараад баярлаж бахаддаг. Биднийг ч бас бүтээлийг нь ажиглаад баярлаасай гэж хүсдэг (Үйлс 14:16, 17).

5. Ехова хүнийг хайрладаг нь юунаас харагддаг вэ?

5 Хүн үр бүтээлтэй, утга учиртай ажил хийж, үүнээсээ баяр жаргал эдлэх чадвартай бүтээгдсэн (Ном. 2:24). Ехова хүмүүст дэлхийгээ дүүргэн, арчилж тордон, загас жараахай, жигүүртэн шувуу, араатан амьтныг захирах даалгавар өгчээ (Эх. 1:26–28). Бас олон сайхан зан чанарыг суулгаж өгсөн болохоор хүмүүс бид Бурхныг дууриах чадвартай. Ехова бидэнд ямар их хайртай юм бэ! (Еф. 5:1).

БУРХНЫ ҮГИЙГ ҮНЭЛЖ ЭРХЭМЛЭЭРЭЙ

6. Библийг Еховагийн агуу хайрын илрэл гэхийн учир юу вэ?

6 Ехова бидэнд Библийг өгч агуу хайраа илэрхийлсэн. Бурхан гэж чухам хэн болох, хүмүүст яаж ханддагийг эндээс л мэдэж болно. Жишээлбэл израильчуудыг дахин дахин дуулгаваргүй загнахад Ехова яасныг Дуулал 78:38-д бичихдээ «Тэр өршөөнгүй байн гэм бурууг уучилж, тэднийг устгаагүй. Тэр Өөрийн уурыг олонтаа барьж, Өөрийн бүхий л хилэнгээ хөдөлгөөгүй» гэжээ. Энэ зүйлийг эргэцүүлэн бодвол Ехова танд хэчнээн хайртайг, ямар их санаа тавьдгийг та мэдэрнэ. Еховагийн хувьд чухал хүн гэдэгтээ итгээрэй (1 Петр 5:6, 7-г уншина уу).

7. Библийг яагаад үнэлж эрхэмлэх ёстой вэ?

7 Бурхан Библиэр дамжуулан бидэнтэй ярьдаг учраас энэ номыг үнэлж эрхэмлэж яваарай. Эцэг эх хүүхдүүд хоорондоо чин сэтгэлээсээ илэн далангүй ярилцдаг бол хайрын нандин холбоо нь бэхжиж, бие биедээ улам итгэдэг болно. Ехова бол бидний хайр халамжтай Эцэг юм. Хэдийгээр дүр төрх нь үзэгдэж, дуу хоолой нь сонсогдож байгаагүй боловч тэнгэрийн Эцэг маань Үгээрээ «ярьдаг». Тиймээс бид сонсох хэрэгтэй (Ис. 30:20, 21). Библийг уншихлаар ард түмнээ удирдаж, хамгаалдаг Еховатайгаа дотно танилцаж, итгэж найддаг болно (Дуулал 19:7–11; Сургаалт үгс 1:33-ыг уншина уу).

Ехова Иехошафат хааныг зэмлэсэн ч «сайн зүйлс» олсноо зөнчөөрөө хэлүүлсэн (8, 9-р догол мөрийг үзнэ үү)

8, 9. Ехова ямар Бурхан бэ? Библиэс жишээ татна уу.

8 Ехова үйлчлэгчдээ хайрладаг бөгөөд зөвхөн алдаа дутагдлыг нь биш, сайн талыг нь ч олж хардаг (Ш.дэд 16:9). Иудагийн хаан Иехошафатаас ямар сайн юм олж харсныг жишээ болгон ярилцъя. Нэг удаа Израилийн хаан Ахаб Рамот-гилеадад сиричүүдтэй хүч хавсран тулалдъя гэж ятгахад Иехошафат зөвшөөрсөн нь мунхаг хэрэг байлаа. Хорон муу хаан Ахабыг ялалт байгуулна гэж хуурамч 400 зөнч хэлж байхад, ялагдана гэдгийг Еховагийн үнэнч зөнч Микаиа тодорхой хэлсэн. Ахаб тулалдаанд алагдаж, Иехошафат арай хийн амь мултарсан. Иерусалимд буцаж ирэхэд нь Хананигийн хүү, үзмэрч Иехү зэмлэдэг. Гэлээ ч дараа нь «Танд зарим сайн зүйлс бий» гэжээ (Ш.дэд 18:4, 5, 18–22, 33, 34; 19:1–3).

9 Иехошафат төр бариад удаагүй байхдаа ард түмэндээ Еховагийн хуулийг заалгахаар түшмэд, левичүүд, тахилчдыг Иудагийн бүх хот руу явуулсан ажээ. Энэ аяны үр дүнд хөрш зэргэлдээх үндэстнүүд Еховагаас эмээдэг болсон юм (Ш.дэд 17:3–10). Иехошафат хожим нь мунхаг хэрэг үйлдсэн боловч, өмнө нь хийж бүтээсэн энэ сайн үйлсийг нь Ехова мартаагүй. Бид төгс бус ч гэлээ Библийн зарчмыг сахидаг бол биднийг гэсэн Еховагийн хайр хэзээ ч хөрөхгүйг энэ жишээ харуулдаг.

ЗАЛБИРАХ ЗАВШААНАА ҮНЭЛЭЭРЭЙ

10, 11. а) Залбирлыг яагаад Еховагийн өгсөн үнэтэй бэлэг гэж үзэх хэрэгтэй вэ? б) Залбирал яагаад Еховагийн өгсөн үнэтэй бэлэг вэ?(Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

10 Халамжтай эцэг цаг зав гаргаж байгаад хүүхдийнхээ яриаг сонсдог. Үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй болохоороо юу бодож санаж, юунд санаа зовдгийг нь мэдэхийг хүсдэг. Тэнгэрийн Эцэг Ехова бас адилхан. Залбирахад маань чих тавин сонсдог. Тиймээс залбирал бол бидэнд олдсон хосгүй завшаан юм.

11 Еховад ямар ч үед залбирч болно. Ехова бидний Найз учраас анхааралтай сонсдог. Өгүүллийн эхэнд дурдсан Тэйлин: «Еховад хамаг юмаа ярьж болно» гэжээ. Сэтгэлийнхээ гүнд байгаа бодлыг уудлан залбирахад Ехова Библиэр, сэтгүүлээр дамжуулан хариулдаг. Бас итгэл нэгтнүүдээр урмын үг хэлүүлдэг. Ямар нэг юмыг шаргуу гуйхад сонсдог. Биднийг бусад хүн ойлгохгүй байсан ч Ехова ойлгоно. Залбиралд маань хариулдаг нь Еховагийн хувиршгүй хайрын илрэл юм.

12. Библид байдаг залбирлуудыг яагаад судлах хэрэгтэй вэ? Жишээ хэлнэ үү.

12 Библид байдаг залбирлуудаас их юм мэдэж болно. Тиймээс гэр бүлийн хичээлээрээ үе үе судлах нь маш их ач тустай. Еховагийн эртний үйлчлэгчид хэрхэн сэтгэлээ уудлан залбирдаг байсныг эргэцүүлэн боддог бол залбирлын маань агуулга баяжна. Жишээлбэл, Иона загасны гэдсэнд байхдаа уучлалт гуйн залбирсныг судлаарай (Иона 1:17—2:10). Сүмийг Еховад зориулахдаа Соломон чин сэтгэлээсээ хэрхэн залбирсныг ярилцаарай (Х.дээд 8:22–53). Есүсийн заасан жишээ залбирлыг эргэцүүлэн бодоорой (Мат. 6:9–13). Хамгийн гол нь тогтмол залбираарай. Ингэдэг бол «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь ... та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална». Улмаар хувиршгүй хайрынх нь төлөө Еховадаа бүр ч их талархдаг болно (Флп. 4:6, 7).

ЗОЛИОСНЫ ҮНЭ ЦЭНИЙГ ОЙЛГОДГОО ХАРУУЛААРАЙ

13. Бурхан золиос гэдэг үнэлж баршгүй бэлэг өгснөөр бид ямар боломжтой болсон бэ?

13 Бид золиос гэдэг үнэлж баршгүй бэлэг авсан учраас мөнх амьдрах боломжтой болсон (1 Иох. 4:9). Бурхны агуу хайрын илрэл болсон энэ бэлгийн талаар Паул: «Христ тогтоосон цагт бурханлаг бус хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. Зөвт хүний төлөө хэн нэгэн хүн бараг үхэхгүй. Харин сайн хүний төлөө бол хэн нэгэн хүн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэвч биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан» гэжээ (Ром 5:6–8). Ийнхүү бидний өмнө Бурхны анд найз болох үүд хаалга нээгдсэн.

14, 15. Золиос а) тослогдсон христиануудад б) дэлхий дээр амьдрах найдвартай христиануудад ямар ач холбогдолтой вэ?

14 Еховагийн хувиршгүй хайрыг онцгой мэдэрсэн цөөн хэдэн христиан байдаг (Иох. 1:12, 13; 3:5–7). Тэд ариун сүнсээр тослогдож «Бурханы хүүхдүүд» болсон (Ром 8:15, 16). Тослогдсон христиануудын зарим нь одоо ч дэлхий дээр амьдарч байгаа атал элч Паул тэднийг «тэнгэрлэг газарт Христ Есүстэй» хамт суусан гэсний учир юу юм бол? (Еф. 2:6). Ехова тэдэнд тэнгэрт мөнх амьдрах найдвар өгсөн учраас тийн хэлсэн ажээ (Еф. 1:13, 14; Кол. 1:5).

15 Золиосонд итгэдгээ үйл хэргээрээ харуулбал тослогдоогүй христианууд ч Еховатай анд найз болох боломжтой. Бас Бурхны хүүхдүүд болж үрчлэгдэн, диваажин дэлхийд мөнх амьдрах ирээдүй тэдний өмнө бий. Тэгэхлээр Ехова бүх хүнийг хайрладгийн нэг баталгаа нь золиос юм (Иох. 3:16). Дэлхий дээрээ мөнх амьдрах найдвараа тод санаад үргэлж үнэнч байвал Бурхан бидэнд шинэ ертөнцөд хамгийн сайхан амьдрал бэлэглэнэ. Тиймээс Бурхны хувиршгүй хайрын агуу илрэл болсон золиосны үнэ цэнийг ойлгодгоо батлан харуулцгаая!

ЕХОВАД ХАЙРТАЙГАА ХАРУУЛААРАЙ

16. Бурхны хайрыг эргэцүүлэн бодвол ямар хүсэл төрөх вэ?

16 Ехова бидэнд хувиршгүй хайраа хэрхэн илэрхийлдгийг тоочоод байвал барагдахгүй. Дуулалч Давид: «Өө, Бурхан, надад хандсан Таны бодлууд хичнээн нандин бэ! Тэдний нийлбэр хичнээн их вэ! Хэрвээ би тэдгээрийг тоолбол тэд элсний ширхгээс ч даван гарна» хэмээн дуулсан байдаг (Дуу. 139:17, 18). Еховагийн хайр олон зүйлээс харагддагийг нэг бүрчлэн эргэцүүлэн бодвол хайр маань лавширч хамгийн сайныгаа өгөх хүсэл төрнө.

17, 18. Бурхныг хайрладгаа харуулах зарим аргыг хэлнэ үү.

17 Еховад хайраа илэрхийлэх олон арга байдаг. Жишээлбэл Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй (Мат. 24:14; 28:19, 20). Бас итгэл сорьсон үед үнэнч байдаг бол Еховаг үнэхээр хайрладгийн шинж юм (Дуулал 84:11; Иаков 1:2–5-ыг уншина уу). Хэрэв та дааж давшгүй мэт зовлон үзэж яваа бол танд ямар хэцүү байгааг Ехова ойлгодгийг бүү мартаарай. Таныг үнэлж эрхэмлэдэг болохоор тусалж дэмжинэ гэдэгт итгээрэй (Дуу. 56:8).

18 Бид Еховаг хайрладаг учраас бүтээсэн бүхнийх нь талаар эргэцүүлэн боддог. Бас Библийг үнэлж эрхэмлэн, нямбай судалдаг. Тогтмол залбирч Еховатай улам дотносдог. Золиос гэдэг үнэтэй бэлэг өгснийг нь эргэцүүлэн бодохлоор Бурхнаа бүр ч их хайрладаг (1 Иох. 2:1, 2). Биднийг гэсэн агуу хайрыг нь үнэлж эрхэмлэдгээ харуулах олон арга байдгийн цөөн хэдийг авч үзлээ.