Залбирал үнэхээр тус болдог уу?
ЗАЛБИРАХ НЬ үр нөлөөтэй юү? Үр нөлөөтэй. Бурхны үнэнч үйлчлэгчдэд залбирал тус болсныг Библид тэмдэглэсэн байдаг (Лук 22:40; Яаков 5:13). Залбирах нь олон талын ач тустай. Бурхантай дотно байхаас гадна, сэтгэл санаа, бие махбодод ч сайнаар нөлөөлнө. Яагаад ингэж хэлж болох вэ?
Хүүхэд тань хүнээс бэлэг авчээ гэж бодъё. Та хүүхдэдээ юу гэж хэлэх вэ? Ийм гоё бэлэг авсандаа баярлахад л болно гэх үү? Эсвэл талархаж байгаагаа илэрхийлээрэй гэх үү? Бид сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлэхээрээ сэтгэлийг маань хөдөлгөж байгаа тэр зүйлийг сайтар боддог. Түүгээр зогсохгүй бидний сэтгэл улам илүү хөдөлдөг. Бурхантай ярих үед бас ингэдэг болов уу? Тэгэлгүй яах вэ! Хэдэн жишээг авч үзье.
Талархаж залбирах нь. Бид сайн сайхан зүйл тохиолдоход тэнгэрийн Эцэгтээ талархдаг бол ивээлээ илүү их анхаардаг болно. Тэр хэрээр улам бүр талархуу, жаргалтай, өөдрөг болно (Филиппой 4:6).
Жишээ: Эцгийгээ залбирлыг нь сонсож, хариулахад Есүс талархсан сэтгэлээ илэрхийлсэн (Ёохан 11:41).
Өршөөл гуйж залбирах нь. Бурхнаас өршөөл гуйж залбирвал мөс чанараа улам мэдрэмжтэй болгоно. Бас чин сэтгэлээсээ гэмшиж, нүглийн хор уршгийг улам сайн ойлгож байгаагаа харуулна, өөрийгөө буруутгах гэдэг хүнд ачаанаасаа сална.
Жишээ: Давид гэмшиж, маш их харамсаж буйгаа хэлж залбирсан (Дуулал 51).
Удирдлага заавар, мэргэн ухаан гуйж залбирах нь. Зөв шийдвэр гаргахад хэрэгтэй удирдлага заавар, мэргэн ухааныг Еховагаас гуйж залбирах нь жинхэнэ ёсоор даруу байхад тустай. Ингэж залбирдаг бол хэр чадлаа хязгаартайг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бас тэнгэрийн Эцэгтээ улам бүр итгэж найддаг болно (Сургаалт үгс 3:5, 6).
Жишээ: Соломон даруу байж, израйлчуудыг захирах мэргэн ухаан, удирдлага заавар гуйжээ (Хаадын дээд 3:5–12).
Зовж шаналсан үедээ залбирах нь. Гуньж гутарсан үед Бурханд сэтгэл санаагаа уудлан залбирвал сэтгэл уужирч, өөртөө найдахын оронд Еховад найдна (Дуулал 62:8).
Жишээ: Аса хаан дайсны үй олон цэрэгтэй нүүр тулаад залбирсан (Шастирын дэд 14:11).
Бусдын төлөө залбирах нь. Ингэж залбирвал аминч үзлээ ялж, бусдыг улам их ойлгож өрөвддөг болно.
Жишээ: Есүс дагалдагчдынхаа төлөө залбирчээ (Ёохан 17:9–17).
Бурхныг магтаж залбирах нь. Агуу үйлс бүтээж, сэтгэл татам зан чанар илэрхийлдэг тэнгэрийн Эцэг Ехова Бурхнаа магтан залбирдаг бол Бурхнаа бишрэн хүндэтгэж, талархах сэтгэл маань улам гүнзгийрч, илүү дотно болно.
Жишээ: Давид Бурхны бүтээлийг ажиглаад Бурхнаа ихэд биширч, магтжээ (Дуулал 8).
Биднийг залбирахад «Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг» өгдөг нь залбирлын бас нэг давуу тал юм (Филиппой 4:7). Зовлон бэрхшээлээр дүүрсэн энэ ертөнцөд сэтгэл түгших юмгүй амьдрах нь үнэлж баршгүй ивээл юм. Залбирах нь эрүүл мэндэд ч сайн (Сургаалт үгс 14:30). Тэгвэл бид хичээснийхээ хэрээр л залбирлын ач тусыг хүртдэг үү? Эсвэл өөр чухал зүйл бас нөлөөлдөг үү?
Залбирах нь эрүүл мэнд, сэтгэл санаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй хамгийн гол нь Бурхантай дотносоход тустай