Skip to content

Гарчиг руу орох

Есүс Бурхан мөн үү?

Есүс Бурхан мөн үү?

Таны асуултад хариулъя Есүс Бурхан мөн үү?

ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮД хүмүүстэй Библийн талаар дуртайяа ярилцдаг. Танд Библийн холбогдолтой ямар нэгэн асуулт байдаг уу? Та Еховагийн Гэрчүүдийн итгэл үнэмшлийн талаар сонирхдог уу? Дараагийн удаа Гэрчүүдтэй таарахдаа тэр асуултаа асуугаарай. Тэд таны асуултад дуртайяа хариулна.

Еховагийн Гэрчүүд хүмүүсийн асуултад хэрхэн хариулдгийг дараах харилцан яриагаар жишээ болгон сонирхуулъя. Еховагийн Гэрч Гэрлээ Энхтуяа гэдэг хүний гэрт иржээ гэж бодъё.

Та нар Есүст итгэдэггүй гэсэн. Энэ үнэн үү?

Энхтуяа: Манай пастор Еховагийн Гэрчүүдийг Есүст итгэдэггүй гэсэн. Энэ үнэн үү?

Гэрлээ: Бид Есүст итгэдэг гэдгээ онцолж хэлмээр байна. Есүст итгэж байж л аврагдана гэж бид үздэг.

Энхтуяа: Би ч бас тэгж боддог.

Гэрлээ: Тэгвэл энэ тухайд та бид хоёрын санал нийлэх юм байна. Хоёулаа танилцъя. Намайг Гэрлээ гэдэг. Таныг хэн гэдэг вэ?

Энхтуяа: Намайг Энхтуяа гэдэг.

Гэрлээ: «Еховагийн Гэрчүүд Есүст итгэдэг байтал хүмүүс тэднийг итгэдэггүй гэж яагаад ярьдаг юм бол?» гэж та гайхаж байгаа байх.

Энхтуяа: Нээрээ, яагаад тэгдэг юм бол?

Гэрлээ: Бид Есүст итгэдэг л дээ. Гэхдээ Есүсийн талаар хүмүүсийн ярьдаг бүх юманд итгэдэггүй юм.

Энхтуяа: Жишээлбэл юунд итгэдэггүй юм бэ?

Гэрлээ: Зарим хүн Есүсийг ердөө л сайн хүн байсан гэж ойлгодог. Харин бид үүнээс өөрөөр ойлгодог.

Энхтуяа: Би бас Есүсийг зүгээр нэг сайн хүн гэж боддоггүй.

Гэрлээ: Үүн дээр ч та бид хоёрын үзэл бодол нийлэх юм байна. Бас нэг жишээ хэлье. Ямар байр суурь эзэлдгээ хэлсэн Есүсийн үгтэй зөрчилддөг сургаал байдаг. Тийм сургаалыг Еховагийн Гэрчүүд хүлээн зөвшөөрдөггүй.

Энхтуяа: Юу гэсэн үг вэ?

Гэрлээ: Есүсийг Бурхан гэж номлодог шашин олон байдаг. Та бас ингэж заалгасан байж болох юм.

Энхтуяа: Тийм ээ, манай пастор Бурхан Есүс хоёрыг нэг гэж заадаг.

Гэрлээ: Гэхдээ Есүс өөрийнхөө тухай чухам юу гэж хэлснийг магадалж үзэх нь хамгийн сайн арга гэдэгтэй та санал нийлэх үү?

Энхтуяа: Тэр ч тийм шүү.

Есүс юу гэж хэлсэн бэ?

Гэрлээ: За, үүнийг ойлгоход тус болох Библийн зүйл үзье. Иохан 6:38-д юу гэж байдгийг анхааръя. Есүс: «Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм» гэж хэлжээ. Хэрэв Есүс Бурхан юм бол энэ зүйл утгагүй болно биз дээ.

Энхтуяа: Юу гэсэн үг вэ?

Гэрлээ: Есүс өөрийнхөө хүслийг хийхээр тэнгэрээс бууж ирсэн гэж хэлээгүй байгаа биз?

Энхтуяа: Тийм байна. Харин өөрийг нь илгээсэн Нэгний хүслийг хийхээр ирсэн гэж хэлж.

Гэрлээ: Хэрэв Есүс Бурхан юм бол хэн түүнийг илгээсэн байж таарах вэ? Ямар учраас Есүс өөрийг нь илгээсэн Нэгний хүслийг биелүүлэхэд бэлэн байсан бэ?

Энхтуяа: Чиний санааг ойлголоо. Гэхдээ Есүсийг Бурхан биш гэдгийг Библийн ганцхан зүйлээр л баталчихна гэж би бодохгүй байна.

Гэрлээ: Тэгвэл Есүс өөр юу гэж хэлснийг Библиэс үзье. «Иохан» номын дараагийн бүлэгт төстэй санаа хэлсэн байдаг. Та Иохан 7:16-г унш даа.

Энхтуяа: За. «Есүс тэдэнд: Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх».

Гэрлээ: Баярлалаа. Тэгвэл Есүс өөрийнхөө үзэл сургаалыг заадаг байж уу?

Энхтуяа: Үгүй, Есүс өөрийг нь илгээсэн Нэгний сургаалыг заадаг гэсэн байна.

Гэрлээ: Зүйтэй. Тэгэхлээр, «Есүсийг хэн илгээсэн бэ? Есүст хэн үнэнийг заасан бэ?» гэдэг асуулт дахиад гарч ирж байна. Тэр Нэгэн нь Есүсээс агуу байж таарна биз дээ? Тэгээд ч илгээгч нь илгээсэн нэгнээсээ дээгүүр байх учиртай.

Энхтуяа: Ямар сонин юм бэ! Өмнө нь энэ зүйлийг уншиж байгаагүй юм байна шүү.

Гэрлээ: Иохан 14:28-д Есүсийн: «„Би яваад, та нар уруу ирнэ“ гэж Миний хэлснийг та нар сонслоо. Хэрэв та нар Намайг хайрласан бол Эцэгтээ очиж байгаад минь баярлах байсан. Яагаад гэвэл Эцэг Надаас илүү аугаа юм» гэж хэлснийг бодож үзье. Та энэ зүйлд үндэслэн, Есүс өөрийгөө юу гэж үздэг байсан гэж хэлэх вэ?

Энхтуяа: Есүс Эцгийгээ өөрөөс нь агуу гэж хэлсэн болохоор Бурхныг өөрөөсөө илүү гэж үзэж байсан болов уу.

Гэрлээ: Яг тийм. Дахиад нэг жишээ болгон Матай 28:18-д Есүсийн шавь нартаа юу гэж хэлснийг үзье. Энд «Тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг Надад өгсөн» гэж бичсэн байна. Есүс үргэлж ийм эрх мэдэлтэй байсан гэж хэлсэн үү?

Энхтуяа: Үгүй. Өөрт нь өгсөн гэж хэлсэн.

Гэрлээ: Хэрэв Есүс Бурхан юм бол яаж илүү эрх мэдэлтэй болох байсан бэ? Хэн өгөх байсан бэ?

Энхтуяа: Энэ талаар бодож үзэх хэрэгтэй юм байна.

Есүс хэнтэй ярьсан бэ?

Гэрлээ: Есүс үнэхээр Бурхан байсан бол ойлгомжгүй болох бас нэг зүйл байна.

Энхтуяа: За байз, юу билээ?

Гэрлээ: Есүсийг баптисм хүртэхэд болсон явдлын тухай юм. Энэ талаар Лук 3:21, 22-т бичсэн байдаг. Та унших уу?

Энхтуяа: «Ард олон бүгдээрээ баптисм хүртэж байх үед Есүс мөн баптисм хүртээд залбирч байх зуур тэнгэр заагдан, Ариун Сүнс биет хэлбэрээр Түүн дээр тагтаа мэт буун иртэл тэнгэрээс дуу гарч, „Чи Миний хайртай Хүү. Чамд Миний таалал оршдог“ гэв».

Гэрлээ: Есүс баптисм хүртэхдээ яасан бэ?

Энхтуяа: Залбирч байсан.

Гэрлээ: Яг зөв. «Хэрэв Есүс Бурхан юм бол хэнд залбирч байсан бэ?» гэж бодогдохоор байгаа биз?

Энхтуяа: Сонирхолтой асуулт байна! Би пастороосоо асууна аа.

Гэрлээ: Саяын зүйлд Есүсийг уснаас гарсны дараа тэнгэрээс хэн нэгэн ярьсан гэснийг анхааръя. Юу гэж хэлсэн бэ?

Энхтуяа: Есүсийг Хүүгээ гэсэн. Бас Есүсийг хайрладаг, таалдаг гэсэн байна.

Гэрлээ: Зүйтэй. Хэрэв Есүс Бурхан юм бол хэн ингэж хэлсэн байх вэ?

Энхтуяа: Би ер нь ингэж бодож үзээгүй юм байна.

Яагаад «Эцэг», «Хүү» гэсэн бэ?

Гэрлээ: Бас нэг зүйлийг бодож үзье. Та бид хоёр Есүс Бурхныг тэнгэрийн Эцгээ гэж хэлснийг, Есүсийг баптисм хүртэхэд тэнгэрээс дуу гарч түүнийг Хүүгээ гэж хэлснийг түрүүн уншсан. Есүс ч өөрийгөө Бурхны Хүү гэж хэлдэг байсан. Хэрэв та ижил байр суурь эзэлдэг хоёр хүний талаар тайлбарлая гэвэл гэр бүлийн ямар гишүүнийг жишээ болгох вэ?

Энхтуяа: Ах дүү хоёрыг хэлэх байх даа.

Гэрлээ: Зүйтэй. Бас ихрүүдийг хэлж болох байх, тийм ээ? Гэтэл Есүс Бурхныг Эцэг, өөрийгөө Хүү гэж хэлсэн. Тэгэхлээр, Есүс юу гэж хэлэх гэсэн байх нь вэ?

Энхтуяа: Нөгөөгөөсөө насаар ах, байр сууриар дээгүүр нэгний тухай хэлсэн байх нь.

Гэрлээ: Тийм ээ. Ижил байр суурьтай хүмүүсийн талаар тайлбарлахад ах дүү хоёр юм уу ихрүүдийн жишээ тохирохыг та бид хоёр бодож олсон шүү дээ. Агуу багш байсан Есүс өөрөө Бурхан байсан юм бол үүнийгээ бидний ярилцсан шиг жишээ юм уу эсвэл бүр оновчтой жишээгээр тайлбарлаж чадах байсан биз дээ?

Энхтуяа: Нээрээ л тийм дээ.

Гэрлээ: Гэтэл Есүс Бурхантай ямар харьцаатайгаа тайлбарлахдаа «Эцэг», «Хүү» гэж хэлсэн.

Энхтуяа: Сонирхолтой юм.

Есүсийн эртний дагалдагчид нь юу гэж хэлсэн бэ?

Гэрлээ: Таныг дахиад хэдэн минут гаргавал явахаасаа өмнө энэ талаар бас нэг юм хэлэх гэсэн юм.

Энхтуяа: За тэгье.

Гэрлээ: Есүс үнэхээр Бурхан байсан юм бол дагалдагчид нь тодорхой хэлэхгүй байсан гэж үү?

Энхтуяа: Хэлэх байлгүй дээ.

Гэрлээ: Дагалдагчид нь Есүсийг Бурхан гэж номлож байсан гэж Библийн хаана ч байдаггүй. Харин эртний дагалдагчдынх нь нэг Паул Бурхан Есүсийг амилуулаад яасан тухай Филиппой 2:9-д: «Бурхан Түүнийг [Есүсийг] үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов» гэж бичсэн байдаг. Энэ зүйлд бичсэнээр, Бурхан Есүсийг яасан бэ?

Энхтуяа: Бурхан түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн гэсэн

Гэрлээ: Тийм ээ. Хэрэв Есүс үхэхээсээ өмнө Бурхантай эн тэнцүү байгаад хожим нь Бурхан түүнийг илүү өндөрт өргөмжилсөн гэвэл Есүс Бурхнаас дээгүүр байр суурьтай болж таарна биз дээ? Бурхнаас илүү эрх мэдэлтэй өөр хэн нэгэн байж болох уу?

Энхтуяа: Болохгүй л дээ.

Гэрлээ: Тэгэхлээр энэ бүх баримтыг тооцож үзвэл Есүсийг Бурхан гэж Библи сургадаг гэж хэлж болохоор байна уу?

Энхтуяа: Болохгүй юм байна. Библид бичсэнээр Есүс бол Бурхны Хүү юм байна.

Гэрлээ: Зүйтэй. Еховагийн Гэрчүүд бид Есүсийг их хүндэтгэдэг. Есүс буюу Бурхны амласан Мессиа амиа өгсний ачаар бүх үнэнч хүн аврагдах боломжтой болсон гэдэгт бид итгэдэг.

Энхтуяа: Би ч бас тэгж итгэдэг.

Гэрлээ: Тэгвэл та «Бидний төлөө амиа өгсөн Есүст хэрхэн талархах вэ?» гэж боддог байж магадгүй. *

Энхтуяа: Тэгж бодож байсан.

Гэрлээ: Энэ талаар Библид юу гэж байдгийг дараа ярилцъя. Дараагийн долоо хоногийн өдийд ирвэл та гэртээ байх уу?

Энхтуяа: Байна.

Гэрлээ: За, тэгвэл дараа уулзъя.

[Зүүлт]