Skip to content

Гарчиг руу орох

Ехова бидэнтэй ярихыг хүсдэг

Ехова бидэнтэй ярихыг хүсдэг

«Сонсоорой одоо, би ярья» (ИОВ 42:4).

ДУУ: 2, 37

1-3. а) Бурхны бодол санаа, хэл аялгуу хүмүүсийнхээс тэс өөр гэдэг нь юунаас харагддаг вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 ЕХОВА хэн нэгэнд амьдрал бэлэглэж, аз жаргалаа хуваалцахыг хүсжээ. Тийм учраас тэнгэрийн элчүүдийг, хожим нь хүмүүсийг бүтээсэн (Дуу. 36:9). Бурхны анхны бүтээл нь «Үг» гэж элч Иохан бичжээ (Иох. 1:1; Илч. 3:14). Ехова Бурхан юу бодож, ямар сэтгэлтэй байгаагаа энэ ууган Хүүдээ хэлдэг байв (Иох. 1:14, 17; Кол. 1:15). Тэнгэрийн элчүүд бас санал бодлоо хуваалцдаг бөгөөд хүнийхээс өөр хэлээр ярьдаг талаар элч Паул бичсэн байдаг (1 Кор. 13:1).

2 Ехова тэнгэр, газар дээрх оюун ухаант олон тэрбум бүтээлээ нэгбүрчлэн мэддэг. Сая сая хүний залбирлыг нэгэн зэрэг сонсож чаддаг бөгөөд ямар ч хэлээр ойлгодог. Бүх хүний залбирлыг сонсохын зэрэгцээ тэнгэрийн элчүүддээ заавар өгч, санал бодлоо хуваалцдаг. Үүнээс үзвэл Еховагийн бодох, ярих, санал бодлоо хуваалцах нь хүмүүсийнхээс тэс өөр байж таарна (Исаиа 55:8, 9-ийг уншина уу). Тэгэхлээр Ехова юу бодож санаж байгаагаа хүмүүст хэлэхдээ тэдэнд ойлгомжтой, энгийн үгээр ярьдаг гэсэн үг.

3 Бүхнээс мэргэн ухаантай Бурхан маань хүмүүст үгээ энгийн, ойлгомжтой хэлэхийн тулд юу хийснийг энэ өгүүллээр үзнэ. Түүнчлэн хүмүүстэй ярихдаа тухайн нөхцөл байдалд хэрхэн тохируулдгийг ярилцъя.

БУРХАН ХҮМҮҮСТЭЙ САНАЛ БОДЛОО ХУВААЛЦДАГ

4. а) Ехова, Мосе Самуел Давид нартай ямар хэлээр ярьдаг байсан бэ? б) Библид юуны тухай байдаг вэ?

4 Ехова Еден цэцэрлэгт Адамтай хүний хэлээр ярьжээ. Энэ нь эртний еврей хэл байсан бололтой. Хожим нь Мосе Самуел Давид нарт юу бодож байгаагаа еврейгээр хэлэхэд нь тэд өөрийнхөө үгээр найруулан бичжээ. Түүнчлэн Ехова ард түмэнтэйгээ хэрхэн харьцаж байсныг, ард түмэн нь Еховад хэрхэн итгэж, хайраа илэрхийлж байсныг тэмдэглэн үлдээсэн. Ямар алдаа гаргасан, хэрхэн итгэл эвдсэнийг ч бичжээ. Энэ бүхэн бидэнд хэрэг болдог (Ром 15:4).

5. Ехова зөвхөн еврейгээр ярихыг ард түмнээсээ шаарддаг байсан уу? Тайлбарлана уу.

5 Бурхан үйлчлэгчдэдээ зөвхөн еврейгээр ярь гэсэн хатуу шаардлага тавьдаггүй байсан. Израильчууд Вавилонд олзлогдсоныхоо дараа арамей хэлээр ярьдаг болжээ. Тийм учраас Ехова өөрийн зөнч Даниел, Иеремиа, тахилч Езра нарыг ариун сүнсээрээ удирдан Библийн зарим номыг арамей хэлээр бичүүлсэн байж болох юм. a

6. Еврей Судрыг яагаад грекээр орчуулсан бэ?

6 Хожим нь Их Александр дэлхийн талыг эзлэн авснаар энгийн ардын буюу кини грек хэл олон улсын хэл болжээ. Иудейчүүдийн дунд энэ хэлээр ярьдаг хүн олон байсан учир Еврей Судрыг грекээр орчуулсан байна. Уг орчуулгыг «Септуагинт» гэж нэрлэдэг бөгөөд Библийн хамгийн анхны, хамгийн үнэ цэнтэйд тооцогддог орчуулга байжээ. Орчуулах ажилд 72 орчуулагч оролцсон гэж үздэг. b Тэдний зарим нь махчлан орчуулсан байхад, зарим нь илүү чөлөөтэй орчуулжээ. Гэлээ ч грек хэлт иудейчүүд болон Христийн дагалдагчид Септуагинт орчуулгыг Бурхны Үг гэж үздэг байв.

7. Есүс шавь нартаа ямар хэлээр сургаал айлддаг байсан бэ?

7 Бурхны Ууган Хүү дэлхий дээр байхдаа еврейгээр ярьдаг байсан бололтой (Иох. 19:20; 20:16; Үйлс 26:14). Нэгдүгээр зууны еврей хэлэнд арамей хэлний нөлөө их байсан байж болох юм. Тийм учраас, Есүс заримдаа арамей үг хэллэг хэрэглэдэг байсан байх. Бас синагогт долоо хоног бүр Мосе нарын зөнчдийн бичсэн номуудыг уншдаг байсан болохоор эртний еврей хэлийг мэддэг байжээ (Лук 4:17–19; 24:44, 45; Үйлс 15:21). Тэр үед израильчууд бас грек, латинаар ярьдаг байсан ч Есүс эдгээр хэлээр ярьдаг байсан эсэхийг Библид бичээгүй.

8, 9. Христийн шашин түгэн дэлгэрэхийн хэрээр грек хэл Бурхны ард түмний гол хэл болсны учир юу вэ? Эндээс Еховагийн талаар юу ойлгож болох вэ?

8 Нэгдүгээр зуунд Есүсийн дагалдагчид еврейгээр ярьдаг байжээ. Харин түүнээс хойших үеийнхэн олон хэлийн хүмүүсээс бүрдэх болов (Үйлс 6:1-ийг уншина уу). Сайн мэдээ түгэн дэлгэрэхийн хэрээр грек хэлтэй дагалдагч олон болжээ. Грек хэл түгээмэл байсан учраас Матай, Марк, Лук, Иоханы бичсэн номууд грек хэлээр өргөн тархсан. c Элч Паулын бичсэн захидлууд болон Библийн бусад ном ч ялгаагүй.

9 Христиан Грек Судрыг бичигчид Еврей Судраас иш татахдаа голдуу Септуагинт орчуулгаас авдаг байсан нь сонирхолтой. Иш татсан зүйлүүд нь заримдаа еврей эхээсээ бага зэрэг зөрдөг. Гэлээ ч төгс бус хүмүүсийн хийсэн энэ ажил Библийн нэг хэсэг болжээ. Бурхан аль нэг хэл соёлыг нөгөөгөөс нь дээгүүр тавьдаггүйг энэ баримт харуулж байна (Үйлс 10:34-ийг уншина уу).

10. Ехова хүмүүстэй хэрхэн харилцдаг байсан бэ? Үүнээс юу гэж дүгнэж болох вэ?

10 Бурхан тухайн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагад тохируулан хүмүүстэй харилцаж байсныг товч ярилцлаа. Еховатай танилцаж, санаа зорилгыг нь мэдье гэвэл гадаад хэл сурах албагүй байх нь ээ. Бурхан ийм шаардлага тавьдаггүй (Зехариа 8:23; Илчлэлт 7:9, 10-ыг уншина уу). Ехова хүмүүсээр Библийг бичүүлэхдээ ариун сүнсээрээ удирдсан ч өөрийнхөө үгээр найруулан бичих боломж олгосныг бас үзлээ.

БУРХАН БИБЛИЙГ ХАМГААЛСАН

11. Бурхныг хүмүүстэй харилцахад олон янзын хэл саад болдог уу? Тайлбарлана уу.

11 Бурхныг хүмүүстэй харилцахад олон янзын хэл аялгуу, орчуулгын жижиг сажиг ялгаанууд саад болж байсан болов уу? Үгүй. Жишээ авъя. Есүс эх хэлнийхээ үгийг оруулж ярьдаг байсан бөгөөд цөөхөн хэдийг Библид тэмдэглэжээ (Мат. 27:46; Марк 5:41; 7:34). Есүсийн хэлсэн үгийг грекээр, яваандаа бусад хэлээр орчуулах ажлыг Ехова удирдсан. Иудейчүүд болон христианууд Библийн гар бичмэлүүдийг дахин дахин хуулдаг байсны ачаар ариун судрууд хадгалагдан үлдсэн байна. Эдгээр хуулбарыг дараа нь олон хэлээр орчуулсан. МЭ IV–V зуунд амьдарч байсан Жон Хризостомын хэлснээр Есүсийн сургаал тэр үед сиричүүд, египетчүүд, энэтхэгчүүд, персүүд, этиопчууд гээд тоймгүй олон үндэстнүүдийн хэлээр орчуулагдсан байсан гэнэ.

12. Библи ямар довтолгоонд өртсөн бэ?

12 Библийг олон хэлээр гаргах ажил маш их эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Тухайлбал, Ромын эзэн хаан Диоклетиан МЭ 303 онд Библийн бүх хуулбарыг устгах зарлиг гаргажээ. Библи төдийгүй Библийг орчуулж, тарааж байсан хүмүүс өч төчнөөн довтолгоонд өртөж байлаа. XVI зуунд Уильям Тиндал Библийг еврей, грек хэлнээс англи руу хөрвүүлэх ажлыг эхлүүлжээ. Тэрбээр: «Хэрвээ Бурхан намайг олон жил амьд байлгавал би Библийг хүмүүст мэдүүлнэ. Хөдөөний жаал ч та нараас илүү сайн мэддэг болно» хэмээн нэгэн шашны мяндагтанд хэлсэн гэдэг. Тиндал Библийг орчуулж, хэвлэх зорилгоор Англиас Европ руу дүрвэжээ. Санваартнууд олж авсан бүх Библиэ олны өмнө шатааж байсан хэдий ч Тиндалын орчуулга олон хүнд хүрчээ. Хожим нь Тиндалыг баривчилж, боомилон шатаасан ч орчуулгыг нь устгаж чадаагүй юм. Жеймс хааны хэмээн нэрлэгддэг орчуулгыг гаргахад Тиндалын орчуулгыг ашиглажээ (2 Тимот 2:9-ийг уншина уу).

13. Библийн эртний гар бичмэлийг судалсны үр дүн юу вэ?

13 Өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн Библийн эртний хуулбаруудад бага зэргийн алдаа, зөрүүтэй зүйлүүд байдаг нь үнэн. Гэхдээ судлаач мэргэжилтнүүд Библийн олон мянган гар бичмэл, тэдгээрийн тасархай, эртний орчуулгуудыг харьцуулан, нягт нямбай судалжээ. Үүний дүнд, цөөхөн зүйлд гардаг жижиг сажиг алдаа Библийн агуулгыг огтхон ч өөрчлөөгүйг тогтоожээ. Тиймээс Ехова анх Үгээ хэрхэн бичүүлсэн, одоо ч тэр л янзаараа байгаа гэдэгт Библийг судалдаг чин сэтгэлтэй хүмүүс итгэдэг (Ис. 40:8). d

14. Библи хэр өргөн тархсан бэ?

14 Библи хатуу ширүүн эсэргүүцэлтэй байнга тулгарч байсан ч хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хэлээр буюу 2 800 гаруй хэлээр орчуулагджээ. Хэвлэгдсэн тоогоороо өөр ямар ч номыг дагуулахгүй. Бурханд итгэдэггүй хүн өдий төдий байдаг ч Библи одоо хэр нь хамгийн их борлогддог ном хэвээрээ байна. Библи шиг хамгийн олон хэлээр гарсан, хамгийн олон хувь хэвлэгдсэн ном өөр байхгүй. Библийн зарим орчуулга уншихад ойлгомжгүй, эх бичиг шигээ зөв биш байх нь бий. Гэлээ ч Библийн бараг бүх орчуулгаас аврал хийгээд найдварын тухай үндсэн сургаалыг сурч мэдэх боломжтой.

БИБЛИЙН ОРЧУУЛГЫГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГА ГАРСАН НЬ

15. а) «Итгэмжит боол» «зарц нартай» ямар хэлээр харилцаж ирсэн бэ? б) Манай ном хэвлэл эхлээд англиар гардаг байсны учир юу вэ?

15 Өнгөрсөн зууны эхээр Библийг нямбай судалдаг хэсэг хүн «итгэмжит ухаалаг боолоор» томилогджээ. Тэр үед тэд «зарц нар» буюу Бурхны ард түмэнтэй их төлөв англиар харилцдаг байв (Мат. 24:45). Энэхүү «боол» Библид үндэслэсэн ном хэвлэлийг илүү олон хэлээр гаргахын тулд хүч тавин ажиллажээ. Эдүгээ 700 гаруй хэлээр гаргаж байна. Англи хэл нэгдүгээр зууны кини грек хэлний адилаар худалдаа бизнес, боловсролын салбарт түгээмэл хэрэглэгддэг. Тиймд манай ном хэвлэл эхлээд англиар гарч, дараа нь бусад хэлээр орчуулагддаг.

16, 17. а) Бурхны ард түмэнд юу хэрэгтэй болсон бэ? б) Энэ хэрэгцээг хангахын тулд юу хийсэн бэ? в) Норр ах юунд итгэж байгаагаа хэлсэн бэ?

16 Бүх ном хэвлэлийн маань үндэс нь Библи юм. Бурхны ард түмэн эхлээд 1611 онд гарсан Жеймс хааны орчуулгыг хэрэглэдэг байв. Гэвч үг хэллэг нь хуучирч, ойлгоход төвөгтэй болсон байлаа. Эртний гар бичмэлүүдэд олон мянган удаа гардаг Бурхны нэр уг орчуулгад цөөхөн хэдхэн зүйлд бий. Бас орчуулгын алдаа ихтэй, эртний гар бичмэлүүдэд байхгүй зүйлүүдийг нэмсэн байдаг. Бусад англи Библид үүнтэй төстэй алдаа цөөнгүй бий.

17 Бурхны орчин үеийн ард түмэнд үнэн зөв, ойлгомжтой орчуулга хэрэгтэй болсон нь илт байлаа. Тиймээс Шинэ ертөнцийн Библийн орчуулгын хороог зохион байгуулж, 1950–60 оны хооронд Библийг хэсэгчлэн орчуулж зургаан боть болгон гаргажээ. 1950 оны 8 дугаар сарын 2-нд болсон чуулганаар эхний боть гарсан бөгөөд Нейтан Норр сонсогчдод хандан үг хэлэхдээ Бурхны ард түмэнд орчин цагийн хэлээр, үнэн зөв орчуулсан, Библийн үнэнийг тодорхой ойлгоход тус болох орчуулга хэрэгтэй болсныг дурджээ. Христийн дагалдагчдын уншдаг байсан эх бичмэлүүдийг боловсрол багатай хүн ч уншаад ойлгодог байсны адил энгийн, ойлгомжтой орчуулга хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ. Шинэ ертөнцийн орчуулгын ачаар сая сая хүн Еховаг мэддэг болно гэдэгт итгэж байгаагаа Норр ах хэлсэн байна.

18. Библийг илүү олон хэлээр гаргадаг болохын тулд юу хийсэн бэ?

18 1963 онд Нейтан Норр ахын хүсэл мөрөөдөл биелсэн юм. Христиан Грек Судрын Шинэ ертөнцийн орчуулга нидерланд, франц, герман, итали, португал, испани гэсэн 6 хэлээр гарчээ. 1989 онд Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл Библийн орчуулгыг хөнгөвчлөх зорилгоор байгууллагын төвд нэгэн шинэ хэлтсийг зохион байгуулжээ. Дараа нь «Харуулын цамхаг» сэтгүүл орчуулдаг хэлүүдээр Библи орчуулах ажлыг 2005 оноос түлхүү анхаарах болсон. Үүний дүнд Шинэ ертөнцийн орчуулга бүтнээрээ болон хэсэгчлэн 130 гаруй хэлээр гараад байна.

19. 2013 онд ямар түүхэн үйл явдал болсон бэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Шинэ ертөнцийн орчуулга гарсан цагаас хойш олон жил өнгөрч, англи хэл ч өөрчлөгджээ. Тиймд уг орчуулгын үг хэллэгийг шинэчлэн засах шаардлагатай болсон. 2013 оны 10 дугаар сарын 5, 6-нд 129 дэх жилдээ зохиогдсон Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгийн жил тутмын уулзалтыг 31 улсын 1 413 676 хүн үзэж сонирхжээ. Тэдний зарим нь өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бол, зарим нь интернетээр үзсэн байна. Удирдах Зөвлөлийн гишүүн Шинэ ертөнцийн орчуулгын шинэчилсэн хувилбар гарсныг мэдэгдэхэд бүх хүний сэтгэл хөдөлсөн. Шинэчлэн засварласан Библийг тараах үед олон хүн баярын нулимс унагаж байлаа. Илтгэгч зарим зүйлийг уншиж өгөхөд уг орчуулга энгийн, ойлгомжтой болсныг шууд анзаарчээ. Дараагийн өгүүллээр энэхүү орчуулгын талаар дэлгэрэнгүй авч үзнэ. Түүнчлэн бусад хэлээр хэрхэн орчуулдаг тухай ярилцана.

a Библийн эх бичгийг үзвэл Езра 4:8—6:18; 7:12–26; Иеремиа 10:11; Даниел 2:4б—7:28-ыг арамей хэлээр бичсэн байдаг.

b Септуагинт гэдэг нь 70 гэсэн утгатай. Египетэд МЭӨ III зуунаас орчуулж эхлээд МЭӨ 150 оны үед дуусгасан байх гэж үздэг. Ойлгоход хэцүү еврей үгийн утгыг тайлахын тулд эрдэмтэд энэ орчуулгыг судалдаг учир одоо ч үнэ цэнтэй хэвээрээ байна.

c Библийг бичигч Матай еврейгээр бичсэн номоо грекээр орчуулсан байж магадгүй гэж зарим хүн үздэг.

d «Бүх хүнд зориулсан ном» товхимлын 7–9-р хуудсан дахь «Энэ ном хэрхэн хадгалагдан үлдсэн бэ?» гэсэн гарчгийг үзнэ үү.