Skip to content

Гарчиг руу орох

Ехова бидэнд хайртай

Ехова бидэнд хайртай

«Ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!» (1 ИОХ. 3:1).

ДУУ: 51, 13

1. Элч Иохан юуг бодож үзэхийг уриалсан бэ? Яагаад?

ЭЛЧ Иохан Еховагийн агуу хайрыг гүн гүнзгий эргэцүүлэн бодохыг бидэнд уриалж «Ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!» хэмээн 1 Иохан 3:1-д бичжээ. Ехова биднийг хэр их хайрладаг, хайраа хэрхэн илэрхийлдгийг эргэцүүлэн боддог бол бид түүнтэй улам дотносож, улам их хайрладаг болно.

2. Бурхан өөрийг нь хайрладгийг зарим хүн яагаад хүлээн зөвшөөрч чаддаггүй вэ?

2 Зарим хүн Бурхны хайрыг ойлгодоггүй нь харамсалтай. Тэд Бурхныг хүмүүст санаа тавьдаггүй гэж боддог. Бурхан зөвхөн хууль тушаал гаргаж, дуулгаваргүй хүмүүсийг шийтгэдэг гэж ойлгодог. Худал хуурмаг сургаал номлолын балгаар зарим хүн Бурхныг харгис хэрцгий, айж зугтмаар нэгэн гэж үздэг. Нөгөө талаас, Бурхны хайр хязгааргүй учраас ямар ч нүгэл үйлдлээ гэсэн Бурхан хайрласаар л байдаг гэж итгэдэг хүмүүс бас бий. Харин та Библи судлаад Еховагийн тухай үнэнийг мэддэг болсон. Хайр бол Еховагийн хамгийн агуу сэтгэл бөгөөд тэр хайрандаа хөтлөгдөн таны төлөө Хүүгээ өгснийг мэдсэн (Иох. 3:16; 1 Иох. 4:8). Гэхдээ та амьдрал ахуй, өсөж хүмүүжсэн орчноосоо болоод Ехова таныг хэр их хайрладгийг ойлгодоггүй байж болох юм.

3. Бурхан биднийг хайрладгийг ойлгохын тулд юуны тухай бодох хэрэгтэй вэ?

3 Еховагийн хайрыг ойлгохын тулд юуны тухай бодох хэрэгтэй вэ? Бурхан ба хүн төрөлхтөн хоорондоо ямар холбоотойг бодоорой. Ехова бол Бүтээгч. Хүнд амь өгсөн (Дуулал 100:3–5-ыг уншина уу). Тийм болохоор Библид Адамыг «Бурханы хүү» гэсэн байдаг (Лук 3:38). Еховаг «Тэнгэрт байгаа бидний Эцэг минь» гэж дуудаж байхыг Есүс дагалдагчдадаа заажээ (Мат. 6:9). Бурхан амь өгсөн учраас бидний Эцэг юм. Ехова болон бидний хоорондох харьцааг аав хүү хоёрын харьцаатай зүйрлэж болно. Аав нь хүүхдээ яаж хайрладаг билээ, Ехова биднийг тэгж л хайрладаг.

4. а) Ехова хүмүүн эцгээс ямар ялгаатай вэ? б) Энэ болон дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

4 Аавууд бол төгс бус хүмүүс. Хэчнээн хичээлээ ч эцгийн хайрыг Ехова шиг илэрхийлж чадахгүй. Эцгийн хайрыг амсах нь бүү хэл хатуу нударга дор хүн болж, бага насны бараан дурсамжтай, сэтгэлийн гүн шархтай болсон хүмүүс ч бий. Ехова бол тийм Эцэг биш. Хүүхдүүдээ хэзээ ч тэгж зовоохгүй (Дуу. 27:10). Хэчнээн их хайртай, ямар их санаа тавьдгийг нь мэдвэл бид Ехова Эцэгтэйгээ улам дотносно (Иак. 4:8). Ехова биднийг хайрладгийн дөрвөн баталгааг энэ өгүүллээр үзье. Харин дараагийн өгүүллээр, бид Еховаг хайрладгаа ямар дөрвөн аргаар баталж болохыг ярилцъя.

ЕХОВА ХАЙР ХАЛАМЖТАЙ, ӨГӨӨМӨР СЭТГЭЛТЭЙ

5. Элч Паул афинчуудад Бурхны талаар юу ярьсан бэ?

5 Элч Паул Грекийн Афиныг бурхан шүтээнээр дүүрсэн хот болохыг анзаарч, хүмүүс нь бурхдадаа ихэд сүсэглэн, амь өгсөн гэж итгэдгийг ажиглаж мэджээ. Тийм учраас, тэдэнд «ертөнц хийгээд түүнд орших бүхнийг бүтээсэн» Бурхны тухай ярьж «Тэр Өөрөө амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг. ... Бид Түүний дотор амьдарч, хөдөлж, оршин тогтдог» хэмээсэн (Үйлс 17:24, 25, 28). Ехова бидэнд хайртай учраас амьдрахад хэрэг болох «хамаг юмсыг» өгдөг. Юу өгдгийг бодоод үзье.

6. Бидний амьдардаг дэлхий Бурхны хайрыг хэрхэн харуулдаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

6 Жишээ нь, «газар дэлхийг Тэрээр хүний хөвгүүдэд» орон гэр болгон өгсөн (Дуу. 115:15, 16). Эрдэмтэд дэлхийтэй төстэй гараг олохын тулд сансар судлалд их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг. Олон зуун гараг нээсэн ч хүн амьдрахад тохиромжтой дэлхий шиг гараг одоо хэр нь олж чадаагүй. Дэлхий бол Бурхны бүтээлүүд дотроос хосгүй бүтээл юм. Ехова Тэнгэрийн заадас болон бусад галактикт орших тоо томшгүй олон гаргийг бүтээсэн. Дэлхийг зүгээр нэг хүн орогнуулах газар болгож бүтээгээгүй. Харин хүмүүсийг жаргалтай амьдраасай гэсэндээ тохилог, үзэсгэлэнтэй, аюулгүй гэр орон болгон өгсөн! (Ис. 45:18). Ехова хүмүүс бидэнд ямар их хайртай вэ! (Иов 38:4, 7; Дуулал 8:3–5-ыг уншина уу).

7. Бурхан биднийг үнэхээр хайрладаг нь өөр юунаас харагддаг вэ?

7 Ехова биднийг сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдруулахын тулд сайхан гэр оронтой болгоод зогсохгүй өөр нэг зүйлийг өгсөн. Энэ бол Бурхны хайр халамжийг мэдэрч, хайрыг нь хайраар хариулах онцгой чадвар юм. Эцэг эхийнхээ хайр халамжийг мэдэрдэг хүүхэд жаргалтай, тайван байдаг шүү дээ (Эх. 1:27). Түүнээс гадна, Есүс: «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» гэж хэлсэн (Мат. 5:3, ШЕ). Ехова халамжтай Эцэг учраас «биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг» (1 Тим. 6:17; Дуу. 145:16).

ЕХОВА БИДЭНД ҮНЭНИЙГ ЗААЖ ӨГДӨГ

8. «Үнэний Бурхан» бидэнд хайртай гэхийн учир юу вэ?

8 Аавууд үр хүүхдэдээ хайртай учраас худал хуурмаг зүйлд итгэх вий хэмээн болгоомжилдог. Гэхдээ ихэнх хүн Бурхны тогтоосон зөв буруугийн хэм хэмжээг үл тоомсорлодгийн улмаас хүүхдээ зөв залж чиглүүлж чаддаггүй. Үүнээс болоод яахаа мэдэхгүй цөхөрдөг (Сур. 14:12). Харин Ехова «үнэний Бурхан» учир хүүхдүүдээ хамгийн зөв удирддаг (Дуу. 31:5). Тэрбээр хүүхэд биднийгээ хайрладаг бөгөөд үнэний гэрлийг тусгахлаараа баярладаг. Ялангуяа өөрийг нь хэрхэн шүтэхийг дуртайяа зааж өгдөг (Дуулал 43:3-ыг уншина уу). Тэгвэл Ехова юуны тухай үнэний гэрлийг тусгадаг вэ? Бидэнд үнэхээр хайртай нь эндээс хэрхэн харагддаг вэ?

Еховаг дуурайдаг христиан аавууд үр хүүхдэдээ үнэнийг зааж, тэнгэрийн Эцэгтэйгээ дотно болоход нь тусалдаг (8–10-р догол мөрийг үзнэ үү)

9, 10. а) Ехова өөрийнхөө тухай үнэнийг зааж өгсөн нь хайрын илрэл гэхийн учир юу вэ? б) Бидний талаар ямар санаа зорилготой вэ?

9 Юуны өмнө Ехова өөрийнхөө тухай үнэнийг зааж өгсөн. Нэрээ мэдүүлсэн. Бурхны нэр Библид хэний ч нэрээс хавьгүй олон удаа гардаг. Ехова ийнхүү бидэнд «ойртдог» (Иак. 4:8). Түүнчлэн ямар Бурхан гэдгээ, ямар зан чанартайгаа хэлдэг. Хүчтэй, мэргэн ухаантай нь бүтээлээс нь харагддаг. Шударга зан, дуусашгүй хайрыг нь Библиэс мэдэж болно (Ром 1:20). Хүчтэй, ухаантай төдийгүй шударга, халамжтай Эцэг гэдгийг нь ойлговол Еховатай ойртон дотносоход хялбар болно.

10 Ехова бас санаа зорилгоо бидэнд мэдүүлдэг. Бид бол Еховагийн гэр бүлийн гишүүд юм. Гэр бүлийнх нь гишүүн бүр эв найртай байхын тулд яах хэрэгтэйг Бурхан хэлж өгдөг. Хүн сайн мууг өөрөө шийдэх эрхгүйгээр, Бурхнаас хамааралтай байхаар бүтээгдсэн. Хэрэв үүнийг үл тоомсорловол гашуун үр дагавар амсахыг Библиэс мэдэж болно (Иер. 10:23). Хүнд юу хамгийн сайн болохыг Ехова мэддэг. Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн цагт л бид амар тайван, эв нэгдэлтэй байна. Ехова бидэнд ийм чухал зүйлийг мэдүүлсэн нь үнэхээр хайртайн шинж юм!

11. Ехова бидэнд хайртайгаа баталж юу амласан бэ?

11 Халамжтай эцэг үр хүүхдээ утга учиртай, сэтгэл хангалуун амьдраасай гэсэндээ ирээдүйнх нь талаар нухацтай боддог. Харамсалтай нь ихэнх хүн ирээдүйд юу болохыг мэддэггүй бөгөөд ямар ч ашиг тусгүй зүйлд амьдралаа үрэн таран хийдэг (Дуу. 90:10). Биднийг үнэн зүрхнээсээ хайрладаг тэнгэрийн Эцэг маань гайхалтай сайхан ирээдүй амласан. Тийм учраас бид утга учиртай, зорилготой амьдардаг.

ЕХОВА БИДНИЙГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛДЭГ

12. Ехова, Каин Барух хоёрт зөвлөгөө өгсөн нь хайрын илрэл гэхийн учир юу вэ?

12 «Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлаад байгаа юм бэ? Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? ... Чи [гэм нүглийг] дийлэх ёстой» (Эх. 4:6, 7). Ехова Каиныг тун осолтой замаар явж байгааг хараад ийнхүү цагийг нь олж анхааруулжээ. Гэвч Каин анхааруулгыг үл тоомсорлосон. Горыг нь ч амссан (Эх. 4:11–13). Иеремиагийн бичээч Барух эцэж тамирдан, сэтгэлээр унажээ. Яагаад ингэснийг нь ойлгуулахын тулд Ехова түүнд зөвлөгөө өгсөн. Барух зөвлөгөөг нь дагасны ачаар амь аврагджээ (Иер. 45:2–5).

13. Еховагийн үнэнч үйлчлэгчид хүнд бэрхийг амсаад юу сурдаг вэ?

13 «[Ехова] хайрладаг хүнээ сахилгажуулдаг юм. Тэр хүлээн авдаг хүү болгоноо ташуурддаг» гэж Паул бичжээ (Евр. 12:6). Гэхдээ сахилгажуулах гэдгийг зөвхөн шийтгэх гэж ойлгож болохгүй. Еховагаар заалгаад их зүйлийг сурсан үнэнч үйлчлэгчдийн тухай Библид бий. Жишээлбэл Иосеф Мосе Давид нар дааж давшгүй гэмээр бэрхшээл амссан. Тэр хүнд хэцүү үед сурсан зүйл нь илүү хариуцлагатай үүрэг гүйцэтгэхэд нь хэрэг болжээ. Ехова өөрийнхөө үйлчлэгчдийг хэцүү үед нь хэрхэн дэмжиж, сургаж байсныг Библиэс уншихлаар бидэнд үнэхээр хайртай нь харагддаг (Сургаалт үгс 3:11, 12-ыг уншина уу).

14. Ехова бидэнд сахилга батын арга хэмжээ авбал яах хэрэгтэй вэ?

14 Биднийг буруу юм хийсэн ч Ехова хайрласаар л байдаг. Сахилгажуулахад нь хүлээж аваад гэмшвэл «Тэр өгөөмрөөр уучилна» (Ис. 55:7). Энэ нь юу гэсэн үг вэ? Еховагийн өршөөнгүй сэтгэлийн талаар Давидын хэлсэн үгийг уншихлаар тэнгэрийн Эцэг маань хэчнээн энэрэнгүй болохыг ойлгоно. Давид: «Тэр чиний бүх гэм бурууг уучилж, чиний бүх өвчнийг илааршуулдаг. Тэр чиний амийг мөхлөөс аварч, чамд хайр энэрэл болон өршөөлийн титмийг өмсгөдөг. Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан» гэж бичжээ (Дуу. 103:3, 4, 12). Тиймээс Еховаг зөвлөгөө өгөхөд, тэр байтугай сахилга батын арга хэмжээ авахад дуусашгүй хайрынх нь илрэл гэж үзээд дор нь хүлээж авцгаая (Дуу. 30:5).

ЕХОВА БИДНИЙГ ХАМГААЛДАГ

15. Ард түмэн нь Еховад үнэтэйг юунаас харж болох вэ?

15 Халамжтай эцэг хүний хамгийн түрүүнд хийдэг зүйлийн нэг нь гэр бүлээ аюул осол, хор хөнөөлтэй бүхнээс хамгаалах юм. Тэнгэрийн Эцэг Ехова бас адилхан. Еховагийн талаар дуулалч: «Өөрийн бурханлаг хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ... Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг» хэмээн бичжээ (Дуу. 97:10). Жишээ авъя. Нүд их чухал эрхтэн. Тийм болохоор хүн нүдээ хайрлаж хамгаалдаг. Ехова ч бас үйлчлэгчдээ үнэ цэнэтэй гэж үздэг учраас аюулаас хамгаалдаг (Зехариа 2:8-ыг уншина уу).

16, 17. Ехова орчин үеийн ард түмнээ хэрхэн аварч, хамгаалдаг вэ?

16 Ехова үйлчлэгчдээ тэнгэр элчүүдээрээ бас хамгаалуулдаг (Дуу. 91:11). Нэг тэнгэр элч Иерусалимыг ассиричуудаас хамгаалж, ганцхан шөнийн дотор 185 000 цэргийг хиар цохижээ (Х.дэд 19:35). Элч Петр Паул нарын христиануудыг тэнгэр элч шоронгоос гайхамшгаар гаргасан (Үйлс 5:18–20; 12:6–11). Еховагийн мутар богино биш гэдэг нь орчин үед ч тодорхой харагддаг. Хэдэн жилийн өмнө Африкийн нэг оронд шашин, улс төрийн хооронд мөргөлдөөн болжээ. Зөрчил тэмцэл, дээрэм тонуул, хүчин, аллагаас болж тус улсад эмх замбараагүй байдал үүсжээ. Тэндхийн итгэл нэгтнүүдийн маань дотор амиа алдсан хүн байгаагүй ч эд хөрөнгө гээд амьжиргаанд хэрэгтэй бүхнээ алдсан хүн олон байв. Байгууллагын төвөөс ирсэн төлөөлөгч яажшуу амьдарч байгааг нь асуухад хүн болгон нүүр дүүрэн инээмсэглээд «Еховагийн ивээлээр бүх юм сайн байгаа!» гэж хариулжээ. Тэд бүгдээрээ Еховагийн хайр халамжийг мэдэрсэн байна.

17 Эсэргүүцэгчид Бурхны үнэнч үйлчлэгчдийн амийг хөнөөсөн тохиолдол байдаг. Тухайлбал Есүсийн шавь Стефан үнэнч байсныхаа төлөө амиа алдсан. Гэхдээ Ехова ард түмнээ бөөнөөр нь устгуулахгүйн тулд Сатаны заль мэхнээс цагийг нь олж сэрэмжлүүлдэг (Еф. 6:10–12). Тийм сэрэмжлүүлгийг Библи болон Еховагийн байгууллагын ном хэвлэлээс уншиж болно. Тухайлбал эд баялгийн хойноос хөөцөлдөх, ёс журамгүй явдал болон хүчирхийллийг дэвэргэсэн зугаа цэнгэлд дурлах, интернет буруу хэрэглэх зэрэг нь ямар аюултайг бид мэдэж авдаг. Ехова халамжтай эцгийн нэгэн адилаар ард түмнийхээ аюулгүй байдал, сайн сайхныг боддог нь тодорхой.

АГУУ ЗАВШААН

18. Ехова танд хайртайг та хэрхэн мэдэрдэг вэ?

18 Ехова биднийг хайрладгийн цөөн хэдэн баталгааг авч үзээд Мосед төрсөн шиг сэтгэгдэл танд төрсөн нь эргэлзээгүй. Мосе Еховад үйлчилсэн он жилүүдээ эргэцүүлэн бодоод «Биднийг баясгалантайгаар дуулж, насан туршид баярлан байхын тулд өглөөд биднийг Өөрийн хайр энэрлээр хангаач» хэмээн хэлжээ (Дуу. 90:14). Еховагийн хайрыг ойлгож мэдрэх нь бидэнд олдож болох агуу завшаан, их ивээл юм. Та ч бас элч Иоханы адилаар «Ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач!» гэж дуу алддаг биз ээ (1 Иох. 3:1).