Skip to content

Гарчиг руу орох

Библи хүнийг өөрчилдөг

Библи хүнийг өөрчилдөг

ӨМНӨ нь олон эхнэртэй байсан, Еховагийн Гэрчүүдийг эсэргүүцэж явсан хүн яагаад Еховагийн Гэрч болсон юм бол? Пентекост урсгалын пастор итгэл үнэмшлээ өөрчлөх болсны учир юу вэ? Хайр халамжгүй эцэг эхийн гар дээр өсөж, өөрийгөө дорд үздэг болсон эмэгтэй юуны ачаар гутранги үзлээс салж, Бурхантай дотносож чадсан бэ? Ямар учраас хүнд металл рок хөгжмийн хорхойтон Бурханд үйлчилдэг болсон бэ? Эдгээр асуултын хариуг дараах хүмүүсийн намтраас мэдэж аваарай.

«Би урьдынхаасаа сайн нөхөр болсон» РИГОБЭР ҮЭТО

  • ТӨРСӨН ОН: 1941

  • УЛС: БЕНИН

  • ӨМНӨ НЬ: ОЛОН ЭХНЭРТЭЙ, ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙГ ЭСЭРГҮҮЦЭГЧ

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Бенин улсын Котону гэдэг том хотод төрсөн юм. Би католик шашинтай айлын хүүхэд байсан ч сүмд тэр бүр очдоггүй байлаа. Тэр үед олон эхнэртэй байхыг хуулиар зөвшөөрдөг байсан учир манай нутагт католик шашинтууд олон эхнэр авах нь түгээмэл байв. Би ч дөрвөн эхнэртэй болсон юм.

1970-аад онд хувьсгал гараад улс орон маань хөгжих нь гэж бодож байв. Тэгээд хувьсгалыг идэвхтэй дэмжиж, улс төрийн үйл ажиллагаанд оролцдог боллоо. Хувьсгалчид улс төрийн асуудлаар төвийг сахидгаас нь болоод Еховагийн Гэрчүүдэд дургүй байв. Би ч бас Гэрчүүдийг хавчиж явсан. 1976 онд Гэрч миссионерүүдийг манай улсаас хөөн гаргахад тэднийг хэзээ ч буцаж ирэхгүй гэдэгт итгэж байсан юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

1990 онд хувьсгал ялж, удалгүй Гэрч миссионерүүдийг дахин ирсэнд гайхан Бурхан энэ хүмүүсийг харж байдаг юм болов уу даа гэж бодсон юм. Би тэр үед ажлаа сольж, шинэ хамт олонтой болоод байв. Тэдний нэг нь Еховагийн Гэрч байсан бөгөөд итгэл үнэмшлийнхээ талаар надад ярьдаг болов. Ехова бол шударга, хайрын Бурхан гэж Библид бичсэн байдгийг үзүүлж билээ (Дэд хууль 32:4; 1 Иохан 4:8). Бурхны энэ чанар миний сэтгэлийг татсан юм. Тэгээд Еховагийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэж, Библийн хичээл заалгахаар болов.

Удалгүй Еховагийн Гэрчүүдийн цуглаанд нь очдог боллоо. Тэд бие биеэ жинхэнэ ёсоор хайрладгийг, өөрөөр хэлбэл яс үндэс, нийгмийн гарал үүслээр нь ялгаварладаггүйг хараад сэтгэл их хөдөлж билээ. Гэрчүүдтэй нөхөрлөхийн хэрээр тэднийг Есүсийн жинхэнэ шавь мөн юм байна гэдгийг улам бүр ухаарч байлаа (Иохан 13:35).

Еховад үйлчилье гэвэл католик шашныг орхих хэрэгтэйг ойлгосон юм. Гэхдээ ингэх нь тийм ч амар байгаагүй. Яагаад гэвэл би хүмүүс намайг юу гэх бол гэж айж байлаа. Би олон жилийн дараа Еховагийн тусламжтайгаар зориг гарган католик шашныг орхиж чадсан.

Амьдралдаа бас нэг өөрчлөлт хийх хэрэгтэй байлаа. Би Библи судлаад Бурхан олон эхнэртэй байхыг зөвшөөрдөггүйг мэдэж авав (Эхлэл 2:18–24; Матай 19:4–6). Бурхан анхны гэрлэлтийг минь хүчин төгөлдөр гэж үзэхийг ойлгоод анхны эхнэртэйгээ гэрлэлтээ батлуулж, бусдад нь зайлшгүй шаардлагатай тусламж үзүүлээд явуулсан юм. Хожим тэднээс хоёр нь Еховагийн Гэрч болсон.

ОДОО:

Эхнэр минь католик шашинтай ч Еховад үйлчлэх шийдвэрийг минь хүндэтгэдэг. Би өөрийгөө урьдынхаасаа сайн нөхөр болсон гэж боддог. Эхнэр минь ч үүнтэй санал нэгтэй байдаг.

Би өмнө нь улс төр эх орныг маань хөгжүүлнэ гэж бодож явсан. Гэхдээ үгүй юм билээ. Гагцхүү Бурхны Хаанчлал хүн төрөлхтний бэрхшээлийг шийднэ гэдгийг ойлгодог болсон (Матай 6:9, 10). Жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах замыг зааж өгсөн Еховад талархаж явдаг.

«Өөрчлөгдөх тийм амар байгаагүй» АЛЕКС ЛЕЙМОС СИЛЬВА

  • ТӨРСӨН ОН: 1977

  • УЛС: БРАЗИЛ

  • ӨМНӨ НЬ: ПЕНТЕКОСТ УРСГАЛЫН ПАСТОР

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Сан-Паулу мужийн Итю хотын захад өссөн юм. Хотын энэ хэсэг гэмт хэрэг их гардгаараа зартай байв.

Би догшин түрэмгий авиртай, ёс журамгүй явдалтай хүн байлаа. Бас мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт орооцолдсон. Энэ янзаараа явбал нэг бол шоронд орно, нэг бол үхнэ гэдгээ ойлгоод энэ бүхнийг орхисон. Тэгээд Пентекост урсгалын сүмд явдаг болж, хожим нь пастор болсон юм.

Би сүмд пасторын ажил хийвэл хүмүүст тусалж чадна гэж бодож байлаа. Орон нутгийн радиогоор шашны нэвтрүүлэг явуулж, тэр нутагтаа олны танил болов. Гэхдээ сүмийнхэн гишүүдийнхээ сайн сайхныг бүү хэл, Бурхныг алдаршуулах талаар боддоггүйг нь яваандаа мэдсэн юм. Мөнгөө өсгөх гэдэг ганц зорилготойг нь ойлгоод сүмээс гарсан.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаад бусад шашнаас өөр болохыг нь шууд анзаарсан. Би тэднээс хоёр зүйлийг олж харсан юм. Тэд Бурхан болон бусдыг хайрладаг гэж ярьдаг бус, үнэхээр хайрладаг хүмүүс байв. Бас улс төрийн үйл хэрэг болон дайнд оролцдоггүй байв (Исаиа 2:4). Ингээд мөнх амь руу хөтөлдөг нарийн зам буюу жинхэнэ шашныг олсон гэдэгтээ итгэлтэй болсон (Матай 7:13, 14).

Бурхны тааллыг олохын тулд гэр бүлдээ илүү санаа тавих, бардам зангаа засах гэх зэргээр амьдралаа өөрчлөх хэрэгтэй байсан ч өөрчлөгдөх тийм амар байгаагүй. Гэхдээ Еховагийн тусламжтайгаар тэгж чадсан. Миний эхнэр надаас өмнө Библийн хичээл хийдэг болсон ч өөрчлөгдөж байгааг минь ажиглаад сэтгэл нь хөдөлж, Библийг илүү идэвхтэй үзэж байлаа. Удалгүй бид хоёр Еховагийн Гэрч болохыг хүсдэг болж, нэг өдөр баптисм хүртэж билээ.

ОДОО:

Эхнэр бид хоёр гурван хүүхдээ Ехова Бурхантай анд нөхрийн харьцаа тогтооход нь туслахын баяр хөөрийг эдэлж явна. Бид гэр бүлээрээ жаргалтай амьдардаг. Намайг Библийн үнэн рүү хөтөлсөн Ехова Бурханд талархаад баршгүй. Библи хүний амьдралыг үнэхээр өөрчилж чаддаг юм! Би үүнийг өөрийн биеэр үзсэн.

«Миний амьдрал цэвэр ариун, утга учиртай болсон» ВИКТОРИЯ ТОНГ

  • ТӨРСӨН ОН: 1957

  • УЛС: АВСТРАЛИ

  • ӨМНӨ НЬ: ХАЙР ХАЛАМЖГҮЙ ЭЦЭГ ЭХИЙН ГАР ДЭЭР ӨССӨН

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би Нью Саут Уэльсийн Ньюкасл хотод өссөн. Би долоон хүүхэдтэй айлын хамгийн том нь. Аав маань догшин авиртай, архи их уудаг, ээж маань хатуу сэтгэлтэй хүн байв. Ээж намайг байнга зоддог, хэл амаар доромжилдог байлаа. Намайг муу хүүхэд, тамд хаягдана гэж хэлдэг байж билээ. Ингэж загнуулж, зодуулдгаасаа болоод айдастай явдаг байлаа.

Ээжид зодуулж гэмтээд хичээлээ байнга тасалдаг байв. Намайг 11 настай байхад улсын асрамжийн газар авч, дараа нь эмэгтэйчүүдийн сүмд шилжүүлсэн юм. Би 14 хүрээд тэндээс оргосон. Гэртээ харих бодолгүй байсан учир Сидней хотын захын Кинг Кросс хорооллын гудамжинд амьдрах болов.

Гудамжинд гараад мансууруулах бодис хэрэглэдэг, архи уудаг, порно материал үздэг, биеэ үнэлдэг болов. Нэг удаа их аймшигтай явдал болсон юм. Тэр үед би нэг шөнийн клубын эзний байранд суудаг байлаа. Нэг орой клубын эзэнтэй уулзахаар хоёр эрэгтэй ирэв. Намайг унтлагын өрөө рүү явуулсан ч тэдний яриа надад сонсогдчихов. Клубын эзэн эр намайг тэдэнд худалдаж, нөгөөдүүл нь намайг ачааны усан онгоцонд нууж Япон гаргаад баранд ажиллуулах санаатай байсан аж. Би ч айж түгшсэндээ тагтнаас үсэрч, тусламж эрэн зугтлаа.

Сиднейд аяллаар ирээд байсан нэг эрэгтэйтэй таарч, мөнгө өгөх байх гэж горьдоод учир байдлаа хэлэв. Тэр хүн мөнгө өгсөнгүй, харин буудаллаж байсан газраа дагуулж ирсэн юм. Би тэнд усанд орж, хоол идэж билээ. Тэгээд би тэнд бүрмөсөн үлдэж, нэг жилийн дараа бид гэрлэсэн юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийдэг болсноос хойш янз бүрийн л юм бодогдож байв. Сатан гай зовлон учруулдгийг мэдээд уур хүрч байж билээ. Гэтэл би Бурхан хүнийг зовоодог гэсэн номлол сонсож өссөн юм. Нөгөө талаас, Бурхан хүмүүсийг тамд тарчлаадаггүйг мэдээд сэтгэл уужирч билээ. Учир нь намайг ухаан орсон цагаас л тамд хаягдана гэж айлгадаг байсан.

Еховагийн Гэрчүүд аливааг шийдэхдээ Библийн зарчмыг баримталж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдардаг нь надад онцгой сэтгэгдэл төрүүлж билээ. Над шиг хэцүү хүний учрыг олох тэдэнд амаргүй байсан биз. Гэхдээ тэд намайг үргэлж хайрлаж, хүндэтгэдэг байсан.

Өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж боддог байсан минь намайг хамгийн их зовоосон доо. Би өөрийгөө хүн гэж үздэггүй байж билээ. Баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон хойноо ч энэ үзлээ орхиогүй. Би Еховаг хайрладаг ч, Ехова над шиг хүнийг хэзээ ч хайрлахгүй дээ гэж бодож явлаа.

Баптисм хүртсэнээс хойш 15 жилийн дараа үзэл бодлыг минь өөрчилсөн нэг явдал болсон юм. Еховагийн Гэрчүүдийн Хаанчлалын танхимд илтгэл сонсож байгаад Бурхны Үг бол толь бөгөөд энэ толинд өөрийгөө Еховагийн нүдээр харж болно гэж Иаков 1:23, 24-өөс тайлбарлахыг сонсов. Тэгэхэд би өөрийгөө Еховагийн нүдээр хардаггүй юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ Еховагаар хайрлуулах эрхгүй хүн гэсэн үзэл нэвт шингэсэн байсан болохоор энэ ойлголтыг хүлээн зөвшөөрч чадаагүй.

Хэдэн өдрийн дараа Библиэс уншсан нэг зүйл миний амьдралыг өөрчилсөн юм. Энэ бол Исаиа 1:18 буюу Еховагийн: «Нааш ир. Хамт хэлэлцье. ... Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно. Тэдгээр нь хүрэн улаан боловч ноос шиг болох болно» гэж хэлсэн үг байв. Тэгэхэд Ехова: «Вики минь, нааш ир. Хамт хэлэлцье. Би чамайг мэднэ. Нүглийг чинь мэддэг, сэтгэлийг чинь ч ойлгодог. Би чамд хайртай шүү дээ» гэж хэлж байгаа юм шиг санагдав.

Тэр шөнө нойр минь хүрсэнгүй. Ехова намайг хайрлана гэж үү дээ гэж бодогдоод байв. Ехова намайг өдий олон жил тэвчиж, хайрлаж халамжилдагаа янз янзаар харуулж байхад би гэдэг хүн: «Таны хайр хэчнээн агуу ч Та над шиг хүнийг хайрлаж чадахгүй. Таны Хүүгийн золиос нүглийг минь цайруулж дийлэхгүй» гээд яваад байснаа тэгэхэд ухаарч билээ. Энэ нь золиосыг Еховад буцааж өгөөд байсантай адил байв. Ингэж л би золиос гэдэг үнэт бэлгийн талаар эргэцүүлэн бодсоны ачаар Еховагийн намайг гэсэн хайрыг мэдэрдэг болсон доо.

ОДОО:

Миний амьдрал цэвэр ариун, гэрэл гэгээтэй, утга учиртай болсон. Гэр бүлийн маань амьдрал ч сайжирсан. Би амьдралынхаа туршлагад үндэслэн бусдад тусалж яваадаа баярладаг. Еховатай улам дотносож байгаагаа мэдэрдэг.

«Залбирлын минь хариу байсан» СЕРГЕЙ БОТАНКИН

  • ТӨРСӨН ОН: 1974

  • УЛС: ОРОС

  • ӨМНӨ НЬ: ХҮНД МЕТАЛЛ РОК ХӨГЖМИЙГ ШҮТЭН БИШРЭГЧ

ӨМНӨХ АМЬДРАЛ:

Би алдарт хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн мэндэлсэн газар болох Воткинскт төрсөн юм. Манайх ядуу айл байлаа. Аав маань уг нь сайн хүн байсан ч архи их уудаг байв. Үүнээс болоод бид гэртээ амар тайван байж үзээгүй.

Би тааруу сурдаг байснаас өөрийгөө голдог болсон юм. Тэгээд зожиг зантай болж, хүнд итгэхээ больсон. Сургуульд явна гэдэг хүнд дарамт мэт санагдах болов. Жишээ нь, ангийнхаа хүүхдүүдийн өмнө юм ярихлаараа бусад үед төвөггүй ярьчихдаг энгийн зүйлийг ч тайлбарлаж чаддаггүй болчихдог байсан. Намайг наймдугаар анги төгсөхөд сурагчийн тодорхойлолтод: «Үгийн баялаг муутай, санаагаа илэрхийлэх чадваргүй» гэсэн байв. Үүнийг уншаад сэтгэлээр их унаж, өөрийгөө бүр ямар ч үнэ цэнэгүй гэж үзэх болов. Тэгээд юуны төлөө амьдардгаа бодож эхлэв.

Арван хэдтэй байхаасаа согтууруулах ундаа уудаг болов. Эхэндээ ч сайхан байсан л даа. Гэхдээ хэтрүүлж уухлаар сэтгэл минь өвддөг байв. Амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж гуньж гутарч, заримдаа хэдэн өдрөөр гэрээсээ гардаггүй байлаа. Бүр амиа хорлох тухай боддог болсон.

20 нас хүрээд сэтгэлийг минь тайвшруулах нэг зүйлийг олсон ч түр зуур л нэмэр болсон юм. Энэ бол хүнд металл рок хөгжим байв. Хөгжимөө сонсохлоор сэтгэл сэргэнэ ээ. Тэгээд хүнд металл рок сонсдог хүмүүсийг хайх болов. Үсээ урт ургуулж, чихээ цоолж, шүтэн биширдэг хөгжимчдөө дууриан хувцасладаг боллоо. Яваандаа ааш зан минь ч эвдэрч, гэрийнхэнтэйгээ байнга муудалцдаг болов.

Хүнд металл рок хөгжим сэтгэлийг минь сэргээнэ гэж бодож явсан ч бүр эсрэгээр эргэв. Би тэс өөр хүн болох нь тэр! Миний биширдэг хөгжимчид увайгүй хэрэгт орооцолдсоныг мэдээд хууртсан юм шиг л санагдаж билээ.

Амиа хорлоё гэсэн бодол дахиад төрөх боллоо. Энэ удаа их шийдэмгий байсан ч намайг амь шигээ хайрлаж, миний төлөө байгаа бүхнээ зориулсан эхийгээ бодож л больсон юм. Би тэгж тарчилж байсангүй. Үхье гэж хэчнээн хүсэвч үхэж чадахгүй байв.

Тэгээд өөрийгөө сатааруулах гэж Оросын сонгодог уран зохиол уншиж эхэллээ. Бурханд үйлчилдэг хүний тухай нэг зохиол унштал Бурхан болон хүмүүсийн төлөө ямар нэг юм хийх хүсэл хүчтэй оргилов. Тэгээд сэтгэлээ уудлан Бурханд залбирлаа. Би өмнө нь хэзээ ч залбирч байгаагүй юм. Яаж утга учиртай амьдрахыг зааж өгөхийг гуйв. Тэгж залбираад ер бусын амар тайвныг мэдэрч билээ. Тэгтэл бүр ч ер бусын явдал болов. Хоёрхон цагийн дараа Еховагийн Гэрч хаалгыг маань тогшин Библийн хичээл хийхийг санал болголоо! Би үүнийг залбирлын минь хариу байсан гэдэгт итгэдэг. Тэр өдөр хожим нь аз жаргалаар бялхах шинэ амьдрал минь эхэлсэн юм.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:

Хэцүү байсан ч би хүнд металл рок хөгжимтэй холбоотой бүхнээ хаялаа. Гэвч хөгжим оюун ухаанд минь хоногшсон байж. Гадуур явж байгаад өнөөх хөгжмөө санамсаргүй сонсчихлоор урьдын явдал тэр даруй санаанд бууна даа. Гэхдээ би зүрх сэтгэл, оюун ухаанд минь шингэж байсан сайн сайхныг таагүй дурсамжаараа булингартуулахыг хүсээгүй. Ингээд тийм газраас зүг буруулдаг болж, өмнөх амьдралаа дурсмаар санагдах бүрт шаргуу залбирч байв. Үүний ачаар «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвныг» өөрийн биеэр мэдэрсэн юм (Филиппой 4:7).

Библийн хичээл хийгээд христиан хүн итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах учиртайг ойлгов (Матай 28:19, 20). Би үүнийг хэрээс минь хэтэрсэн юм гэж бат итгэж байсан юм шүү дээ. Гэхдээ сурч мэдэж байсан зүйл минь намайг жаргалтай хүн болгож, сэтгэлийн амар тайвныг эдлүүлж байв. Ийм үнэнийг бусад хүн ч мэдэх хэрэгтэйг ухаарч, айж зүрхшээж байсан ч сурч мэдсэн зүйлийнхээ талаар хүмүүст ярьдаг боллоо. Бусдад Библийн тухай ярих тусам өөртөө илүү итгэлтэй болж байгаадаа үнэхээр их гайхаж билээ. Бас мэдэж авсан зүйлдээ бат итгэх болсон.

ОДОО:

Одоо би гэр бүлтэй болоод сайхан амьдарч байна. Библийн тухай мэдэхэд нь ээж болон дүүгээсээ гадна хэдэн хүнд тусалсандаа баярладаг. Бурханд үйлчилж, Бурхны тухай мэдэхэд нь хүмүүст тусалдгийн үрээр жинхэнэ ёсоор утга учиртай амьдарч явна.