Библи хүнийг өөрчилдөг
Библи хүнийг өөрчилдөг
БАГААСАА олж авсан итгэл үнэмшлээ орхисон эрэгтэй ямар учраас тэр итгэл үнэмшлээ баримтлахаар шийдсэнийг, аавтай байхыг насаараа хүсэж явсан хүн эцгийг нь орлох нэгнийг хэрхэн олсныг өөрсдийнх нь ярианаас мэдэж авъя.
«Ехова руу буцаж ирсэн минь» ЭЛИ КАЛИЛ
ТӨРСӨН ОН: 1976
УЛС: КИПР
ӨМНӨ НЬ: ЗАМАА АЛДСАН ХҮҮ
ӨМНӨХ АМЬДРАЛ: Би Кипр улсад төрж, Австралид өссөн юм. Миний эцэг эх Еховагийн Гэрч бөгөөд намайг Еховаг хайрладаг, Библийг эрхэмлэдэг хүн болгон өсгөх гэж их хичээсэн. Харин би өсвөр насандаа эвдэрч эхлэв. Шөнө гэрээсээ хулгайгаар гарч үеийнхээ хүүхдүүдтэй нийлдэг болов. Бид машин хулгайлдаг, хэрэг төвөгт их орооцолддог байлаа.
Эхэндээ эцэг эхийнхээ сэтгэлийг гонсойлгохоос айж энэ бүхнээ нуудаг байв. Гэвч аажимдаа айхаа ч болилоо. Насаар ах, Еховаг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөсөн минь надад муу болов. Эцэст нь эцэг эхийнхээ итгэл үнэмшлийг амьдралд минь хамаагүй гэж боддог болсноо өөрсдөд нь хэлсэн. Тэд миний хойноос уйгагүй явсан ч би тоолгүй, тэднийгээ их зовоосон.
Би гэрээсээ яваад мансууруулах бодист орж, бүр марихуан их хэмжээгээр тариалж, худалддаг болов. Садар самууны зам руу хальтран орж, шөнийн клубээс салахаа болилоо. Бас ааш зан эвдэрч, цочмог ууртай хүн болох нь тэр. Хэн ч бай, үг яриа, үйлдлээрээ дургүй хүргэвэл уурлан агсарч, зодож цохих энүүхэнд болов. Ер нь бол христиан хүнд зохисгүй гэж заалгасан бүх юмыг хийж үзсэн.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН: Би мансууруулах бодис хэрэглэдэг нэг залуутай дотносон нөхөрлөв. Тэр залуу багадаа аавыгаа алдсан юм билээ. Бид шөнө дүл болтол ярилцдаг, заримдаа найз маань сэтгэлээ уудлан, аавыгаа их үгүйлдгээ ярьдаг байв. Би ч яахав, нас барсан хүн амилна гэж багаасаа мэддэг байсан болохлоор Есүсийн тухай, үхсэн хүнийг амилуулсныг нь, бас ирээдүйд амилуулахаа амласныг ярьж өгдөг байв (Иохан 5:28, 29). «Аавтайгаа дахин уулзана гээд бод доо. Уг нь, дэлхий диваажин болоход хүмүүс мөнх амьдрах боломжтой юм шүү дээ» гэж хэлдэг байсан минь найзын минь зүрх сэтгэлд хүрсэн юм.
Тэр найз минь эцсийн өдрүүд, Гурвалын сургаал гэх мэтийн талаар бас сонирхдог Иохан 14:28; 2 Тимот 3:1–5). Найздаа Еховагийн талаар ярих тусам би Еховаг боддог болсноо анзаарч билээ.
байсан. Би Ехова Бурхан, Есүс болон эцсийн өдрүүдийн талаар Библид юу гэж бичсэн байдгийг өөрийнх нь Библиэс үзүүлж тайлбарлаж өгнө шүү дээ (Эцэг эхийн маань тарих гэж уйгагүй оролдсон, зүрхний минь гүнд байсан Библийн үнэний «үр» аажим боловч ургаж эхлэх нь тэр. Жишээ нь, заримдаа найзуудтайгаа мансуурч, наргиж байхад Еховагийн тухай бодол толгойд орж ирдэг болов. Миний олон найз аман дээрээ Бурхныг хайрладаг гэх боловч амьдрал дээрээ өөр хүмүүс байв. Би тэдэн шиг байхыг хүсээгүй учир яах ёстойгоо бодох боллоо. Тэгээд Ехова руу буцах хэрэгтэйгээ ухаарсан юм.
Хэлэхэд амар хийхэд хэцүү гэдэг дээ. Мансууруулах бодис, хуучин найз нөхдөөсөө салж, Еховагийн Гэрчүүдийн хурлын ахлагчтай Библийн хичээл хийж эхлэхэд төвөггүй байлаа.
Гэтэл хэцүүтэй нь тулгарав. Уураа барьж сурна гэдэг амаргүй даваа байв. Нэг хэсэгтээ уураа дийлээд явна, тэгснээ уурандаа дийлдчихнэ. Тэгэхлээр л бүтэлгүй хүн юм даа гэж бодогдон урам хугарна. Нэг өдөр уруу царайлсаар Библийн хичээл заадаг ахлагч дээр очив. Тэр хүн надад үргэлж тэвчээртэй, сайхан сэтгэлээр хандаж, урам зориг өгдөг байсан. Нэг удаа бууж өгөхгүй байхын чухлыг тайлбарласан өгүүллийг «Харуулын цамхаг» сэтгүүлээс уншуулж билээ. * Тэгээд уур хүрсэн үед яах хэрэгтэйг ярилцав. Тэр өгүүллээс мэдэж авснаа хэрэгжүүлэх гэж чармайсаар, бас Еховад шаргуу залбирсаар уураа барьж сурсан. Тэгээд 2000 оны дөрөвдүгээр сард баптисм хүртэн Еховагийн Гэрч болсон. Тэгэхэд аав ээж минь магнайгаа хагартал баярлаж билээ.
ОДОО: Мансууруулах бодис, садар самуунаар биеэ бузарлахаа больсон учир мөс чанар цэвэр, ухаан саруул явдаг. Ажлаа хийж явахдаа ч, цуглаанд суухдаа ч, амралт, чөлөөт цагаа өнгөрөөхдөө ч, ер юу ч хийсэн амьдралын баяр жаргалыг илүү мэдэрч, амьдралыг өөдрөгөөр хардаг болсон.
Намайг зөнд нь орхиогүй сайн эцэг эхтэйдээ Еховад талархдаг. Бас Есүсийн: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» хэмээн Иохан 6:44-т хэлсэн үгийн үнэнийг өөрийн биеэр үзэж явна. Ехова л намайг татсан учраас би түүн рүү буцаж ирсэн гэж бодохлоор сэтгэл хөдөлдөг.
«Би аавтай байхыг хүсдэг байсан» МАРКО АНТОНИО АЛЬВАРЕЗ СОТО
ТӨРСӨН ОН: 1977
УЛС: ЧИЛИ
ӨМНӨ НЬ: ҮХЛИЙН МЕТАЛ РОК ХАМТЛАГИЙН ГИШҮҮН
ӨМНӨХ АМЬДРАЛ: Би Өмнөд Америкийн урд хэсэгт орших Магелланы хоолойн Пунта-Аренас гэдэг хотод ээжийнхээ гар дээр өссөн. Намайг тавтайд аав ээж хоёр салахад би өөрийгөө хаягдмал хүн шиг санадаг болсон юм. Би аавтай байхыг их хүсдэг байв.
Ээж минь Еховагийн Гэрчүүдээр Библи заалгаж, Хаанчлалын танхимд болдог цуглаанд намайг дагуулж явдаг байлаа. Гэтэл цуглаанд явах миний ганц дургүй юм байв. Тэгээд цуглаанд явах замдаа элдвээр аашилдаг байлаа. 13 настайдаа цуглаанд явахаа бүр больсон.
Тэр үед би хөгжимд дуртай болчихсон, бас авьяастайгаа ч мэдсэн юм. 15 настайдаа баяр наадмаар, хувь хүмүүсийн хүсэлтээр бас бар цэнгээний газар хүнд болон үхлийн рок хөгжим тоглодог боллоо. Авьяаслаг хөгжимчидтэй нөхөрлөж явсаар сонгодог хөгжим сонирхон нутгийнхаа хөгжмийн сургуульд сурч эхлэв. 20 хүрээд нийслэл хот Сантьяго руу нүүж, хөгжмөө гүнзгийрүүлэн сурахын хажуугаар хүнд болон үхлийн рок хөгжмийн хамтлагт тоглодог байлаа.
Ажилтай, сургуультай боловч амьдрал утгагүй санагддаг байв. Сэтгэлээ засах гэж хамтлагийнхантайгаа архи уудаг, мансууруулах бодис хэрэглэдэг боллоо. Тэр үед би хамтлагаа гэр бүл шигээ санадаг байсан юм. Үзэл бодол минь өөрчлөгдсөнийг ил тод харуулан, хар хувцаснаас салахаа больж, хууз сахал тавьж, үсээ ташаагаа давуулан ургуулав.
Ааш авир эвдэрснээс зодоон цохион хийсээр цагдаад нүдлэгдэв. Нэг удаа халамцуу явахдаа намайг болон найзуудыг минь хоргоосон мансууруулах бодисны наймаачид руу би дайрчихлаа. Тэгтэл тэр хэд намайг хэрцгийгээр зодож, би хугархай эрүүтэй хоцорч билээ.
Сэтгэлийг минь хамгийн их шархлуулсан юмыг хамгийн дотны хүмүүс минь хийснийг мэдэв. Миний найз бүсгүй хамгийн сайн найзтай минь олон жил явалдаж, энэ явдлыг найзууд минь надаас нууж байж! Тэгэхэд би сэтгэлийн гашуун зовлонд унасан юм.
Би Пунта-Аренаст буцаж очоод хөгжмийн хичээл зааж, морин хийлчээр ажиллаж эхлэв. Бас хүнд метал болон үхлийн метал рок хамтлагуудад тоглож, бичлэг хийлгэж байлаа. Сузан гэдэг аятайхан бүсгүйтэй танилцаж, хамт амьдрах боллоо. Хэсэг хугацааны дараа найз бүсгүй минь ээж нь Гурвалын сургаалд итгэдгийг, харин миний итгэдэггүйг мэдсэн юм. Тэгээд надаас «Тэгвэл үнэн гэж юу юм бэ?» гэж асуухад би өөрөө Библиэс тайлбарлаж чадахгүй ч Гурвалын сургаал бол худал гэж мэддэгээ хэллээ. Гэхдээ би энэ асуултад хэн хариулж чадахыг мэдэж байв. Еховагийн Гэрчүүд үнэнийг Библид үндэслэн тайлбарлаж чадахыг хэлсэн юм. Тэгээд би Бурхнаас тусламж гуйн залбирч билээ. Залбираагүй олон жил болсон байлаа.
Хэдэн өдрийн дараа зүс таних нэг эрэгтэйтэй таараад Еховагийн Гэрч мөн эсэхийг нь асуулаа. Өнөөх хүн миний байр байдлыг
хараад сандарч тэвдсэн нь илэрхий байсан ч Еховагийн Гэрчүүдийн цуглааны талаар асуухад минь уриалгахан хариулсан юм. Би энэ явдлыг залбирлын минь хариу гэдэгт итгэлтэй байв. Би Хаанчлалын танхимд очоод хүмүүст танигдахгүй гэсэндээ хамгийн арын эгнээнд суулаа. Гэтэл хүүхэд байхаас минь мэддэг олон хүн намайг танив. Тэд намайг халуун дотноор хүлээн авч, тэврэхэд би ч тайвширч, яг л гэртээ ирчихсэн юм шиг санагдаж билээ. Намайг бага байхад Библийн хичээл зааж байсан эрэгтэйтэй таараад дахин хичээл зааж өгөхийг хүсэв.БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН: Нэг өдөр Сургаалт үгс 27:11-д «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул» гэж бичсэнийг уншсан юм. Өчүүхэн дорд хүн орчлонт ертөнцийг бүтээсэн Нэгнийг баярлуулж болдог байх нь гэж бодоод сэтгэл хөдлөв. Аавтай байхыг насаараа хүсэж явсан би Еховаг эцгийн минь оронд эцэг болохыг ухаарсан юм.
Би олон жил архи, мансууруулах бодисын боол явсан ч тэнгэрийн Эцгээ баярлуулж, хүсэл тааллыг нь биелүүлэхийг хүсэх боллоо. Матай 6:24-т байдаг Есүсийн: «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй» гэсэн үгийг ойлгов. «Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг» гэсэн 1 Коринт 15:33-ын зарчим өөрчлөгдөхөд минь их нөлөөлсөн юм. Урьдын найзуудтайгаа нөхөрлөхөө, өмнө очдог байсан газраа очихоо больж байж л муу зуршлаасаа сална гэдгийг ухаарсан. Өөрчлөгдөхөд саад болж байсан бүх зүйлээс салахын тулд шийдэмгий байх ёстойг Библиэс сайн ойлгосон юм (Матай 5:30).
Би хөгжимд их дуртай байсан болохоор хүнд метал рок хөгжмийг бүрмөсөн орхих хамгийн хэцүү байв. Гэхдээ хурлынхаа найзуудын дэмжлэгтэйгээр орхиж чадсан. Архи хэтрүүлж уух, мансууруулах бодис хэрэглэхээ болив. Бас үсээ засуулж, сахлаа хусаж, хар хувцас өмсөхөө болилоо. Үсээ тайрах гэж байгаагаа Сузанд хэлтэл түүний гайхсан гэж жигтэйхэн. Тэгээд надад: «Би чамтай цуг явж, тэр Хаанчлалын танхим гэж юу байдгийг үзнэ ээ!» гэж хэлж билээ. Сузанд цуглаан их таалагдаж, удалгүй Библийн хичээл хийх болов. Хожим нь бид гэрлэж, 2008 онд хамт баптисм хүртэж, Еховагийн Гэрч болсон юм. Ээжтэйгээ хамт Еховад үйлчилдэг болсондоо баярладаг.
ОДОО: Би жинхэнэ аз жаргалыг эдэлж, үнэнч нөхөдтэй болсон. Одоо ч гэсэн хөгжимд дуртай. Гэхдээ ямар хөгжим сонирхохоо бодож байж сонгодог болсон. Энэ ертөнцөд сэтгэл татам боловч эцэстээ ердөө л «хог» болдог хэрэггүй юм их байдгийг би туулсан амьдралаасаа ойлгосон учир үүнийг ухаарахад нь гэр бүлийнхэн, бусад хүмүүс, ялангуяа залууст туслахыг хүсдэг (Филиппой 3:8).
Хайр, эв нэгдэл ноёрхсон христиан хурлын дотор олон үнэнч нөхөдтэй болсон юм. Хамгийн гол нь, Еховатай дотносож, түүнийг Эцгээ болгосон.
[Зүүлт]
^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2000 оны 2-р сарын 1-ний дугаарын 4–6-р хуудасны «Цөхрөлтгүй байвал амжилтад хүрнэ» гэдэг өгүүлэл (англи).
[13-р хуудасны товчлол]
«Ехова намайг өөртөө татсан учир би буцаж ирсэн»