Skip to content

Гарчиг руу орох

Та Еховад хайртай юу?

Та Еховад хайртай юу?

«Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм» (1 ИОХ. 4:19).

ДУУ: 6138

1, 2. Элч Иоханы бичсэнээр Ехова бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ?

ХҮҮХДИЙГ сургах хамгийн сайн арга нь биеэрээ үлгэрлэн үзүүлэх гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Элч Иохан: «Эхлээд [Бурхан] биднийг хайрласан тул бид хайрладаг юм» хэмээн бичжээ (1 Иох. 4:19). Эцгийн хайрыг Ехова хамгийн сайн илэрхийлдэг. Тийм учраас бид Еховаг хайрлаж сурдаг.

2 «Эхлээд Бурхан биднийг хайрласан» гэдэг нь юу гэсэн үг вэ? «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» гэж элч Паул бичжээ (Ром 5:8). Биднийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөхийн тулд хайр халамжтай Эцэг Ехова маань Хүүгээ золиос болгон өгчээ. Энэ бол үнэлж баршгүй бэлэг юм. Үүний ачаар бид Еховатай дотносож, хайраа илэрхийлэх боломжтой болсон. Ехова ийнхүү агуу жишээ үзүүлсэн. Бид бас өөрийнхөө эрх ашгийг хойш тавиад, Еховад хайраа харамгүй зориулах хэрэгтэй (1 Иох. 4:10).

3, 4. Бурхныг хайрладгаа хэрхэн харуулах вэ?

3 Хайр бол Еховагийн хамгийн гол онцлог юм. Тийм учраас, «Ямар тушаал нь бүхний эхэнд байх вэ?» гэж нэг хүнийг асуухад Есүс: «Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун» гэж хариулжээ (Марк 12:30). Өөрийг нь «бүх зүрхээрээ» хайрлаасай гэж Ехова биднээс хүсдэг. Зүрхээ бүрэн зориулахгүй бол Еховад таалагдахгүй. Гэхдээ Еховаг хайрлахад зүрхнээс гадна сэтгэл, оюун ухаан, хүч бас чухал үүрэгтэй. Тэгэхлээр Бурхныг жинхэнэ ёсоор хайрлах гэдэг нь зүрх сэтгэлдээ хөтлөгдөхөөс гадна оюун ухаан, хүч чадлаа дайчилна гэсэн үг. Ехова биднээс үүнийг хүсдэгийг зөнч Мика бас бичсэн байдаг (Мика 6:8-ыг уншина уу).

4 Тэнгэрийн Эцгээ үнэн сэтгэлээсээ хайрладгаа хэрхэн харуулах вэ? Байгаа бүхнээ, мөн өөрийгөө тэр чигээр нь Еховад зориулах ёстой. Есүсийн хэлснээр үүнд бие махбод, сэтгэл санаа, сүнслэг байдал гээд бүгд орно. Ехова хүүхэд бидэндээ агуу хайраа олон аргаар илэрхийлдгийн дөрвийг өмнөх өгүүллээр ярилцсан билээ. Энэ өгүүллээр, бид яавал Бурхнаа улам их хайрладаг болох, хайраа хэрхэн илэрхийлэх талаар ярилцъя.

ӨГӨӨМӨР БУРХАН ЕХОВАД ТАЛАРХААРАЙ

5. Ехова бидний төлөө бүхнийг хийснийг бодохлоор юу хийх хүсэл төрдөг вэ?

5 Хүн танд бэлэг өгвөл та яадаг вэ? Ямар нэгэн байдлаар талархлаа илэрхийлдэг байх. Бас танд зориулж өгсөн сэтгэлийн бэлэг учраас өөртөө хэрэглэнэ. «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй» гэж Есүсийн шавь Иаков бичжээ (Иак. 1:17). Ехова биднийг амьд явахад, аз жаргалтай байхад хэрэгтэй бүхнээр хангасан. Үүнийг бодохлоор танд бас Еховад хайраа илэрхийлэх хүсэл төрдөг биз дээ?

6. Еховагийн ивээлийг тасралтгүй хүртэхийн тулд израильчууд юу хийх ёстой байсан бэ?

6 Израильчууд олон зуун жилийн турш Еховагийн хайр халамжид бөмбөрч, бие махбодын хувьд ч, сүнслэгээр ч арвин их ивээл хүртэж байсан (Д.хууль 4:7, 8). Гэхдээ нэг болзолтой. Бурхны ивээлийг тасралтгүй хүртье гэвэл хуулийг нь сахих, тухайлбал «газрынхаа анхны үр жимсний дээжийг» тахил болгон өргөх ёстой байв (Ег. 23:19). Еховагийн хайр, ивээлийг өндөр үнэлж эрхэмлэдгээ ингэж харуулах учиртай байлаа (Дэд хууль 8:7–11-ийг уншина уу).

7. Еховад хайртайгаа баталж «эд хөрөнгөө» юунд зориулж болох вэ?

7 Бид Бурханд хайртайгаа батлахын тулд тахил өргөдөггүй ч «эд хөрөнгөө» буюу үнэтэй гэсэн болгоноо зориулдаг (Сур. 3:9). Жишээлбэл, орон нутагтаа болон дэлхий дахинд өрнөж буй Хаанчлалын үйл хэргийг дэмжиж мөнгө төгрөг, эд материалаар тусалдаг. Энэ бол баян чинээлэг, ядуу даржин ямар ч хүний хувьд Еховад хайраа илэрхийлэх нэг сайн арга юм (2 Кор. 8:12). Өөр олон арга бий.

8, 9. Еховагийн амлалт биелнэ гэж итгэх нь Еховаг хайрлахтай ямар холбоотой вэ? Жишээ хэлнэ үү.

8 Хоол унд, хувцас хунарт санаа зовохын оронд Хаанчлалыг эхлээд хайж байхыг Есүс дагалдагчдадаа сануулсан. Тэнгэрийн Эцэг маань хэрэгтэй бүхнийг өгнө гэдгийг бас хэлсэн (Мат. 6:31–33). Энэ амлалтад хэр зэрэг итгэдгээс Еховаг хэр их хайрладаг маань харагдана. Учир нь итгэл хайр хоёр харилцан холбоотой. Та итгэдэггүй хүнээ хайрлаж чадахгүй биз дээ? (Дуу. 143:8). Тиймээс дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Миний тавьсан зорилго, амьдралын хэв маягаас Еховад үнэхээр хайртай маань харагддаг уу? Ехова хэрэгцээг минь хангана гэдэгт би өдөр бүр итгэдэг үү?».

9 Майк гэдэг христиан энэ талаар сайхан жишээ үзүүлжээ. Тэрбээр бага залуу байхдаа гадаадад очиж дэлгэрүүлэхийг маш их хүсдэг байв. Гэрлэж, хоёр хүүхэдтэй болсныхоо дараа ч энэ хүслээ орхисонгүй. Дэлгэрүүлэгч хэрэгтэй газар үйлчлэх талаар бичсэн олон өгүүлэл уншаад урам орж гэр бүлээрээ амьдралаа энгийн болгохоор шийджээ. Байшингаа зараад орон сууцанд нүүж оров. Захиалгаар цэвэрлэгээ хийдэг компаниа жижигрүүлж ажилчдаа цомхотгон, интернетээр ажлаа хийх аргыг мэдэж авав. Ингээд гэр бүлээрээ нүүжээ. Хилийн чанадад хоёр жил жаргалтай үйлчилж буй тэрбээр: «Матай 6:33-т байдаг Есүсийн үг үнэхээр үнэн юм билээ» гэжээ.

ҮНЭНИЙГ ЗҮРХЭНДЭЭ ШИНГЭЭГЭЭРЭЙ

10. Еховагийн тухай сурсан зүйлээ Давид хаан шиг эргэцүүлэн бодох нь яагаад сайн бэ?

10 3 000 жилийн өмнө Давид хаан тэнгэр хараад сэтгэл нь хөдөлсөндөө «Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна» хэмээн бичжээ. Тэгээд цааш нь «ЭЗЭНий хууль нь төгс төгөлдөр, сэтгэлийг сэргээдэг. ЭЗЭНий гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог» гэсэн. Мэргэн ухаант Ехова Бурхны агуу хууль, үзэсгэлэнт бүтээлийнх нь тухай эргэцүүлэн бодсон учир Еховатай дотносож хайраа илэрхийлэхийг хүсжээ. Тэрбээр: «Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!» гэж бичжээ (Дуу. 19:1, 7, 14).

11. Еховад хайртайгаа харуулахын тулд Библийн үнэний тухай мэдлэгээ хэрхэн ашиглах вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

11 Энэ нийгэм хүмүүсийг мэдлэгээ арвижуулахыг уриалдаг. Уриалгыг нь дагаад өндөр боловсролын хойноос явсны улмаас Бурханд итгэхээ больж, хайр нь хөрсөн хүн олон байдаг нь харамсалтай. Ехова бидэнд санаа зорилго хийгээд бүтээлийнхээ талаар их зүйлийг зааж өгдөг. Гэхдээ мэдлэг эзэмшүүлээд зогсохгүй сурч мэдсэн бүхнээ өөрийнхөө болон өрөөл бусдын сайн сайхны төлөө ашигладаг мэргэн хүн болоход тусалдаг (Сур. 4:5–7). «Тэрээр бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй гэж хүсдэг» (1 Тим. 2:4). Хэрэв бид Хаанчлалын тухай сайн мэдээг хүн болгонд хэлж, Бурхан хүн төрөлхтний талаар ямар агуу санаа зорилготойг ойлгуулахад сэтгэл зүрхээ зориулж явдаг бол Еховаг хайрладаг гэсэн үг (Дуулал 66:16, 17-г уншина уу).

12. Нэг охин Еховагаас бэлэг аваад хэрхэн талархсан бэ?

12 Хүүхдүүд ч Еховагийн өгсөн бүхнийг өндөр үнэлдэг бол хайраа илэрхийлж байгаа хэрэг юм. Шанон гэдэг бүсгүйн тухай ярилцъя. Тэрбээр 11-тэй байхдаа аав, ээж, 10 настай дүүтэйгээ «Бурханд үнэнч байгтун» гэсэн сэдэвтэй мужийн чуулганд суужээ. Тэгтэл хүүхдүүдийг тусгай хэсэгт суухыг уриалав. Шанон сандарч байсан ч дүүтэйгээ тэнд очиж суужээ. «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» гэдэг номыг хүүхэд бүрд өгөхөд гайхаж догдолсон ажээ. Ийм гоё бэлэг аваад Ехова Бурхны талаар ямар сэтгэгдэл төрсөн бол? Шанон: «Ехова үнэхээр бодитой юм байна, намайг маш их хайрладаг юм байна гэдгийг тэгэхэд би ойлгож билээ» гээд цааш нь «Тийм гоё, төгс бэлэг үнэгүй өгдөг Ехова гэдэг Агуу Бурхантай бид жаргалтай хүмүүс» гэсэн юм.

САХИЛГАЖУУЛАХАД БҮҮ ДУРГҮЙЦЭЭРЭЙ

13, 14. Ехова биднийг зэмлэвэл яах хэрэгтэй вэ? Яагаад?

13 «Хүүгээ таалдаг эцэг хүний адил ЭЗЭН хайрладаг хүнээ зэмлэдэг юм шүү» гэсэн сануулга Библид байдаг (Сур. 3:12). Ехова таныг сахилгажуулбал яах хэрэгтэй вэ? Элч Паул: «Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагддаг» гэж бичжээ. Сахилга батын арга хэмжээ ач холбогдолтой байдгийг цааш нь бичихдээ «Дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг» гэсэн (Евр. 12:11). Хэрэв хүн Еховад хайртай бол зэмлэхэд нь хэнэггүй царайлахгүй, эгдүүцэн уурлахгүй. Бурхандаа хайртай учраас үгийг нь сонсож, засах шаардлагатай зүйл байвал шууд засна.

14 Малахийн үеийн иудейчүүдийн дунд Бурханд дуулгаваргүй хүмүүс олон байжээ. Тахил өргөх тухай хуулийг мэддэг хэр нь шаардлага хангахгүй тахил өргөдөг байсан учраас Ехова тэднийг хатуу зэмлэсэн (Малахи 1:12, 13-ыг уншина уу). Маш ноцтой асуудал байсныг, хэлсэн үгнээс нь мэдэж болно. Ехова: «Би та нар дээр хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар [миний хууль тушаалыг] зүрхэндээ хүлээн авахгүй байна» гэжээ (Мал. 2:1, 2). Еховагийн зэмлэл, сануулгыг байнга, санаатайгаар үл тоомсорлох нь гашуун үр дагавар авчирдаг.

Нийт олны хандлагыг бус, Еховагийн зөвлөгөөг дага (15-р догол мөрийг үзнэ үү)

15. Өнөөгийн нийгэмд түгээмэл болсон ямар хандлагад автахаас болгоомжлох ёстой вэ?

15 Бардам зан, аминч үзэл өнөөгийн нийгмийн дүр төрх болсон гэлтэй. Зэмлүүлэх дургүй, үг авдаггүй хүн олон болжээ. Зарим нь зөвлөгөөг дуртай дургүй сонсдог. Харин христианууд тийм байх ёсгүй. «Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн» гэж Библид байдаг. Бид Бурхны «төгс төгөлдөр хүсэл» юу болохыг ойлгож, тэр дагуу явах учиртай (Ром 12:2). Ехова цагаа олсон зөвлөгөөг байгууллагаараа дамжуулан өгдөг. Жишээ нь, эсрэг хүйсийн хүнтэй хэрхэн харьцах, найз нөхрөө яаж сонгох, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх талаар зөвлөдөг. Ийм зөвлөгөөг дуртайяа дагадаг бол Еховад үнэн зүрхнээсээ хайртайгаа, чин сэтгэлээсээ талархдагаа харуулна (Иох. 14:31; Ром 6:17).

ЕХОВАГ ХОРГОДОХ ГАЗАР БОЛГООРОЙ

16, 17. а) Ямар нэг асуудлыг шийдэхдээ Еховагийн хүсэл тааллыг эхлээд бодох хэрэгтэйн учир юу вэ? б) Израильчууд Еховад хайргүй, итгэж найддаггүй байсан нь юунаас харагдсан бэ?

16 Бага насны хүүхдүүд юмнаас айхлаараа өөрийн эрхгүй ээж аав руугаа тэмүүлдэг. Өсөж томрохын хэрээр өөртөө найдаж, өөрөө шийдвэр гаргадаг болно. Гэхдээ эцэг эхээ хүндэлдэг бол том болсон ч тэднийхээ бодлыг сонсож, зөвлөгөө авдаг. Энэ жишээний адилаар бид аливаа асуудлыг өөрсдөө шийдэх ёстой ч Еховагаас тусламж хүсэж зөвлөгөө авах учиртай. Тэнгэрийн Эцэг маань бидэнд ариун сүнсээ өгч зөв юм хийхэд тусалдаг. Хэрэв хүслийг нь харгалзахгүй шийдвэр гаргавал хайр, итгэл дутуу байгаагийн шинж юм (Флп. 2:13).

17 Самуелын үеийн израильчууд филистчүүдтэй байлдаад ялагджээ. Гэвч Еховагаас тусламж гуйхын оронд «Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэр нь бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм» гэж ярилцжээ. Энэ явдал юунд хүргэсэн бэ? «Израилиас гучин мянган явган цэрэг алагдсан нь аймшигтай том аллага байлаа. ЭЗЭНий авдар булаагдав» (1 Сам. 4:2–4, 10, 11). Гэрээний авдрыг дэргэдээ байлгавал Ехова тусалж, хамгаална гэж израильчууд боджээ. Тэгсэн атлаа Еховагаас тусламж ч гуйгаагүй, ямар бодолтой байгааг нь мэдэх гэж ч оролдоогүй. Харин өөрсдийнхөө бодлоор яваад асар их хохирол амссан (Сургаалт үгс 14:12-ыг уншина уу).

18. Еховад найдах талаар Библи бидэнд юу заадаг вэ?

18 Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг, бүрэн дүүрэн итгэж найддаг нэгэн дуулалч: «Бурханд найд, учир нь ... авралын төлөө би Түүнийг дахин магтах болно. Бурхан минь ээ, сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна. Тиймээс би Таныг ... дурсдаг» хэмээн бичжээ (Дуу. 42:5, 6). Та Еховаг тэгж хайрладаг уу? Дуулалч шиг итгэж найддаг уу? Тийм гэж хариулах байх. Гэхдээ илүү их итгэж найддаг болох хэрэгтэй ч байж мэднэ. «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж Библид бий (Сур. 3:5, 6).

19. Та Еховаг хайрладгаа хэрхэн батлах вэ?

19 Ехова биднийг эхлээд хайрлан агуу жишээ үзүүлсэн. Тийм учраас бид Еховаг хэрхэн хайрлахыг мэдэж авсан. Бидний төлөө юу хийж, хэр их хайрладгийг нь үргэлж бодоцгооё. Тэгээд тэнгэрийн Эцгээ «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ» хайрлаж явцгаая (Марк 12:30).