Skip to content

Гарчиг руу орох

НАМТАР

«Олон арлууд ч баярлагтун»

«Олон арлууд ч баярлагтун»

Тэр нэгэн өдрийг тод санаж байна. Удирдах Зөвлөлийн хурлын танхимд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бидний хэдэн ах дүүс Зохиогчийн хорооныхныг хүлээгээд их л тэвдэн сууж байлаа. Тэднийг орж ирмэгц бид тус тусын саналыг танилцуулах болов. Орчуулагчдад ямар бэрхшээл тулгардаг, яаж даван туулахыг өмнөх хэдэн 7 хоногийн хугацаанд нь бодож боловсруулсныгаа ярих ёстой. 2000 оны 5 дугаарын сарын 22-ны өдөр байсан юм. Энэ уулзалт яагаад тийм чухал байсныг тайлбарлахаасаа өмнө өөрийнхөө тухай ярья.

Квинсландад баптисм хүртээд Тасманид эхлэгчээр, Тувалу, Самоа, Фижид миссионероор үйлчилж байлаа

БИ 1955 онд Австралийн Квинсландад төрсөн. Удалгүй миний ээж Эстел Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг болж, жилийн дараа баптисм хүртэв. Түүнээс хойш 13 жилийн дараа аав Рон үнэний зам дээр зогссон. Би 1968 онд Квинсландын хөдөө нутагт баптисм хүртсэн.

Багын л ном унших дуртай, хэл сонирхдог хүүхэд байлаа. Гэр бүлээрээ аяллаар явахлаар байгалийн сайхныг харахын оронд машины ард ном уншаад суучихна. Ээж аав хоёр маань гонсойдог байсан байх даа. Гэхдээ ном унших дуртай маань сургуульд хэрэг болсон юм. Тасманийн арлын Гленорки дахь ахлах сургуульд онц сурлагатан гээд янз бүрийн шагнал авсан.

Тэгтэл маш чухал асуудал шийдэх цаг болов. Их сургуульд тэтгэлэгтэй сурах урилгыг хүлээж авах уу, яах вэ? Би номд хайртай ч Еховад бүр ч илүү хайртай байлаа. Энэ хайрыг зүрхэнд минь суулгаж өгсөн ээждээ баярлаж явдаг (1 Кор. 3:18, 19). Аав ээж хоёртойгоо ярилцаж байгаад цааш сурахаа болихоор шийдэв. Ингээд бүрэн дунд боловсролын үнэмлэхээ аваад сургуулиас гарч 1971 оны 1 дүгээр сараас 15 настайдаа эхлэгчээр үйлчилж эхэлсэн.

Тасманид найман жил эхлэгчээр үйлчлэв. Энэ хугацаанд Женни Алкок гэдэг хөөрхөн тасмани охинтой гэрлэсэн. Бид хоёр Смиттон, Квинстаун хэмээх хөдөө газар тусгай эхлэгчээр дөрвөн жил үйлчилсэн.

НОМХОН ДАЛАЙН АРЛУУДАД ОЧСОН НЬ

Эхнэр бид хоёр 1978 онд анх удаа хилийн дээс алхаж Папуа Шинэ Гвинейн Порт Морсбид болсон олон улсын чуулганд суув. Нэг миссионер хири моту хэлээр илтгэл тавьж байсныг санаж байна. Би тэр ахын илтгэлээс ганц ч үг ойлгоогүй хэр нь миссионер болоод, хэл сураад, тэр хэлээрээ илтгэл тавих юмсан гэж бодож билээ. Ингээд Еховадаа ч үйлчлээд, гадаад хэлээ ч сураад явж болох юм байна гэдгийг ойлголоо.

Тэгтэл гайхмаар юм болов. Австралид буцаад очтол, Эллисийн арлууд буюу одоогийн Тувалугийн Фунафути аралд миссионероор үйлчлэх томилолт ирлээ. Бид хоёр шинэ газраа 1979 оны 1 дүгээр сард очсон. Тэгэхэд баптисм хүртсэн 3-хан дэлгэрүүлэгч Тувалуд үйлчилж байв.

Женни бид хоёр Тувалуд

Тувалу хэл сурах нэлээн ярвигтай. Энэ хэлээр гарсан ганц ном нь «Шинэ Гэрээ». Толь бичиг, хэлний курс дамжаа байхгүй болохоор өдөрт 10-аас 20 үг цээжилж байхаар шийдэв. Гэтэл цээжилсэн хэдэн үгний маань ихэнх нь бодсоноос өөр утгатайг удалгүй мэдлээ. Мэргэ төлгөөс хол бай гэж хэлэх гээд жин хэмжүүр, таяг хэрэглэхээс зайлсхий гээд хэлчих жишээтэй! Бид хоёр олон хичээлтэй болсон болохоор тувалу хэл сурах зайлшгүй хэрэгтэй байлаа. Хэлээ нухсаар л байв. Хэдэн жилийн дараа анхны суралцагчдын маань нэг нь: «Та хоёрыг манай хэлээр ярьж чаддаг болсонд их баярлаж байна. Эхэндээ та нарын юу хэлэх гээд байгааг таагаад ч ойлгож чаддаггүй байлаа!» гэж билээ.

Нөгөө талаас хүмүүсийн хэлдгээр, бидэнд гадаад хэл сурах таатай орчин бүрдсэн байлаа. Түрээслэх байр олдохгүй болохоор гол тосгонд байдаг Гэрч айлд амьдрах болов. Тэндхийн хэл соёл, тосгоны амьдрал дунд явж орчихсон хэрэг л дээ. Англиар яриагүй их удсан. Эхнэр бид хоёрын гол хэл тувалу хэл болж хувирсан.

Удаа ч үгүй, олон хүн үнэнийг сонирхож эхлэв. Гэтэл тэдний хэлээр гарсан ном хэвлэл байдаггүй. Ямар номоор хичээл хийх вэ? Суралцагчид маань яаж бие даан судлах вэ? Цуглаанд очоод ямар дуу дуулж, ямар материал үзэж, цуглаандаа хэрхэн бэлдэх вэ? Сүнслэгээр яаж өсөөд баптисм хүртэх вэ? Чин сэтгэлтэй энэ хүмүүст эх хэлээр нь гарсан сүнслэг хоол үнэхээр хэрэгтэй байлаа (1 Кор. 14:9). Харин «15 мянга хүрэхгүй хүний ярьдаг тувалу хэлээр ном хэвлэл гарах юм болов уу?» гэж бид эргэлзэж байв. Ехова энэ бүх асуултын хариуг өгсөн. Алс холын арлуудад амьдардаг хүмүүст Үгээ тунхаглахыг, бас ертөнцөд «даруу болон дорд» гэж тооцогддог хүмүүсийг өөрийнх нь нэрд хоргодоосой гэж хүсдэгээ баталсан юм (Иер. 31:10; Зеф. 3:12).

ОРЧУУЛГЫН АЖИЛ

Бид хоёр 1980 онд салбарт орчуулагчаар ажиллах томилолт авлаа. Тувалу хэл сайн мэдэхгүй болохоор өөрсдийгөө тохирохгүй гэж бодож байсан ч ажилдаа ханцуй шамлан орсон (1 Кор. 1:28, 29). Эхлээд засгийн газраас хуучин мимеограф машин худалдаж аваад цуглаан дээр үзэх материалыг хэвлэдэг байлаа. «Мөнхийн амь руу хөтлөх үнэн» номыг тувалу хэлээр орчуулж энэ машинаараа хэвлэж билээ. Бэхний хурц үнэрийг одоо ч санаж байна. Халуун орны хүнд нөхцөлд гараараа хэвлэхэд ямар их хүч хөдөлмөр шаардагддаг байсныг мартдаггүй. Тэр үед гэрэл цахилгаан гэж байсангүй!

Бидэнд тус болчихоор ном, сурах бичиг ховор болохоор тувалу хэлээр орчуулна гэдэг хүндхэн даваа байлаа. Гэхдээ заримдаа санаанд оромгүй газраас тусламж ирнэ. Нэг өглөө би үнэнийг эсэргүүцсэн хүний гэрийн хаалгыг андуураад тогшчихов. Нөгөө хүн шууд л, дахиж битгий ирээрэй гэснээ, «Та нарт нэг юм хэлчихье. Та нар орчуулахдаа үйлдэгдэх хэвээр их бичих юм. Уг нь тувалу хэлд барагтай л бол хэрэглэдэггүй юм шүү дээ» гэлээ. Би бусад нөхөдтэйгөө шалгаж үзтэл тэр хүний зөв болж таарав. Тэгээд заслаа. Манай хэвлэлийг уншсан эсэргүүцэгчээр Ехова бидэнд туслуулсанд үнэхээр гайхаж билээ!

«Хаанчлалын тухай мэдээ» цувралын 30-р танилцуулга тувалу хэлээр

Олон нийтэд тараах зорилгоор тувалу хэлээр анх удаа хэвлэсэн материал маань Дурсах цуглааны урилга байв. Залгуулаад «Хаанчлалын тухай мэдээ» цувралын 30-р танилцуулгыг англи хэлнийхтэй зэрэг гаргасан. Хүмүүст өөрийнх нь хэлээр хэвлэл өгөхийн жаргалыг үгээр хэлшгүй! Яваандаа хэдэн товхимол, тэр байтугай хэдэн ном тувалу хэлээр гарсан. Австрали салбар 24 хуудас бүхий «Харуулын цамхаг» сэтгүүлийг 1983 оноос хэвлэх болсон. Улирал тутам гардаг байсан энэ сэтгүүлээс 7 хоногт дунджаар 7 догол мөр судлах боломжтой байлаа. Тувалучууд яаж хүлээж авсан бэ? Юм унших дуртай болохоороо манай ном хэвлэлийг бүх нийтээрээ мэддэг болсон. Шинэ хэвлэл гарах бүрд улсын радиогоор зарлах юм уу заримдаа сонины тэргүүн нүүрэнд бичнэ гээч!

Орчуулахдаа цаасан дээр гараараа бичнэ. Дараа нь гар бичмэлийг бичгийн машинаар хэд хэдэн удаа хуулж бичээд Австрали дахь салбар луу илгээнэ. Салбарт ажилладаг хоёр эмэгтэй тувалу хэл мэдэхгүй хэр нь уг эхийг компьютерт шивж оруулдаг байв. Хоёр удаа оруулсныхаа дараа компьютер дээр харьцуулна. Цөөхөн алдаа гардаг байсан гэсэн. Ингээд бэлтгэсэн эхээ буцаагаад бидэн рүү шуудангаар илгээнэ. Бид шалгаад салбарт хэвлүүлэхээр явуулдаг байлаа.

Одоо их өөр болжээ! Орчуулгын багийнхан материалаа орчуулаад өөрсдөө компьютерт оруулчихна. Хянаж зассан материалын эхийг ихэнхдээ тухайн газраа бэлтгэчихнэ. Түүнийгээ салбар луу интернетээр явуулаад хэвлүүлчихнэ. Эх бичмэлээ шуудангаар явуулах гэж яарч сандардаг цаг ард хоцорчээ.

ДАРАА ДАРААГИЙН ДААЛГАВАР

Энэ бүх хугацаанд Женни бид хоёр Номхон далайн орнуудад янз бүрийн үйлчлэлд томилогдсон. 1985 онд Тувалугаас Самоа дахь салбар луу шилжсэн. Тувалу хэлээр орчуулах ажлаа хийхийн зэрэгцээ самоа, тонга, токелау хэлээр орчуулах ажилд тусалдаг байлаа. 1996 онд Фижи дэх салбарт томилогдож мөн ийм ажил хийв. Фижи, кирибати, науру, ротума, тувалу хэлний орчуулагчдад тусалдаг байлаа.

Тувалу хэлээрх хэвлэл ашиглан бусдад тусалж байгаа нь

Манай байгууллагын орчуулагчид ямар их идэвх зүтгэлтэйг хараад би их биширдэг юм. Орчуулгын ажил заримдаа сонирхолгүй, хэцүү бэрх санагдаж магадгүй л дээ. Гэхдээ эдгээр ах дүүс маань Еховаг дууриан «аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд» сайн мэдээ хүргэхийг чин сэтгэлээсээ хүсдэг (Илч. 14:6). Жишээ нь, «Харуулын цамхаг» сэтгүүлийг тонга хэлээр анх удаа орчуулах болоход би Тонга дахь бүх ахлагчтай уулзаж хэн орчуулагч болох вэ гэж асуув. Тэдний нэг нь машин засварын газар овоо цалинтай ажил хийдэг ч маргааш нь ажлаасаа гараад шууд орчуулагчаар ажиллая гэлээ. Гэр бүлтэй, тэднийгээ яаж тэжээхээ мэдэхгүй байсан хэр нь ийм санал тавьсанд нь их баярлаж билээ. Ехова тэдний гэр бүлийг тэжээсэн. Тэр ахлагч олон жил орчуулагчаар ажилласан.

Орчуулгын ажилд сэтгэл зүрхээ зориулсан энэ хүмүүсийнхтэй адилхан үзэл бодолтой хүмүүс бол Удирдах Зөвлөлийн гишүүд юм. Тэд жижиг овог угсаатнуудын сүнслэг хэрэгцээнд маш их санаа тавьдаг. Нэг жишээ хэлье. Тувалу хэлээр хэвлэл гаргах гэж ингэж их зүтгэх хэрэг байна уу гэдэг асуулт нэг удаа гарсан юм. Удирдах Зөвлөлөөс ирсэн хариуг уншаад би ямар их баярласан гэж санана. «Тувалу хэлээр орчуулах ажлыг зогсоох ямар ч үндэс байхгүй гэж үзэж байна. Тувалу хэлээр ярьдаг хүн бусад хэлээр ярьдаг хүнтэй харьцуулахад цөөхөн ч гэсэн сайн мэдээг эх хэлээр нь хүргэх хэрэгтэй» гэж бичсэн байв.

Баптисм хүртээж байгаа нь

2003 онд Женни бид хоёр Фижи дэх салбарын Орчуулгын хэлтсээс Нью-Йоркийн Паттерсон дахь Орчуулагчдад туслах хэлтэст шилжив. Зүүдэлж байна уу даа л гэж бодсон! Манай ном хэвлэлийг орчуулах ажлын чанарыг сайжруулахад тусалдаг багт орлоо. Дараагийн хоёр жилд нь орчуулгын багуудыг сургахаар олон улс оронд очсон.

ОНЦГОЙ ШИЙДВЭР

Одоо өгүүллийн эхэнд дурдсан оршил хэсэг рүү оръё. 2000 оны үед Удирдах Зөвлөл дэлхий дахинд буй орчуулгын багуудыг батжуулж бэхжүүлэх хэрэгтэйг ойлгосон юм. Тэр хүртэл ихэнх орчуулагчийг сургаж бэлтгээгүй байлаа. Биднийг Зохиогчийн хороонд санаа оноогоо хэлсний дараа Удирдах Зөвлөл бүх орчуулагчийг сургах хөтөлбөрийг дэмжсэн. Уг хөтөлбөрийн зорилго нь орчуулагчдын англиар ойлгох чадварыг сайжруулах, орчуулах арга барил эзэмшүүлэх, багаар ажиллах чадвартай болгох байлаа.

Үр дүн нь юу байсан бэ? Орчуулгын чанар сайжирсан. Ном хэвлэлийг маш олон хэлээр орчуулдаг болсон. Биднийг анх 1979 онд миссионероор үйлчилж эхлэх үед «Харуулын цамхаг» сэтгүүл ердөө 82 хэлээр гардаг байсан. Ихэнх нь, англи хэлээрх сэтгүүл гарснаас хойш нэлээн хэдэн сарын дараа хэвлэгддэг байсан. Харин одоо 240 гаруй хэлээр гарч байна. Дийлэнх нь англи эхтэйгээ зэрэг гардаг болсон. Библид үндэслэсэн ном хэвлэлийг хэвлэмэл, цахим гээд янз бүрийн хэлбэрээр 700 гаруй хэлээр унших боломжтой болжээ. Хэдэн жилийн өмнө энэ бүхэн зөвхөн мөрөөдөл байсан.

Удирдах Зөвлөл 2004 онд бас нэг онцгой шийдвэр гаргав. Энэ нь Библийн орчуулгыг түргэвчлэх явдал байлаа. Хэдхэн сарын дараа Библи орчуулах нь бусад ном хэвлэл шиг жирийнд тооцогддог болсон. Үүний үрээр, «Шинэ ертөнцийн орчуулга»-ыг нэмж олон хэлээр орчуулах үүд хаалга нээгдсэн. 2014 оны байдлаар, уг орчуулга бүтнээр болон хэсэгчлэн 128 хэлээр гарсан. Үүний дотор номхон далайн өмнөд хэсэгт амьдардаг хүмүүсийн ярьдаг хэлнүүд ордог.

Христиан Грек Судрын Шинэ ертөнцийн орчуулга тувалу хэлээр гарсан нь

Миний амьдралд тохиосон олон сайхан үйл явдлын нэг нь 2011 онд Тувалуд зохиосон чуулганд төлөөлөгчөөр оролцсон явдал юм. Орон даяар хэдэн сарын турш айхтар ган гачиг болсон болохоор чуулган болохгүй байх даа гэж бодогдохоор байв. Гэтэл биднийг очсон тэр орой аадар бороо асган ган тайлагдаж, чуулган ч болдгоороо болсон! Христиан Грек Судрын Шинэ ертөнцийн орчуулга тувалу хэлээр гарсныг зарлах завшаан надад олдсон юм. Тувалу хэлтнүүд цөөхүүлээ ч гэсэн ийм сайхан бэлэгтэй болсон. Чуулган дуусах үед дахин бороо асгаж билээ. Ийнхүү сүнслэг утгаар ч, бодит утгаар ч ус элбэгтэй сайхан чуулган болж өндөрлөсөн.

2014 онд Австралийн Таунсвилд болсон чуулганаар аав Рон, ээж Эстелээс ярилцлага авч байгаа нь

Харамсалтай нь 35 жил ханилсан үнэнч эхнэр Женни минь энэ баярт үйл явдлыг үзэж чадаагүй. Тэр минь хөхний хорт хавдартай 10 жил тэмцсэний эцэст 2009 онд аргагүй дийлдсэн дээ. Амилахлаараа тувалу хэлээр Библи гарсан тухай мэдээ сонсоод ямар их баярлахыг би сайн мэдэж байна.

Ехова намайг ивээж өөр нэг үзэсгэлэнт эхнэр өгсөн. Түүнийг минь Лорейни Сикивоу гэдэг. Лорейни Женни хоёр Фижигийн Бетелд хамт ажилладаг байсан юм. Лорейни фижи хэлээр орчуулдаг байлаа. Одоо би үнэнч ханьтайгаа хамт Еховад үйлчилж байна. Бид хоёр хоёулаа Еховад ч хайртай, гадаад хэлэнд ч дуртай!

Лорейни бид хоёр Фижид дэлгэрүүлж байгаа нь

Хайртай тэнгэрийн Эцэг Ехова маань түгээмэл, түгээмэл бус бүх л хэлтэнд өнөөдрийг хүртэл яаж санаа тавьж ирснийг бодохлоор зүрх сэтгэл минь баяр хөөрөөр бялхдаг юм (Дуу. 49:1–3). Хүмүүс манай ном хэвлэлийг анх удаа эх хэлээрээ авахлаараа эсвэл өөрийнхөө хэлээр Еховад зориулж дуу дуулахлаараа ямар их баярладаг гээч! Тэдний нүүр царайнаас би Еховагийн хайрыг мэдэрдэг (Үйлс 2:8, 11). Сауло Тияси гэдэг тувалу ахын хэлсэн үг одоо ч чихэнд сонсогдох шиг болдог. Өндөр настай тэр ах Хаанчлалын дууг анх удаа эх хэлээрээ дуулчихаад «Энэ дуунууд тувалу хэлээр англиас илүү гоё сонсогддог юм байна. Удирдах Зөвлөлд хэлэх хэрэгтэй шүү» гэж билээ.

Намайг 2005 оны 9 дүгээр сараас Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилсон нь миний хувьд огт санаандгүй явдал байлаа. Би орчуулагч байхаа больсон ч одоо хийдэг ажил маань дэлхий дахинд буй орчуулгын ажилтай холбоотой болохоор Еховадаа талархаж явдаг. Ехова бүх үйлчлэгчийнхээ, түүний дотор Номхон далайн алслагдсан арлуудад амьдардаг хүмүүсийн сүнслэг хэрэгцээг яаж хангаж байгааг харахлаараа би сэтгэлийн цэнгэл эдэлдэг! Тийм ээ, дуулалч: «ЭЗЭН захирдаг, газар дэлхий баясагтун. Олон арлууд ч баярлагтун» гэж дуулсан байдаг шүү дээ (Дуу. 97:1).