Skip to content

Гарчиг руу орох

Бурхны тухай үр хүүхдэдээ заах хамгийн сайн арга

Бурхны тухай үр хүүхдэдээ заах хамгийн сайн арга

Бурхны тухай үр хүүхдэдээ заах хамгийн сайн арга

«Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж, хөвгүүддээ хичээнгүйлэн зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай» (ДЭД ХУУЛЬ 6:6, 7).

ХҮҮХЭД хүмүүжүүлнэ гэдэг заримдаа эцэг эхчүүдэд бэрх ажил шиг санагддаг байх. Энэ талын олон янзын зөвлөгөө байдгаас эцэг эхчүүд учраа олохгүй байх нь бий. Хамаатан садан, найз нөхөд нь ч өөрсдийнхөөрөө зааж зөвлөх нь олонтаа. Ном хэвлэл, сонин сэтгүүл, Интернетийн сайтаар эцэг эхчүүдэд байнга зөвлөгөө өгдөг ч тэдгээр нь хоорондоо зөрчилддөг.

Харин Библи үр хүүхдэдээ юу заах талаар төдийгүй хэрхэн заах талаар ач тустай зөвлөгөө өгдөг. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ өдөр бүр Бурхны талаар ярих боломж хайх хэрэгтэйг Библийн дээрх зүйл харуулдаг. Үр хүүхдэдээ Бурхны тухай зааж сургахад нь олон мянган эцэг эхэд тус болсон Библийн зөвлөгөөнөөс дөрвийг авч үзье.

1. Бурхны бүтээлээс суралцахад нь туслаарай. Элч Паул: «Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний [Бурхны] үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа» гэж бичжээ (Ром 1:20). Эцэг эхчүүд Бурхныг бодитой оршдог Нэгэн гэдгийг үр хүүхдэдээ ойлгуулах нь чухал. Үүний тулд Бурхны бүтээлийг хамтдаа ажиглаж, тэр бүтээл Бурхны ямар зан чанарыг илэрхийлдгийг эргэцүүлэн бодуулах нь их тустай.

Есүс ийм аргаар шавь нараа сургаж байсан. Жишээ нь, тэрбээр: «Тэнгэрийн шувуудыг хар. Тэд тариа тарьж ч, хурааж ч, саравчинд хадгалдаг ч үгүй боловч тэнгэрлэг Эцэг тань тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үнэ цэнэтэй биш үү?» гэж хэлжээ (Матай 6:26). Энд Есүс Еховагийн хайр, өрөвч сэтгэлийг онцолсон. Үүгээр зогсохгүй Бурхан эдгээр чанараа хүмүүст хэрхэн илэрхийлдгийг нь бодуулсан.

Мэргэн ухаант Соломон хаан Бурхан шоргоолжийг хэр ухаантай бүтээснийг хэлээд ийм өчүүхэн амьтнаас юунд суралцаж болохыг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр: «Залхуу минь, чи яв, шоргоолж юу хийдгийг ажиглан хар, ухаантай бай. Түүнд ахлагч, харгалзагч ба удирдагч гэж байхгүй атлаа, өөрийнхөө хоол тэжээлийг зуны цагт бэлдэж, ургац хураах цагаар нөөцөө цуглуулдаг» гэж бичжээ (Сургаалт үгс 6:6–8). Хүрч болох зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд Бурхны өгсөн хүч чадлыг ашиглахын чухлыг оновчтой жишээгээр тайлбарлажээ!

Эцэг эхчүүд Есүс Соломон хоёрын энэ аргыг бас хэрэглэж болно. Үүний тулд: 1) Ямар ургамал, амьтанд дуртайг нь хүүхдээсээ асуугаарай. 2) Тэр ургамал, амьтны талаар өөрөө ихийг мэдэж аваарай. 3) Тэр бүтээлээс нь Бурхны тухай юу мэдэж болохыг ярилцаарай.

2. Есүс хүмүүст яаж ханддаг байсныг дууриагаарай. Есүс хэзээ ч, хэний ч дуулгаагүй чухал мэдээ хүргэх учиртай байлаа. Гэхдээ хүмүүсийг яриулахын тулд цаг гарган асуулт тавьдаг байсан. Сургаалыг нь сонсдог хүмүүсийн санаа бодол, сэтгэл мэдрэмжийг анхаардаг байв (Матай 17:24, 25; Марк 8:27–29). Үүнтэй адилаар, үр хүүхдэдээ зааж сургах юм эцэг эхчүүдэд олон байдаг. Үр өгөөжтэй заахын тулд Есүсийг дууриан үр хүүхдийнхээ санал бодлыг чөлөөтэй хэлүүлж байх хэрэгтэй.

Хэрэв хүүхэд буруу ойлголттой эсвэл юмыг удаан ойлгодог бол яах вэ? Есүс элч нартаа хэрхэн ханддаг байсныг саная. Элч нар нь хоорондоо ширүүн маргадгаас гадна даруу байхын чухлыг ойлгохдоо удаан байв. Тэгэхэд Есүс тэвчээртэй хандаж, даруу байхын чухлыг дахин дахин хэлдэг байсан (Марк 9:33, 34; Лук 9:46–48; 22:24, 25). Есүсийг дууриадаг эцэг эхчүүд үр хүүхдээ засаж залруулахдаа тэвчээртэй байж, шаардлагатай бол нэг зүйлийг ойлгож ухаартал нь дахин дахин хэлж өгдөг. *

3. Үлгэр жишээ байгаарай. Эцэг эхчүүд элч Паулын Ром дахь христиануудад өгсөн зөвлөгөөнд нухацтай хандах хэрэгтэй. Тэрбээр: «Бусдад заагч та өөртөө заадаггүй юм уу? „Хулгай бүү хий“ гэж номлодог та өөрөө хулгай хийдэг юм уу?» хэмээн бичжээ (Ром 2:21).

Энэ зөвлөгөө эцэг эхэд ч хамаатай гэхийн учир нь хүүхэд эцэг эхийнхээ үг ярианаас илүү үйл хэргийг нь тусгаж авдаг. Үнэндээ ам ажил нь зөрдөггүй эцэг эхийн хүүхэд илүү дуулгавартай болдог нь ажиглагддаг.

4. Багаас нь сургаарай. Элч Паулын хамтран зүтгэгч Тимот нутагтаа нэр хүндтэй нэгэн байв (Үйлс 16:1, 2). Тэрбээр «Ариун Бичээсүүдийг» «бага наснаасаа» заалгасан нь ийм сайн христиан болоход нь тус болжээ. Тимотын ээж, эмэг эх хоёр түүнд Судраас уншиж өгөөд зогсохгүй, Судрын үнэнийг эргэцүүлэн бодуулж зөв дүгнэлтэд хүрэхэд нь тусалдаг байжээ (2 Тимот 1:5; 3:14, 15).

Тусламж хаанаас авах вэ?

Еховагийн Гэрчүүд Бурхны тухай үнэнийг үр хүүхдэдээ заахад нь эцэг эхчүүдэд туслах зорилгоор олон тооны хэвлэл гаргадаг. Зарим хэвлэлийг нь бага насны хүүхдэд тусгайлан зориулсан байхад, заримыг нь өсвөр насны хүүхэдтэйгээ илэн далангүй, сайн харьцаатай байхад нь эцэг эхчүүдэд зориулсан байдаг. *

Эцэг эхчүүд үр хүүхдэдээ Бурхны тухай заахын тулд хүүхдийнхээ асууж болох хэцүү асуултын хариуг эхлээд өөрсдөө мэдсэн байх хэрэгтэй. Жишээлбэл, Бурхан зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг вэ? Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ? Хүн үхээд яадаг вэ? гэх мэтийн асуултад яаж хариулахаа бодож үзээрэй. Таныг эдгээр болон бусад асуултын хариуг мэдэж, таныг болон танай гэр бүлийнхнийг Бурхантай дотно харьцаа тогтооход Еховагийн Гэрчүүд дуртайяа туслах болно (Иаков 4:8).

[Зүүлт]

^ Дэд хууль 6:7-д гардаг «хичээнгүйлэн заах» гэж орчуулсан еврей үг нь дахин дахин хэлэх гэсэн утга бас илэрхийлдэг.

^ Эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ Библиэс ямар сургамжтай зүйл мэдэж болохыг энгийн, ойлгомжтой тайлбарласан «Библийн тухай өгүүлдэг миний ном», өсвөр насны хүүхэдтэйгээ «Залуучуудын асуулт. Ашигтай зөвлөгөө» номын 1, 2-р дэвтрийг (англи) үзэж болно.