Skip to content

Гарчиг руу орох

Хүмүүс яагаад залбирдаг вэ?

Хүмүүс яагаад залбирдаг вэ?

ЗАЛБИРАЛ бол хүмүүсийн сонирхлыг маш их татдаг Библийн нэг сэдэв юм. Залбирлын талаар хүмүүсийн бодож явдаг долоон асуултыг авч үзэж, хариуг нь Библиэс мэдэж авцгаая. Дараах өгүүллүүд, залбиръя гэж бодож байгаа эсвэл залбирлынхаа агуулгыг баяжуулъя гэж бодож байгаа хүмүүст тустай.

ДЭЛХИЙН өнцөг булан бүрд амьдардаг хүмүүс ямар ч ёс заншил, шашин шүтлэгтэй бай залбирдаг. Хүмүүс ганцаараа эсвэл хэсэг бүлгээрээ залбирдаг. Сүм, хийд, синагог, мечетэд очиж залбирдаг. Залбирахдаа олбогон дээр сунаж мөргөх, эрх, хүрд эргүүлэх, хөрөг зурганд мөргөх, залбирлын ном унших, хүслээ модон пайзан дээр бичиж өлгөх зэргээр янз бүрийн зан үйл үйлддэг.

Хүн залбирдгаараа амьтнаас ялгаатай. Хүн, амьтанд адилхан тал олон байдаг нь үнэн. Хүнд ч, амьтанд ч хоол хүнс, агаар, ус хэрэгтэй байдаг. Бас аль аль нь төрдөг, өсөж үрждэг, үхдэг (Номлогчийн үгс 3:19). Гэхдээ зөвхөн хүн л залбирч чаддаг. Яагаад тэр юм бол?

Товчхон хэлбэл хүнд ийм хэрэгцээ байдаг. Ер нь хүмүүс залбирлыг ариун, үүрд мөнхөд оршдог нэгэнтэй харьцах арга гэж үздэг. Хүнд төрөлхийн ийм хүсэл байдгийг Библид бичжээ (Номлогчийн үгс 3:11). Есүс Христ нэгэнтээ «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» гэж хэлсэн байдаг (Матай 5:3).

Хүмүүс сүрлэг том сүм хийд босгож, шашны эд хэрэгсэл урлаж бас олон цаг залбирдаг. Энэ бүхэн хүнд Бурхныг таньж мэдэх хэрэгцээ байдгийг харуулахгүй байна гэж үү? Энэ хэрэгцээгээ өөрөө хангаж чадна гэж боддог хүн байхад, бусдад ханддаг хүн ч бий. Гэхдээ хүний хийж чадах юм дэндүү өчүүхэн гэж танд санагддаггүй гэж үү? Хүн сул дорой, ахархан хугацаанд амьдардаг, алсын хараа дутдаг. Биднээс илүү мэргэн ухаантай, хүч чадалтай, бас биднээс илүү удаан оршин байгаа нэгэн л энэ хэрэгцээг маань хангаж чадна. Тэгвэл хүн ямар ямар шалтгаанаар залбирдаг вэ?

Бодоод үз дээ. Танд удирдамж заавар, мэргэн ухаан маш их хэрэгтэй үе байсан уу? Эсвэл хэчнээн хайгаад ч хариу нь олдохгүй асуултууд танд төрж байсан уу? Хайртай дотнын хүнээ алдаад тайвширмаар, шийдэж чадахгүй асуудалтай тулгараад заавар зөвлөгөө авмаар, хийсэн хэрэгтээ гэмшээд өршөөл эрмээр санагдсан үе байсан уу?

Дээрх бүгд залбирах хүндтэй шалтгаан болдгийг Библид бичсэн байдаг. Залбиралтай холбоотой асуултад Библи үнэн зөв хариулт өгдөг бөгөөд үнэнч эрэгтэй, эмэгтэй олон хүний залбирал Библид байдаг. Тэд тайвширч, удирдлага заавар авч, гэм нүглээ уучлуулж, амьдралын чухал асуултуудын хариуг олох гэж залбирч байсан (Дуулал 23:3; 71:21; Даниел 9:4, 5, 19; Хабаккук 1:3).

Тэдний залбирлын агуулга өөр өөр ч нэг нийтлэг тал бий. Тэд залбирлаа сонсгохын тулд өнөөгийн хүмүүсийн тэр бүр анхаардаггүй нэг чухал шаардлагыг мэддэг байсан. Өөрөөр хэлбэл хэнд залбирахаа мэддэг байжээ.