Skip to content

Гарчиг руу орох

Та Бурхны мутрыг олж хардаг уу?

Та Бурхны мутрыг олж хардаг уу?

«ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ» (ИС. 66:14).

ДУУ: 32, 26

1, 2. Бурхны талаар ямар үзэл бодолтой хүмүүс байдаг вэ?

ХҮМҮҮСИЙН юу хийж, яаж явааг Бурхан ерөөсөө анхаардаггүй, санаа тавьдаггүй гэж олон хүн үздэг. Бидэнд тохиолдоод байгаа зовлонг Бурхан хайхардаг ч үгүй гэж тэд боддог. Жишээ нь, 2013 оны 11 дүгээр сард Хайяан хэмээх хар салхи Филиппиний төв хэсгийг дайрч асар их хохирол учруулжээ. Үүний дараа нэгэн хотын захирагч: «Бурхан уг нь хаа нэгтээ баймаар сан» гэж хэлжээ.

2 Юу хийж байгааг нь Бурхан огт хардаггүй юм шиг загнадаг хүмүүс бас бий (Ис. 26:10, 11; 3 Иох. 11). Элч Паул тийм хүмүүсийн талаар «Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан» гэж бичсэн байдаг. «Тэд бүхий л зөвт бус байдал, хорон муу, шунал, бузар булайгаар дүүрэн» ажээ (Ром 1:28, 29).

3. а) Өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? б) Библид юуг Бурхны «мутар» гэдэг вэ?

3 Та дээр дурдсан хүмүүсээс өөр бодолтой явдаг биз ээ. Юу хийж байгааг тань Бурхан нэг бүрчлэн ажиглаж байдгийг мэддэг байх. Тэгвэл таныг анхаарч сонирхож байдгийг нь ойлгодог уу? Тусламжийн гараа сунгадгийг нь анзаардаг уу? Есүс зарим хүний тухай хэлэхдээ «Тэд Бурханыг харах болно» гэсэн. Та тэдний нэг мөн үү? (Мат. 5:8). Бурхныг харах гэж ямар утгатайг мэдэхийн тулд эхлээд, Бурхны мутрыг олж харсан хүмүүсийн болон харахыг хүсээгүй хүмүүсийн жишээг Библиэс үзье. Дараа нь Еховагийн мутрыг итгэлийн нүдээр хэрхэн тод харж сурах талаар ярилцъя. Бурхны «мутар» гэж юу вэ? Еховагийн ариун сүнс буюу үйлдэх хүчийг хэлдэг. Бурхан энэ хүчээрээ үйлчлэгчдэдээ тусалж, энэ хүчээрээ дайснуудаа дардаг (Дэд хууль 26:8-ыг уншина уу).

БУРХНЫ МУТРЫГ ОЛЖ ХАРААГҮЙ ХҮМҮҮС

4. Израилийн дайснууд Бурхны мутрыг олж хараагүй нь юунаас харагддаг вэ?

4 Эрт үед Бурхан Израилийн төлөө юу хийж байсныг үзэх, сонсох боломж олон хүнд олджээ. Ехова ард түмнээ Египетээс гайхамшгаар чөлөөлж, дараа нь Канаан нутгийн хаадыг дарахад нь тусалсан (Иош. 9:3, 9, 10). Иорданы баруун этгээд дэх бараг бүх хаан үүнийг үзэж, сонссон атлаа «Иошуа болон Израилийн эсрэг дайтахаар ... хамтдаа цугласан» (Иош. 9:1, 2). Тэд израильчуудтай тулалдаж байхдаа ч Бурхны мутрыг харах бүрэн боломжтой байв. «Ард олон дайснаасаа өшөөгөө автал нар гийгүүлж, сар мэлтийн тогтсон» нь Ехова мутраа сунгасны илрэл байлаа (Иош. 10:13). Гэвч дайснууд зөрүүдлэн зүтгэж, Израильтай дайтахаар хүрч иржээ (Иош. 11:20). Тэд Бурхныг ард түмнийхээ төлөө тулалдаж байгааг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас ялагдсан.

5. Ахаб хаан яахыг хүсээгүй вэ?

5 Бурхны мутрыг олж харах боломж хорон санаат Ахаб хаанд нэг бус удаа олджээ. Нэг өдөр зөнч Елиа түүнд «Намайг тушаахаас нааш ... бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй» гэв (Х.дээд 17:1). Энэ бол Еховагийн үг гэдэг нь илт байлаа. Гэвч Ахаб итгэхийг хүсээгүй. Нэгэн удаа Ехова Елиагийн залбиралд хариулж тэнгэрээс гал илгээдэг. Ахаб үүнийг нүдээрээ үзжээ. Бас нэг удаа Елиа Ахабт «Аадар бороонд саатахгүйн тулд тэргээ бэлтгэн явагтун» гэсэн. Ехова бороо оруулж ган тайлах гэж байгааг ийнхүү сануулсан (Х.дээд 18:22–45). Ахаб энэ бүхнийг үзсэн хэр нь Бурхны хүчирхэг мутрыг олж хараагүй. Энэ болон өмнөх жишээнүүдээс нэг чухал зүйлийг мэдэж болно. Бид Еховагийн мутрыг олж хардаг байх ёстой ажээ.

ЕХОВАГИЙН МУТРЫГ ОЛЖ ХАРСАН ХҮМҮҮС

6, 7. Гибеончууд болон Рахаб юуг олж харсан бэ?

6 Гибеончууд эргэн тойрныхоо үндэстнүүдээс өөр хүмүүс байлаа. Тэд Бурхны мутрыг олж харжээ. Бусад үндэстэнтэй нийлж Израильтай дайталгүй, харин ч бүр, энхийн гэрээ байгуулсан. Яагаад? «Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас ... зарц нар болох бид ... ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов» гэсэн байдаг (Иош. 9:3, 9, 10). Израилийн төлөө жинхэнэ Бурхан тулалдаж байгааг хүлээн зөвшөөрсөн нь тун ухаалаг хэрэг байлаа.

7 Бурхны мутрыг олж харсан хүмүүсийн нэг нь Рахаб юм. Ехова ард түмнээ хэрхэн аварсныг тэрбээр дуулж мэдсэн учраас Израилийн хоёр туршуулыг ирэхэд «ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг ... би мэдэж байна» гэж хэлсэн. Ехова өөрийг нь гэр бүлийнхэнтэй нь хамт аварна гэдэгт итгэж байлаа. Туйлын аюултай байдалд байсан ч итгэлээ ийнхүү илэрхийлсэн юм (Иош. 2:9–13; 4:23, 24).

8. Зарим израильчууд Бурхны мутрыг хэрхэн олж харсан бэ?

8 Тэнгэрээс гал буун ирэхийг Ахаб харсан хэр нь Елиагийн залбиралд Бурхан хариулж байгааг хүлээн зөвшөөрөөгүй. Харин үүнийг ойлгож, хүлээн зөвшөөрсөн хүмүүс израильчуудын дунд байсан. Еховагаас ирсэн гал тахилын ширээн дээрх тахилыг шатаахыг тэд хараад «ЭЗЭН л Бурхан мөн» гэж хашхиралджээ (Х.дээд 18:39). Тэд Бурхны мутрыг олж харсан нь тодорхой.

9. Еховаг болон Еховагийн мутрыг олж харах гэж юу гэсэн үг вэ?

9 Бурхныг харах, Бурхны мутрыг олж харах гэж юу гэсэн үг болохыг ойлгоход дээр үзсэн сайн, муу жишээнүүд тустай. Бурхантай дотносох тусам зан чанар, үйл хэргийг нь сайн мэддэг болно. Энэ нь Бурхны мутрыг «зүрхний[хээ] мэлмийгээр» харж буй хэрэг юм (Еф. 1:18). Улмаар Ехова ард түмэндээ хэрхэн тусалдгийг харсан эртний болон орчин үеийн үнэнч хүмүүсийг дуурайх хүсэл төрнө. Тэгвэл Бурхан өнөөдөр хүмүүст тусалж байгаагийн баталгаа бий юү?

БУРХНЫ МУТАР ӨНӨӨДӨР

10. Ехова өнөөдөр хүмүүст тусалж байгааг харуулах нотолгоо хэлнэ үү (Өгүүллийн эхний зургийг үзнэ үү).

10 Ехова өнөөдөр ч хүмүүст тусалсаар байгаагийн нотолгоо хангалттай бий. Бурхнаас тусламж гуйгаад залбирлынхаа хариуг авсан хүмүүсийн яриаг бид байнга сонсдог (Дуу. 53:2). Филиппиний нэг жижиг аралд Гэрч эрэгтэй айлаар дэлгэрүүлж яваад нэг эмэгтэйтэй тааралджээ. Тэр эмэгтэй баярлаад уйлсан байна. Өглөө нь Еховад залбирч Гэрчүүдээ явуулж өгөхийг гуйсан аж. Өсвөр настай байхдаа Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж байсан ч хүнтэй сууж өөр арал руу нүүгээд холбоо тасарчээ. Бурхан залбиралд нь ийм хурдан хариулсанд бүсгүйн сэтгэл хөдөлсөн нь илт байлаа. Ингээд жилийн дотор Еховад өөрийгөө зориулжээ.

Ехова өнөөдөр ард түмэндээ тусалж байгаагийн нотолгоог та олж хардаг уу? (11–13-р догол мөрийг үзнэ үү)

11, 12. а) Ехова үйлчлэгчдэдээ яаж тусалдаг вэ? б) Ехова нэг үйлчлэгчдээ хэрхэн тусалсныг ярина уу.

11 Тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх, порно үзэх зэрэг зуршлаасаа Еховагийн ачаар салснаа ойлгодог хүн үйлчлэгчдийнх нь дунд олон байдаг. Тэд хорт зуршлаа хаях гэж өөрийнхөө хүчээр олон удаа хичээсэн ч амжилт олоогүй ажээ. Харин «хүч өгөгч» Еховагийн тусламжаар дутагдлаа ялан дийлж чадсан гэдэг (Флп. 4:13; Дуу. 37:23, 24).

12 Ехова бас өөрийнхөө үйлчлэгчдэд бэрхшээл зовлонгоо давахад нь тусалдаг. Эми гэдэг эмэгтэйг жишээ болгон авъя. Тэрбээр Номхон далайн нэг жижиг аралд Хаанчлалын танхим, миссионерын байр барихаар томилогдож очжээ. Эми: «Бид нэг жижиг зочид буудалд байрлалаа. Өдөр бүр ажилдаа очихын тулд үерт автсан гудамжаар явдаг байв» гэж ярьсан юм. Бас тэндхийн соёл нь өөр, ус цахилгаан байнга тасарна. Тэрбээр цааш нь «Ядаж байхад, нэг удаа би хамт ажилладаг эгчид муухай ааш гаргачихав. Үүндээ сэтгэл өвдөөд хэцүү байсан. Орой нь зочид буудлынхаа таг харанхуй өрөөнд Еховад хамаг зовлонгоо яриад тусламж гуйсан» гэв. Тог ирсний дараа «Харуулын цамхаг» сэтгүүл аваад үзтэл Гилеад сургуулийн төгсөлтийн тухай өгүүлэл байв. Өөр соёлд дасахгүй байх, гэрээ санах, шинэ хүмүүсийн дунд байх гээд яг өөрт нь тохиолдоод байгаа бүх бэрхшээлийг тэнд бичсэн байлаа. Эми: «Тэр орой Ехова надтай ярьж байх шиг санагдсан. Тэгээд би ажлаа үргэлжлүүлэх урам зоригтой болсон» гэлээ (Дуу. 44:25, 26; Ис. 41:10, 13).

13. Сайн мэдээг шүүхийн тавцанд «батлан хамгаалахад» нь Ехова үйлчлэгчдэдээ тусалдгийн баталгаа юу вэ?

13 Гэрчүүд сайн мэдээг шүүхийн тавцанд «батлан хамгаалж» чаддаг нь Ехова хүчирхэг мутраараа тусалдгийн нэг баталгаа юм (Флп. 1:7). Зарим улсын засгийн газар Бурхны ард түмний ажлыг бүрмөсөн зогсоохыг оролддог. Гэхдээ түүх сөхвөл дээд шүүхээр хамгийн багадаа 268 хэрэг манай талд ашигтайгаар шийдэгджээ. Үүний 24 нь 2000 оноос хойш Европын Хүний Эрхийн Шүүхийн тавцанд байгуулсан ялалт юм. Бурхны мутрыг хэн ч хорьж чадахгүйг энэ явдал тодорхой харуулж байна (Ис. 54:17; Исаиа 59:1-ийг уншина уу).

14. Бурхан ард түмэнтэйгээ хамт байгааг өөр юу баталдаг вэ?

14 Сайн мэдээ дэлхий даяар түгж байгаа нь Бурхан мутраа сунгадгийн бас нэг илрэл юм (Мат. 24:14; Үйлс 1:8). Түүнчлэн үйлчлэгчид нь олон үндэстнээс бүрддэг атлаа эв нэгдэлтэй байдаг нь энэ ертөнц дээрх гайхамшиг билээ. Еховаг шүтдэггүй хүмүүс хүртэл «Бурхан үнэхээр та нарын дунд байна» гэж хэлдэг (1 Кор. 14:25). Бурхан ард түмэнтэйгээ хамт байдгийг батлах өдий төдий баталгаа байна (Исаиа 66:14-ийг уншина уу). Тэгвэл таны тухайд юу хэлэх вэ? Та Еховагийн мутрыг олж хардаг уу?

ТА ЕХОВАГИЙН МУТРЫГ ОЛЖ ХАРДАГ УУ?

15. Заримдаа хүн Еховагийн мутрыг тод харж чаддаггүйн учир юу вэ?

15 Бид заримдаа юунаас болоод Бурхны мутрыг олж харж чаддаггүй вэ? Амьдралд бэрхшээл тохиолдоход сэтгэлийн дарамтад ороод, Еховагаас олон удаа тусламж авч байснаа мартаж мэдэх юм. Зөнч Елиа хүртэл Иезебел хатны сүрдүүлгээс айсандаа Ехова өөрт нь хэрхэн тусалж байсныг хэсэгхэн зуур мартсан. Елиагийн талаар Библид «Тэрээр үхэхийг хүсэмжилсэн» гэж бичжээ (Х.дээд 19:1–4). Елиа Еховад хандаж тусламж гуйсан бол айдсаа ялах байлаа (Х.дээд 19:14–18).

16. Бэрхшээл тулгарсан үед Бурхныг олж харахын тулд яах хэрэгтэй вэ?

16 Иов зовлонгоо хэтэрхий их анхаарснаас болоод Бурхныхтай адилхан үзэл бодолтой байж чадаагүй (Иов 42:3–6). Бид бас бэрхшээл тулгарсан үед Бурхныг олж харахаа мартаж мэдэх юм. Ингэхгүйн тулд яах вэ? Одоо тулгараад буй бэрхшээлийн талаар Библид юу гэж байдгийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Хэрхэн тусалж дэмжиж байгааг нь мэдэх тусам Ехова улам бодитой санагдана. Тэгээд Иовын адилаар «Би Таны тухай чихээрээ сонслоо. Харин одоо миний нүд Таныг хардаг» гэж хэлнэ.

Бурхныг олж харахад нь та бусдад тусалдаг уу? (17, 18-р догол мөрийг үзнэ үү)

17, 18. а) Ехова тусламжийн гараа тан руу сунгасныг харуулах ямар жишээ байна вэ? б) Бурхан үйлчлэгчдэдээ тусалдгийг харуулах жишээ хэлнэ үү.

17 Ехова тусламжийн мутраа тан руу сунгасныг харуулах ямар жишээ байна вэ? Хэдийг дурдъя. Та үнэнийг олсныгоо Еховагийн ач гэж боддог уу? Цуглаанд суугаад илтгэл сонсож байхдаа «Яг надад хэрэгтэй юм ярьж байна» гэж дуу алдсан удаа бий юү? Эсвэл залбирлынхаа хариуг авч байсан уу? Үйлчлэлээ өргөжүүлье гэсэн зорилгодоо хүрэхэд тань Ехова тусалсан уу? Таныг цуглаан, дэлгэрүүлэх ажил зэргийг түлхүү анхаарах гэж ажлаасаа гарахад Ехова «Би чамайг хэзээ ч мартахгүй» гэсэн амлалтаа биелүүлсэн үү? (Евр. 13:5). Хэрэв та сүнслэгээр сэргэг байвал Ехова янз бүрээр тусалдгийг олж харна.

18 Кени улсад амьдардаг Сара өөртөө тохиолдсон явдлыг ийн ярьсан юм. «Нэг суралцагч маань Библийн хичээлдээ тийм ч дуртай биш юм шиг санагдсан болохоор би Еховад залбирч хичээлээ болих эсэхээ асуулаа. Намайг “Амен” гэж дөнгөж хэлтэл утас дуугарав. Нөгөө суралцагч маань цуглаанд хамт явъя гэдэг юм байна! Ямар их гайхсан гээч!». Сонор соргог байвал та бас Бурхны мутрыг олж харна. Азид амьдардаг Рона: «Еховагийн мутрыг олж харахад жаахан туршлага хэрэгтэй. Гэхдээ нэг л олж хараад сурчихвал Ехова таныг ямар их анхаарч сонирхож байдгийг мэдээд та үнэхээр гайхна!» гэжээ.

19. Бурхныг хардаг байхын тулд өөр яах ёстой вэ?

19 Есүс: «Зүрхэн дотроо цэвэр ариун байгч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд Бурханыг харах болно» гэсэн (Мат. 5:8). «Зүрхэн дотроо цэвэр ариун» байна гэж яахыг хэлдэг вэ? Бодол санаагаа цэвэр ариун байлгаж, буруу юм хийхээ болино гэсэн үг (2 Коринт 4:2-ыг уншина уу). Бурхныг хардаг байхын тулд сүнслэгээр хүчтэй байж, биеэ зөв авч явах ёстойг энэ өгүүллээр үзлээ. Дараагийн өгүүллээр, Еховагийн мутрыг илүү тод харахад итгэл ямар үүрэгтэйг ярилцъя.