Skip to content

Гарчиг руу орох

«Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг»

«Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг»

«Сонин огт уншдаггүй хүн тэнэг, сонингоос уншсан зүйлдээ итгэдэг хүн адгийн тэнэг». —Август фон Шлөцер, Германы түүхч, нийтлэлч (1735–1809).

ОДООГООС 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан хүмүүс сонин дээр бичсэн зүйлд тэр болгон итгэдэггүй байжээ. Тэгвэл өнөөдөр интернетээр гарч буй мэдээлэлд бүр ч итгэх аргагүй. Орчин үеийн дэвшилтэт технологийн үрээр асар их мэдээлэл олж авах боломж бүрджээ. Үнэн зөв, ашиг тустай, хал балгүй мэдээлэл их байхад худал хуурмаг, ашиг тусгүй, хор уршигтай мэдээлэл ч их байна. Тиймд анхаарал болгоомжтой байж, унших зүйлээ сайн сонгох шаардлагатай. Интернет хэрэглэж эхлээд удаагүй хүмүүс хачирхалтай юм уу дуулиантай мэдээ уншихлаараа онлайнаар гарсан учраас эсвэл найзаас ирсэн учраас үнэн гэж бодож мэдэх юм. Гэвч «Гэнэн хүн юм бүгдэд итгэдэг. Харин хэрсүү хүн өөрийн алхмууддаа хянамгай ханддаг» гэсэн анхааруулга Библид бий (Сур. 14:15).

Компьютерын дэлгэцээр гарч буй худал хуурмаг яриа, үлгэр домог, заль мэхийг ялгаж таньдаг «хэрсүү» хүн болохын тулд яах вэ? Юуны өмнө «Энэ мэдээ албан ёсны, найдвартай вэбсайтынх уу эсвэл хувь хүний блог юм уу үл мэдэгдэх эх сурвалжийнх уу? Найдвартай вэбсайтуудад энэ мэдээллийг хуурамч гэж зарласан юм биш биз?» гэсэн асуултыг бодож үзээрэй. * Дараа нь «сайн мууг ялгах» чадвараа ашиглаарай (Евр. 5:14). Тухайн мэдээ танд үнэмшилгүй санагдсан бол итгэх хэрэггүй. Бусдын нэр төрд халдсан мэдээлэл уншвал дараах зүйлийг бодоорой. «Энэ мэдээ тарвал хэнд ашигтай вэ? Яагаад тараах болов?».

ТА ИНТЕРНЕТЭЭР МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЗУРШИЛТАЙ ЮУ?

Зарим хүн тухайн мэдээллийн үнэн худлыг шалгалгүй, дараа нь юу болохыг ч бодолгүй таньж мэддэг бүх хүндээ дамжуулчихдаг (2 Сам. 13:28–33). Харин «хэрсүү» хүн тэгдэггүй. Энэ мэдээг бусдад тараах юм уу дамжуулбал ямар уршиг тарих бол, хувь хүн, байгууллагын нэр хүндэд муугаар нөлөөлөх үү гэдгийг бодно.

Мэдээ мэдээллийг шалгахад цаг зав, хүч хөдөлмөр шаардагддаг болохоор зарим хүн шалгалгүй дамжуулчихдаг. Тэр хүмүүс өөрсдөө шалгана биз гэж боддог. Гэтэл тэдэнд ч бас цаг их үнэтэй шүү дээ (Еф. 5:15, 16). Тиймээс эргэлзээтэй санагдаж байгаа мэдээг дамжуулахын оронд «Баталгаатай биш юм чинь илгээхээ больё» гэж бодсон нь дээр.

Өөрөөсөө ингэж асуугаарай. «Би хүнээс ирсэн мейлийг бусдад дамжуулах зуршилтай юу? Буруу эсвэл худал мэдээлэл дамжуулсандаа уучлалт гуйх хэрэг гарч байсан уу? Мейл дамжуулахаа боль гэж хэн нэг нь надад хэлж байсан уу?». Мейлээр харилцдаг найзууд тань ч бас интернет хэрэглэдэг, тэд таны тусламжгүйгээр сонирхолтой мэдээ олж уншиж чадна гэдгийг бүү мартаарай. Хөгжилтэй явдал, видео, зургаар тэднийг булах хэрэггүй. Библид үндэслэсэн илтгэлийн бичлэг, тэмдэглэл дамжуулах нь ч ухаалаг хэрэг биш. Тэгээд ч хүн өөрөө бие даан судалж, хэрэгтэй Библийн зүйлүүдээ олж аван, цуглаан дээр өгөх хариултаа бэлдвэл таны илгээсэн материалыг уншсанаас илүүгээр ач тус хүртэнэ.

Энэ мейлийг өөр хүн рүү дамжуулах хэрэг байна уу?

Хэрэв интернетээс Еховагийн байгууллагыг гүтгэж гүжирдсэн мэдээ олж харвал яах хэрэгтэй вэ? Тийм материалыг бүү сонирхоорой. Итгэх ч хэрэггүй. Бусдад мэдүүлж, тэдний саналыг асуух нь мунхаг хэрэг. Үнэндээ бол аюултай мэдээллийг түгээн дэлгэрүүлж байна гэсэн үг. Интернетээр үзсэн зүйл таны санааг зовоогоод байвал Еховагаас мэргэн ухаан гуйж, ахлагчидтай ярилцаарай (Иак. 1:5, 6; Иуда 22, 23). Есүс ч бас хүмүүст гүтгүүлж, муу хэлүүлж байсан. Дагалдагчдыг нь дайснууд хавчиж хяхна, «хуурамчаар [тэдний] эсрэг зүсэн бүрийн хорон мууг ярина» хэмээн анхааруулж байсан (Мат. 5:11; 11:19; Иох. 10:19–21). «Гажсан зүйлсийг яригч хүнийг» болон «замаасаа эргэж буцдаг» мэхлэгчдийг ялгаж танихын тулд «хэрсүү» байж, «ухаан» зарах хэрэгтэй (Сур. 2:10–16).

БУСДЫН ЭРХ АШГИЙГ БОД

Түүнчлэн итгэл нэгтнүүдийнхээ тухай сониныг, тэдний ярьсан түүх намтрыг бусдад хэлж ярихдаа болгоомжтой байх учиртай. Үнэн зөв байлаа ч тараах шаардлагагүй мэдээлэл гэж байдаг. Тараавал зөв биш бөгөөд бусдыгаа хайрлаагүйн шинж болно (Мат. 7:12). Жишээлбэл хэн нэгний тухай таагүй мэдээг мейлээр дамжуулбал хэний ч сэтгэлийг сэргээхгүй. Бас хүнийг хайрлахгүй байна гэсэн үг (2 Тес. 3:11; 1 Тим. 5:13). Зарим мэдээ тухайн үед нууц байдаг бөгөөд дараа нь олны сонорт хүргэх зорилготой байж болох шүү дээ. Тиймээс бусдын эрх ашгийг бодоорой. Цагаас нь өмнө хүмүүст тараачихвал хор болж мэднэ.

Өнөөдөр үнэн худал, ашигтай ашиггүй, аюултай аюулгүй ямар ч мэдээг нүд ирмэхийн зуур тараах боломжтой болжээ. Та нэг л хүнд мейл, мессеж явуулахад тэр хүн хэдхэн секундын дотор дэлхий даяар тарааж чадна. Тийм учраас, мэддэг бүх хүндээ яаран мэдээлэл дамжуулахын оронд биеэ бариарай. Дуулиантай мэдээ уншвал яаж бусдыг хайрлаж болохыг бодоорой. Хайр «бүгдэд итгэдэг» гэдэг ч энэ нь гэнэн байгаарай, бүх юмыг шууд хүлээж аваарай гэсэн үг биш ээ. Ялангуяа, Еховагийн байгууллагыг, итгэл нэгтнүүдийг маань дайрсан, гүтгэсэн мэдээ байвал хэзээ ч бүү итгээрэй. Худал хуурмагийг тараадаг хүмүүс «худал хуурмагийн эцэг» Сатан Диаволыг баярлуулдаг (Иох. 8:44; 1 Кор. 13:7). Өдрөөс өдөрт нэмэгдэж буй асар их мэдээллийг хэрхэн ашиглах талаар сайтар нягталж бодон хэрсүү байцгаая. Библид «Гэнэн нэгэн мунхаг явдлыг өвлөдөг бол хэрсүү нэгэн мэдлэгээр шагнагдана» гэж байдаг (Сур. 14:18).

^ д/м 4 Зарим мэдээлэл хуурамч гэдэг нь аль хэдийн батлагдсан атлаа үе үе цацагддаг тул болгоомжтой байгаарай. Илүү үнэмшилтэй болгохын тулд бага зэрэг засаж өөрчилсөн байх нь бий.