Skip to content

Гарчиг руу орох

Хүлээгтүн!

Хүлээгтүн!

«Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн» (ХАБ. 2:3).

ДУУ: 32, 45

1, 2. Еховагийн үйлчлэгчдийн нэг онцлог юу вэ?

ЕХОВАГИЙН үйлчлэгчид зөгнөл биелэхийг тэвчээртэй хүлээж ирсэн. Тухайлбал Иуда улс вавилончуудын гарт сүйрэх цагийг Иеремиа хүлээж байсан. Энэ үйл явдал МЭӨ 607 онд болжээ (Иер. 25:8–11). Ехова Иуда улсыг дахин сэргээхийг Исаиа зөгнөн «Түүнийг хүлээгчид нь бүгдээрээ ерөөгдсөн ажээ!» хэмээн хэлжээ (Ис. 30:18). Бурхны эртний ард түмний ирээдүйг зөгнөн хэлж байсан Мика өөрөө: «Би ЭЗЭНийг хүлээн харуулдах болно» гэжээ (Мика 7:7). Бурхны үйлчлэгчид Мессиа буюу Христийн тухай зөгнөлүүд биелэхийг олон зуун жил хүлээж ирсэн (Лук 3:15; 1 Петр 1:10–12). *

2 Бурхны орчин үеийн үйлчлэгчид бас Мессиагийн тухай зөгнөл биелэх цагийг хүлээдэг. Ехова Мессиагийн Хаанчлалаар дамжуулан тун удахгүй бузар муу бүхнийг устгаж Сатаны ертөнцийн сүйрлээс ард түмнээ авран, хүн төрөлхтний зовлон шаналалд цэг тавина (1 Иох. 5:19). Тэгэхлээр, Еховагийн өдөр маш хурдан ойртож байгаа тул байнга сонор сэрэмжтэй, бэлэн байцгаая.

3. Төгсгөл ирэхийг удаан хүлээж байгаа бол ямар асуулт төрж болох вэ?

3 Бид Еховагийн үйлчлэгчид учраас Бурхны хүсэл таалал «тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх» цагийг тэсэн ядан хүлээдэг (Мат. 6:10). Гэхдээ энэ тогтолцооны төгсгөлийг удаан хүлээж байгаа бол «Одоо ч гэсэн хүлээгээд л байх хэрэг үү?» гэсэн асуулт төрж болох юм. Энэ тухай ярилцъя.

ЯАГААД ХҮЛЭЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

4. Сонор сэрэмжтэй байх гол шалтгаан юу вэ?

4 Есүс дагалдагчдадаа «Ямагт сэргэг байгтун» гэж тушаасан. Тийм учраас энэ тогтолцоо удахгүй устгагдана гэж хүлээх нь амин чухал юм (Мат. 24:42; Лук 21:34–36). Еховагийн байгууллага энэ талаар сайхан жишээ үзүүлдэг. «Бурханы өдрийн ирэхийг хүлээж, түргэлүүлэх» буюу хатуу санаж явахыг ном хэвлэлээрээ бидэнд уриалж, Бурхны амласан шинэ ертөнцийг бодож амьдрахыг зөвлөдөг (2 Петр 3:11–13-ыг уншина уу).

5. Еховагийн өдрийг хүлээх хэрэгтэйн бас нэг шалтгаан юу вэ?

5 Есүсийн эртний дагалдагчид Еховагийн өдрийг хүлээх хэрэгтэй байсан юм бол өнөөгийн бид бүр ч их хүлээх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо бол Христ хаан ширээндээ заларч үйл ажиллагаагаа явуулж байгаа цаг үе юм. Энэ нь 1914 оноос тодорхой болсон билээ. Есүсийн зөгнөн хэлснээр дэлхийн нөхцөл байдал улам дордохын зэрэгцээ Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар түгэн дэлгэрч байгаа нь өнөө цаг бол «үеийн төгсгөл» гэдгийн баталгаа юм (Мат. 24:3, 7–14). Эцсийн өдрүүд хэр удаан үргэлжлэхийг Есүс хэлээгүй учир бид онцгой анхааралтай, сонор сэрэмжтэй байх ёстой.

6. Төгсгөл ойртохын хэрээр дэлхийн нөхцөл байдал улам дордоно гэж бодох хэрэгтэйн учир юу вэ?

6 «Эцсийн өдрүүдэд» бузар муу явдал гаарна гэж Библид бичсэн байдаг (2 Тим. 3:1, 13; Мат. 24:21; Илч. 12:12). Тиймээс дэлхийн нөхцөл байдал одоогийнхоосоо бүр ч дордох нь тодорхой. Тэгвэл бүх юм улам муу болох цаг буюу алсын ирээдүйг «үеийн төгсгөл» гэж ойлгох хэрэгтэй юү?

7. Матай 24:37–39-ийг үзвэл эцсийн өдрүүдэд дэлхийн нөхцөл байдал ямар болох вэ?

7 «Үлэмж их зовлон» эхлэхээс өмнө нөхцөл байдал хэр дордоно гэж та боддог вэ? (Илч. 7:14). Жишээ нь, улс болгон дайн дажинтай, хүн болгон ширээн дээрээ тавих хоолгүй, айл болгон өвчтэй хүнтэй болно гэж төсөөлдөг үү? Хэрвээ тийм юм болбол Библийн зөгнөл биелж байгааг бүх хүн харна. Бурханд итгэдэггүй хүмүүс хүртэл арга буюу хүлээн зөвшөөрнө. Гэтэл ихэнх хүн анзаарахгүй бөгөөд ажил амьдрал гэж явсаар Еховагийн өдөр ирэхэд нэгэнт хожимдсон байна гэж Есүс хэлсэн (Матай 24:37–39-ийг уншина уу). Тиймээс агуу их гай гамшгаас өмнө дэлхийн нөхцөл байдал тэгтлээ дордоно гэж бодох хэрэггүй ажээ (Лук 17:20; 2 Петр 3:3, 4).

8. Есүсийн тушаалыг даган сонор сэрэмжтэй байдаг хүмүүст юу илэрхий харагддаг вэ?

8 Нөгөө талаар, «Сонор сэргэг бай» гэсэн зөвлөгөөг дагадаг хүмүүст Есүс эцсийн өдрүүдийг шууд таних шинж тэмдгийг хэлж өгсөн (Мат. 24:27, 42). Тэр шинж тэмдэг 1914 оноос эхлэн илэрхий харагдах болсон. Тиймээс бид яг одоо «үеийн төгсгөл» гэдэг цаг үед амьдарч байна. Ехова Сатаны бузар муу ертөнцийг устгах цагаа аль хэдийн товлочихсон.

9. Өнөөгийн ертөнцийн төгсгөл удахгүй болно гэж тасралтгүй хүлээх ёстойн учир юу вэ?

9 Тэгвэл төгсгөл удахгүй болно гэж тасралтгүй хүлээх ёстойн учир юу вэ? Бид Есүс Христэд дуулгавартай байж тушаалыг нь сахидаг. Бас эцсийн өдрүүдийн тухай шинж тэмдгийг тод харж байна. Бид юунд ч хамаагүй итгэдэг гэнэн хүмүүс биш ээ. Библийн зөгнөл биелж байгаагийн хөдөлшгүй нотолгоо байгаа учраас өнөөгийн бузар муу ертөнцийн төгсгөлийг хүлээгээд сонор сэрэмжтэй байдаг.

ХЭР УДААН ХҮЛЭЭХ ВЭ?

10, 11. а) Есүс шавь нартаа яагаад «сонор сэрэмжтэй байхыг» захисан бэ? б) Төгсгөл бодож байсан шиг хурдан ирэхгүй байгаа юм шиг санагдвал Есүсийн захиснаар яах ёстой вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

10 Еховад хэдэн арван жил үнэнч үйлчилж, ертөнцийн төгсгөлийг тэсэн ядан хүлээж ирсэн хүн бидний дунд олон бий. Хэчнээн ч жил өнгөрсөн, хүлээсээр байх хэрэгтэй. Есүс өнөөгийн тогтолцоог устгахаар ирэх үед бид бэлэн байх ёстой. Есүсийн захиасыг санаарай. «Анхаар, сонор сэрэмжтэй байгтун. Учир нь тэрхүү товлосон цаг хэзээ байхыг та нар мэдэхгүй. Энэ нь гэрээ орхиж, боолууддаа үүрэг өгч, хүн бүрд хийх ажлыг нь оноож, мөн хаалгачдаа сэрэмжтэй байхыг тушаагаад аянд явж буй хүнтэй адил юм. Тиймээс сонор сэрэмжтэй байгтун. Учир нь гэрийн эзэн орой юм уу, эсвэл шөнө дунд, эсвэл тахиа донгодоход, эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй. Тэр гэнэт ирээд, та нарыг унтаж байхыг чинь харах вий. Би та нарт хэлж байгаагаа бүгдэд хэлж байна. “Сонор сэрэмжтэй байгтун”» (Марк 13:33–37).

11 Христ 1914 оноос захирч эхэлснийг дагалдагчид нь ойлгосон даруйдаа энэ тогтолцооны сүйрлээр бэлэн байхын тулд Хаанчлалын тухай сайн мэдээг эрчимтэй тунхаглах болжээ. Есүс ирнэ гэдгээ, гэхдээ хэзээ ч ирж магадгүй гэдгээ хэлсэн. «Тахиа донгодоход, эсвэл өглөө» ч ирж магадгүй учир дагалдагчид нь яах ёстой вэ? Есүсийн хэлснээр байнга «сонор сэрэмжтэй байх» ёстой. Удаан хүлээж байгаа юм шиг санагдаж байна гэдэг нь төгсгөл ирэх болоогүй эсвэл бидний үед ирэхгүй гэсэн үг биш юм.

12. Хабаккук Еховагаас юу гэж асуусан бэ? Бурхан юу гэж хариулсан бэ?

12 Зөнч Хабаккук Иерусалим сүйрнэ хэмээн тунхаглахын зэрэгцээ тэр цагийг тэвчээртэй хүлээж байв. Түүнээс өмнө бусад зөнч энэ хотын устгагдахыг олон жилийн турш анхааруулжээ. Хабаккукийн үед бузар булай, шударга бус явдал урьд урьдынхаас илүү тархсан байлаа. Тийм болохоор «ЭЗЭН, би хэдий болтол тусламж хүсэн дуудах вэ?» гэж асуусан нь гайхах зүйл биш юм. Ехова шууд хариулахын оронд «Энэ нь хоцролгүй заавал ирнэ» хэмээн үнэнч зөнчөө тайвшруулсан. Тэгээд «Хүлээгтүн» гэж хэлсэн (Хабаккук 1:1–4; 2:3-ыг уншина уу).

13. Хабаккук юу гэж бодож болох байсан бэ? Тэгэх нь яагаад аюултай вэ?

13 Хабаккук төгсгөл болохыг хүлээж хүлээж тэсэхээ байгаад ингэж бодож байна. «Иерусалим сүйрнэ гэж хэдэн ч жил хүлээв дээ. Яасан их удна вэ? Хот гэнэт устгагдана гэж хэлэхлээр хэн ч итгэхгүй юм. Энэ мэдээг тунхаглахаа больё. Бусад нь тунхаглана биз». Хэрэв Хабаккук ийм бодолд автсан бол Еховагийн сайшаалыг алдах байсан нь лавтай. Тэгээд бэлэн биш учраас Иерусалим устгагдах үеэр амиа алдах байсан биз ээ.

14. Шинэ ертөнцөд бид Еховад яагаад талархах вэ?

14 Та шинэ ертөнцөд оччихоод Сатаны тогтолцооны төгсгөлтэй холбоотой бүх үйл явдал үнэхээр зөгнөсөн ёсоор болж өнгөрснийг эргэцүүлэн бодож байна гээд төсөөл дөө. Ингэвэл Еховад улам бүр найдан, амласан бүхнээ заавал биелүүлнэ гэдэгт баттай итгэнэ (Иошуа 23:14-ийг уншина уу). Энэ ертөнцийг хэзээ устгахаа товлосонд нь, «бүх юмсын төгсгөл ойр ирчихээд байгааг» сануулж ирсэнд нь Ехова Бурхандаа талархана (Үйлс 1:7; 1 Петр 4:7).

ХҮЛЭЭНГЭЭ ДЭЛГЭРҮҮЛ

Та сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлдэг үү? (15-р догол мөрийг үзнэ үү)

15, 16. Дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцох хэрэгтэйн учир юу вэ?

15 Яарах сэтгэлээр Бурхандаа үйлчлэх хэрэгтэйг Еховагийн байгууллага байнга сануулдаг, цаашдаа ч сануулна. Үүний ачаар бид Хаанчлалын үйл хэрэгт идэвх зүтгэлтэй оролцоод зогсохгүй Христ захирч байгаагийн шинж тэмдгийг тод харж амьдардаг. Ямар цаг үед амьдарч байгаагаа мэдэрдэг христиан яадаг вэ? Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьж, Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлдэг (Мат. 6:33; Марк 13:10).

16 Нэг Гэрч эмэгтэй: «Бид Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлснээрээ ... удахгүй болох ертөнцийн сүйрлээр эсэн мэнд үлдэхэд нь хүмүүст тусалж байна гэсэн үг» гэж хэлсэн юм. «Вилхелм Гүстлоф» гэдэг дээд зэрэглэлийн усан онгоц 1945 онд далайд живсэн нь түүхэнд болсон хамгийн аймшигтай сүйрлүүдийн нэг байлаа. Дээрх Гэрч нөхөртэйгөө хамт тэр сүйрлээс амьд гарсан гэдэг. Тийм айхтар гамшиг нүүрлээд байхад зарим хүн юу хамгийн чухал болохыг ойлгодоггүй. Нэг эмэгтэй: «Миний цүнхнүүд! Миний цүнхнүүд! Үнэт эрдэнэс минь! Хамаг гоёл чимэглэл минь доор, өрөөнд үлдчихлээ! Бүгдийг нь алдлаа шүү дээ!» гэж тэр үед хашхирч байжээ. Харин тусч, сайхан сэтгэлтэй зарим зорчигч далайн цэв хүйтэн ус руу унасан хүмүүсийг аврахын төлөө амь насаа золиослоход ч бэлэн байлаа. Бусдын төлөө өөрийгөө гаргуунд нь хаясан тэдгээр зорчигчийн адилаар бид хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хийдэг. Дэлгэрүүлэх ажил маань хойшлуулшгүй чухал гэдгийг байнга санан, ертөнцийн сүйрлээр эсэн мэнд үлдэхэд нь хүмүүст туслахыг хүсдэг.

Та шийдвэр гаргах бүрдээ дэлгэрүүлэх ажил хойшлуулшгүй чухал гэдгийг тооцдог уу? (17-р догол мөрийг үзнэ үү)

17. Төгсгөл хэзээ ч болж болзошгүй гэж бодох хэрэгтэйн учир юу вэ?

17 Библийн зөгнөл одоо биелж байгаа бөгөөд энэ тогтолцооны төгсгөл хаяанд тулчихаад байгааг дэлхий дахинд болж буй үйл явдал тод харуулдаг. «Арван эвэр ба араатан» «агуу их Вавилон» руу дайрах цагийг бид хүлээж байна (Илч. 17:16). Тэр цаг хол байна гэж бодох хэрэггүй. Бүх хуурамч шашин руу довтолъё гэсэн бодлыг Бурхан «тэдний зүрхэнд» оруулах бөгөөд уг үйл явдал нүд ирмэхийн зуур болохыг, бас хэзээ ч болж болзошгүйг бүү мартаарай (Илч. 17:17). Сатаны тогтолцооны төгсгөл холгүй байна. Тийм учраас Есүсийн хэлснийг дагах хэрэгтэй. «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ» гэж Есүс анхааруулсан (Лук 21:34, 35; Илч. 16:15). Товлосон цагийг нь тэвчээртэй хүлээсэн биднийг Ехова аврах нь гарцаагүй. Тиймд үргэлж сонор сэрэмжтэй, яарах сэтгэлтэй байцгаая (Ис. 64:4).

18. Дараагийн өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

18 Сатаны тогтолцооны төгсгөлийг хүлээхийн зэрэгцээ шавь Иудагийн өгсөн зөвлөгөөг дагацгаая. Тэрбээр: «Хайртууд минь, ... та нар хамгийн ариун итгэл дээрээ өөрсдийгөө сүндэрлүүлж, Ариун Сүнсээр залбиран мөнх аминд хүргэх бидний Эзэн Есүс Христийн өршөөлийг хүлээн Бурханы хайран дотор өөрсдийгөө сахь» гэжээ (Иуда 20, 21). Бурхны амласан шинэ ертөнц удахгүй болно гэдэгт итгэдгээ, тэр өдрийг тэсэн ядан хүлээдгээ хэрхэн харуулах вэ? Дараагийн өгүүллээр ярилцъя.

^ д/м 1 Мессиагийн тухай Библийн зарим зөгнөл болон хэрхэн биелснийг нь жагсаасан хүснэгтийг «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 200-р хуудаснаас үзнэ үү.